Олон төрлийн машин, техник үйлдвэрлэгч нарын хоорондын өрсөлдөөний нэг гол үзүүлэлт нь бүтээгдэхүүний ажиллагааны хурд байдаг бөгөөд робот үйлдвэрлэгч компаниуд ч мөн адил хамгийн өндөр хурдтай робот бүтээж өрсөлдсөөр ирсэн билээ. Харин энэхүү өрсөлдөөний үр дүнд тухайн бүтээгдэхүүн хэлбэр хийц, бүтцийн хувьд төгөлдөржин тухайн цаг үеийн хамгийн шилдэг шалгарсан хэлбэрийг бий болгодог билээ. Япончуудын нэрлэснээр Kenkotsu буюу нударга хэлбэрийн робот одоогийн байдлаар хамгийн өндөр хурдыг үзүүлж байгаа бөгөөд олон үйлдвэрлэгч ийм төрлийн үйлдвэрлэлийн робот үйлдвэрлэн худалдаалж байна. Fanuc компанийн үйлдвэрлэсэн ийм төрлийн роботын цуврал загварууд Япон улсын Үйлдвэрлэл, Xудалдаа, Эдийн засгийн яам, Тоног төхөөрөмж Үйлдвэрлэлийн холбооны 2010 оны шалгаруулалтаар Шилдэг үйлдвэрлэлийн робот ангилалд тэргүүн байрыг эзлэсэн байна.
Эдгээр нь гар утас зэрэг өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүний угсралт, эд ангийг эмхлэн байрлуулахад тохиромжтой Kenkotsu-1, мөн ажлын талбай харьцангуй ихтэй, 6 кг даацтай буюу өндөр хүчин чадалтай Kenkotsu-3 загварууд юм. Босоо холбоос бүхий нудрага хэлбэрийн бүтэцтэй роботууд нь хүний гарны адил нарийн төвөгтэй хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвартай байдаг. Мөн бүх цахилгаан хөдөлгүүрүүд роботын толгой хэсэгт байрлаж, тус бүр холбоос хэсгийн хөдөлгөөнийг удирдах учир роботын үзүүр хэсгийн хөдөлгөөнийг чөлөөтэй тохируулах боломжтой байдаг ажээ. Үүнээс гадна үзүүр хэсгийн жин харьцангуй бага учир өндөр хурдаар хөдлөх боломжтойгоороо давуу талтай юм.
Нударга хэлбэрийн робот нь "олон үе мөчит хэлбэр"-ийн роботтой харьцуулахад үзүүр хэсгийн ажиллагааны чөлөөт талбай механикаар буюу роботын хийцээр хязгаарлагддаг учир аюулгүйн шаардлагыг хангасан, харьцангуй бага орон зайд үйлдвэрлэлийн шугамыг байгуулах боломжийг олгодог байна. Энэ төрлийн робот нь зөвхөн хавтгай орон зайд хөдлөхөөс гадна бүтээгдэхүүний чиглэлийг өөрчлөх, налуу хэлбэрээр атган барьж авах, эргэлдүүлэх зэрэг хүний гарны бугуй хэсгийн уян хатан хөдөлгөөнтэй адил хэлбэрийн хөдөлгөөн үзүүлэх бөгөөд зарим онцлог, төвөгтэй үйлдлүүдийг роботоор гүйцэтгүүлэх боломжтой ажээ.
Kenkotsu загварын роботыг iRVision хэмээх дүрслэлийн мэдрэгчтэй хослуулан хэрэглэснээр хүний харах мэдрэмжтэй адил боломжуудыг роботод суулгаж чаджээ. Жишээлбэл бүтээгдэхүүний өнгө, хэлбэр, төрөл, байрлалыг ялган таньж чаддаг. Мөн миллиметрийг 100 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний нарийвчлалтайгаар хэмжилт хийх чадвартай юм. Эдгээр загварын роботуудыг өнгөрсөн оны хавраас худалдаалж эхэлсэн бөгөөд одоогоор дэлхий даяар 500 ширхэг худалдаалагдаад байна.
Дараах бичлэгээс Fanuc Kenkotsu робот жижиг хэмжээтэй бүтээгдэхүүнүүдийг өнгөөр ялгаж, савлах үйлдлийг өндөр хурдаар хэрхэн гүйцэтгэж байгааг харж болно.
Харин дараах бичлэгт Quattro загварын роботоор дурын чиглэлд дурын хурдаар хөдлөж буй эд ангийн нүхнүүдэд бүтээгдэхүүнийг байрлуулах, түүнээс гаргаж авах үйлдлийг хэрхэн гүйцэтгэж байгааг харуулжээ. Эд ангийг Wii тоглоомын удирдлагын тусламжтайгаар хөдөлгөж байгаа бөгөөд робот дүрслэлийн мэдрэгчээр дамжуулан түүний хөдөлгөөнийг мэдэрч үйлдлийг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэж байна.
Сүүлийн бичлэгт АВВ загварын робот туузан дамжуулга дээрээс бүтээгдэхүүнийг авч саванд байрлуулах үйлдлийг хэрхэн гүйцэтгэж байгааг харуулжээ. Мөн адил дүрслэлийн мэдрэгчийн тусламжтайгаар бүх бүтээгдэхүүн дээрх АВВ тэмдэглэгээг нэг чиглэлд харуулан байрлуулж байна.
эх сурвалж; diginfo & etc. Робот техник
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх