Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа цэрэг-дайны роботын судалгааны ололтууд нь хүн төрөлхтөнд шинэ аюул занал учируулж байгааг Sheffield-ийн их сургуулийн эрдэмтэд анхааруулж байна. Олон улс орнуудын роботын судалгаа, шинжилгээний салбарууд аль хэдийн ширүүн өрсөлдөөнд орж эхэлсэн бөгөөд бөмбөг дэлбэлэн амиа золиослогчдыг орлох чадвартай робот-зэвсэг бүтээгдэхэд ойрхон байна.
Одоогоор энэ салбарт тэргүүлж буй АНУ-ын "Автомат жолоодлогот замын систем" (Unmanned Systems Roadmap, 2007-2013) төслийн хүрээнд 2010 онд 4 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн ба энэ төсөл хэрэгжих нийт өртөг нь 24 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. 2006 оны 10 сараас хойш Иракийн нутаг дэвсгэрт л гэхэд 4000 гаруй робот ажиллаж, нийт 400000 орчим цагийн автомат үйл ажиллагаа явуулсан бөгөөд ихэнхдээ хүний амийг хөнөөх зорилгод ашиглагджээ. Мөн зарим эрдэмтдийн төсөөлж байгаагаар 2020 он гэхэд АНУ-ын зэвсэгт хүчний 30 орчим хувийг робот техник бүрдүүлэх төлөвтэй байна.
Европийн болон Канад, Өмнөд солонгос, Өмнөд африк, Сингапур, Израйл гэх мэт бусад улс орнууд ч робот-зэвсгийн хөтөлбөрт анхаарлаа хандуулж, Хятад, Орос, Энэтхэг улсууд алсын удирдлагатай, байлдааны агаарын тээвэрлэгчийн судалгааг эрчимжүүлж байна. АНУ-ын батлан хамгаалах яамны илтгэлд дурдсанаар энэ чиглэлд Хятад улсын бодит хүчин чадал тодорхойгүй байгаа боловч робот-зэвсгийн судалгаа явуулахад хангалттай нөөц бололцоо бүхий дэд бүтэцтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.
Sheffield их сургуулийн проффессор Sharkey BBC-д өгсөн ярилцлагадаа; "Шинэ төрлийн робот-зэвсгүүд нэгэнт зохион бүтээгдсэн тохиолдолд түүнийг хувилж олшруулахад маш хялбархан. Робот сонирхогчдын зах зээлд зориулсан нэг загварын бүтээгдэхүүнүүдийн үнэ жил ирэх тутам буурч байгаа бөгөөд GPS замчлал бүхий автомат жолоодлогот, зөгий хэлбэрийн роботыг 250-хан доллараар бүтээх боломжтой болсон. Мөн уламжлалт зэвсгийн хэрэглээний өсөлт болон түүнтэй холбоотой ёсзүйн асуудлуудад олон хүн сэтгэл зовниж байгаа. Террористуудад эдгээр нөхцөл байдлыг өөрсдийн зорилгод ашиглах нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоход ойрхон байна" гэжээ.
(эx үүсвэр; ScienceDaily)
Роботын аюул заналхийлж байна
2009-06-21
2 сэтгэгдэлтэй
2 сэтгэгдэл:
Энэ роботуудын эрчимжилт манайхаас бусад газар их хүчээ авч байнаа.
Ашгүй нэг юм оюутануудын дунд робокон зохиогдож байгаа нь сайшаалтай байх шив.
Манайхан улсын түвшинд шинжилгээ судалгаа хийдэг юм болов уу даа
Манайд хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалаад одоохондоо роботын чиглэлийн дагнасан судлагаа хийгддэггүй бололтой. Зарим их дээд сургуулиудад роботын болон мехатроникийн лабораториуд нээгдэж, заримд нь шинээр бий болгох шатандаа явж байгаа. Мөн ЭШ-ний зарим хүрээлэнгүүдэд зарим төрлийн суурь судлагаа хийгддэг тухай дуулж байсан. Хэрэв бололцоо нөхцөл байвал манай оюутнууд гадаадын хөгжингүй аль ч орны оюутнуудаас дутахгүй гэдгээ робокон тэмцээнд гаргаж буй амжилтаараа тодорхой харуулж байгаа.
Сэтгэгдэл үлдээх