2009-01-25

Бид ойрын 8-10 жилд утаанаас салах боломжгүй

Улаанбаатар хотын утааны үндсэн эх үүсвэрүүдийн хувь хэмжээний тухай янз бүрийн тооцоо судлагаа байдаг боловч цахилгаан станцууд болон автомашинаас ялгарах утааны нийлбэр хэмжээ харьцангуй бага буюу 10-20 орчим хувийг эзлэж байна гэж ойлгож болно. Цахилгаан станцуудын хувьд утааны хаягдлыг бууруулахад зориулагдсан тоног төхөөрөмжийг харьцангуй бага хөрөнгөөр, богино хугацаанд суурилуулах боломжтой гэдэг нь ойлгомжтой. Мөн хотын утаа ихсэхээс өмнөх болон дараах нөхцөлийг харьцуулж үзэхэд цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл, ялгаруулах утааны хэмжээ, утаа цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн технолиги зэрэгт бараг өөрчлөлт ороогүйг харгалзан үзвэл хотын утаа ихсэхэд тийм ч их нөлөөлдөггүй болох нь харагдана.

Автомашины хувьд өдөр бүр олон сая машин гудамжаар нь холхиж байдаг ч утаагүй, цэвэр агаартай гадаадын олон том хотын жишээг харсан ч засвар, үйлчилгээг тогтмол чанартай хийснээр утааны ялгарах хэмжээг бууруулах буюу нэг хэмжээнд барих боломжтой юм. Нөгөө талаас татварын болон бусад хөнгөлөлт үзүүлж цахилгаан болон hybrid хөдөлгүүртэй машиныг дэмжих, хий, бусад бүрэн шаталттай түлшинд шилжүүлэх бодлого барьвал харьцангуй хүндрэл багатайгаар шийдэж болох асуудал гэж ойлгогддог.

Үлдэж буй гэр хорооллын утааны эх үүсвэр нь үнэн чанартаа эрчим хүчний эх үүсгүүрийн төрөл хэлбэр, хэрэглээний нөхцөлтэй нягт холбоотой асуудал юм. Иймд эрчим хүчний мэргэжлийн зах зухаас эзэмшиж, цөөнгүй жил хоолноос нь хороолцсоны хувьд утааны эх үүсвэрийн 80-90 хувийг бүрдүүлж буй гэр хорооллын утааны асуудлын талаархи өөрийн санаа бодлыг хуваалцая гэж бодлоо. Бид хамгийн багаар бодоход ойрын 8-10 жилд утаанаас салах боломжгүй гэдэг нь багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарж байж шийдэгдэх утааны энэ эх үүсвэрийн асуудлаас үүдэн гарсан төсөөлөл бөгөөд нөхцөл шалтгаануудыг өөрийнхөө бодож байгаагаар тайлбарлая.

1-р нөхцөл. Төр засгийн харалган бодлого шийдвэр болон эдийн засгийн нөхцөл
Энэ сэдэв хэн бүхний мэддэг, анхаарлын төвд байдаг учир маш товчхон өгүүлэе.
Утаанаас сална гэдэг нь байшин барих, зам тавих мэт хэн дуртай нь сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш нь ойлгомжтой. Урьдчилсан тооцоо, судлагааг үндэслэлтэй, маш сайн хийхээс авахуулаад их хэмжээний бүтээн байгуулалт шаардагдах ажил учир яалт ч гүй төр засгаас нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм. Гэтэл өмнөх жилүүдэд дэвшүүлж байсан хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт ямархуу үр дүнтэй байна вэ.
Мянганы зам барьж монгол улсаа өв тэгш хөгжүүлнэ гээд байсан, хэдэн ч жил өнгөрөв, хэдэн метр зам тавьсан нь тодорхойгүй. Мянганы зам мянгуужингийн үлгэр гэж нийтлэлч Баабар гуай зүгээр нэг хэлчихээгүй бололтой. 40 мянган айлын сууц гэж миний мэдэхээр 5 жил ярилаа, өнөөдөр яг хэдэн байшин баригдав, гэр хорооллын дундаж орлоготой болон ядуу айл өрхүүдээс яг хэд нь байранд оров. 30-40 жилийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан дундаж орлоготой болон ядуу айл ядаж 1 ширхэг байна уу?

Бас тэр ногоон, цагаан, улаан гэх мэт элдэв өнгийн хөтөлбөрүүд байна, хэрэгжиж үр дүнгээ өгөх байтугай ногоо, сүү, махаа худалдаж авч дийлэхээ байлаа. Дээр нэг хүний блог дээрээс уншиж байсан, өнгөрсөн хэдэн жил төр засгаас дэвшүүлсэн 60, 70-аад хөтөлбөрөөс 6, 7-хон нь хэрэгжсэн гэсэн жагсаалт харж байсан юм. Алт, зэсийн үнийн өсөлтийн буянд сүүлийн 3 жил улсын халаасанд овоо л хэдэн доллар орох шиг болсон, нүдэнд харагдаж чихэнд сонсогдохоор юунд хэрхэн зарцуулсан нь бас л тодорхойгүй. Нэгэнт өнгөрсөн юм дүүрч гэж бодоё гэтэл цаашаагаа дахиад олон олон төсөл хөтөлбөрүүд үргэлжлэнэ гэнэ. Бэлгэдлийн чанартай ерөнхийлөгчийн бэлгэдлийн чанартай хөтөлбөрүүдээр эхлэх юм байх. Хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгөө яая гэж байж бас дээр нь эрдэнийн хувь, эх орны хишиг, ямааны мөнгө, чипний мөнгө...!!!.

2 толгойгоосоо "бөөн доллар" олно гэж хэдэн жил сэрүүн зүүдэлсэн, мөддөө бүтэхгүй болов бололтой, учир мэдэх гадаад, дотоодын эдийн засагчдийн бичиж, ярьж байгааг анзаарвал дэлхий нийтийн хямрал дахиад дор хаяж 1 жил үргэлжлэнэ, түүнээс цааш сэргэтлээ дахиад 3-5 жил болох болох юм байх. Уналт, алт, зэс, уул уурхай бүгд хоорондоо холбоотой юм болохоор "бөөн доллар" лав ойрын 5 жилдээ мөрөөдөл хэвээр байсаар байна. Гэтэл энэ "бөөн доллар"-гүйгээр утаанаас салах ямар ч боломжгүй, за 5 жилийн дараа эдийн засаг сэргээд, уул уурхай сэргээд, айванхоу үйлдвэрээ ашиглалтад оруулж сэргээд "бөөн доллар"-аа халааслачихлаа гэж бодоё. Утаатайгаа тэмцэж эхэллээ гэж бодоё, эхлэх гэж байна гэж лав нэг хоёр жил ярина, эхлэлээ гэхэд элдэв тендер нь эргэж, буцаж, будилуулж зөвтгөсөөр нэг хоёр жил болно, тэмцэж эхлэнгүүт шууд утаагүй болчино гэж мэдээж байхгүй, дор хаяж 3 жилийн дараа үр дүн нь харагдаж эхэлнэ. Тэрнээс өмнө засаг төр солигдоно, сонгуулийн амлалт нь хэдэн ч сая төгрөгөнд хүрч мэдэх, өмнөх нь хийж бүтээсэн жаахан ажлыг ор тас үгүйсгээд, өөрийнхөөрөө тас зүтгэчихийг хэн байг гэхэв. Ингээд бодоод байхаар бид улс төр, эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан ойрын 8-10 жилд утаанаас салах боломжгүй нь харагдаж байгаа юм.

2-р нөхцөл. Цахилгааны өнөөгийн эх үүсвэрийн хүчин чадлын дутагдал
Гэртэй айлуудад цахилгаан халаагуур тавьж нүүрсийг нь болиулаад утаагүй болоё гэдэг сайхан санаа олон хүнээс гарч байгаа боловч оносноосоо алдсан нь олон байх юм. Манайд өнөөдөр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ хоёр таарч өгдөггүй нэг сонин тогтолцоотой байгаад байгаа юм. Өвлийн оргил ачааллын үеэр станцууд нь хэрэглээгээ дийлэхээ болиод оросоос багагүй үнэтэй цахилгаан худалдаж авдаг, шөнө болохоор хамаг үйлдвэр, завод, айл өрх амраад бүх гэрэл тогоо таслахаар баахан илүүдэл цахилгаан үйлдвэрлээд түүнийгээ орос руу үнэгүй шахуу гаргахаас өөр аргагүй болдог. Яагаад ингээд байна гэхээр цахилгаан станцуудын өөрийнх нь оцлог буюу сул тал нь юм, өөрөөр хэлбэл өдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаад, орой нь хагас хүчин чадал хүртэл бууруулах техникийн боломж байдаггүй, өдөр ажиллаад, шөнө зогсох боломжгүй гэсэн үг, аль ч улсад, япон, америкт ч адилхан байдаг. Хэрэглээ нь харьцангуй тогтвортой, үйлдвэрлэлтэйгээ зөв харьцаатай байж үр ашигтай ажилладаг. Үүнийг тохируулах хэд хэдэн арга бий боловч хэт мэргэжлийн чанартай тайлбар тул ингэсхийгээд орхиё.

Тэгэхээр өдрийн цагт хэрэглээгээ хангаж ядаж байхад дээрээс нь гэр хорооллын баахан цахилгаан халаагуур нэмээд залгачихаж болохгүй нь харагдаж байна. Залгалаа гэхэд нэмэгдэх цахилгааны хэрэглээгээ оросоос асар үнэтэй цахилгаан нэмж авч хаах уу, шинэ станц барихуу гэдэг асуудал гарч ирнэ. Аль алинд нь нөгөө л бидэнд байдаггүй "бөөн доллар" хэрэг болж таарч байгаа юм. Одоогоор төвийн эрчим хүчний системийн нийлбэр хүчин чадал 774 МВт байгаа бөгөөд өвлийн ид ачаалал болон аваар ослын үед ОХУ-аас нэмж 160 МВт эрчим хүч авах гэрээтэй, энэ эрчим хүчийг авч хэрэглээгүй ч гэрээний мөнгөө тогтмол төлдөг ёстой юм гэсэн.

300МВт хүчин чадалтай шинэ 5-р станц барих гээд шийдчихсэн шүү дээ гэж сануулах хүн гарч магад. Тендер зарлагдсан, сайхнаар төсөөлбөл энэ ондоо ялагч нь тодроод, зураг төслөө эхлэх магадлалтай ч энэ станц нь гэр хорооллын цахилгаан халаагуурт зориулагдаагүй юм. Үнэндээ аль соц нийгмийн үеийн ерөнхий төлөвлөгөөгөөр өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангах үүднээс аль 1995 онд барих төлөвлөгөөтэй байснаа одоо барих гэж байгаа хэрэг, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн цахилгааныхаа зарим хэсгийг нь дээр хэлсэн оросоос үнэтэй цахилгаан авдагаа болиход зарцуулна. Үлдсэн хэсгийг нь одоо учир замбараагүй шавааралдан баригдаж байгаа шинэ байшингуудын хэрэглээг хангахад зарцуулна. Мартсанаас хэрэв хэрэгждэг бол үндэсний үйлдвэрлэлийг сэргээх хөтөлбөртөө зарим хэсгийг нь зарцуулах байх. Тэгээд цаана нь үлдвэл төвийн эрчим хүчний системээ жаахан өргөтгөж хэд гурван сумыг холбох нь мэдээж хэрэг.

