Таталцлын долгионыг хэрхэн нээв

Эйнштейн харьцангуйн ерөнхий онолд тулгуурлан орон зай муруйж гэрлийн долгионыг хазайлгах таталцлын линз, таталцлаас үүдэн цаг хугацаа удаашрах зэрэг олон үзэгдлийг онолын хүрээнд урьдчилан таамагласан гэдэг бөгөөд эдгээр нь хойч үедээ үлдээсэн гэрийн даалгавар байсан юм. Эдгээрээс бодит ажиглалтаар нотлогдоогүй байсан сүүлчийн таамаглал нь таталцлын долгион бөгөөд яг 100 жилийн дараа АНУ-ын эрдэмтэд илрүүлэн Эйнштэйний сүүлчийн даалгаврыг биелүүлэв. Таталцлын долгион нь орон зай цаг хугацааны муруйлт долгион хэлбэрээр тархах үзэгдэл юм. Эйнштейн орон зайг уян хатан бөгөөд тасралтгүй шинж чанартай байна хэмээн тодорхойлжээ. Энд уян хатан шинж чанарыг пүршээр төлөөлүүлэн ойлгож болно.

Пүршин дээрх хавтгайд хүнд биет тавих үед пүрш агшина. Харин биетийг авах үед пүрш сунаж агших үзэгдэл тодорхой хугацаанд давтагдан явагдана. Пүршин дээр байрласан хоорондоо холбоотой олон хавтгайн аль нэгэн дээр байх хүнд биетийг авах үед тухайн пүршний агшилт суналтын хөдөлгөөн бусдад дамжих буюу долгион хэлбэрээр бусад хавтгайнуудад тархана. Энэ нь орон зайн тасралтгүй шинж чанарын илрэл юм. Пүрш бүхий олон хавтгайд дамжих долгион нь усанд чулуу шидэхэд үүсдэг давалгаатай төстэй. Таталцлын долгионыг үүгээр төсөөлөн хялбар ойлгож болно.

Эрдэмтэд таталцлын долгионы хэлбэрийг харьцангуйн ерөнхий онолд тулгуурласан тооцоогоор тодорхойлжээ. Сансар огторгуйд их хэмжээний таталцлын долгион үүсгэх 3 үндсэн эх үүсвэр бий. Үүнд, 1. Аварга одны мөхөхийн өмнөх дэлбэрэлт буюу нэн шинэ одны дэлбэрэлт. Дэлбэрэлтийн үед таталцлын маш хүчтэй долгион огцом тархаж, богионо хугацаанд замхардаг.   2. Хос нейтрон од нэгдэх. Нейтрон од нь хөнгөн жинтэй тул нэгдэхийн өмнө нэгнээ тойрон эргэх хөдөлгөөнийг олон дахин давтаж тэр хэмжээгээр таталцын долгион урт хугацаанд тархана. 3. Хар нүхний нэгдэл. Хар нүх нь маш хүнд учир хэдхэн удаа нэгнээ тойрон эргэж, их хэмжээний таталцын долгионыг үүсгэнэ.

Нэн шинэ одны дэлбэрэлтээс үүсэх татацлын долгион

Хос нейтрон одны нэгдлээс үүсэх таталцлын долгион

Хар нүхний нэгдлээс үүсэх таталцлын долгион
Сансар огторгуйн эдгээр үзэгдлүүд тэр бүр тохиогоод байдаггүй нь таталцлын долгионы илрүүлэхэд хүндрэл учруулж байв. Тухайлбал 100 мянган гэрлийн жилийн урт бүхий манай галактикт хос нейтрон одны нэгдэл 100 мянган жилд ганц удаа тохионо. Иймд жилийн хугацаанд хэдхэн удаа таталцлын долгионыг илрүүлэхийн тулд 700 сая гэрлийн жилийн зайд, 100 мянган галактикийг ажиглах хэмжээний дуран авай бүтээх шаардлагатай хэмээн эрдэмтэд тооцоолж байв. Нөгөө талаас дэлхийд хүрч ирэх долгионы хэмжээ өчүүхэн бага буюу 1 м хэмжээ бүхий орон зайн агшилт суналтын хэмжээ 10-23 м хэмжээтэй байна. Үүнийг нар дэлхийн хоорондын 150 сая км зайд авч үзвэл дөнгөж 1 ш атомын хэмжээтэй байна.

Бараг хэмжих боломжгүй гэгдэж байсан таталцлын долгионыг хэмжиж чадсан төхөөрөмж нь Лайго (LIGO) юм. АНУ-ын Вашингтон болон Лузиана мужид байрлах хоёр ажиглалтын төхөөрөмж нь тэгш өнцөгт хэлбэрээр байрласан тунел хэлбэрийн вакум хоолой юм. Төхөөрөмжөөс харвасан лазерийн гэрэл хоёр хуваагдаж хос хоолойгоор илгээгдэнэ. Хос хоолойн төгсгөлд байрлах толинд ойсон лазерийн гэрэл буцаж ойж, хоолойн уулзварт ирэх үед нэгдэж нэгнээ уусгана. Харин таталцлын долгион ирэх үед түүний нөлөөгөөр хоолойнуудын нэг нь агшиж нөгөө нь сунах тул лазерийн хоёр долгионд бага зэргийн зөрүү гарч хэлбэлзэл маягаар бүртгэгдэнэ.

Лайго төхөөрөмжийн зарчим
Лайго төхөөрөмжийг 15 жилийн өмнөөс ажиллуулж эхэлсэн боловч эхний 8 жилийн хугацаанд ямар ч долгион бүртгэж авч чадаагүй байна. Шалтгаан нь төхөөрөмжийн хүчин чадал харьцангуй бага буюу 150 жилд нэг удаа ажиглагдах томоохон долгионыг л бүртгэх авахуйц нарийвчлалтай байв. Иймд 7 жил үргэлжилсэн сайжруулалтын ажил хийж, төхөөрөмжийг өнгөрөгч оны 9 сарын 12-нд ажиллагаанд залгажээ. Тэгтэл дөнгөж 2 хоногийн дараа шинжлэх ухааны түүхэнд анх удаа таталцлын долгионыг бүртгэж чадсан байна. 9 сарын 14-ний 9 цаг 50 минут 45 секундэд таталцлын долгион байж болох хэлбэлзэл Лузиана дахь төхөөрөмжид бүртгэгдэв. Энэ тохиолдолд бусад төрлийн долгион, чичирхийлэл байх магадлал тун өндөр байна.

Гэвч 0.007 секундын дараа 3000 км зайтай Вашингтон мужид байрлах төхөөрөмжид төстэй хэлбэлзэл бүртгэгджээ. Хос төхөөрөмжид бүртгэгдсэн хэлбэлзлийг давхцуулж үзтэл яв цав таарсан байна. Бүртгэгдсэн хэлбэлзлийн үргэлжилсэн хугацаа дөнгөж 0.2 секунд байв. Хос төхөөрөмжид адил төстэй мэдээлэл бүртгэгдэх нь магадлалын хувьд 200 мянган жилд ганц байна. Нөгөө талаас хэлбэлзэл харьцангуйн ерөнхий онолоос тооцоолон үүсгэсэн графиктай бараг давхцав. Мөн орчны дуу чимээ, газрын чичирхийлэл, соронзон болон цахилгаан соронзон орны хэлбэлзэл зэрэг ойролцоогоор 100 мянга гаруй төрлийн өгөгдлийг тооцож, тэдгээрийг харьцуулан шалгасны эцэст таталцлын долгион мөн гэдгийг нотлон анх илрүүлснээс хойш 5 сарын дараа танилцуулав. Төхөөрөмжийн өртөг ойролцоогоор 1 тэрбум долларт хүрсэн бол судалгаанд нийт 1000 гаруй эрдэмтэн ажиллажээ.

Таталцлын долгионы бодит хэмжилт
Таталцлын долгионы хэмжилтийн графикаас хар нүхнүүд нэгдэхийн өмнөх хэсэгт дабл ю (W) хэлбэрийн хэлбэлзлийг ажиглаж болно. Энэ нь нэг бүтэн эргэлтийг харуулна. Өөрөөр хэлбэл хоёр хар нүх 0.2 секундийн хугацаанд 4 удаа нэгнээ тойрон эргэсний дараа нэгджээ. Эндээс нэгдэхийн өмнөх эргэлтийн хурд гэрлийн хурдны хагаст хүрч байсныг тооцоолов. Ийнхүү асар хүнд жин бүхий хоёр хар нүх богино хугацаанд нэгнээ тойрон эргэж нэгдэх үед их хэмжээний энерги ялгаруулж, таталцлын долгионыг үүсгэсэн байна.

