Ирээдүйн мэс засалч - бичил робот

Ойрын ирээдүйд үрэл хэлбэрийн бичил роботууд зарим төрлийн мэс заслыг гүйцэтгэх боломжтой болох гэнэ. Робот судлал болон оюун ухаант системийн ETH Zurich хүрээлэнгээс нийтлүүлсэн өгүүлэлд мэс заслын бичил роботын зарим боломжит хувилбарыг танилцуулсан байна. Мэс заслын үйл ажиллагаа нь хүний биед аль болох бага шарх, гэмтэл үүсгэх технологид (жишээ нь дурангийн мэс засал) аажимаар шилжиж байгаа ба энэ үйл явцад бичил роботууд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Scuola Superiore Sant’Anna их сургууль болон ETH Zurich хүрээлэнгийн хамтран хэрэгжүүлж буй ARES төслөөр хоол боловсруулах замын эрхтнүүдийн эмчилгээ, оношлогоонд ашиглагдах бичил роботыг ердийн капсулаас томгүй хэмжээтэй болгохыг зорьж байна. Үүнтэй төстэй үрэл хэлбэрийн бичил дуран (жишээ нь саяака дуран) 2000 оноос зохион бүтээгдэж, оношлогоо болон сургалтад өргөнөөр ашиглагдаж байгаа ба хоол боловсруулах замын эрхтнүүдээр дамжин өнгөрөхдөө 1000 орчим гэрэл зураг авах хүчин чадалтай боловч одоогоор түүнийг дурын чиглэлд хөдөлгөж удирдах боломжгүй байгаа юм.

Энэ чиглэлээр ARES төслийн эрдэмтэд зарим нэг амжилт олж бичил роботыг удирдахад хялбар шавьж хэлбэрийн хөлтэйгээр зохион бүтээж хөгжүүлж байна. Ирээдүйд эдгээр роботууд нь хоол боловсруулах замын эрхтнүүдийн гэмтсэн болон өвчилсөн хэсгийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлохын зэрэгцээ шинжилгээнд шаардагдах эд эсийн дээж авах боломжтой болох юм. Робот судлаачдын анхаарлыг татаж байгаа бас нэг чиглэл нь электрон системийн овор хэмжээг багасгах асуудал юм. Эрчим хүч үүсгүүр (баттереи)-ийг оролцуулаад иж бүрдэл роботын хэмжээ хэдхэн мм байх шаардлагатай. Бичил дурангийн хувьд энэ нь аль хэдийн биелэлээ олсон байгаа бөгөөд батерей нь нийт овор хэмжээны 60 хүртэлх хувийг эзэлж байна.

ETH Zurich хүрээлэнгийн докторант Zoltan Nagy, бичил роботыг удирдах хэсэг, дээж авах хэсэг, эрчим хүчний эх үүсвэр гэх мэт өөр өөр үүрэг зориулалт бүхий хэд хэдэн хэсгээс бүрдэх "робот-үрлүүд" (дээрх зураг) хувилбарыг санал болгож байгаа юм. Үрлүүдийг тус тусад нь ямар нэгэн зовиургүйгээр залгих боломжтой бөгөөд залгигдсаны дараа автоматаар өөр хоорондоо цуваа болон залгагдаж шаардлагатай үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар бүхий бичил роботын систем бүрдэх юм. Түүний судлагаагаар үрлүүдийг соронзон системийн тусламжтайгаар залгах бөгөөд туршилтын дууриамал ходоодонд 75 хувийн амжилттай туршсан байна. Гэхдээ эрчим хүчний үүсгүүрийн зарим асуудал шийдэгдээгүй, соронзон системийн био нийцэмж тодорхойгүй байгаа зэргээс шалтгаалан хүний биед турших, хэрэглэх хүртэл багагүй хугацаа шаардагдах юм.


(эx үүсвэр; ScienceDaily
)

,

2 сэтгэгдэл:

Тэжээлийг шийдэх нь амаргүй байх даа

хариулах...

тиймээ, хүний биеийн гаднаас соронзон долгионоор тэжээх, хүний дотоод эрxтнээс цахилгаан авах гэх мэтчилэн тэжээлийн үүсгүүрийн талаар янз бүрийн судлагаа хийгддэг юм байна лээ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх