Өмнөх өгүүлэл маань гэр хорооллын гаралтай утааны бохирдлыг багасгахад шаардагдах их хэмжээний хөрөнгө оруулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар өгүүлсэн. Энэ нь зарим хүмүүст нэг талыг барьсан, гутрангуй сэтгэлээр бичигдсэн мэт санагдаж магад. Аливаа томоохон төслийг шууд нэг амьсгаагаар хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байлаа ч нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттайгаар хэрэгжүүлж болохуйц жижиг хувилбарууд хэзээд байдаг. Ингээд өмнө өгүүлсэн 8-10 жилийн хугацааг хэрхэн богиносгож нааш нь татах боломж байна вэ гэдэг талаар өөрийн бодлыг хуваалцая.
1. Дулааны хэрэглээ болон нүүрсний галлагааны байдал
Аливаа барилга, сууцны дулааны хэрэглээ нь доторхи агаарын хэмийг харьцангуй тогтмол байлгах нөхцөлөөр тодорхойлогддог. Иймд дулааны хэрэглээ нь гадна агаарын температураас хамааран улирал, хоногийн турш өөрчлөгдөж байдаг хувьсах хэмжигдэхүүн юм. Тооцоонд гадна агаарын хамгийн хүйтэн үеийн дулааны хэрэглээний утгыг (тооцоот ачаалал) хэрэглэдэг. Шөнө харьцангуй хүйтэн байдаг учир дулааны хэрэглээ тооцоот ачааллын 80-100%, өдрийн цагт 50-80% хүртэлх хэмжээтэй байдаг.
Гэр хорооллын айлууд өвлийн цагт нүүрсээр голчлон, хоногт 2-4 удаа зуух (пийшин)-аа галлаж гэрээ дулаацуулах, хоол цай хийхэд ашигладаг. Өглөө 6 цагийн үед дундаж хэмжээний нүүрсээр галлаж өглөөний цай бэлтгэх ба нүүрс нь 4-5 цаг орчим асаж энэ хугацаанд гэр дулаахан байдаг. Орой ажил тарж ирээд 6 цагийн үед мөн дундаж хэмжээний нүүрсээр дахин галлаж оройн хоол бэлтгэх ба орой 10-11 цаг хүртэл гэр дулаахан байдаг. Ойролцоогоор оройн 11 цагийн үед харьцангуй их хэмжээгээр галлах ба өглөө 6 цаг орчим хүртэл гэр дулаахан байдаг. Гадна агаарын температурын хэлбэлзэл болон галлагааны байдлаас ажиглахад өглөө, оройн галлагаанд хоногт хэрэглэх нүүрсний 60-70% (нэг галлагаанд 30-35%), хоногийн хамгийн хүйтэн үе болох оройн 11-ээс өглөөний 6 цаг хүртэлх галлагаанд харьцангуй их буюу 30-40%-ийг зарцуулдаг гэж ойролцоогоор төсөөлж болох юм.
2. Шөнийн цагт ашиглах дулаацуулга-цахилгаан халаалт
Бидний ойрын хугацаанд харьцангуй бага зардлаар хэрэгжүүлж чадах, хамгийн хялбар аргуудын нэг нь яах аргагүй цахилгаан халаалт бөгөөд шөнийн цагт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх үүднээс гэр хорооллын халаалтад зориулах нь хамгийн оновчтой хувилбар юм. Шөнийн цагт хэмээн тодотгож байгаагийн хоёр дахь гол шалтгаан нь цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх системийн хүчин чадлын хүрэлцээнээс хамаарч байгаа хэрэг. Өдрийн цагийн цахилгааны хэрэглээ дээр нэмж цахилгаан эрчим хүчийг халаалтад ашиглах нь одоогоор боломжгүй тухай өмнө өгүүлсэн. Одоогоор шөнийн 0 цагаас өглөөний 6 цаг хүртэл цахилгаан эрчим хүчний хямдралтай үнээр хэрэглэх боломжтой байгаа. Гэр хорооллын халаалтад зориулагдах цахилгаан эрчим хүчний үнийг хямдруулах, үнийг тооцох шөнийн цагийг оройн 10 цагаас өглөөний 7 цаг хүртэл уртасгах гэх мэт утааг бууруулах хөшүүргийн хэлбэр байж болох юм.
Гэр хорооллыг шөнийн цахилгаан халаалтад бүрэн шилжүүлснээр галлах нүүрсний нийт хэмжээ, болон галлагааны хугацааг ойролцоогоор 30-40 орчим хувиар буруулах боломж бүрдэнэ. Энэ хэмжээгээр утааны ялгарал багасна гэдэг нь ойлгомжтой.
Одоогоор хотын захын ихэнх гэр хорооллуудад оройн цагаар чийдэн цайх, цахилгаан плиткан дээр хийсэн хоол маш удах гэх мэт цахилгааны чадал хүрэлцэхгүй байдал ажиглагддаг. Ихэнх айлууд оройн хоол хийхдээ цахилгаан плитка бус нүүрсээр галласан зуухаа ашигладаг. Иймд гэр хорооллуудыг цахилгаан халаалтад шилжүүлэхэд цахилгаан дамжуулах, түгээх системийн хүчин чадал хүрэлцэх эсэх талаар маш нарийн тооцоо, судлагаа шаардагдана.