Шинэ 5-р станц маань хувийн хөрөнгөөр босох болохоор яаж ийж байгаад нэг баригдах байх, гэхдээ энэ жилдээ багтаад барилга урсралтын ажил эхэллээ гэж бодоход эхний ээлж нь ашиглалтад орох хүртэл дор хаяж 3 жил бүрэн хүчин чадлаараа 5 жилийн дараа ашиглалтад орох төлөвтэй байгаа юм, хэрэв 1-р нөхцөлийг тооцож үзэхгүй юм бол шүү дээ. Гэтэл монголын компани дангаар тендерт ялах тохиолдолд цахилгаан станц барьж байгуулах туршлага дутах магадлалтай юм. Жишээ авахад арван хэдэн жил "барьж" байж арай гэж ашиглалтад оруулсан Төв аймгийн дулааны станц, гадны хүчээр чадан ядан босгосон Даланзадгадын дулааны станцыг харахад ганц жил ч бүрэн ажиллаж чадалгүй хөлдөөгөөд дуусгасан гашуун туршлага давтагдахгүй гэх газаргүй. Ингээд цахилгаан станцын эх үүсвэр хүрэлцэхгүйгээс утаатайгаа дахиад 8-10 жил найзлах хэрэгтэй болохнээ.

3-р нөхцөл. Гэр хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэхэд гарах нэмэлт зардалууд
Шинэ 5-р станц маань ойролцоогоор 5 жилийн дараа тодорхой хэмжээгээр ашиглалтад орчихлоо гэж бодоход, мэдээж өөрийн хөрөнгөөр барьсан хувийн компани алдагдалгүй ажиллахаа тооцож үнээ тогтооно. Тэр нь одоогийн үнээс хэд дахин илүү байх төлөвтэй байгаа юм. Манайхан цахилгаанаа Кампуч улаас 3 дахин бага үнээр зарж байна, алдагдалтай байна, үнийг чөлөөлж өгөөч гэж эрчим хүчнийхэн жил болгон гуйдаг ч төр засаг нь дараад байдаг, үнэндээ суурь үнэ чөлөөлөнгүүт бусад бүх юмны үнэ дагаж өснө гэсэн сүүлийн арваад жилийн айдас арилаагүй байгаа. Үнэ гэснээс үнэтэй холбоотой зарим нэг нөхдийн санаа сонсож байсан боловч манай одоогийн нөхцөлд арай л тохиромжгүй байгаа юм. Нүүрс болон эрчим хүчний үнэ дээр утааны татвар нэмэх тохиолдолд дагаад ядуу ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэнэ болно.

За тэгээд 5 жилийн дараа 2 толгойгоосоо "бөөн доллар" халааслах мөрөөдлөө үргэлжлүүлэе. Түүгээрээ гэр хорооллоо сайхан цахилгаан халаагууржуулчия. Ингэхийн тулд эхлээд нэг жижигхэн тооцоо хийж үзэе! Улаанбаатар хотод одоогийн байдлаар 130000 айл өрх гэр хороололд амьдарч байна гэсэн судлагааны үр дүн байдаг. ШУТИС-ын мэргэжлийн багш нар гэрийн дулааны хэрэглээг 3.5-5.2 кВт гэж тооцож гаргасан байдаг. Тэгэхээр нийт гэр хорооллыг цахилгаан халаагуураар халаана гэж бодвол нийлбэр цахилгааны эрчим хүчний хэрэглээ 130000x3.5кВт=455000кВт буюу 455МВт болох ойролцоо тооцоо (гэрийн дулааны хэрэглээг хамгийн багаар тооцоход шүү!) гарч байна. Энэ нь дээр дурдсан шинэ 5-р станцын хүчин чадлаас давсан хэрэг болж байгаа биз? Ингээд цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхгүй болчихлоо.

Одоо яах вэ, ядаж Эгийн голын усан цахилгаан станцаа барьчихлаа гээд нэмээд мөрөөдөөд үзэе, бас л 1-р нөхцөлийг тооцож үзэхгүй юм бол шүү дээ! За тэгээд гэртэй айлд баахан халаагч аваачаад тогонд залгаснаар асуудал дуусахгүй. Юу гэхээр 1 айлын плитка, хөргөгч гэх мэт цахилгаан хэрэгслийн цахилгааны нийлбэр хэрэглээ 2кВт орчим байгаа юм, үүн дээрээ цахилгаан халаагуурын 3.5 кВт-ийг нэмэхээр 5.5кВт болж байна. Гэтэл тухайн гэр лүү татсан цахилгааны кабелийн нэвтрүүлэх хүчин чадал зөвхөн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдсан, дээр нь жаахан нөөц аваад 3кВт байвал яах вэ? Яааг зөв. 5.5 кВт-ийг нэвтрүүлж чадах хүртэл кабелийг өргөтгөх буюу өөр кабелиар солих хэрэгтэй. Нэг айлын хувьд ийм байж, нэг хэсэг айлыг цахилгаан халаалтад шилжүүлэх тохиолдолд трансформаторуудыг айл болгон руу татсан кабелтай хамт, нэг хорооллыг шилжүүлэхэд цахилгааны дэд станцыг түгээх шугам сүлжээтэй нь, бүх гэр хорооллыг шилжүүлнэ гэвэл цахилгаан дамжуулах шугам сүлжээ ба станцын хүчин чадлыг тус тус өргөтгөх хэрэгтэй болж байгаа биз. Юун нөгөө 455 кВт дээр нь нэмээд дахиад зөндөө олон өргөтгөл, нэмэлт ингээд хэд хэдэн "бөөн доллар" нэмж зарлагадах хэрэгтэй гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм. Тэр "бөөн бөөн доллар"-ууд олдох хүртэл, за олддог юмаа гэхэд зараад 8-10 жилийн дотор утаагаа зайлуулна гэдэг мөрөөдөл дашийн шог оо.

4-р нөхцөл. Хэрэгжүүлэх боломжгүй зарим хувилбарууд
Тэгээд 8-10 жил утаагаа уушиглах юм бол, ядаж гэр хорооллоо хотоос хол газар нүүлгэе гэх хүн ганц нэг гарч магад. Энэ бол хэзээ ч бүтэхгүй хувилбар гэдгийг гэр хороололд өсч, хүмүүжсэн хүний хувьд батлан хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт гарах зардал мөнгийг олох байтугай тооцоолох ч арга байхгүй. Хэрэв нүүлгэхдээ тулдаг юм бол байшинд амьдардаг би ч гэсэн бульдозерийнх нь өмнө очиж хэвтээд ч болов гэр хорооллынхныгаа өмөөрнө гэж боддог. Тэгээд ч зам тавих газар, үерийн далан, цахилгааны шугамын аюлгүйн зурваст буусан хэдхэн айлыг нүүлгэх гэж яаж үйл лайгаа эдлэж байгааг хэн бүхэн анзаарч байгаа байх. Үгүйдээ гэр хорооллынхны дийлэнх олонх нь болох, их хотын хаяа дагасны хүчинд өдрийнхөө талх, автобусны мөнгөтэйгээ арай ядан золгож байгаа ядарсан улсуудыг амьжиргааны сүүлчийн эх үүсвэрээс нь салгах нь энэрэнгүй ёс, хүнлэг нийгэмд харшлах хэрэг юм. Өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа өртөг, үнийн дарамтанд туйлдаж гүйцээд түлээ нүүрсээ ч авч чадахаа байгаад аргагүй эрхэнд муур, нохой, тоосго түлж дулаацахдаа тулж байгаа нь ойлгомжтой. Нанотенологи, генийн инженерчлэл, цөмийн эрчим хүч, сансрыг эзэмших эринд амьдарч байж аль 1000 жилийн өмнөхтэйгээ адилхан мод нүүрсээ шатааж илчинд дулаацаж суугаа нь тэдний буруу биш, тэд дээр байгаа мулгуу төр за...., буюу 1-р нөxцөлд хамааруулж ойлговол зохино.