Орчин үед эрдэмтэд сүүлийн үеийн супер компьютерийн тусламжтайгаар хар нүхний нэгдэх явц, тэдгээрээс ялгарах таталцлын долгионы хэлбэрийг тооцоолох боломжтой болжээ. Энэ удаад 1 нарны жингээс 99 нарны жин бүхий хар нүхний нэгдэх нийт 5000 хувилбарын тооцооны үр дүнг хэмжилтийн дүнтэй харьцуулан нарнаас 29 болон 36 дахин хүнд хар нүхнүүд нэгдэж нарнаас 62 дахин хүнд хар нүх үүссэн болохыг болохыг тогтоожээ. Нэгэнт хар нүхний массыг тогтоосон бол нэгдэх үеийн таталцлын долгионы хүчийг тооцоолох боломжтой. Уг хэмжээг дэлхийд хэмжсэн долгионы утгатай харьцуулан хар нүхнүүдийн байрлал хэр хол байгааг тогтооно. Энэ удаад тооцоогоор 1.3 тэрбум гэрлийн жилийн зайд байгаа нь тогтоогджээ.

Ийнхүү 1.3 тэрбум гэрлийн жилийн зайд байрлах хар нүхнүүд нэгдэх явцад үүссэн таталцлын долгион 1.3 тэрбум гэрлийн жилийн дараа дэлхийд ирэв. Энэ үед дэлхийн орчмын орон зай атомыг 10 мянга хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр агшиж сунав. Нэгдэхийн өмнөх хар нүхнүүдийн нийлбэр жин 65 нарны хэмжээтэй бол үүссэн хар нүхний жин 62 нартай адил  байгаа нь 3 нартай тэнцэх жин энерги болон цацарч, асар хүчтэй таталцлын долгионыг үүсгэснийг харуулна. Ийнхүү өмнө нь шууд бусаар батлагдаж байсан хар нүх оршин байгааг нотлов. Хар нүхнүүд нэгнийхээ татах хүчинд татагдан, эргэлдэж нэгддэг болохыг нотлов. Хар нүхнүүд нэгдэх үед таталцлын долгион үүсдэг болохыг нотлов.

Ирэх 3 сараас Япон улсад таталцлын долгионыг хүлээн авах Кагра төхөөрөмж ашиглалатд орох гэж байна. Уг төхөөрөмж газар дор байрлах тул долгион мэдрэх нарийвчлал 100 дахин нэмэгдэнэ. Мөн энэ оноос Итали, Герман, Энэтхэг, Австрали, Америк, Японы төхөөрөмжүүдийг нэгдсэн байдлаар ажиллуулж, таталцлын долгионыг илүү нарийн бүртгэхээс гадна хаанаас үүссэн болохыг (байрлалыг) тогтоох боломжтой болно. Өнгөрөгч оны 12 сард европын холбооны судалгааны байгууллагын хөөргөсөн ESA төхөөрөмж хөндлөнгийн ямар ч чичиргээний нөлөөлөл үгүй сансарт таталцлын долгионыг найдвартай барьж авах боломжийг бүрдүүлж байна.

Орчлон ертөнц үүссэнээс хойших 380 мянган жилд орчлон хэтэрхий халуун байсан учир гэрэл тархаж чадаагүй гэдэг. Иймд бид орчлонгийн эхэн үеийн төрхийг гэрэл буюу цахилгаан соронзон долгионоор харах боломжгүй. Тэгвэл аливаа биетийг нэвтлэх чадвартай таталцлын долгион, эсвэл ньютрино бөөм л энэ чиглэлд найдвар төрүүлж буй. Шинжлэх ухаан таталцлын долгионыг нээснээр "таталцлын долгионы одон орон" хэмээх судалгааны шинэ салбар үүд хаалгаа нээв. Энэ салбарын судалгааны эцсийн зорилго нь одоогоор тодорхойгүй байгаа орчлонгийн үүсэл болон түүний эхэн үеийн нууцыг тайлахад чиглэж байна.

эх сурвалж; NHK

Паранормал үзэгдлийг судлах нь

АНУ-ын Вашингтон мужид амьдрах Саманто охин 3 настайдаа өмнөх амьдралынхаа тухай ярьж эхэлжээ. Тэр гэр бүлээрээ баярт оролцоод буцах замдаа аав нь нас барчихлаа хэмээн гэнэт орилсон байна. Түүний яригаар өмнөх амьдралд нь Манатида гэдэг байсан, мөн дүүтэй байсан гэх мэтчилэн ярьжээ. Бага насны хүүхдүүд өмнөх амьдралынхаа тухай ярих үзэгдлийг Виржина их сургуулийн сэтгэц судлаач эрдэмтэн Жим Такер судлаж байна. Тэрээр ийм үзэгдлийн 2500 гаруй тохиолдлын мэдээллийг дэлхийн олон орноос цуглуулж хэд хэдэн нийтлэг төрх байгааг илрүүлсэн байна. Ихэнх нь бага насандаа буюу 3 настайгаас ярьж эхлэн 6-7 насны үед ярихаа больдог. Тэгвэл Корнелийн их сургуулийн сэтгэц судлаач Стивен Сэси уг үзэгдлийг хүүхдийн ой санамжийн механизмаар тайлбарлаж байна. Тэрээр хүүхдийн ой санамжид хамаарах сонирхолтой туршилт хийж байна. Туршилтын хүрээнд тухайн хүүхдэд тохиолдоогүй явдлын тухай асууна. Эхний үед мэдээж өөрт тохиолдоогүй зүйлийг эсэргүүцнэ. Харин дахин дахин асуух үед хариулт өөрчлөгдөж, эцэст нь өөрт тохиолдсон мэт ярьж эхэлдэг. Хүүхэд төрснөөс хойших 2 жилийн хугацаанд тодорхой ой санамжгүй үе (childhood amnesia)-ийг туулдаг. Ойролцоогоор 2 жилийн дараагаас бага багаар ой дурсамж бүрэлдэж эхлэнэ. Энэ үед яг адил зүйлийг давтан сонсгоход өөрт тохиолдсон мэтээр тогтоодог. Эцэг эхчүүд хүүхэддээ ямар түүх ярьж өгснөө ихэнхдээ мартдагаас өөрсдөөс нь сонссон түүхийг эргээд ярихад гайхах нь олон. Мөн телевизор зэргээс авсан мэдээллүүд өөрт нь тохиосон мэтээр дурсамжид нь хадгалагддаг.

Бага насны хүүхдийн өмнөх амьдралын тухай ярих үзэгдлийн дийлэнх тохиолдолд хүүхдийн энэхүү онцлог (хуурмаг) ой дурсамжаар бүрэн тайлбарлагдаж байна. Гэвч хуурмаг ой дурсамжаар тайлбарлаж үл болох тохиолдол цөөнгүй бий. Оклахама мужид амьдрах Райан хүү 8 нас хүртлээ өмнөх амьдралынхаа тухай ярьжээ. Анх ярьж эхлэхэд хүүхдийн гэнэн яриа биз хэмээн ээж нь тоогоогүй боловч зарим үед шөнө орой болтол давтан ярьж өмнөх гэртээ харимаар байна хэмээн уйлж гуйх болжээ. Санаа зовсон ээжийнх нь үгээр аав нь хүүгийхээ яриаг нэг бүрчлэн тэмдэглэх болсон байна. Хүүгий яриагаар бол өмнөх амьдралдаа Нью-Йоркт бүжиглэдэг байсан, Холливудад байсан, өөрийн гэсэн офис эрхэлдэг байсан гэжээ. Нэгэн удаа холливудын тухай ном уншиж байсан хүү би өөрийгөө олчихлоо гэсэн байна. Номонд хар цагаан киноны туслах дүрийн жүжигчний зураг байв. Хүүгийн ээж учрыг олохоор профессор Такерт ханджээ. Такер хагас жилийн дараа холливудын номын сангаас 1964 онд нас барсан Марти Мартин хэмээх нэрд гараагүй жүжигчний тухай баримтыг олж, Райан хүүгээс түрүүлэн төрөл садантай нь уулсан байна. Хүүгийн ярьсан 68 зүйлийн 54 нь жүжигчний амьдралтай яв цав таарчээ. Хүүхдийн хуурмаг ой дурсамжаар тайлбарлаж үл чадах иймэрхүү тохиолдолд дэлхий даяар 44 бүртгэгдээд байна.
Райан хүү
Вашингтоны их сургуулийн анагаах ухааны сургуулийн тархи мэдрэл судлаач Риана Стандиш хүний тархины хооронд телепортацийн адил холбоос байгаа эсэхийг шинжлэх ухааны аргачлалаар судлаж байна. Тэрээр туршилтад гэр бүлийн болон дотно найз хүмүүсийг хамруулж, хос оролцогчийн нэгт харанхуй өрөөнд байрлах дэлгэц дээр анивчих цэгүүдийг тодорхой давтамжтайгаар харуулах замаар тархинд нь хүчтэй цочрол өгөв. Хосын нөгөө нэгний тархины идэвхжлийг fMRI төхөөрөмжөөр бүртгэнэ. Туршилтын үед хос хоёр нэгнийхээ тухай бодож байхыг зөвлөжээ. Төхөөрөмжид байгаа хосын нэг нөгөөд нь яг хэдийд дүрслэл үзүүлж байгааг мэдэхгүй. Сонирхолтой нь туршилтын үед хосын нэгт дүрслэл үзүүлэх тохиолдолд бүрт нөгөөгийнх нь тархины идэвхжил буурч байв. Үүнд төхөөрөмжид байрлаж, дүрслэл үзээгүй тул харааны ямар нэгэн мэдээлэл авах боломжгүй ч оролцогчийн тархины харааны мэдрэлийн хэсэгт өөрчлөлт гарчээ. Ажиглагдсан үзэгдэл тохиолдлын чанартай байж болох учир оролцогчдыг сольж туршилтыг давтан явуулахад адил үр дүн гарав. Туршилтыг өөр 4 хост давтан явуулахад мөн адил үр дүн гарчээ. Хосын нэгт дүрслэл үзүүлж, тархины харааны мэдрэлийн хэсэгт цочрол үүсгэхэд нөгөөгийнх нь тархины адил хэсэгт идэвхжил өөрчлөгдөж байв. Мөн тархины идэвжхил буурах хугацаа дүрслэл үзүүлэх давтамжтай таарч байв. Судалгаа дөнгөж эхлэлийн шатанд байгаа боловч хүмүүсийн тархины хооронд мэдээлэл дамжуулах ямар нэгэн хэлбэр байж магадгүйг харуулав.

босоо тэнхлэг - тархины идэвхжил, хэвтээ тэнхлэг - хугацаа (минут),
муруй шугам - нэг оролцогчийн тархины идэвхжил, босоо багана - нөгөө оролцогчид дүрслэл үзүүлсэн хугацаа
Шинжлэх ухааны олон төрлийн судалгаанд ашиглагдах санамсаргүй тоо үүсгэгч (СТҮ) хэмээх төхөөрөмж бий. Энэ нь эгэл бөөмийн зарчимд тулгуурлан 1 болон 0 хэмээх тоог санамсаргүй байдлаар үүсгэх электрон төхөөрөмж бөгөөд 1 ба 0 үүсгэх магадлал 50, 50% байхаар тун нарийн тохируулагдсан. Түүний хэлхээнд эгэл бөөмийн хөдөлгөөнийг саатуулах хана мэт зүйл бий. Бөөм ханыг зарим үед нэвтлэн 1, зарим үед мөргөн буцаж ойсноор 0 дохиолол өгөгдөнө. Мөн электрон хэлхээг цахилгаан соронзон долгионоос тусгаарлах материалаар бүрсэн тул гадна орчны ямар нэгэн нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан байна. Гэвч энэхүү нарийн төхөөрөмжид хүний бодол санаа нөлөөлсөн байж болох тухай мэдээлэл 9 сарын 11-ний халдлага буюу Нью-Йоркийн худалдааны төвийн хоёр цамхаг дэлбэрсний дараа тархжээ. Дэлбэрэлтийн үед төхөөрөмжийн үүсгэсэн санамсаргүй тоонд их хэмжээний хэвийлт ажиглагдаж, дэлхий даяар байрлах адил төрлийн 40 төхөөрөмжид мөн адил үзэгдэл ажиглагдсан байв. Өгөгдлөөс үзвэл дэлбэрэлт болох хүртэл хэвийлт тогтмол байсан бол эхний онгоц дэлбэрсэн 8 цаг 46 минутаас эхлэн хэвийлт нэг тал руугаа огцом хазайжээ. Үүнийг зарим эрдэмтэд хүний бодол санаа электрон төхөөрөмжид нөлөөлсөн гэж үзсэн бол зарим нь гар утас болон телевизорийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой долгионоос үүдэлтэй хэмээн таамагласан байна.

босоо тэнхлэг - хэвийлт, хэвтээ тэнхлэг - өдөр,
хэвтээ цайвар шугам - ердийн үеийн хэвийлтийн дундаж утга
Тэгвэл судлаач Дийн Радин долгион үл хүрэх газар жил бүр зохион байгуулагдах үйл явдлын үед хүний бодол санаа СТҮ-д нөлөөлөх эсэхийг судлахаар шийджээ. Невада мужын цөлд 28 дахь удаагийн "шатаж буй хүн" (burning man) наадамд оролцохоор 70 мянган хүн цугласан байна. Аварга хүн дүрсийг шатаах талбайн эргэн тойронд 6 ш СТҮ-г байрлуулжээ. Аварга хүн дүрсийн гар аажим өргөгдөж, удалгүй бүх бие нь галаар бүрхэгдэх наадмын оргил үе ирэхэд баярлаж хөөрсөн 70 мянган хүний анхаарал нэгэн цэгт төвлөрчээ. 6 төхөөрөмжийн өгөгдлийг нэгтгэн дүгнэж үзвэл наадмын өмнөх өдөр онцын өөрчлөлт гараагүй байна. Харин хүн дүрсийг шатааж эхлэх оройн 9 цагаас эхлэн хэвийлт огцом нэмэгдсэн байв. Ердийн нөхцөлд ийм хэвийлт санамсаргүй байдлаар үүсэх магадлал 2 сая 300 мянгад нэг буюу бараг магадлал үгүйтэй адил бөгөөд цаг хугацааны хувьд наадмын оргил үетэй давхцаж байв. Гадны ямар нэгэн нөлөөнд авталгүй зөвхөн бөөмийн хөдөлгөөний чиглэлээр удирдагдах СТҮ-д хүний бодол санаа нөлөөлж байна хэмээх таамаглал эрдэмтэдийн анхаарлыг татаж эхэлж байна. Хүний тархи хоорондын мэдээлэл дамжих буюу адилсахтай төстэй үзэгдлийг орчин үеийн шинжлэх ухааны туршилтаар нотлоод байна. Энэ нь квантын орооцолдоон юм. Хүний бодол санаа эгэл бөөмийн зарчмаар ажиллах төхөөрөмжид нөлөөлж байгаа мэт үзэгдэл нь зарим талаар эгэл бөөмсийн хоорондын харилцан үйлчлэл буюу квант механикийн онолоор тайлбарлах боломжийг харуулна. Юутай ч ийм төрлийн судалгаа тайлах ёстой нууцыг өөр өнцгөөс харах боломжийг нээж, шинжлэх ухааныг урагшлуулахад дөхөм болж байна.

босоо тэнхлэг - хэвийлтийн зэрэг, хэвтээ тэнхлэг - хугацаа, 
шар муруй - өмнөх өдрийн хэмжилт, улаан муруй - наадмын өдрийн хэмжилт
эх сурвалж; NHK

Фэнгшүйн үнэн учир

Шинэ ажилд томилогдсон эмэгтэй А түрээсийн байр хөлслөн ганцаар амьдрах болжээ. Гэвч 2 сарын дараагаас ханиад хүрч, тодорхой шалтгаангүйгээр бие нь сульдах болов. Эмчид үзүүлвэл цагаан хэрэгслийн хачиг болон гэрийн тоосонцроос үүдэлтэй харшил хэмээн оношилжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийсэн боловч бие нь сайжирсангүй. Хэдэн сарын дараа амьсгалын дутагдалд орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээгээр хөгцнөөс үүдэлтэй уушигний үрэвсэл туссан байв. Эмнэлэгт хэвтэж байгаа А-г эргэж ирсэн ээж нь өрөөнийх нь зохион байгуулалт муугаас болсон юм бишүү гэжээ. Эмчилгээ дуусч гэртээ эргэж ирсэн А-д долоо хоногийн дараагаас өвчний шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ. Ээжийнхээ ярьсныг санаж, олж уншсан номонд хэрэв өрөөнийх нь хаалга, цонх нь нэг шулуунд байрладаг бол ажилдаа амжилт гаргахгүй, биедээ өвчин олох нь амархан байна гэсэн байв. А номын зөвлөгөөний дагуу өрөөний голд зөөврийн хана, хаалганыхаа ойролцоо улаан өнгийн чимэглэл тус тус байрлуулав. 1 сарын дараа өвчний шинж тэмдэг үгүй болж, бие нь бүрэн илааршсан байв.

Зүүн хойд зүг чөтгөрийн зүг тул хаалгыг тэр зүгт харуулан байрлуулж болохгүй. Урд талдаа цөөрөмтэй айлын гэрт мөнгө хуралдана. Үүдний ойролцоо толь тавибал муу зүйл гэрт орж ирэхгүй. Эдгээр нь 10-р зууны үед зүүн өмнөд хятадын нутагт үүссэн хий усны ухаан буюу фэнгшүйн ухаан юм. Фэнгшүй нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон баруун зүгээс ирэх дэлхийн энерги буюу хийн урсгал хүнд хэрхэн нөлөөлөхийг судлаж, түүнийг амьдрал ахуйдаа чадварлаг ашиглах, хүний аж амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн сургааль гэгдсээр иржээ. Фэнгшүйд хийн урсгалыг луугаар төлөөлүүлж ойлгодог. Хэрэв өрөөний зохион байгуулалтыг луугийн урсгалд тохируулан хийвэл түүний дагуулж ирэх сайн хийг хурааснаар аз жаргалтай амьдрана хэмээн сургадаг. Фэнгшүйн сургааль хүчтэй түгсэн Гонконгийн ихэнх орон сууцны барилгыг фэнгшүйн ухааныг баримтлан барьсан байдаг. Тухайлбал Гонконг Шанхай банкний барилгын 1-р давхарыг бүхэлд нь нийтийн зориулалттай зам болгон чөлөөлж шалыг аажим шилжих налуу бүхий давалгаа мэт хэлбэртэй хийжээ. Энэ нь луугийн урсгалд тохируулсан сайн хийг тогтоох хэлбэр юм. Харин жишээнд дурдаж буй А-ийн өвчин үнэхээр фэнгшүйн ачаар эдгэв үү?

Барилга байгууламжид үзүүлэх салхины нөлөөллийг судлаж буй профессор Дэгүчи А-гийн өвчний шалтгааныг дулаан уур амьсгалтай орнуудын сууцнуудад асуудал үүсгэж буй конденсациас үүдэлтэй хэмээн дүгнэж байна. Энэ нь агаар дахь усны уур буюу чийг хөрч, ус болон конденсацлагдах үзэгдэл юм. Конденсаци ихэвчлэн гал тогоо, угаалын өрөөнд явагддаг боловч усны уур металаас бусад бүх төрлийн материалд шингэх тул тавилгын ар тал, шүүгээний дото хана, булан зэрэг нүдэнд хялбар үл харагдах газруудад үүсдэг. Түүнд агаар дахь тоосонцор наалдах үед тоосонцрыг тэжээл болгон хэрэглэх хөгц үржих нөхцөл бүрддэг. Хөгц нь агаарт тархаж хүний биед харшил үүсгэнэ. Хөгцний харшлаас үүдэн хүний биед бронхит, дерматит зэрэг өвчин үүснэ. Харин харшлаас сэргийлэхийн тулд өрөөнд тогтмол салхилуулга хийж, хэт чийгшил үүсгэхгүй байх нь чухал.

А-гийн хувьд салхилуулга, цэвэрлэгээг тогтмол хийж байсан боловч эхний үед биеийн байдалд нь тодорхой нөлөө үзүүлээгүй. Иймд судлаачид хаалга, цонхны хооронд байрлуулсан зөөврийн хананы нөлөөллийг судлажээ. Нэг шулуунд байрлах өрөөны загварт агаарын урсгалын туршилт хийж үзэхэд хаалга цонхны хооронд агаарын шулуун урсгал явагдах боловч өрөөний булангуудын орчим дахь агаар хангалттай хөдөлгөөнд орохгүй байв. Энэ нь хаалга цонх нэг шулуунд байрлах үед хичнээн сайн салхилуулга хийсэн ч А-гийн ор байрлах өрөөний булан хангалттай агаар солилцоо явагдахгүй байсныг харуулна. Иймд ор орчмын хананы конденсаци буюу харшлын шалтгаан болсон хөгц мөөгөнцөр арилах нөхцөлгүй байв. Тэгвэл өрөөний агаарын бүх хэсгийг салхины урсгалд хамруулахын тулд хаалга болон цонхыг өрөөний эсрэг талын булангууд орчимд буюу диагонал шугамд байрлуулах нь оновчтой болохыг туршилтаар тодорхойлов. Нэгэнт баригдсан, өөрчлөх боломжгүй нөхцөлд зөөврийн хана буюу тавилга байрлуулах нь тохиромжтой ажээ. Сүүлд А-гийн өрөөний голд байрлуулсан хана агаар солилцоог сайжруулж, харшлын үндсийг арилгаж чадсан нь фэнгшүйн сургаальтай нийцэж байв.

Фэнгшүй үүссэн нутгын газарзүй, цаг агаарын нөхцлийг судлаж үзвэл түүний мөн чанарыг зарим талаар тодорхойлох боломжтой юм. Өвлийн цагт тухайн газар нутагт салхи голчлон зүүн хойд зүгээс салхилж байдаг. Уг салхи шар мөрний сав газраас хийссэн их хэмжээний элс, тоосонцорыг зөөвөрлөн ирнэ. Хэрэв гэрийн хаалга зүүн хойд зүгрүү харсан байвал гэр дотор элс орж ирж бохирдуулах, амьсгалын замаар дамжин хүний биед нөлөөлөх нь тодорхой юм. Фэнгшүй нь анх үүсэхдээ цаг агаар, салхи, уур амьсгалын онцлог нөлөөллөөс хүний бие, эрүүл мэндийг хамгаалах удаан хугацааны ажиглалт буюу амьдралын туршлага, байр орон сууцыг урт хугацаанд хамгаалж ашиглах арга ухаанаас бүрдсэн сургааль байв. Гэвч үе удам дамжин бусад бүс нутагт тархахдаа шашинлаг хэв шинжийг агуулах болжээ. Хаалга болон цонхонд тодорхой өнгийн эд зүйл байрлуулах зэрэг нь үүнд хамаарна. Фэнгшүйд дөрвөн зүгийг тодорхой өнгө бүхий амьтнаар төлөөлүүлдэг. Хэрэв хаалга зүүн хойш харсан бол баруун зүгийг илтгэх луу болон хөх өнгийн зүйл тавьж, хаалга зүүн хойш бус баруун тийш харсан хэмээн засна. Зүг чигт төлөөлөх зүйлсийг хүчээр холбож, хийн урсгалыг өөрчлөх зэрэг нь шашинлаг ойлголтууд учир шинжлэх ухаанаар нотлох ямар нэгэн үндэслэл үгүй юм.


Дашрамд дурдахад мэдээлэлд дурдагдсан жишээ дулаан чийглэг уур амьсгалтай нутагт хамаарах тул манай нөхцөлд нийцэхгүй байж болох талтайг анхаарна уу. Хүйтэн хуурай уур амьсгалтай монголын нөхцөлд байр сууцанд төдийлөн конденсаци явагддаггүй, агааржуулалтыг хаалга цонх онгойлгох бус зориулалтын агаар сэлгэлтийн системээр хийдэг. Мөн хөгц мөөгөнцрөөс үүдэлтэй харшлийн өвчлөлийн тухай мэдээлэл анхаарал татахуйц хэмжээнд гардаггүй.

эх сурвалж; Nippon TV