3. Өдрийн цагт ашиглах дулаацуулга
а. Утаагүй түлш хэрэглэх. Одоогоор өдрийн цагаар цахилгаан халаалт хэрэглэх боломж хязгаарлагдмал учир өөр төрлийн дулааны эх үүсвэрийг хэрэглэх шаардлага гарна. Үүнд нүүрсийг коксжуулах, утаагүй зуух (бүрэн шаталтат) гэх мэт одоогоор яригдаж хэрэгжүүлэх гэж оролдож байгаа аргууд хамаарна. Мөн гадаад улсуудад хэрэглэгддэг хийн болон керосин зуухнуудыг (харьцангуй хямд буюу 50-200 доллар) гэрийн нөхцөлд туршиж үзэх хувилбар юм. Дулаацуулгад ашиглагддаг гадаадын ихэнх тоног төхөөрөмжүүд нь цаг агаарын харьцангуй дулаахан нөхцөлд зориулагдсан байдаг. Улаанбаатар шиг эрс тэс, хүйтэн уур амьсгалтай хот ховор байдаг учир гадаадын ийм тоног төхөөрөмжүүд (цахилгаан халаалтын төхөөрөмжүүд мөн адил) монголын нөхцөлд тохирохгүй, хүчин чадал хүрэлцэхгүйгээс хангалттай дулаацуулж чадахгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Иймд сайтар судлагаа, туршилт хийж өөрсдийн нөхцөлд тохирох эсэхийг шалгах шаардлагатай болно.
б. Хосломол эх үүсвэр хэрэглэх.
Өдрийн цагаар дулааны хэрэглээ харьцангуй бага байдаг учир хоол бэлтгэхэд утаагүй түлш ашиглаж, түүнд шаардагдах (цахилгаан плитканд хэрэглэх) цахилгааны энергийг халаалтад зориулан ашиглах хувилбар байж болох юм. Гэхдээ өдрийн цагаар одоо байгаа эрчим хүчний төвлөрсөн системээр бүрэн хангах боломж хязгаарлагдмал байгаа тухай бид мэднэ. Хэрэгжүүлж болох өөр нэг хувилбар нь нарны энерги юм. Одоогоор 2кВт орчим хүчин чадал бүхий нарны баттереин нарны энерги цуглуулах элементийн хэмжээ дунджаар 5x6м байна. Гэр хорооллын амины сууцнуудын дээврийн хэсэгт ийм нарны баттерэй суурилуулан халаалтын цахилгаан төхөөрөмжүүдийг өдрийн цагаар ажиллуулах хувилбар байж болоx юм. Манайд жилд 1500кВт хүртэл төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадал бүхий нарны зайн үйлдвэр байгуулагдан ажиллаж байсан боловч эрэлт бага гэх мэт шалтгаанаар зогссон дуулдсан. Хэрэв энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажилуулбал бол гэр хорооллын амины сууцнуудыг нарны баттерегээр тодорхой үе шаттайгаар хангах (1 айлд 2кВт-аар тооцвол жилд 750 байшин) боломжтой юм. Сүүлийн үед нано технологи гэх мэт дэвшилтэт технологийн үр дүнд дээрх хүчин чадал бүхий нарны элементийн овор хэмжээг багасгаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Хэрэв энэ технологийг хэрэгжүүлж чадвал монгол гэрийн дээвэр дээр суурилуулж болохуйц хэмжээтэй дээр дурдсан хүчин чадал бүхий төхөөрөмж үйлдвэрлэх боломж байж болно.
Мөн Улаанбаатар хотод байгаа нүүрсээр ажилладаг бага оврын 250 гаруй уурын зуухнуудын технологийг шинэчлэх, хэрэглэгчдийг дээрх хэлбэрээр цахилгаан болон утаагүй түлшид шилжүүлэх, дулааны аккумлятор суурилуулах гэх мэт аргаар нүүрсний хэрглээг бууруулах боломж бий.
Эдгээр арга хэмжээг цогцоор хэрэгжүүлж чадвал гэр хорооллын нүүрсний хэрэглээг 80-90 хувь хүртэл буруулж болох төлөв харагдаж байна. Энд гэр хорооллын утааг багасгах талаар техникийн ямар шийдлүүд байж болох талаар дурдлаа. Гэр хорооллын иргэдэд олгох "Эх орны хишиг"-ийн зарим хэсгийг халаалтын цахилгаан төхөөрөмж, нарны баттерэй хэлбэрээр өгөх, орон сууцанд амьдрагсдад хүртээх "Эх орны хишиг"-ийн зарим хэсгийг нарны баттерэйн үйлдвэрээ дэмжих, утаагүй түлш үйлдвэрлэхэд зарцуулах гэх мэтээр хэрэгжүүлэх олон төрлийн арга зам байж болох юм.
Энэ ч том асуудал шүү. Би ч бас янз бүрийн зүйл бодож л явдаг юм. Зөвхөн утаа биш, ерөнхийдөө байгаль хамгаалах талаар. Саяхан нэг блог нээсэн юм. Одоохондоо блог дээрээ байгаль хамгаалах талаар юу ч бичээгүй, уншигч ч байхгүй байгаа. Гэхдээ өөртэй чинь цаашид байгаль хамгаалах тал дээр санал солилцож баймаар байна. www.dn-everythingisone.blogspot.com руу орж үзээрэй ок.
ReplyDelete