Hybrid буюу хосломол хөдөлгүүрт автомашины тухай - 2

Хосломол хөдөлгүүрийн төрлүүд
Одоогоор 3 төрлийн хөдөлгүүр ашиглагдаж байна.
1. Цуваа холболт
Шатахуунт хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь цуваа байдлаар холбогдоно. Шатахуунт хөдөлгүүр нь машины хүч дамжуулах эд ангитай шууд холбогдохгүй бөгөөд бий болгосон энерги нь цахилгаан хөдөлгүүрийг тэжээх буюу батерейг цэнэглэхэд зарцуулагдана.

2. Зэрэгцээ холболт
Шатахуунт хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь зэрэгцээ байдлаар холбогдоно. Шатахуунт хөдөлгүүр нь цахилгаан хөдөлгүүрийг тэжээхээс гадна машины хүч дамжуулах эд ангитай шууд холбогдож дугуйны эргэлтийн хүч үүсгэхэд давхар ашиглагддагаараа цуваа холболтоос ялгаатай юм.

3. Хуваагчтай холболт
Цуваа холболттой төстэй боловч энергийг хувиарлагч (хуваагч) төхөөрөмжийн тусламжтайгаар шатахуунт хөдөлгүүрт үүсэх энергээр цахилгаан хөдөлгүүр болон батерейг нэгэн зэрэг, эсвэл аль нэгийг тэжээх боломжтой болсон байна. Ингэснээр хөдөлгүүрүүдийн ачааллын тохируулга болон хувиарлалтыг илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болж энергийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж чаджээ. Хосломол хөдөлгүүрт автомашины сүүлийн үеийн ихэнх загваруудад хуваагчтай холболтыг ашиглаж байна.

Хорт хийн ялгарал болон эдийн засгийн үзүүлэлтүүд
Хосломол хөдөлгүүрт машинд сэргээгдэх тормоз ашигласнаар түлшний зарцуулалтыг дунджаар 20% хүртэл хэмжээгээр бууруулдаг байна. Судалгаагаар хосломол хөдөлгүүрт машиныг уламжлалт машинтай харьцуулахад түлшний зарцуулалт 50-60%, хүлэмжийн хийн ялгарал дунджаар 40% хүртэл хувиар тус тус бага байдаг байна.
Сүүлийн үед ихэнх хосломол хөдөлгүүрт машинуудыг харьцангуй бага (15км/ц-аас бага) хурдтай явах тохиолдолд зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг байдлаар үйлдвэрлэж байна. Үнийн хувьд уламжлалт машинтай харьцуулахад хамгийн багадаа 2000-10000 доллараар илүү байгаа боловч удаан хугацаагаар олон жил ашиглах тохиолдолд илүү эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой юм.

Автомашин үйлдвэрлэгчдийн ойрын зорилт нь хосломол хөдөлгүүрт автомашины овор хэмжээ, жинг багасгаснаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж илүү олон төрлийн автомашинд нэвтрүүлэхэд чиглэж байна. Үүний тулд энергийн өндөр нягтрал бүхий батерей үйлдвэрлэх шаардлага гарч байгаа юм. Одоогоор никел-металл (nickel metal) батерей ашиглаж байгаа бөгөөд овор хэмжээ харьцангуй том, жин ихтэй учир машины жинг 15-20 хувь нэмэгдүүлдэг. Мөн үйлдвэрлэлийн технологийн төвөгтэй байдал нь автомашины үнийг хямдруулахад сөрөгөөр нөлөөлж байна. Харин никел-металл батерей нь 100% дахин боловсруулж ашиглах боломжтойгоороо байгальд хоргүй давуу талтай. Мөн батерейн насжилт 8-10 жилийн хугацаатай бөгөөд загваруудын онцлогоос хамааран суурилагдсан батерейг машины нийт гүйлт 160-240 мянган км хүртэл солих шаардлагагүй юм. Сүүлийн үед өндөр нягтрал бүхий лити ионы (lithium-ion) болон бусад төрлийн батерейн судалгаа эрчимтэй хийгдэж, тэдгээрийн зарим ололтуудыг хэдэн жилийн дараагаас хосломол хөдөлгүүрт автомашинд ашиглаж эхлэх төлөвтэй байна.

Монголчуудын хувьд сонирхолтой байж болох нэг асуудал нь цаг агаарын хүйтэн нөxцөлд хосломол хөдөлгүүрийг хэрхэн ашиглах тухай юм. Үйлдвэрлэгчид ийм төрлийн автомашиныг уламжлалт машинтай адил нөхцөлд ашиглах бүрэн боломжтой хэмээн нотлож байгаа боловч хэт хүйтэнд батерей тэсвэр муутай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Жишээлбэл Аляскад -56 градусын хүйтэн нөхцөлд ажиллуулж туршсан Приус машины батерэй хөлдөж ажиллагаагүй болж байсан байна. Гэхдээ хэт хүйтэн нөхцөлд шатахуунт хөдөлгүүрийг харьцангуй удаан хугацаагаар ажиллуулж батерей орчимын температурыг шаардлагат хэмжээнд барьснаар дээрх хүндрэлээс зайлсхийх боломжтой юм.



