CES 2014 үзэсгэлэнгийн сонин хачнаас

Лас Вегасын 2014 оны Ахуйн Электрон Хэрэгслийн үзэсгэлэнгийн оцлог үйл явдлуудын нэг нь автомашин үйлдвэрлэгч Тоёота компани устөрөгчийн түлшний батерей бүхий автомашиныг ирэх оноос худалдаалж эхлэх тухай зарласан явдал байв. Энэ нь байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй энергийн үүсгүүр бүхий автомашины технологи хосломол хөдөлгүүрт болон цахилгаан машины дараагийн шинэ түвшинд хүрч байгааг илтгэж байна. Тоёота компани ийм төрлийн машины анхны загварыг бүтээснээс хойш 20 жилийн дараа сая л хэрэглэгчдийн гарт хүрэх боломж бүрдэв. Тус үзэсгэлэнд танилцуулж буй FCV загварын автомашиныг түлшээр бүрэн цэнэглэхэд ердийн бензин хөдөлгүүрт машинтай адил 3 минут хугацаа зарцуулдаг бол, нийт 500 хүртэл км зай туулах боломжтой юм. Уг автомашины түлшний батерей нь хүчилтөрөгчийг устөрөгчтэй холих үеийн химийн урвалийн үр дүнд машиныг хөдөлгөх цахилгаан энерги үүсгэх зарчимаар ажиллана. Мөн түлш нь устөрөгч бол машинаас ялгарах хаягдал нь зөвхөн ус байна.


Энэ жил танилцуулагдсан телевизорын технологийн онцлог нь шинэ гадна хэлбэр юм. Өнгөрсөн жил Эл Жи компани нумарсан хэлбэр бүхий ухаалаг утас гаргаж байсан бол Самсунг, Эл Жи компанийн зурагтны загварууд мөн адил хэлбэртэйгээр бүтээгджээ. Ийм зурагтны дэлгэц дүрслэлийг бүрэн хэмжээгээр харуулж, кино театрт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ хэмээн үйлдвэрлэгчид сурталчилж байна. Гэхдээ шинжээч, мэргэжилтнүүд ийм хэлбэрийг гайхалтай шийдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шийдэх шаардлагатай асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй гүж үзжээ. Тухайлбал нумарсан дэлгэц бүхий зурагтыг яг тохиромжтой цэгээс үзээгүй тохиолдолд давуу талыг нь мэдрэх боломжгүй, ийм хэлбэр гэр бүлээрээ цуглаж үзэхэд тохиромжгүй гэсэн шүүмжлэл гарчээ. Харин ухаалаг утас, таблет зэрэг нэг хүн хэрэглэх жижиг оврын төхөөрөмжид тохиромжтой гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. Нумарсан хэлбэр бүхий зурагтны өөр нэгэн сул тал нь үнэ хэт өндөр байгаа явдал юм. Самсунгийн 55 инчийн дэлгэц бүхий загвар гэхэд л адил хэмжээний хавтгай дэлгэцтэй зурагтнаас 3.5 дахин үнэтэй байна.


Технологийн иймэрхүү үзэсгэлэнд хэдийд нийтийн хэрэгцээнд нэвтрэх нь тодорхойгүй концепт төхөөрөмжүүд толилуулагдах тохиолдол элбэг байдаг. Тэгвэл энэ удаад хамгийн түрүүнд хэрэглэгчдийн гарт хүрэх найдлага төрүүлж байгаа бүтээлүүд нь эрүүл мэндийг хянах зориулалтай өмсөж зүүх төхөөрөмжүүд байна. Тухайлбал Нетамо компани нарны хэт ягаан туяаны түвшинг хянах бугуйвчийг танилцуулав. Өмсөж зүүх төхөөрөмжүүд ухаалаг утасны өсөн нэмэгдэж байгаа тооцоолох хүчин чадалд тулгуурлан мэдээллийг хянах, боловсруулах ажиллагааг нэргэн зэрэг гүйцэтгэх боломжтой болжээ. Витинг компаний "Нойрсуулалтын ухаалаг систем" унтаж буй хүний биеийн байдал, дуу чимээ, өрөөний температур, гэрэлтүүлгийн хэмжээг тус тус хянаж, тайван унтаж амрахад тохирох гэрэлтүүлэг, температурын горим зэргийг тохируулдаг. Өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүдийн шинэлэг санаа сонирхолтой байдаг боловч зарим нь арай л хэтрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. "Хөх шүд" бүхий ухаалаг шүдний сойз хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйг хянах боломжийг эцэг эхчүүдэд олгох боловч бодит амьдралд тийм ч их чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш байж болох талтай юм.


Ухаалаг утасны технологийн дэвшил ердийн фото зургийн камерийн борлуултыг эрс багасгахад хүргэсэн. Иймд үйлдвэрлэгчид фото камерт ухаалаг утасны боломжуудыг нэгтгэж, зах зээлээ аврахыг оролдож байна. Канон компаний бүтээсэн PowerShot N100 камерт уламжлалт фото камерт байдаггүй шинэ боломжийг зах зээлийн шинэ өрсөлдөгчдөөс зээлдэн авсан байна. Фото зураг дарж буй хүн өөрөө зурагт дүрслэгддэггүй байдлыг өмнө нь Сони шийдэж байсан бол энэ удаад Каноны шинэ камерын тусламжтайгаар өөрийнхөө зураг авч байгаа зургийг авах боломжтой. PowerShot N100 камерийн арын камер нь үндсэн болон арын дүрслэлийг зэрэгцүүлэн хос зураг авах, видео хийх боломжийг олгоно. Мөн сүүлийн үеийн фото камеруудын адил 1080p Full HD, Вай Файд холбогдох, фото зураг, бичлэгийг интернетэд оруулах боломжтой юм.


Ухаалаг утас, таблет, комьютер мэтийн мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмжүүд хэдийгээр цэвэрхэн мэт харагдавч суулгац зэрэг янз бүрийн өвчинг үүсгэгч бактерийг их хэмжээгээр агуулж байдаг нь тогтоогдсон. Үүнтэй тэмцэх үүднээс Корнин компанийн бүтээсэн Горила Глас шил хэдийгээр дэлгэцийн хамгийн бөх бат материал боловч бактери устгах боломжтойгоороо анхныхад тооцогдож байна. Материалын гадаргыг бүрсэн мөнгөний ион давхарга бактерийг 99.9%-иар устгах чадвартайгаас гадна элдэв төрлийн хөгц, мөөгөнцөр үүсэхээс найдвартай хамгаалдаг байна. Мөн ийм материалаар хийсэн дэлгэц зурагдахаас хамгаалагдсан тул дэлгэцэнд сэв үүсч, бактери хуримтлагдах боломжгүй. Мөнгөний ион нь эмнэлгийн нөхцөлд өргөнөөр ашиглагддаг халдваргүйжүүлэлтийн аргуудын нэг юм. Горила Глас дэлгэц одоогоор Самсунг Галакси утас, Гүүглийн Нексас 7 болон 10 таблет, Сони Бравиагийн 2 төрлийн телевизорт ашиглагдаж байна.


Компаниуд, судлаачид өмнө нь утасгүй цахилгаан дамжуулалтын технологийг зөвхөн концепт түвшинд үзүүлж байсан бол өнөөдөр зарим хэлбэрээр хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон байна. Витрисити корпораци энэ удаад Ай фон 5 болон 5 эс утсыг цэнэглэх төхөөрөмжийн 2 загварыг танилцуулсан байна. Эхнийх нь хос утсыг суурин дээр байрлуулж, нэгэн зэрэг цэнэглэнэ. Нөгөөхийг ширээний тавцан доор байрлуулах тохиолдолд тавцан дээр харалдаа байрлуулан тавьсан утсыг зайнаас цэнэглэх боломжтой юм. Үүнд соронзон хосломол резонанс үүсгэх боломж бүхий гэрэнд утсаа байрлуулах шаардлагатай. Цэнэглэх төхөөрөмж нь 2,5 м хүртэлх зайд 90%-ийн үр ашигтайгаар цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулдаг байна. Ийм технологийн чадлын үзүүлэлт миливаттаас киловатт хэмжээнд хүртэл шатлаж, ухаалаг утаснаас авахуулаад цахилгаан машиныг ч цэнэглэх боломжтой юм.


Францын Навиа компани олон нийтэд зориулагдсан анхны автомат жолоодлогот машиныг танилцуулав. Гэхдээ бидний төсөөлдөг Гүүглийн автомат жолоодлогын технологиос эрс ялгагдана. Лазерийн төхөөрөмжийн тусламжтайгаар саадыг тойрох чадвартай, 12 хүний суудал бүхий шинэ цахилгаан машины хурд мориноос бараг ялгагдахгүй, дөнгөж 12.5 км/цаг байна. Машиныг удирдахын тулд даралт мэдрэх дэлгэц дээр очих газраа заахад л хангалттай юм. Энэ машиныг ердийн замаас илүүтэйгээр нисэх онгоц, их сургуулийн цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон нийтийн газарт ашиглахад тохиромжтой юм. Хэдийгээр нэг бүр нь 250 мянган доллараар үнэгдэж байгаа ч ашиглалтын нийт зардлын хувьд дээр дурдсан газруудад хэрэглэгддэг автобус (шатл) зэрэг үйлчилгээнээс хямд тусна гэдгийг үйлдвэрлэгчид нотлож байна.


Шведийн Тоби Технологи компани нүдний хөдөлгөөнийг дагах технологийг танилцуулав. Стилсерис хэмээх технологийн төхөөрөмж хулгана, гар, тоглоомын удирдлага зэргийг орлож, компьютерийн тоглоомыг нүдний хөдөлгөөнөөр удирдах боломж олгоно. Компьютерийн дэлгэцийн доод талд байрлуулах мэдрэгч нэг камер, хэт улаан туяаны 3 үүсгүүрийн тусламжтайгаар нүдний хөдөлгөөнийг мэдэрдэг байна. Төхөөрөмжийн оноосон нэр болон загварыг эцэслэн шийдээгүй байгаа боловч ирэх зунаас худалдаанд гарах найдлага төрүүлж буй уг бүтээгдэхүүн компьютер тоглоом үйлдвэрлэгч, сонирхогчдын дунд шинэ давалгаа үүсгэх нь зайлшгүй юм.


эх сурвалж, gizmag болон mailonline

ганцхан сэтгэгдэл:

Сони Бравиа. хэхэ энийг хоёр удаа уншиж байж сая нэг юм ойлголоошд :P

хариулах...

Сэтгэгдэл үлдээх