Хацүнэ Микү

Програм хангамж, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр үйлдвэрлэл, олон нийт, гэр ахуй, соёл урлаг гэх мэт бараг бүхий л салбарт нэвтэрч бидний өдөр тутмын амьдралын ердийн хэрэглээ болжээ. Мөн виртуал, хийсвэр, бодит бус гэх мэт үгнүүд сонсогдох болж програм хангамж, компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн, бодит бус хүний зохиомол дүрийг киноны дэлгэцнээс харах болсон билээ. Тэгвэл саяхнаас энэхүү хийсвэр, бодит бус "хүн" тайзан дээр ч бас үзэгдэх болж, түүгээр ч зогсохгүй дуулж бүжиглэн, "жинхэнэ" "амьд" дуучдаас дутахааргүй нэр алдартай болоод амжжээ. 2010 оны 3 сарын 9-нд Токио хотын Zepp концертийн ордонд нэгэн "виртуал дуучин"-ы анхны "бие даасан тоглолт" болж нийт 33 дуу дуулагдсан байна.

2007 оны 8 сарын 31-нд Виндовс системд зориулагдсан Хацүнэ Микү (анхны дуу хоолой, ирээдүй) хэмээх програм хангамж анх худалдаанд гарсан юм. Энэ програм нь Саки Фүжита хэмээх япон жүжигчиний хоолойны өнгөнд тулгуурлан Ямаха компаний "Синтетик дуу хоолойн технологи"-ийг ашиглан бүтээгдсэн бөгөөд хүний хувьд бараг боломжгүй хоолойны нарийн өнгийг ч гаргаж чадах өвөрмөц хоолойгоор дуулдаг, хэрэглээний Desktop Music (DTM) програм юм. Програмын онцлог нь сонсохыг хүссэн дууныхаа нэрийг оруулахад өөрийн хоолойгоор дуулж сонсгохоос гадна хэрэглэгч хэн ч хүссэн дуугаа зохиож дуулуулах боломжтой. Мөн зохион бүтээгчид хэрэглэгчдийн сонирхлыг татахын тулд өөрийн гэсэн дүр төрхтэй болгох үүднээс виртуал дуучинг хөх ногоон үстэй хүүхэлдэйгээр төлөөлүүлэн дүрслэх болжээ.

2007 оны 9 сарын 4-нд Хацүнэгийн дуулсан "Ievan Polkka" дуу НикоНико Доога хэмээх YouTube-тэй төстэй видео сайтад байрлуулагдсан нь үзэгчдийн сонирхолыг татаж тухайн сарын хамгийн их хандалттай видеогоор шалгарсан байна. Энэ үеэс эхлэн уг программыг худалдаж авах хүний тоо эрчимтэй нэмэгдэж нэр алдартай шинэ виртуал дуучин төрөх эхлэл тавигджээ. Тухайн үед DTM төрлийн програмийн худалдаалагдсан тоо бүтэн жилийн нийлбэр дүнгээр 1000 ширхэгт хүрвэл олон нийтийн дунд хит болсон гэж тооцогддог байсан бол нэг бүр нь 150 орчим долларын үнэтэй Хацүнэ худалдаанд гарсаны дараах хоёрхон сарын хугацаанд 3500-4000 хувь худалдаалагдсан байна. 1 жилийн дараа гэхэд энэ тоо 42 мянгад хүрч хэн ч урьдчилан төсөөлж байгаагүй амжилтад хүрсэн юм. Үүнээс гадна Meiko, эрэгтэй хоолой бүхий Кaito зэрэг бусад програмуудын борлуулалтад ч нөлөөлж DTM програмд хандах хүмүүсийн хандлагыг өөрчилж эхэлсэн байна.

Удалгүй интернет хэрэглэгчид, компьютер график сонирхогчид Хацүнэгийн дүр, дуу хоолой бүхий видеонууд бүтээж видео сайтуудад байрлуулах болсоноос гадна мэргэжлийн хөгжмийн зохиолчид хүртэл түүний хоолой, стильд зориулан дуу зохиож эхэлжээ. Энэ үед Хацүнэг зохион бүтээгчид ч бас зүгээр суусангүй, шинэ дуу, цомгууд худалдаанд гаргаж, түүний дүр, хоолойг ашиглах эрхийг бусад компаниудад ч мөн адил төлбөртэйгээр олгож эхлэв. 2009 оны 7 сард Sony Playstation-д зориулсан Хацүнэгийн дүрслэл бүхий Project DIVA тоглоом худалдаанд гарсан бол тухайн үед эхний ээлжинд худалдаалахаар төлөвлөн дэлгүүрүүдэд нөөцлөсөн байсан 58 мянган ширхэг хувь нь хэдхэн хоногийн дотор зарагдаж дуусч байжээ. Энэхүү тоглоомын худалдаалсан тоо ширхэг зөвхөн эхний долоо хоногтоо 100 мянгыг хол давсан байна.

2009 оны 8 сарын 22-нд Япон улсын Сайтама мужын Super Arena цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу тоглолтын үеэр Хацүнэ анх удаагаа 25 мянган үзэгчийн өмнө гарч 2 дуугаа "амьдаар" дуулжээ. 2010 оны 5 сард "EXIT TUNES PRESENTS Vocalogenesis feat Hatsune" цомог худалдаанд гарсан нь японы статистик, дуу хөгжмийн мэдээллийн томоохон хүрээлэн болох Oricon-ы шалгаруулалтаар бусад "жинхэнэ", "амьд" дуучдын цомгуудаас ч илүү гарч долоо хоногийн шилдэг борлуулалтын жагсаалтыг анх удаа тэргүүлж байв. Өнөөдрийг хүртэл Хацүнэгийн 50 гаруй албан ёсны цомог худалдаанд гарсанаас дийлэнх нь шилдэг цомгийн жагсаалтын эхний 20 байрыг тогтмол эзэлсээр иржээ. Мөн түүний дүрс, дуу хоолойг бүрэн болон хэсэгчлэн ашигласан 200-аас илүү тооны цомог iTunes Store дэлгүүрээр худалдаалагдаж байна.

Програмыг зохион бүтээгч нь Crypton Future Media хэмээх дуу хөгжмийн чиглэлээр програм хангамж зохиодог 25-хан ажилчинтай цомхон компани юм. Тус компани Японы Саппоро хотод байрладаг. Хацүнэгийн алдар хүнд өсөхийн хэрээр тус компанийн борлуулалтын хэмжээ ч бас давхар өсч 2 жил хагасын нийлбэр дүнгээр 12 сая долларт хүрсэн байна. Өнөөдөр Хацүнэгийн хэдэн арван мянган дуу, видео, хөдөлгөөнт дүрслэл зэрэг медиа бүтээлүүдийг интернетээс олж үзэж болохоос гадна түүний дүрс бүхий түлхүүрний оосроос авахуулаад, зурагт хуудас, хүүхэлдэйн тоглоом, комик ном, СД, DVD бичлэгүүд хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж, багагүй нэр хүнд бүхий брэнд болоод байгаа юм. Мөн түүнчлэн түүнтэй хамт шинэ залуу, олонд таашаагдсан хөгжмийн зохиолчид төрөн гарч, видео сайтад байрлуулсан тэдний шинэ бүтээлүүд богинохон хугацаанд хэдэн сая удаагийн хандалт авдаг болов.

Хацүнэгийн фэн клубууд японоор тогтохгүй гадаад улсуудад байгуулагдаж шүтэн бишрэгчдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Үүгээр ч зогсохгүй виртуал дуучин маань бичлэгийн эхэнд дурдсанаар өөрийн амьд тоглолтыг хүртэл хийгээд амжжээ. Тоглолтын тайзан дээр дуучны дуулж бүжиглэж буй 3D голограм дүрслэлийг үзүүлэн түүний "жинхэнэ" хоолойгоор дуулуулсан бөгөөд амьд тоглолт гэдэг үүднээс бодит хөгжимчдийг тоглуулсан байгааг доорхи бичлэгээс харж болно.

Тайз, дэлгэцийн од болно гэдэг хэн бүхний хүсэж мөрөөдөж, хичээж хөдөлмөрлөснөөр шийдэгддэггүй, мөн авъяастай үгүй эсэхээс ч хамаардаггүй, зөвхөн үзэгч, шүтэн бишрэгчдийн таашаал, үнэлэмжээр шийдэгдэж болдог гэдгийг Микүгийн жишээ харуулж байж болох юм. Нөгөө талаас ирээдүйд энтертеймент урлагийн зарим салбаруудад бодит хүн хүмүүсийн шүтээн байхаа больж, тэдний орыг хийсвэр жүжигчид, виртуал одод эзлэнэ хэмээх зарим мэргэжилтнүүдийн таамаглалын баталгаа болж байж магадгүй юм.

Нэр: Хацүнэ Микү
Нас: 16
Өндөр: 158 см
Жин: 42 кг
Дуулах стил: Япон поп


Видео сайтад байрлуулагдсан анхны видео "Ievan Polkka"


"Амьд" тоглолтын хэсгээс




Эх үүсвэр; wiki & etc.

,

3 сэтгэгдэл:

хариулах...

Надад лав таалагдаж байна бодит амьдралдээр байгаасай гэмээр

хариулах...

Гайхалтай гэхээс өөр юу хэлэх вэ

хариулах...

Сэтгэгдэл үлдээх