Хүн ирээдүйг урьдчилан харах чадвартай юу

Та бидний олонхи нь ирээдүйг урьдчилан тааварлах чадвартай байж болно гэдгийг тогтоосон судалгааны өгүүлэл New Scientist сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтлэгджээ. Америкийн Корнелийн их сургуулийн професор, физикч, сэтгэл зүйч Daryl Bem хүмүүсийн онцгой чадварыг илрүүлэх судалгаа, туршилт хийсэн байна. Тэрээр нэгэн туршилтын хүрээнд оюутнуудад бүлэг үгсийг цээжлэх даалгавар өгсөн байна. Дараа нь тэдгээр үгсээс хэр олныг санаж байгааг шалгаж, дурын дарааллаар цээжилсэн үгсээ бичихийг даалгажээ. Туршилтын үр дүнд оюутнууд тодорхой хэсэг үгсийг илүү сайн тогтоож байгаа нь илэрсэн байна.

Гайхалтай нь тэдгээр үгс нь сүүлд шалгах журмаар асууж, бичүүлэхээр төлөвлөж байсан үгс байжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд болох үйл явдал оюутнуудын санах ойд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтын дараагийн шатанд оролцогч оюутнуудад компьютерийн дэлгэц дээрх 2 хөшигний зургийг үзүүлж нэгнийх нь ард эротик зураг нуусан байгаа гэж хэлжээ. Харин оюутнууд ихэвчлэн томоогүй зураг нуусан хөшгийг зөв тааж сонгож байсан байна. Онцлог нь зургийн байрлалыг урьдчилан төлөвлөөгүй бөгөөд компьютерийн тусламжтайгаар дурын хөшигний ард байрлуулсан байна.

Зөн билэгт итгэгчид эдгээр дүгнэлттэй танилцаад оюутнууд үнэхээр үрээдүйг харж чадаж байна гэдэгт эргэлзэхгүй бизээ. Харин эдгээр туршилтын үр дүн ихэнх хүмүүст хангалттай итгэл төрүүлэхгүй байж болох юм. Эдгээр санаа бодлыг тооцож үзсэн профессор Bem үнэндээ 8 өөр төрлийн туршилтыг нийт 1000 оюутныг хамруулан хийсний үндсэн дээр хүмүүс ирээдүйг урьдчилан харах чадвартай хэмээн дүгнэсэн байна. Эдгээр туршилтуудын нэгээс бусад нь бүгд эрдэмтний дүгнэлтийг бататгасан үр дүнд хүргэсэн байна.

Дашрамд дурдахад хүний зөн билэг зэрэг нууцлаг чадварын тухай дагнан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалдаг хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагууд одоогоор байдаггүй. Зарим их дээд сургуулуудын цөөн тооны эрдэмтэдийг эс тооцвол ийм төрлийн судалгааг ихэвчлэн сайн дурын хүмүүс нэгдэн (парапсихологийн холбоо гэх мэт) албан бусаар хийдэг бөгөөд судалгааны өгүүллүүд ч бас тэр болгон хэвлэгддэггүй. Өөрөөр хэлбэл ийм төрлийн судалгаа хангалттай явагддаггүй гэсэн үг юм. Иймд манай элдэв гоц авьястан, бөө, удган нарын чадварын тухай иймэрхүү судалгааг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийж сурвал зарим хэлбэрээр амжилтад хүрэх боломж байж болох юм. Нөгөө талаас сүүлийн үед тоогоо алдаад байгаа мэргэч, төлгөч, бөө нарын үнэн дүрийг илрүүлэх боломжтой юм.


эх сурвалж; mailonline

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх