"Apple, iPhone 5-аас илүүг бүтээх шаардлагатай"

Утасгүй сүлжээний LTE технологийг дэмждэг iPhone5 мэтийн ухаалаг утаснууд их хэмжээгээр худалдаанд гарах нь сүлжээний холболтын төлбөрийг нэмэгдүүлж, мөн хуучин хэрэглэгчид илүү их хэмжээний контент татаж авах болсоноор оператор компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

Гэвч зарим шинэ програмуудыг эс тооцвол iPhone-ийн шинэ загварт үндсэн програм хангамж болох үйлдлийн системд маш бага хэмжээний өөрчлөлт хийгдсэн нь Самсунг, Google зэрэг томоохон компаниудтай хүчтэй өрсөлдөж буй Apple компанийг цаашид технологийн аварга хэвээр байж чадна гэдэгт эргэлзэхэд хүргэнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Шинэ iPhone Apple-ийн хамгийн их амжилт олох ухаалаг утас болно хэмээн Мельбурнийн Ovum компанийн шинжээч дүгнэжээ. Гэхдээ ирэх 2 жилийн хугацаанд програм хангамжийн үндсэн платформд эрс шинэчлэлт хийж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэхгүй бол Apple компани Nokia болон RIM компаний өнөөгийн байр сууринд очих болно гэсэн байна.

Харин Daishin Securities компаний Kim Hue-jae "шинэ iPhone-ы сонирхол татах гол дэвшил нь LTE сүлжээг сонгосон явдал юм. Энэ нь опeрaтор компаниудад хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд туслана" гэжээ. Гэвч Азийн, тухайлбал Японы зах зээлд байдал өөр байна. Японы ухаалаг утасны зах зээлийн 28.7 хувийг Apple эзлэж байна.

Мөн тус улсын хэмжээнд цар хүрээгээрээ 2 болон 3 дахь томоохон оператор компаниуд болох  KDDI, Softbank-аар дамжуулан iPhone утсыг худалдаалж байгаа билээ. Гэхдээ тэдгээр операторууд 4G сүлжээг хараахан ашиглаж эхлээгүй байна. Тэд iPhone5 утсанд тохирох LTE сүлжээг энэ намраас ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан боловч тодорхой цаг хугацааг зарлаагүй байна. iPhone5 утас Японд бусад улсуудтай адил хугацаанд худалдаалагдаж эхлэх юм.

Харин Японы үүрэн утасны зах зээлийн бараг тал хувийг эзэмшиж, энэ салбартаа тэргүүлдэг NTT DoCoMo компани LTE сүлжээг хэрэглэгчдэд аль хэдийн санал болгож эхэлсэн боловч iPhone төрлийн утсыг худалдаалдаггүй. Энэ байдал нь сүүлийн үед ази болон барууны олон оронд борлуулалтын жагсаалтыг тогтмол тэргүүлэх болсон Galaxy S III мэтийн андройд үйлдлийн систем бүхий утасны зах зээлийг ихээхэн нэмэгдүүлэх магадлалтай юм.

Apple Самсунгтай патентийн асуудлаар дэлхийн олон оронд шүүхдэлцэж байгаа бол өнгөрсөн сард АНУ-ын шүүх Самсунгаас 1 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг гаргасан. Мөн Apple компани Самсунг Электрониксоос нийлүүлдэг санах ойн чипний захиалгыг бусад улсын үйлдвэрлэгч нарт шилжүүлсэн тухай Wal l Street сэтгүүл энэ долоо хоногт мэдээлсэн.

Гэвч энэ нь Самсунг компанид тийм ч их хүндээр тусахгүй гэж HSBC банкны мэргэжилтнүүд үзэж байна. "Бид iPhone5 утас Самсунгийн эд анги үйлдвэрлэгч нарын бизнес болон ашиг орлогод нөлөөлөхгүй гэж найдаж байна. Apple хангамжийн сүлжээндээ өөрчлөлт оруулна гэдгийг тэд урьдчилан таамаглаж байсан" гэжээ.

Японы үүрэн утасны хэрэглэгчдийн дунд ухаалаг утасны хэрэглээ дөнгөж 22.5%-тай байгаа бол харьцангуй орлого өндөртэй хүмүүс л голлон хэрэглэж байгаа юм. Иймд ирэх жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэх төлөвтэй байна. iPhone5 утас худалдаанд гарсанаар хэрэглэгчдийн дунд ухаалаг утас хэрэглэх сонирхол нэмэгдэнэ. Эдгээр нөхцөл байдал нь хагас дамжуулагч зэрэг үндсэн эд ангийн хангамжид сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийн салбарт түр зуурын саатал үүсгэх магадлалтай хэмээх таамаглалыг IDC компаний зах зээлийн ахлах шинжээч Мичито Кимүра дэвшүүлж байна.

Гэвч iPhone5-ыг танилцуулах үед ханган нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тухайлбал хэвлэмэл эх хавтан үйлдвэрлэгч Меико Элетрониксийн хувьцааны ханш Токиогийн хөрөнгийн бирж дээр 10.7%-иар өссөн бол Murata Manufacturing 2.85%, TDK 3.7%-ийн өсөлтийг тус тус үзүүлжээ.

Тэгвэл Solomon Investment & Securities компаний шинжээч Kang Hyun-gie "шинэ утас зах зээлийн тоглогчдод төдийлөн гүн сэтгэгдэл төрүүлээгүй байна" гэв. Түүний дүгнэснээр iPhone5 утас техник хангамж тал дээр тун хангалтгүй байлаа, харин програм хангамж нь бага зэргийн найдвар төрүүлж байгаа боловч энэ нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулахад хангалттай зүйл биш гэжээ.

Нэмэлт мэдээлэл
Бичлэгт дурдагдсан KDDI болон Softbank компани iPhone 5 утсыг худалдаалж эхлэх 9-р сарын 21-нээс эхлэн LTE сүлжээг ашиглалтад оруулах тухайгаа өнөөдөр тус тус зарласан байна. Шинэ сүлжээ эхний ээлжинд томоохон хотуудыг хамрах бол ирэх оны 3 сар гэхэд нийт хүн амын 96-100%-г хамруулах төлөвлөгөөтэй байна. Сүлжээнд холбогдох хурдны дээд хэмжээ эхний ээлжинд 75Мб/с байх бол ирэх онд 112.5Мб/с, 150 Мб/с болгон тус тус шат дараалан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүгээр Япон улсын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч бүх 4 оператор компани өндөр хурдны утасгүй интернетийн 4G технологид шилжиж байна.


эx сурвалж, physorg

,

3 сэтгэгдэл:

Бас наносимтэй тэр нь одооны микросимтэй адил хэрэглэх боломжгүй гэж байсан. Тэгэхээр үүрэн компаниуд зөвхөн iphone5-д зориулж наносим үйлдвэрлэх хэрэгтэй болох уу? Энэ утас монголд мөддөө хэрэглэж болохгүй байхаа тийм үү?

Cаарал хариулав... 9/18/12, 10:13 PM

Нано гэж нэрлэгдэх жижиг симийг үйлдэврлэх тийм ч хэцүү биш. Нарийн судалсангүй, гэхдээ зургийг нь харахад хуучин симийн микросхемийг үлдээгээд илүүдэл хэсгийг нь хасчихсан юмшиг л харагдсан. Тэгээд ч нэгэнт систем нь таарах учир манайд ашиглагдахгүй байна гэж байхгүй л болов уу.

хариулах...

Ердийн симийг хайчлах төдийд л нано болгочихож болно гэж энд бичсэн байна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх