Титанд амьдрал бий юу



Бичлэгийн эхэнд хэдэн зураг харцгаая. Жижиг голууд нэгдэн нийлж, нэгэн том гол болон нууранд цутгаж байна. Дараагийн зурагт олон арал бүхий томоохон нуур дүрслэгдэнэ. Эцэст нь тал газар, усны урсгалд элэгдсэн мэт бөөрөнхий чулуулгуудийг ажиглаж болно. Бидэнд танил мэт санагдах эдгээр дүр зураг бол дэлхийнх бус, түүнээс 1 тэрбум 270 сая км-ийн зайд орших Санчир гаригийн 62 дагуулын нэг Титаных юм. Титан дэлхийтэй тун ч төстэй гэдэг нь саяхнаас тодорхой болоод байна. Мөн тэнд амьдралын ямар нэгэн хэлбэр оршин байх магадлал өндөр байгаа юм.

1997 оны 10-р сард НАСА Кассини хэмээх станцыг хөөргөжээ. Тус станцын зорилго Санчир гариг болон түүний дагуулуудыг нарийвчлан судлах явдал байв. 7 жилийн аялалын дараа Кассини Титанд хүрч 16 км-ийн өндрөөс, мөн Хагенс буугч төхөөрөмжийн тусламжтайгаар авсан гайхалтай зургуудийг дэлхий рүү илгээсээр байна. Зургууд Титаны гүн агаар мандалын доорхи гадаргын янз бүрийн хэлбэр, хэдэн зуугаар тоологдох нуур, түүнд цутгах голууд, арлуудыг дүрсэлжээ. Зургуудаас гадна агаар зүсэх мэт дуу чимээг илгээсэн нь Титан өтгөн агаар мандалаар бүрхэгдсэнийг илтгэнэ.

Агаар мандал нь гол мөрөн, нуур далай гэх мэт ус шингэн төлөвт оршин байх үндсэн нөхцөлүүдийн нэг бөгөөд хэрэв агааргүй бол ус ууршин алга болно. Гэхдээ Титанд ус бус метан шингэн төлөвт оршдог. Энэ нь бид байгалийн хийг шингэрүүлсэн хэлбэрт оруулан тээвэрлэж, хадгалдагтай төстэй бөгөөд агаарын -180 хэм бүхий Титаны нөхцөлд метан шингэн төлөвт байна. Титаны агаар мандлын 98 хувийг азот, 2 хувийг метан эзлэнэ. Харин хүчилтөрөгч байхгүй. Хүчилтөрөгчгүй нөхцөлд амьдрал оршин байж болох уу?

Соутвест судалгааны төвийн проффессор Хантер Вэйц Кассинигийн илгээсэн мэдээлэлд шинжилгээ хийснээр Титаны агаар мандалд бензол, ацетилин зэрэг хэд хэдэн төрлийн органик бодис байгааг илрүүлжээ. Нүүрстөрөгчийн нэг атомт энгийн органик бодис бус, бусад нарийн нийлмэл бүтэцтэй органик бодисууд ч бас илрэв. Агаар мандалд байх азот, метан зэрэг бодисууд хэт ягаан туяаны энергийн үйлчлэлээр задарч, эргэн нэгдэхдээ органик бодисуудыг үүсгэдэг байна. Титаны агаар мандалд маш идэвхтэй химийн урвал явагдаж байгаа нь тодорхой болсон бөгөөд нарны аймаг дахь хамгийн том органик бодисын үйлдвэр гэж нэрлэсэн ч буруудахгүй юм.

Колорадо их сургуулийн Сара Хорст Кассинигийн мэдээлэлд тулгуурлан Титаны агаар мандалыг лабораторын нөхцөлд бий болгож туршихад хэт ягаан туяаны үйлчлэлээр нүүрстөрөгч, азот, устөрөгчийн тус бүр 5 атом бүхий химийн нэгдэл үүсчээ. Энэ нь генийн мэдээлэл дамжуулагч ДНХ-ийн бүтцэд орох аденийн молекулын бүтэц юм. Мөн цитозин, гуанин, тиминг ч мөн адил туршилтаар үүсгэсэн байна. ДНХ-ийн үндсэн бүтцэд орох бодисууд Титаны агаар мандалд тун хялбар үүсэх боломжтой ажээ. Гэхдээ амьдрал үүсгэхийн тулд тэдгээр нь газарт буух шаардлагатай.

