Өнөөдөр буюу Хятадын коммунист намын 90 жилийн ойн өмнөх өдөр хурдан галт тэрэгний Бээжин Шанхай хотуудыг холбосон шугам ашиглалтад орж нийт 1318 км зайг 300км/ц хүртэлх хурдтайгаар 5 цаг хүрэхгүй хугацаанд туулах боломжтой болж байна. 2 жилийн өмнө Бээжин Тэнжин хотуудын хооронд анхны шугамыг ашиглалтад оруулж байсан бол 2020 он гэхэд хурдан галт тэрэгний замын нийт уртыг 15000 км-т хүргэхээр төлөвлөж байна. Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар хятад улс өөрийн бие даан хөгжүүлсэн хурдан галт тэрэгний технологи тус улсын хот хөдөөгийн ялгааг арилгаж эдийн засгийн өсөлтийг хангахаас гадна техник технологийн хөгжлийн түвшин хэр байгааг дэлхий нийтэд харуулсан үйл явдал болж байна. Мөн хурдан галт тэрэгний аюулгүй байдал шаардлагатай хэмжээнд хангагдсан хэмээн мэдээлж байгаа юм.
Гэвч энэ бүх мэдээллийн ар талд бодит байдал зарим талаар өөр байгаа бололтой. Хятадын дотоодын нэгэн сонинд тус улсын төмөр замын мэргэжилтний яриаг үндэслэн мэдээлснээр Бээжин Шанхайг холбох CRH380B загвар нь японы хурдан галт тэрэгний хуулбар юм байна. Үнэн чанартаа Хятад улс хурдан галт тэрэгний технологийн туслалцааг анх япон болон герман улсуудаас авч байжээ. CRH380B загварыг хэдийгээр японы технологид суурилан өөрсдөө хөгжүүлсэн байж болох ч уг галт тэрэгний зүтгүүрийн хэсэг Япон улсын Хаятэ хурдан галт тэрэг (шинкансэн)-тэй туйлын төстэй байгаа тухай мэргэжилтнүүд онцолж байна. Хаятэ хурдан галт тэрэг 2002 оноос хойш Токио болон тус улсын зүүн хойд мужуудын хооронд явж байгаа юм. Тус хурдан галт тэрэгний дээд хурд хятадын CRH380B загвартай адил 300 км/ц боловч замын нөхцөл болон аюулгүйн үүднээс 270 км/ц-аас хэтрүүлдэггүй байна.
Хаятэ загвар нь японы Kawasaki heavy industries компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд тус компани өмнө нь хятдуудад хурдан галт тэрэгний технологийн туслалцаа үзүүлж байжээ. Хятадууд шинэ галт тэрэгний технологийн патентийг америкт бүртгүүлэхээр төлөвлөж байгаа нь ч хардлага төрүүлж байна. Харин Kawasaki heavy industries компани патентийн асуудал тодорхой болоогүй цагт ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэжээ. Мөн CRH380B загварын хурдан галт тэрэгний дээд хурдыг 350 км/ц хүргэхээр төлөвлөж байсан боловч энэ тохиолдолд аюулгүй шаардлага бүрэн хангагдахгүй гэж үзсэн япон мэргэжилтнүүдийн анхааруулгых хүлээн авч 300 км/ц байлгахаар тогтсон байна.
Харин Тайваний хэвлэлд мэдээлж байгаагаар уг хурдан галт тэрэгний аюулгүй байдал шаардлагат хэмжээнд хүртэл хангагдаагүй байна. Үүнд төмөр замын аюулгүй байдлын төлөвлөлт болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалттай хийгдээгүй, зам дагуух хөрсний суултыг дутуу тооцсоноос үүдэн хөдөлгөөнд саад учрах зэргээр инженерийн байгууламжийн дутагдалтай асуудлууд цөөнгүй байгаа бололтой. Мөн захиалагч талын эрх бүхий хүмүүс авилгад автагдсан, гүйцэтгэгч байгууллага намын их хурлын өмнө дуусгахын тулд цаг хугацаанд хэтэрхий шахагдаж зарим шаардлагатай ажлыг ор нэрийн төдий хийсэн тухай гонконгийн сонин мэдээлж байна. Энэ оны эхээр хятадын төмөр замын сайд Лиу Зижин 123 сая долларын авилга авсан хэргээр албан тушаалаасаа бууж байсан билээ. Энэ хэрэгт хурдан галт тэрэгний ажил гүйцэтгэгч компаниуд ч мөн адил холбогдож байсан байна.
эх сурвалж; new-maskedrider Мэдээлэл, Технологи
ганцхан сэтгэгдэл:
http://g84.blogmn.net/41158/
миний зарим бичлэгийг сонирхож үзэхийг хүсий
Сэтгэгдэл үлдээх