Цаг хугацаатай уралдаж хурдтай амьдрахыг шаардаж байгаа өнөө үед бие засах хугацааг илүү сонирхолтой зүйлд зарцуулж яагаад болохгүй гэж. 90-ээд оныхны сайн мэдэх тоглоом үйлдвэрлэгч Сега компани "Тоглоцгооё" хэмээх шинэ тоглоомоо Digital Signage Japan 2011 үзэсгэлэнд танилцуулсан байна. Энэ удаад үзэсгэлэнгийн танхимын 00-ын өрөөнд уг тоглоомыг бодитоор байрлуулсанаар үзэгчдийн талархлыг илүүтэй хүлээжээ. Эрчүүд 00-д орох үедээ ямар нэгэн байг онилох тохиолдол цөөнгүй гардаг. Шинэ тоглоомыг мөн адил байг онилох замаар, гэхдээ гар, хуруугаа оролцуулалгүйгээр шинэ, сонирхолтой хэлбэрээр тоглох боломжтойгоороо онцлог юм.
Тоглоомын систем нь шингэн кристталл дэлгэцээр тоноглогдсон бөгөөд хурдны мэдрэгчийн тусламжтайгаар шээсний урсгалын хурдыг хэмжиж тоглоомыг удирдах хэмжигдэхүүн болгодог байна. Эхлээд хүн ойртож байгааг хэт ягаан туяны мэдрэгчийн тусламжтайгаар мэдэрч дэлгэц тоглоомын эхлэлийн байрлалд шилжинэ. Дараа нь шээх үед богино долгионы хэлбэлзлийн тусламжтайгаар шээсний урсгалын хурдыг хэмжинэ. Уг хурднаас шээсний хэмжээг тодорхойлохын тулд япон хүний шээсний сүвний дундаж хэмжээг үндэслэдэг байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд шээсний жинг хэмжиж жагсаалт гаргах тоглоомыг танилцуулсан боловч өмнө нь шээсэн хүнтэй тэмцэлдэх илүү сонирхолтой хувилбарыг зохион бүтээхээр төлөвлөж байна. Тоглоомыг эхний ээлжинд баар, ресторан зэрэг үйлчилгээний газруудад худалдаалах ажээ. Мөн тоглоомын дэлгэц дээр JPEG формат бүхий мэдээллийг үзүүлэх боломжтой бөгөөд тухайлбал хуримын ёслол болж буй газрын 00-д гэрлэж буй хүмүүсийн зургийг байрлуулах зэргээр худалдан авагчдын хүссэн хэлбэрээр ашиглахад тохиромжтой юм. Тоглоомыг энэ оны 11-р сараас худалдаанд гаргах бөгөөд тоглоом нь 140 мянган иен, программ нь 10 мянган иений үнэтэй байхаар төлөвлөгдөж байна.
эх сурвалж; diginfo Технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх