Шинэ ажилд томилогдсон эмэгтэй А түрээсийн байр хөлслөн ганцаар амьдрах болжээ. Гэвч 2 сарын дараагаас ханиад хүрч, тодорхой шалтгаангүйгээр бие нь сульдах болов. Эмчид үзүүлвэл цагаан хэрэгслийн хачиг болон гэрийн тоосонцроос үүдэлтэй харшил хэмээн оношилжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийсэн боловч бие нь сайжирсангүй. Хэдэн сарын дараа амьсгалын дутагдалд орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээгээр хөгцнөөс үүдэлтэй уушигний үрэвсэл туссан байв. Эмнэлэгт хэвтэж байгаа А-г эргэж ирсэн ээж нь өрөөнийх нь зохион байгуулалт муугаас болсон юм бишүү гэжээ. Эмчилгээ дуусч гэртээ эргэж ирсэн А-д долоо хоногийн дараагаас өвчний шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ. Ээжийнхээ ярьсныг санаж, олж уншсан номонд хэрэв өрөөнийх нь хаалга, цонх нь нэг шулуунд байрладаг бол ажилдаа амжилт гаргахгүй, биедээ өвчин олох нь амархан байна гэсэн байв. А номын зөвлөгөөний дагуу өрөөний голд зөөврийн хана, хаалганыхаа ойролцоо улаан өнгийн чимэглэл тус тус байрлуулав. 1 сарын дараа өвчний шинж тэмдэг үгүй болж, бие нь бүрэн илааршсан байв.
Зүүн хойд зүг чөтгөрийн зүг тул хаалгыг тэр зүгт харуулан байрлуулж болохгүй. Урд талдаа цөөрөмтэй айлын гэрт мөнгө хуралдана. Үүдний ойролцоо толь тавибал муу зүйл гэрт орж ирэхгүй. Эдгээр нь 10-р зууны үед зүүн өмнөд хятадын нутагт үүссэн хий усны ухаан буюу фэнгшүйн ухаан юм. Фэнгшүй нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон баруун зүгээс ирэх дэлхийн энерги буюу хийн урсгал хүнд хэрхэн нөлөөлөхийг судлаж, түүнийг амьдрал ахуйдаа чадварлаг ашиглах, хүний аж амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн сургааль гэгдсээр иржээ. Фэнгшүйд хийн урсгалыг луугаар төлөөлүүлж ойлгодог. Хэрэв өрөөний зохион байгуулалтыг луугийн урсгалд тохируулан хийвэл түүний дагуулж ирэх сайн хийг хурааснаар аз жаргалтай амьдрана хэмээн сургадаг. Фэнгшүйн сургааль хүчтэй түгсэн Гонконгийн ихэнх орон сууцны барилгыг фэнгшүйн ухааныг баримтлан барьсан байдаг. Тухайлбал Гонконг Шанхай банкний барилгын 1-р давхарыг бүхэлд нь нийтийн зориулалттай зам болгон чөлөөлж шалыг аажим шилжих налуу бүхий давалгаа мэт хэлбэртэй хийжээ. Энэ нь луугийн урсгалд тохируулсан сайн хийг тогтоох хэлбэр юм. Харин жишээнд дурдаж буй А-ийн өвчин үнэхээр фэнгшүйн ачаар эдгэв үү?
Барилга байгууламжид үзүүлэх салхины нөлөөллийг судлаж буй профессор Дэгүчи А-гийн өвчний шалтгааныг дулаан уур амьсгалтай орнуудын сууцнуудад асуудал үүсгэж буй конденсациас үүдэлтэй хэмээн дүгнэж байна. Энэ нь агаар дахь усны уур буюу чийг хөрч, ус болон конденсацлагдах үзэгдэл юм. Конденсаци ихэвчлэн гал тогоо, угаалын өрөөнд явагддаг боловч усны уур металаас бусад бүх төрлийн материалд шингэх тул тавилгын ар тал, шүүгээний дото хана, булан зэрэг нүдэнд хялбар үл харагдах газруудад үүсдэг. Түүнд агаар дахь тоосонцор наалдах үед тоосонцрыг тэжээл болгон хэрэглэх хөгц үржих нөхцөл бүрддэг. Хөгц нь агаарт тархаж хүний биед харшил үүсгэнэ. Хөгцний харшлаас үүдэн хүний биед бронхит, дерматит зэрэг өвчин үүснэ. Харин харшлаас сэргийлэхийн тулд өрөөнд тогтмол салхилуулга хийж, хэт чийгшил үүсгэхгүй байх нь чухал.
А-гийн хувьд салхилуулга, цэвэрлэгээг тогтмол хийж байсан боловч эхний үед биеийн байдалд нь тодорхой нөлөө үзүүлээгүй. Иймд судлаачид хаалга, цонхны хооронд байрлуулсан зөөврийн хананы нөлөөллийг судлажээ. Нэг шулуунд байрлах өрөөны загварт агаарын урсгалын туршилт хийж үзэхэд хаалга цонхны хооронд агаарын шулуун урсгал явагдах боловч өрөөний булангуудын орчим дахь агаар хангалттай хөдөлгөөнд орохгүй байв. Энэ нь хаалга цонх нэг шулуунд байрлах үед хичнээн сайн салхилуулга хийсэн ч А-гийн ор байрлах өрөөний булан хангалттай агаар солилцоо явагдахгүй байсныг харуулна. Иймд ор орчмын хананы конденсаци буюу харшлын шалтгаан болсон хөгц мөөгөнцөр арилах нөхцөлгүй байв. Тэгвэл өрөөний агаарын бүх хэсгийг салхины урсгалд хамруулахын тулд хаалга болон цонхыг өрөөний эсрэг талын булангууд орчимд буюу диагонал шугамд байрлуулах нь оновчтой болохыг туршилтаар тодорхойлов. Нэгэнт баригдсан, өөрчлөх боломжгүй нөхцөлд зөөврийн хана буюу тавилга байрлуулах нь тохиромжтой ажээ. Сүүлд А-гийн өрөөний голд байрлуулсан хана агаар солилцоог сайжруулж, харшлын үндсийг арилгаж чадсан нь фэнгшүйн сургаальтай нийцэж байв.
Фэнгшүй үүссэн нутгын газарзүй, цаг агаарын нөхцлийг судлаж үзвэл түүний мөн чанарыг зарим талаар тодорхойлох боломжтой юм. Өвлийн цагт тухайн газар нутагт салхи голчлон зүүн хойд зүгээс салхилж байдаг. Уг салхи шар мөрний сав газраас хийссэн их хэмжээний элс, тоосонцорыг зөөвөрлөн ирнэ. Хэрэв гэрийн хаалга зүүн хойд зүгрүү харсан байвал гэр дотор элс орж ирж бохирдуулах, амьсгалын замаар дамжин хүний биед нөлөөлөх нь тодорхой юм. Фэнгшүй нь анх үүсэхдээ цаг агаар, салхи, уур амьсгалын онцлог нөлөөллөөс хүний бие, эрүүл мэндийг хамгаалах удаан хугацааны ажиглалт буюу амьдралын туршлага, байр орон сууцыг урт хугацаанд хамгаалж ашиглах арга ухаанаас бүрдсэн сургааль байв. Гэвч үе удам дамжин бусад бүс нутагт тархахдаа шашинлаг хэв шинжийг агуулах болжээ. Хаалга болон цонхонд тодорхой өнгийн эд зүйл байрлуулах зэрэг нь үүнд хамаарна. Фэнгшүйд дөрвөн зүгийг тодорхой өнгө бүхий амьтнаар төлөөлүүлдэг. Хэрэв хаалга зүүн хойш харсан бол баруун зүгийг илтгэх луу болон хөх өнгийн зүйл тавьж, хаалга зүүн хойш бус баруун тийш харсан хэмээн засна. Зүг чигт төлөөлөх зүйлсийг хүчээр холбож, хийн урсгалыг өөрчлөх зэрэг нь шашинлаг ойлголтууд учир шинжлэх ухаанаар нотлох ямар нэгэн үндэслэл үгүй юм.
Дашрамд дурдахад мэдээлэлд дурдагдсан жишээ дулаан чийглэг уур амьсгалтай нутагт хамаарах тул манай нөхцөлд нийцэхгүй байж болох талтайг анхаарна уу. Хүйтэн хуурай уур амьсгалтай монголын нөхцөлд байр сууцанд төдийлөн конденсаци явагддаггүй, агааржуулалтыг хаалга цонх онгойлгох бус зориулалтын агаар сэлгэлтийн системээр хийдэг. Мөн хөгц мөөгөнцрөөс үүдэлтэй харшлийн өвчлөлийн тухай мэдээлэл анхаарал татахуйц хэмжээнд гардаггүй.
эх сурвалж; Nippon TV
янтай би хэзээд л шинжлэх ухааны салбарт л итгэдэг
ReplyDeleteМанай монголчуудын амьдралын арга ухаан ч гэсэн фэнгшүй юм байгаан шдээ. Жишээ нь, гэрийн үүдийг зөвхөн урд зүг рүү харуулж барьдаг. Тэгвэл хүйтэн уур амьсгалтай манайх шиг газар хаалгаар нарны гэрэл дулаан орж ирж байх зориулалттай гэх мэт. Ер нь урт удаан хугацааны амьдралын хэв маяг дадал зуршлаас сайн нь шалгаран үлдэж түүнийг хүн төрөлхтөн үр удамдаа зан заншил ёс журам фэнгшүй гэх мэтээр уламжлан ирсэн байх. Ертөнцийн бүх л юм үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болно гэдэг би итгэдэг.
ReplyDeleteГол усандаа сүү дусааж болохгүй гэх мэт айхтар сургаал байна. Сүү ч дусаах зүрхгүй өссөн хүн гол ус ширгээхгүй хог хаяхгүй гэх мэт байгалд хүндэтгэлтэй хандах сэтгэхүй хөгжүүлдэг байж дээ.
ReplyDelete