Хоёр найз хүүхэн төрөлх хотоос нь нэлээд хол орших эртний түүх дурсгал, сүмийн цогцолборыг анх удаа үзэхээр аялалд гарчээ. Гэтэл зорьсон газартаа ойртох тусам тэр хоёрын нэг болох А-д сонин мэдрэмж төрж эхэлсэн байна. Сүмийн хаалгаар оронгуут бага зэргийн түгшүүрийн хамт өмнө нь энд ирж байсан мэт сэтгэгдэл төржээ. Анх удаагаа ирж байгаа нь тодорхой учир тухайн үеийн мэдрэмжийн шалтгааныг олж чадаагүй тэрээр найздаа энэ тухай хэлсэн боловч тоглоом хийгээд өнгөрсөн байна. Гэтэл дараагийн мэдрэмжүүд тэр хоёрыг хоёуланг нь жихүүцүүлнэ.
А "энэ өнцгийг тойроод сүмийн дугана, тэрний цаана гол сүм, дэргэд нь онцлог хэлбэр бүхий мод байх ёстой" гэдгийг хархаасаа өмнө зөгнөх мэт хэлсэн нь үнэн байв. Учрыг лавлахаар ээжрүүгээ утастаж асуухад А хүүхэд байхдаа ч энэ сүмд ирж байгаагүй гэв. Уг сүмийн бурхан ханийн заяа дуудаж өгдөг хэмээгдэж эрт дээр үеэс ганц бие хүмүүсийн цуваа тасардаггүй байжээ. А сүмийн ойролцоо ганц биеэр амьдарч байгаад нас барсан нагац эгчийнхээ сүнстэй холбож ойлгоход хүрсэн байна.
Амьдралдаа анх удаа харж буй юмс, уулзаж буй хүн, гэрчилж буй үйл явдал өмнө нь хэзээ нэгэн цагт тохиож байсан мэт санагдах үзэгдлийг "урьд нь харж байсан" хэмээх утга бүхий франц үгээр Дэжаву (dejavu) хэмээн нэрлэжээ. Эрдэмтэд дэжавугийн тухай 19-р зууны дунд үеэс идэвхтэй судлаж эхэлсэн байна. Энэ үзэгдлийн нарийн учир тодорхой болоогүй байх үед хүмүүс сүсэг бишрэлээс үүдэл бүхий гурван янзын зүйлтэй холбож ойлгож байв. Эхнийнх нь сүнсний тухай таамаглал юм. Нас барсан хэн нэгний сүнс хүний биед шингэж, өмнөх амьдралынх нь дурсамж тухайн хүний өөрийнх юмшиг санагдснаас үүддэг байж магадгүй.
Дараагийх нь урьд болон хойд насны тухай бурханы шашны ойлголт юм. Энэ тохиолдолд өмнөх амьдралын дурсамж хадгалагдан үлдэж, одоогийнхтой давхцан сэргэдэг байж магадгүй. Сүүлийнх нь ирээдүйг урьдчилан харах чадварын тухай таамаглал юм. Хүн өөрөө анзаараагүй байхад энэ чадвар сэргэж дэжавуг мэдрэхэд хүргэж магадгүй. Мөн үүнтэй төстэй оюун ухааны нэгдмэл мэдээллийн системийн ойлголт бий. Хүмүүсийн тархи ямар нэгэн нууцлаг телепатийн аргаар бусдын оюун ухаантай холбогдож, зарим ой дурсамжийг өөрийн мэт хүлээн авдаг байж магадгүй. Мөн сүүлийн үеийн зарим хүн бидний амьдардаг матрикс ертөнцийн засвар хийгдэж байгаагийн илрэл гэж хэлж ч магадгүй. Гэхдээ эдгээр бүх таамаглал шинжлэх ухааны үндэслэл, нотлогоо үгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тэгвэл неорологч эрдэмтэд энэ үзэгдлийн учир шалтгааныг тархины санах ойн механизмтай холбон тайлбарлаж байна. Бидний ой дурсамж тархиний гүнд байрлах гиппокамп (hippocampus) хэмээх хэсгээс хамаардаг. Тэнд үүссэн ой дурсамж тархины гадарга (cerebral cortex)-д, мэдрэлийн эсүүдийн холбоос буюу сүлжээ байдлаар хадгалагдана. Уг сүлжээгээр бага хэмжээний цахилгаан гүйдэл гүйх үед ой дурсамж сэргэдэг. Өөрөөр хэлбэл ой дурсамж хадгалагдахад мэдрэлийн ямар нэгэн эс бус, тэдгээрийн хоорондох холбоос гол үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ сүлжээг эрэгтэй Б, эмэгтэй В-тэй болзсон үйл явдлаар жишээ болгон авч үзэе. Эмэгтэй В, болзсон газар голын эрэг, гүүрийн ойролцоо, мөхөөлдөс, бэлэг гэх мэтийн түлхүүрүүд мэдээллийн сүлжээ байдлаар холбогдож, нэгэн ой дурсамж болон Б-гийн тархинд хадгалагдана.
Гэхдээ энд нэгэн онцлог үзэгдэл ажиглагддаг. Дурсамжаа олон дахин сэргээн санах, эсвэл огт мартагддаггүй онцгой үйл явдлын дурсамжын үед мэдрэлийн эсүүдийн хооронд цахилгаан гүйдэл олон удаа давтагдан гүйх тул холбоосыг хүчирхэгжүүлдэг. Гадаад хэл сурах үед шинэ үгсийг олон дахин давтан дуудах, бичих арга олон хүнд үр дүнтэй байдаг нь тархины энэ онцлогт тулгуурладаг байна. Нөгөө талаас хүчирхэгжсэн холбоосууд дурсамжийг эргэн санахад хялбар болгодог. Тэгвэл эсрэгээр бараг санаанд ордоггүй дурсамжуудын хувьд мэдрэлийн эсүүдийн холбоос суларч эцэстээ тасрахад хүрнэ. Ойн жимээр олон хүн явах тусам жим тодорч өргөждөг бол, хүн явахаа больсон зам бүдгэрч арилдагтай адилхан.
Хэрэв эрэгтэй Б олон хүнтэй учир ургуулдаг, хөнгөн явдалтай нэгэн бол цаг хугацаа өнгөрөх тусам түүний өмнөх болзооны дурсамжууд мартагдаж эхлэнэ. Дээр дурдсан жишээний хувьд эхлээд гүүр, бэлэг, эцэст нь эмэгтэй В мартагдана. Харин мөхөөлдөс, голын эрэг, болзоо гэсэн гурван түлхүүр, тэдгээрийн хоорондох холбоос л үлджээ. 5 жилийн дараа эрэгтэй Б, эмэгтэй Д-тэй өмнөхөөс өөр хотод, өөр голын эрэг дээр болзов. Энэ үед эмэгтэй санамсаргүйгээр мөхөөлдөс идэж таарвал, эрэгтэй Б-гийн дурсамжинд үлдсэн гурван түлхүүрийн хоорондох холбоос сэргэж, уг эмэгтэйтэй урьд нь яг адил байдлаар болзож байсан мэт санагдана. Өөрөөр хэлбэл өмнөх болзооны дурсамжийн бүрэн бус мэдээлэл өнөөгийн болзоотой санамсаргүй давхацсанаар дэжавуг мэдрэнэ.
Сүмийн төстэй байдал дэжаву үүсгэх нөхцөл болсон гэдгийг ойлгож болох боловч дугана, онцлог мод зэргийн байрлалыг хэрхэн мэдсэн нь тодорхойгүй. Гэтэл судлаачид гэр бүлийн видео бичлэгийн архиваас сүүлд очсон сүмийн сурталчилгааны бичлэг бүхий хуурцгийг олжээ. А өмнө нь уг хуурцгийг үзэж, сүмийн тухай зарим мэдээлэл тархинд нь хадгалагдан үлдсэн байна. Хүүхэд байхдаа очиж байсан сүмийн гадна төрх, тухайн үеийн (төөрсөн) айдас, видео бичлэгийн мэдээлэл ой дурсамжийн шинэ холбоос үүсгэж, сүүлд сүмд очих үед харсан зүйлстэй санамсаргүй давхацсанаар дэжаву үүсчээ.
Дэжавугийн нийтлэг тохиолддог нэгэн хэлбэр бий. Та Е Ё хоёрыг танхим дотор муудалцаж байхыг хараад энэ хоёр өмнө нь бас л ингэж муудалцаж байсан, одоо Г тэдний хооронд орж эвлэрүүлэхийг оролдох болно гэж бодтол ёсоор болов. Бодит байдалд та өмнө нь Ж З хоёрын хэрүүлийг, Л ирж салгахыг харсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам Е, Ё, Г нарын тухай мэдээлэл таны тархинаас арчигдаж, танхим, хэрүүл, эвлэрүүлэх гэсэн гурван түлхүүр, холбоосын хамт үлдсэн байна. Таны тархи эдгээр холбоосыг нэтгэн Е, Ё, Г нарыг Ж, З, Л нараар орлуулан дэжаву болгож харжээ.
Айдаст амархан автдаг, сэтгэл түгшимтгий, эмзэг мэдрэмтгий хүмүүс дэжавуг хялбар мэдэрдэг байна. Хүн ямар нэгэн үйлдэл хийх үед тархи нь өнгөрсөн үеийн дурсамж, үзэж харсан зүйлстэй өөрийн мэдэлгүйгээр харьцуулалт хийж, үйлдлээ хэрхэн хийхийг шийдэж байдаг. Эмзэг хүмүүсийн тархи яг одоо мэдэрч байгаа сэтгэл тавгүйтлээ арилгахын тулд өнгөрсөн туршлагаасаа хэрэг болохыг хичээнгүйлэн хайдаг. Үүний улмаас өнгөрсөн дурсамжийн үлдэгдэл холбоосууд хялбар сэргэж, дэжавуг илүү олон удаа мэдрэх хандлагатай байдаг.
Мөн бүхнийг өөрөө хийж үзэх, юм бүхэнд оролцох дуртай, идэвхтэй хүмүүс дэжавуг амархан мэдэрнэ. Учир нь тэдний тархинд маш олон төрлийн дурсамж хадгалагдаж байдаг. Хэт мөрөөдөмтгий хүмүүс ч бас үүнтэй адилхан. Тэгвэл ердийн хүмүүс ядрах, стрест орох зэргээр төвлөрөх чадвараа алдах үед дэжаву ихэвчлэн илэрнэ. Ядаргаанаас үүдэн шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадвар буурч, тархин доторхи дурсамжийн зөв холбоосыг олох чадвар сулрана. Иймд буруу холбоосыг андууран сэргээж, бодит байдалтай давхцуулан ойлгосноос дэжаву үүсдэг байна.
эх сурвалж, Nippon TV Физиологи
9 сэтгэгдэл:
Sonirholtoi ym, Bi bas dejavu-g hunii haraatai taolbarlaj bhiig unshij bsn. Hunii 2 nud aliwaa zuiliig zereg hardag ch zarim tohioldold uruusun nud n turuulj harahad tarhind medeelel turuulj ochsonoor nuguu nudnii damjuulsan medeelel tahind ochih ued urid n harj bsn met medremj turdug gej.
Dejavu, nadad nelee dih tohiolddog ym shig bna. yalangiya stresstehed ih medregddeg gej unen bna shuu
Insomnia bolson uyed Dejavu, dream, reality 3 negdeed saihan ym boldog ym bn l daa
za ter orooson nud turuulj hardag ene ter bol bas arai l durak tailbar bnaa haha
үүнийг илүү шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон байна гэж үзэж байна. Учир нь миний хувьд үүнийг арай өөр талаас нь тайлбарлаж, тэр нь илүү үнэн байх талтай.
хүн зүүдээрээ дамжиж далд ертөнцөөс маш их мэдээлэл авдаг, хүн зүүдээ санахгүй сэрэх үед маш юм үзсэн байдаг ба энэ үед үзсэн харсан зүйл нь тэр тархины мэдээлэл дамжуулдаг санах ойд хадгалагддаг, өглөө нь түүнийгээ санахгүй сэрэх ба яаг тэр зүйл болох буюу харах үед нөгөө санах ойд хадгалагдсан мэдээлэл дахин ачаалагдаж өмнө нь харж байсан дежаву үүсдэг. үүний бас нэг нотлох жишээ нь би нь амьдралдаа анх удаа гадаадад очоод, анх удаа өмнө юугаар ч харж байгаагүй газар очоод, огт танихгүй хүмүүстэй юм яриад сууж байхдаа гэнэт хаана байгаа, хаанаас хүн гарч ирэх, яаж инээлдэж байгаагаа харсан мэт мэдрэмж төрж байлаа. энэ нь өмнө ямар ч байдлаар болсон байх боломжгүй зүйл юм, ядаж зурагт, ном, төстэй газар харсан байх бүр ч боломжгүй зүйл байлаа, тэхээр энэ зүйлээ би ямар ч байсан зүүдэндээ харсан байх магадлалтай болж байгам. бидний сайн мэдэх бөө нар маань бүгд онг тэнгэрээ далд ертөнцөөс дуудан авчирч биедээ оруулдаг, онг тэнгэр маань далд ертөнцөд байх хугацаандаа эрэмбээсээ хамаараад ирээдүй болон хойчийг хардаг чадвартай байдаг мөн үр хүүхэддээ зүүдэнд нь нөлөөлж юм харуулах чадвартай байдаг, тэхээр энэ дежавү маань шинжлэх ухаанаар бус далд ертөнцийн ухаанаар ингэж тайлбарлагдах боломжтой болж байгам.
Энэ үзэгдэлд өртөхөд нэг тийм гоё ч юм шиг сонин мэдрэмж мэдрэгддэг :0 Сонирхолтой тайлбарууд уншлаа.
Сэтгэгдэл үлдээх