Дараагийн шатны технологи
Сүүлийн үед цахилгаан болон хосломол хөдөлгүүрт машины дэвшилттэй талуудыг нэгтгэн, цахилгаан төхөөрөмжөөс цэнэглэх боломж бүхий plug-in hybrid (PHEV) технологийн хөгжүүлэлт амжилттай явагдаж байна. Тоёота компани гэр ахуйн цахилгаан сүлжээнд залгаж цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт plug-in Приус машиныг ирэх жилээс үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлэх тухай саяхан зарлалаа. Одоогийн байдлаар хосломол хөдөлгүүрт автомашины шатахуун зарцуулалтын хамгийн хэмнэлттэй үзүүлэлт нь 1л шатахуунаар 30-38км зайг туулж байгаа бол шинэ plug-in Приусын хувьд бараг 3 дахин буюу 57 км хүртэл нэмэгдүүлж чадсан байна. Энэ нь япон улсын автозамын нөхцөлд, шатахуун болон цахилгааны нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 1400 км зайг туулах боломжтой болно гэсэн үг юм. Энэ машиныг ирэх жил япон, америк болон европин хэрэглэгчдэд 600 ширхэгийг худалдаалах бөгөөд 2011 оноос олон тоогоор үйлдвэрлэн худалдаалж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ шинэ технологи амьдралд нэвтэрснээр машины нэг удаагийн цэнэглэлтээр туулах зайг нэмэгдүүлж, хорт хийн ялгарлыг илүү бууруулж чадах юм. Гэхдээ ийм машин түгэн дэлгэрэх тохиолдолд цахилгаан шугам сүлжээний өргөтгөл, сайжруулалт шаардлагатай болох асуудал урган гарч болох юм.

5 сэтгэгдэл:

Эхний Приус бол загвар муутай 2дахь нь харин аятайхан эд байна лээ даанч 14 саяаас гэж байсан их үнэтэй байна лээ цаанаа чухам хэд байдаг юм.

яг нээх сайн ойлгохгүй юмаа дангаараа аль нэгээр нь биш зэрэг байнга ажиллаж байдаг болж байна уу бага хурд дээр. Ухаандаа бензин дууслаа гэхэд баттерейгаа дуустал хэр удаан явах бол. Эсвэл шууд л дуусаад зогсох уу.

хариулах...

Асуултад хариулая. Машины үнийн зөрүүний хувьд төрөл загвараас хамааран ялгаатай байгаа бөгөөд яг тэд гэж хэлэхэд хүндрэлтэй. Дээр миний бичсэн тоо бодит байдлаас зөрөөтэй байсныг сануулсанд баярлалаа, тоог засварлав.

Саяхныг хүртэл худалдаалагдаж байгаа бүх төрлийн хосломол хөдөлгүүрт машинуудын хувьд их бага, ямар ч хурдтай явсан цахилгаан болон шатахуунт хөдөлгүүрүүд нь зэрэг ажилладаг. Хамгийн гол нь машинд шаардагдаж буй хурд, хүчний байдлаас хамаараад шатахуунт хөдөлгүүрт бий болсон энерги нь баттерей цэнэглэхэд ашиглагдах уу, машиныг хөдөлгөхөд ашиглагдах уу гэдгээрээ ялгагдана. Иймд бензин дуусч шатахуунт хөдөлгүүр зогссон тохиолдолд машин зогсоно, өөрөөр хэлбэл дан цахилгаан хөдөлгүүрээр явах боломжгүй.

Харин, дээр өгүүлсэнчилэн сүүлийн үеийн тоёота приус зэрэг машинуудад батерейг илүү сайжруулан, 15км-аас аас бага хурдтай явах тохиолдолд шатахуунт хөдөлгүүр нь автоматаар зогсож, цахилгаан хөдөлгүүр дангаараа ажиллах боломжтой болсон. Гэхдээ зөвхөн цахилгаанаар яваад байна гэсэн үг бас биш юм. Хурд авч эхлэх, хурдыг багасгах, автозамын ачаалал зэргээс шалтгаалан хэт бага хурдтай явах үед л цахилгаанаар ажиллана. Ийм байдлаар яг хэдэн км явах тухай тодорхой тоо хэлэх боломж одоогоор алга байна.

Мөн өмнө өгүүлсэнчилэн plug-in hybrid технологи нь хосломол хөдөлгүүрт машиныг цахилгаанаар явдаг болгохыг эрмэлзсэн технологи юм. Өнгөрсөн жил танилцуулагдсан Suzuki Plug-in Swift концепт загвар гэхэд баттерей бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд 20 хүртэлх км зайг зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр туулах боломжтой хэмээн мэдээлэгдэж байсан.

хариулах...

Баярлалаа. Нэг ойлгож авлаа. Ченжүүд өөрсдөө ч сайн ойлгодоггүй юм билээ бензин дуусаад 50 км явна маягийн юм яриад байдаг.

хариулах...

Өнгөрсөн жилээс худалдаалагдаж эхэлсэн технологийн гуравдагч шатны тоёота приус машины батерей бүрэн цэнэгтэй тохиолдолд зөвхөн цахилгаанаар явах зай 1 км орчим байдаг тухай сурталчилгааны бичлэгт өгүүлж байна.

хариулах...

priusiin japan heliig english helruu yaj oruulrh be mddeg bol helj tus bolooch

хариулах...

Сэтгэгдэл үлдээх