Уул нь эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал томрох тусам технологи боловсронгуй болж ашигт үйлийн коэффициент нэмэгдэн түлшийг үр ашигтайгаар, нэгж түлшинд ногдох зардал багатайгаар бүрэн ашиглах нөхцөл бүрддэг. Нөгөө талаас хаягдлыг нэг цэгт бүрэн хянаж, бууруулах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтой. Энэ нь хамгийн оновчтой, шалгарсан хувилбар учир дэлхийн ихэнх улсууд эрчим хүчний хэрэглээг төвлөрсөн томоохон эх үүсвэрүүдээс хангаж, нэгдсэн сүлжээнд нэгтгэх хувилбарыг хэрэгжүүлсэн байдаг. Монгол улсын эрчим хүчний бодлого ч бас энэ чиглэлд явж байгаа байх гэж найддаг.
Ингээд ямар ч иргэдээ хаана ч амьдарсан хийх ажилтай, амьдрах орчинтой болгох хүртлээ хөгжихөд Монгол улсад дор хаяж 8-10 жил хүлээх хэрэгтэй болох тул энэ хугацаанд хотоос холдож нүү гэж хөөж чадахгүйнээ.

5-р нөxцөл. Сэргээгдэх эрчим хүч ашиглахад тохиолдох хүндрэлүүд

Сэргээгдэх эрчим хүчний нөөц нь барагдашгүй, мөнхийн, нэгэнт эх үүсвэр барьсан тохиолдолд ашиглалтын зардал бараг байдаггүй боловч, хүссэн газар болгондоо барьж болдоггүй хяслантай. Салхины эх үүсвэрийн хувьд салхины хурд, хүч, чиглэл, салхилах өдрийн тоог харгалзах шаардлагатай бөгөөд монгол оронд салхины нөөц бүхий газрууд цөөнгүй бий боловч эхний хөрөнгө оруулалт хэт өндөр, их хэмжээний газар нутгийг хамардаг учир томоохон салхин цахилгаан станцыг богино хугацаанд барьж байгуулах боломжгүй.

Монгол нутагт хамгийн баялаг сэргээгдэх эрчим хүчний нөөц бол нарны энерги юм. Жилийн бараг 300 хоногт нь нартай байдаг. Ялангуя өмнө зүгийн аймгуудаар нөөц ихтэй. Гэхдээ нарны цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний нөөцүүд дундаас хамгийн өндөр өртөгтэй учир мөн л ойрын 10 жилдээ томоохон станц барих боломжгүй юм. Харин усан цахилгаан станц байгуулах зардал харьцангуй хямд бөгөөд нөөц бүхий ихэнх гол мөрөнг ашиглалаа гэж тооцоход Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг хангах бололцоотой гэсэн судлагааны үр дүн байдаг.

Харьцуулалт хийхэд тань зориулж интернетийн албан бус эх сурвалжаас авсан хэдэн тоо дурдая. Энд 100МВт цахилгаан хүчин чадалд ноогдох эхний хөрөнгө оруулалтын хэмжээ; 2006 онд АНУ-д барьж эхэлсэн нарны цахилгаан станцын хувьд 570 сая доллар, Англид 2007 онд баригдаж эхэлсэн салхин цахилгаан станцын хувьд 320 сая евро, Эгийн голын усан цахилгаан станцын хувьд 120 сая доллар, ойрын ирээдүйд монголд байгуулагдах нүүрсээр ажиллах цахилгаан станцуудын хувьд 100-120 сая доллар тус тус. Сэргээгдэх эрчим хүчний аль ч эх үүсвэрийг ашиглалаа гэхэд төвлөрсөн системд холбоход шаардагдах цахилгаан дамжуулах сүлжээ барьж байгуулахад багагүй нэмэлт зардал гарна. Газрын гүний дулааны эрчим хүчний нөөцийн судлагаа монгол хангалттай хийгдээгүй тул энэ сэдвийг алгасав.

6-р нөxцөл. Ойрын ирээдүйд төлөвлөж буй томоохон эх үүсвэрүүдийн тодорхойгүй байдал

Эрчим хүчний томоохон эх үүсвэрийдийг төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хамгийн түрүүнд хэрэгжиж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой эх үүсвэрүүд болох усан цахилгаан станцууд юм. Эдгээрээс хамгийн том буюу 200МВ хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн боловч ямар ажил ямар шатандаа яваа нь тодорхойгүй. Хэрэв баригдаж эхэлсэн бол ойролцоогоор 5 жилийн хугацаанд ашиглалтад орох ёстой. Ашиглалтад орлоо ч Дөргөний усан цахилгаан станцад тохиолдсонтой адил хүндрэл тохиолдохыг үгүйсгэхгүй. Уг нь монголд малыг хүнээсээ илүү харж үздэг сэтгэлгээг халмаар байгаа юм.

Цахилгааны бас нэг том эх үүсвэр болох Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 3600 МВт цахилгаан чадал бүхий томоохон станц барихаар төлөвлөөд байгаа боловч тендер болон лицензийн будлианаас шалтгаалан маш удаашралтай байгаа юм. Асар том хэмжээний цахилгаан станц, хөрөнгө оруулалт их шаардах (3 тэрбум доллар, үүнээс зөвхөн цахилгаан станцад 1,6 тэрбум доллар) учир хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан одоогийн ерөнхийлэгч маань ерөнхий сайд байхдаа хятадуудтай яриа хэлэцээр хийж эхэлсэн тухай дуулдаж байсан, юу болж төгссөн нь бас л тодорхойгүй. Хэрэв энэ станц ашиглалтад орвол эх орныхоо хэрэгцээг 100 хувь хангаад илүү гарсныг хятад руу экспортолж "бөөн бөөн доллар" олох боломж бүрдэх бөгөөд магадгүй 3 дахь, 4 дахь "толгой" болох магадлалтай байгаа юм. Дашрамд хэлэхэд 2-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2012 онд, 3-р цахилгаан станцынх 2015 онд дуусч тус тус зогсоно гэсэн төлөв байдаг.

Тодруулахад 2008 оны 1 сарын 1-нээс Айванхоу ажиллаж эхлэнэ гэж тооцоод дээр нэлээд олон дурдагдсан "бөөн доллар"-ын 2008 онд халааслах хэмжээг 100 сая доллар орчим гэж төсөв энэ тэр тэрдээ тусгасан байдаг.
Эцэст нь хэлэхэд энэ бол ойрын 10 хүртэлх жилийн үйл явдлыг урьдчилж харахыг оролдсон зөвхөн миний төсөөлөл гэдгийг дахин хэлэе.
Хэрэв 10 жил утуулсаар байна гэж санаагаар унах хүн гарвал арай эрт байна гэдгийг сануулмаар байна. Нэгэнт та энд хүртэл залхалгүй уншиж чадсан бол зарим нэг зүйлийг анзаарч чадсан байх. Юу гэдгийг тодруулбал шөнийн цахилгаан, нарны эрчим хүчний баялаг нөөц гэж. Эдгээр болон бас бус боломжийг ашиглаад дээр өгүүлсэн 8-10 жилийг нааш нь татаж боломжтой хувилбарын тухай санаа, төсөөллөө тун удахгүй та бүхэнтэй дахин хуваалцах болно.


3 comments:

  1. Zarim uyed ch berh bolj baina shuu.

    ReplyDelete
  2. Сайн уу Саарал аа гимнастикаа хийсээр л байна уу?
    За тэр станцууд, машин тэрэгний утаа ч бас гайгүй бага хувийг эзлэх байх. Зөвхөн тийм утаатай байвал бараг л цээж дүүрэн амьсгалаад явж болох байх, гэр хороолол, нүүрс л учир байна яалтай ч билээ...

    ReplyDelete
  3. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

    ReplyDelete