Багц мэдээ 2; Атомын цаг, Орион хөлөг, Амазоны үйлчилгээ ...

Хамгийн өндөр нарийвчлал бүхий атомын цаг
АНУ-ын Колорадагийн их сургуулийн Астрофизикийн хүрээлэн, Технологи Стандартчиллын Үндэсний Хүрээлэн хамтран дэлхийн хамгийн өндөр нарийвчлал бүхий атомын цаг бүтээсэн байна. Стронцийн цагны нарийвчлал өмнөх дээд амжилтаас 50% нэмэгдэж, 5 тэрбум жилийн хугацаанд 1 секунд алдах хэмжээнд хүрчээ. Энэ нь дэлхий үүсэн бий болсноос хойших цаг хугацаанаас ч урт хугацаа юм. Уг атомын цаг нарийвчлалаас гадна тогтворжилт буюу тоолж буй үргэлжилсэн хугацааны дундаж утгын хамгийн өндөр хэмжээг хэр удаан хангаж байгааг илэрхийлэх үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон байна. Харин өмнөх дээд амжилтыг квантын логик цаг 3.7 тэрбум жилд 1 секунд алдах үзүүлэлтээр 4 жилийн өмнө тогтоож байжээ.


Утасны дэлгэцийн цоожийг чихээрээ нээнэ
Дэлгэцийн цоож нь хурууны хээгээр нээгдэх Аплийн ухаалаг утасны шинэ загвар хэрэглэгчдийг мэгдүүлж, Самсунгийн дараагийн утсанд нүдний солонгон бүрхэвчийн зургийг унших технологи ашиглагдана гэсэн цуурхал тарахад хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад Дэкарт Байометрикс компани чихээрээ дэлгэцийн цоожийг нээх боломжтой андройд апликэшн бүтээсэн байна. Хүмүүсийн чих хурууны хээтэй адил онцлог давтагдашгүй шинж чанарыг агуулдаг байна. Уг апликэшн хувь хүний зуршил буюу утсаа барих өнцөг зэрэг чихэнд хамаарах хэмжилтүүдийг хийдэг байна. Мөн утсаа чихнийхээ ойролцоо байрлуулах үйлдлийг хурууны хээтэй адил урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм.


Хүний биеийн биометрийн хэмжилтийн аргууд нууц үгийг орлуулах зэргээр өргөн хүрээнд ашиглагдаж байна. Айлок компаний судалгаагаар биометрийн хэмжилтын аргын андуурдах магадлал хурууны хээ таних системд 10000 уншилтад 1 удаа тохиодог бол хоёр нүдний солонгон бүрхэвчийн зургийг зэрэг хянах аргад 2.25 тэрбум уншилтад нэг удаа байдаг байна.



Гүүгл глас сексийн хэрэглээнд
Гүүгл нүдний шил "экс ангилал"-ын хэрэглээнд ч бас ашиглагдах бололтой. Хосуудын харилцааны хамгийн дотно мөчид таазан дахь толь, толгойд бэхлэх дүрс бичлэгийн камер хэрэглэлгүйгээр өөрсдийн дүрийг хамтрагчийнхаа "нүдээр харах" боломжийг олгох апликэшн бүтээгдсэн байна. Бүтээгдэхүүний дизайны ангийн нэгэн оюутны Ай ҮС-д зориулан бүтээсэн уг апликэшнийг дуу хоолойгоор удирдаж, бичлэг хийхээс гадна хамтрагчийнхаа "нүдээр харах" боломжтой. Хэрэв Гүүгл гласыг гэрийн ухаалаг төхөөрөмжүүдэд холбосон тохиолдолд гэрэлтүүлгийн тохируулга өөрчлөх, дуу хөгжим сонгохоос авахуулаад сексийн байрлалын талаар интернетээс хайлт хийхэд хүртэл ашиглах боломжтой. Гэхдээ энэ апликэшнийг Гүүглээс хориглох магадлал өндөр байгаа юм. Өмнө нь үүнтэй адил төрлийн порно апликэшнийг хориглож байсан бөгөөд хөгжүүлэгчийн веб хуудаснаас устгахаас өмнө Гүүгл Глас хэрэглэгч 17 хүн татаж авч, 1000 гаруй хүн үзэж амжсан байна.


Амазон барааг захиалахаас өмнө хүргэж өгнө
Амазон компани хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүнийг худалдан авахаар шийдэхээс нь өмнө, эсвэл захиалга хийгдсэнээс хойш 1 минутын дотор хүргэж өгөх систем бүтээж байна. Тус компанийн авсан "Урьдчилсан тээвэрлэлт"-ийн патентад дурдсанаар ачаа илгээгч байгууллагын салбар буюу захиалагчийн гэрийн гадна байрлах шуудан хүргэлтийн автомашинд хүлээлтийн байдалд хадгалагдах юм байна. Энэ үйлчилгээ борлуулалт сайтай ном зэрэг бүтээгдэхүүнд тохирох бөгөөд хэрэглэгчийн захиалгын түүх, худалдан авахыг хүсч буй бүтээгдэхүүний жагсаалт, тэр ч байтугай ямар бүтээгдэхүүн дээр курсороо удаан байрлуулсан зэрэг онлайн үйлчилгээний үеийн хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлах ажээ. Мөн буцаалтыг багасгах зорилгоор хямдралын карт дагалдуулах, сурталчилгааны бэлэг хэлбэрээр ашиглах боломжийг ч бас тусгажээ. Тус компани өмнө нь барааг 30 минутын дотор захиалагчид хүргэх нисдэг төхөөрөмж, систем бүтээж байгаа тухай мэдээлж байсан билээ.

Орион хөлөг бүтээх ажлын гуравны хоёрыг гүйцэтгэв
НАСА Шатлл хөтөлбөр дуусгавар болсноос хойш бүтээж буй сансарын анхны хөлгийн үйлчилгээний модулийг бүтээсэн тухай мэдэгдлээ. Үүгээр Аюулгүйн салгалтын систем (LAS), Нисгэгчийн модуль (CM), Үйлчилгээний модуль (SM) гэсэн гурван хэсгээс бүрдэх Орион (Orion)  хөлгийг бүтээх ажлын гуравны хоёрыг гүйцэтгээд байна. Аюулгүйн салгалтын системийг өнгөрөгч 11 сард хийж дуусгасан бол хөлөг бүтээх ажлын сүүлчийн шат буюу Нисгэгчийн модулийн хэсгийн ажлыг ирэх хаврын эхлэл үед дуусгахаар төлөвлөжээ. Орион хөлөг нь дэлхийн тойрог замаас гарч, сар, бага гаригууд, Ангараг зэрэгт хүрэх сансарын алсын зайн, урт хугацааны аялалд зориулагдах юм. Уг хөлгийн туршилтын автомат нислэгийг энэ оны 9-р сарын дундуур хийхээр төлөвлөж байна. НАСА бие даан сансарын хөлөг бүтээхээс гадна хувийн компаниудийн адил төрлийн технологийн хөгжүүлэлтийг дэмжиж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.





эх сурвалж, gizmag, mailonline, universetoday

2 сэтгэгдэл:

Sonirholtoi medeelel bailaa >>>> Hicheenguilen guiya !!!!! Atomiin tsag , Laser cooling system,GPS- iin talaar nemej medeelel oruulj uguuch

Cаарал хариулав... 2/4/14, 11:21 AM

Бэлэн эх сурвалжгүй нөхцөлд захиалгаар мэдээлэл бэлтгэх боломж алга. Гэхдээ дурдсан сэдвээр шинэ мэдээлэл гарах эсэхийг харж байя.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх