Хүний биеийн эд, эрхтнүүдийн адил хорт хавдар ч бас үүдэл эс агуулдаг болохыг эрдэмтэд 10-аад жилийн өмнө тогтоожээ. Орчин үеийн эсийн шинжилгээний технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд элэг, хөх, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын үүдэл эсийг тус тус илрүүлээд байна. Хорт хавдрын эмчилгээнд ихээхэн найдлага төрүүлж байгаа нэгэн чиглэл нь үүдэл эст чиглэсэн эмчилгээний арга юм. Хүний биеийн эрүүл эсүүд генийн түвшинд гэмтэж, хурдацтай хуваагдан үржсэнээр хорт хавдар үүсдэг хэмээх хэвшмэл ойлголт байдаг. Одоогоор ашиглагдаж байгаа хорт хавдрын эмчилгээний аргууд ч ийм эсүүдийг устгахад чиглэдэг. Энэ тохиолдолд хорт хавдрын эсүүд цөөрч, өвчлөлийн ямар шатанд байгаагаас хамааран хавдар багасах, арилах боловч хорт хавдрын үүдэл эсүүд усталгүй үлддэг байна.
Осака их сургуулийн професор Мори Масахино туршилтын хүрээнд хулганы биед хорт хавдрын ердийн эсийг тарихад үүсэх хавдарт өсөлт бараг ажиглагдаагүй байна. Харин хорт хавдрын үүдэл эсийг тарихад үүсэх хавдар богино хугацаанд өсөн томорч, үхэлд хүргэж байв. Хорт хавдрын үүдэл эс нь хуваагдаж үржих давтамж урт байдгаараа онцлогтой. Мөн орчны өөрчлөлтөд тэсвэртэй учир биеийн аль ч хэсэгт хүрч, хавдар дахих, үсэрхийлэх гол нөхцөл болдог байна. Ямар ч төрлийн эсийн хуваагдалд хязгаар бий. Олон дахин хуваагдалд орсон эсүүд тодорхой хугацааны дараа хөгширч, цаашид хуваагдах чадвараа алддаг. Тэгвэл хуваагдах давтамж урттай хорт хавдрын үүдэл эс харьцангуй урт удаан хугацаанд амьдрах чадвартай байдаг. Хорт хавдрын үүдэл эсийн хуваагдлаар мөн адил үүдэл эс болон хорт хавдрын ердийн эс үүсдэг байна. Ердийн эс нь цаашид эрчимтэй хуваагдаж, хавдрын өсөлтийг хангадаг бол үүдэл эс нь дараагийн хуваагдал хүртлээ идэвхгүй байдалд орж хавдрын голомтыг хадгалсаар байдаг.
Ердийн хавдрын эсийн хуваагдал хавдрын төрлөөс хамаарах бөгөөд хамгийн хурдан нь 8 цагт 1 удаа явагддаг бол үүдэл эсийн хуваагдал хэдэн сард 1 удаа тохиолдоно. Хорт хавдрын ердийн эсүүдийн хуваагдлын үед эсийн ДНХ-ийн утаслаг холбоос хэсэг хугацаанд салж, тогтворгүй болдог байна. Яг ийм үед уламжлалт эмийн үйлчлэлээр хорт хавдрын эсүүдийг устгах боломжтой. Тэгвэл хорт хавдрын үүдэл эсийн хуваагдах давтамж харьцангуй урт учир ДНХ тогтворгүй байдалд орох үеийг тодорхойлоход хүндрэлтэй. Энэ байдал нь үүдэл эст эм үйлчилж устгах боломжгүй болгодог. Нөгөө талаас хорд хавдрын эмийг тогтмол хэрэглэвэл үүдэл эсийг устгах боломжтой мэт санагдаж магад. Гэвч эмийн эмчилгээ үс унахаас авахуулаад дотор эрхтнүүдийг гэмтээх хүртэл сөрөг нөлөө ихтэй учир удаан хугацаанд хэрэглэх боломжгүй юм.
Японы Кюшү их сургуулийн профессор Накаяма Кэничи хорт хавдрын үүдэл эст Fbxw7 гени нөлөөлж, хуваагдах чадварыг эрс багасгаж байгааг тогтоожээ. Уг гени нь хүний биеийн ердийн эст агуулагдаж, түүний ажиллагаа идэвхжих үед эсийн хуваагдалд саад болдог байна. Тэгвэл хорт хавдрын ердийн эсийн хуваагдалд c-Myc гени голлон нөлөөлдөг. Накаяма цусны цагаан бөөмийн өвчнөөр халдварлуулсан хулганад эмийн эмчилгээ хийж туршихад 60 хоногийн хугацаанд хулгануудын ихэнх нь үхэж үрэгджээ. Харин Fbxw7 генийн ажиллагааг саатуулж, хорт хавдрын үүдэл эсийн хуваагдлыг идэвхжүүлэх тохиолдолд 100 хоног өнгөрсөн ч хулгануудын 80% нь амьд үлдсэн байна. Гэхдээ туршилтыг генийн өөрчлөлт хийсэн хулганад хийжээ. Харин хүний хувьд биеийн бусад эсүүдийн хуваагдалд нөлөөлөлгүйгээр зөвхөн хорт хавдрын үүдэл эст нөлөөлөх уургийн нэгдлийг олох шаардлагатай юм.
Хорт хавдрын үүдэл эс нь гадарга дээрээ тодорхой нэгэн уургийг агуулсан байдаг бөгөөд түүгээр бусад эсээс ялган таних боломжтой. Уураг нь хавдрын эсийн төрлөөс хамаарна. Ходоодны хорт хавдрын үүдэл эс CD44, бүдүүн гэдэснийх CD44, CD133, хөхнийх CD44, цусны цагаан бөөмийн өвчин CD34 гэх мэтчилэн. CD44 нь үүдэл эсийг идэвхтэй хүчилтөрөгчөөс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Уг уурагт xCT хэмээх өөр нэгэн уураг наалдаж, гадна орчноос цистин (cystine) хэмээх бодисыг үүдэл эст оруулах насосны үүрэг гүйцэтгэдэг байна. Хэрэв CD44 уураг байхгүй бол үүдэл эс цистинээр дутагдаж, идэвхтэй хүчитөрөгчийн нөлөөгөөр устахад хүрнэ. Кеио их сургуулийн професор Саяа Хидэюки үүдэл эсийн уургийн энэ механизмыг ашиглах эмийн эмчилгээг туршиж байна.
Хидэюки хэрх өвчин (rheumatism)-ий эмчилгээнд ашиглагддаг сульфасалазин (sulfasalazine) эм CD44 уургийг саармагжуулан, үүдэл эсийг устгах үйлчилгээ үзүүлдэгийг тогтоожээ. Уг эмийг ашиглан хулганад хийсэн туршилтаар хорт хавдрын үүдэл эс 4 долоо хоногийн дараа бүрэн устаж байв. Хорт хавдрын үүдэл эст үйлчлэх сульфасалазин эмийн судалгаа 2 жилийн өмнөөс эхэлсэн бол өнөөдөр эмнэлгийн нөхцөлд өвчтөнүүдэд туршигдаж байна. Шинэ эм бүтээх туршилт судалгаанд дор хаяж 10 жил шаардагддаг бол аюулгүй байдал нь аль хэдийн батлагдаж, бусад өвчний эмчилгээнд ашиглагдаж буй эмийг хэрэглэх нь уг хугацааг хэд дахин богиносгох давуу талтай юм. Мөн ийм төрлийн эмчилгээний аргууд хөгжингүй орнуудын эмнэлгийн нөхцөлд туршигдаж эхлээд байгаа бөгөөд эмчилгээний өндөр үр нөлөө бүхий аргачлал, эмийг 5-10 жилийн хугацаанд бүтээгдэх төлөвийг харуулж байна.
эх сурвалж, NHK Анагаах ухаан, Генетик
4 сэтгэгдэл:
Хавдрын үүдэл эсийн талаар өмнө нь сонсож байсан. ялангуяа цусны цагаан бөөмийн өвчний эмчилгээнд анхаарч судлагдаж байгаа юм шиг байна лээ. сонирхолтой мэдээлэл байна баярлалаа.
Sainbanuu uudel esiin tuhai medeelel soliltsoh hun bain uu delhiin ondr hogjiltei ornuud ih ashuglaj baina herew huswel holboo barih heregselee uldeegeeree
ene medeenii link uzmeer bhin? saihan orchuuljee
Сэтгэгдэл үлдээх