Өнгөрөгч оны 6 сард Кассини Титаны өмнөд туйл орчимд өвөрмөц хэлбэртэй дүрсийг илрүүлсэн нь метаны үүл байв. Энэ нь амьдрал үүсэхэд шаардагдах нэгэн чухал нөхцөл юм. Титаны эргэлтийн тэнхлэг 26 хэмээр налсан байдаг. Санчир гаригийн хамт нарыг 30 жилд нэг удаа тойрно. Тойргийн тодорхой хэсэгт агаар мандал халж зун болно. Үүний улмаас дээш доош шилжих агаар мандлын урсгал үүснэ. Ууршсан метан агаар мандлын урсгалаар тээгдэн өмнөд туйл руу шилжин үүл болон тогтоно. Улмаар хөрч, бороо болон газарт бууна. Титаны татах хүч дэлхийтэй харьцуулахад 7 дахин бага учир бороон дуслууд цасан ширхэг мэт алгуур бууна.  


Тэдгээртэй хамт агаар мандалд орших органик бодисууд их хэмжээгээр газарт унана. Зунд жижиг нуурууд уурших үед органик бодисууд дахин урвалд орж нэгдэнэ. Нууруудын усны хэмжээ ихэсч багасах нь химийн урвалыг идэвхжүүлж, амьдрал үүсэх чухал нөхцөл болох бөгөөд манай дэлхийд ч мөн адил хамаарагдана. Өөрөөр хэлбэл энэ үзэгдлийг нарны аймаг дотроо зөвхөн дэлхий, Титан хоёрт л ажиглах боломжтой юм. Бид амьдрал үүсэх үндсэн нөхцөлийг усны шингэн төлөв гэж ойлгож ирсэн. Одноосоо янз бүрийн зайд алслагдсан гаригуудад янз бүрийн бодисууд шингэн төлөвт оршдог.

Одны системд зөвхөн уснаас гадна хүчилтөрөгч, метан мэтийн бусад бодисууд ч шингэн төлөвт орших бүс бий. Уснаас өөр бодисын шингэн төлөвт өөр хэлбэрийн амьдрал үүсэх боломжтой гэдгийг Титан бидэнд хэлж өгч байж ч магадгүй юм. Гэтэл ийм "өөр амьдралын хэлбэр"-ийг дэлхийгээс илрүүлсэн байна. Тринадад тобаго улсын нутагт орших байгалийн асфальтан нууранд 600 төрлийн микроорганизм амьдарч байв. Температурыг эс тооцвол энэ нуур Титаны метаны нууртай тун адилхан. Асфальт нь метаны адил нүүрстөрөгч болон устөрөгчөөс бүрддэг. Тэдгээр микроорганизмууд усны оронд асфальтыг хоол тэжээл болгон хэрэглэдэг хэмээн таамаглагдаж байна. Метаныг тэжээлийн эх сурвалж болгон хэрэглэх амьдралын хэлбэр байж болно гэдэг нь тийм ч этгээд үзэл биш юм.

Иймдээ ч устөрөгчийг шингээж, ацетилинийг задлан энерги үүсгэх амьдралын хэлбэр Титанд байж магадгүй хэмээх таамаглал 2005 онд дэвшүүлэгджээ. Дашрамд дурдахад хүн болон дэлхийн амьдрал хүчилтөрөгчөөр амьсгалж, органик бодисуудыг задлан өөрсдийн биедээ шаагдагдах энергийг үүсгэдэг билээ.  Харин Титанд үнэхээр амьдрал бий юу. Энэ асуултын хариултыг мэдэхийн тулд Титанд хүрч, хангалттай хэмжээний дээжийг цуглуулж, дэлхийд эргэн ирэх сансарын станц бүтээгдэхийг л хүлээх шаардлагатай болж байна.

эх сурвалж, NHK

2 сэтгэгдэл:

хариулах...

Delhiid dalain yoroold zuvhun galt uuliin haluun sulifurtai usnii energeer tejeegddeg tendee jijig baktereer hoollodog jijig havchnuud baidag. Tas haranhuid hezee ch narnii gerel uzehgui ba asar ih daraltan dor tiim amitad himiin processiin energeer tejeegdej orshino geheer oor olon turliin amidraliin helberuud orshih bolomjtoi.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх