Автомашины хөгжлийн ирээдүйг автомат жолоодлогот машинууд тодорхойлж байгаа боловч түүнд хүрэх замд зайлшгүй дамжин өнгөрөх шаардлагатай технологийн хөгжлийн үе шат бий. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй, байгальд үзүүлэх хорт нөлөө багатай эко автомашинаас гадна үйлдвэрлэгчдийг ширүүн өрсөлдөөнд оруулж байгаа чиглэл буюу жолоодлогыг дэмжих технологи юм. Үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл аюлгүйн дэр, мөргөлдөлтийн үед жолооч болон зорчигчдыг хамгаалах их бие зэрэг аюулгүйн технологид анхаарч ирснээр автомашин жолоодох үед тохиолдох ослоос үүдэлтэй үхлийн тоог ихээхэн хэмжээгээр бууруулжээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд зөвхөн Ниссан компаний судалгааг жишээ болгон авч үзэхэд тус компаний автомашинд хамаарах үхлийн тоо сүүлийн 15 жилийн хугацаанд 2 дахин буурсан байна. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд адил төрлийн арга хэмжээ хүссэн үр дүнг үзүүлэхгүй байдалд хүрэв. Учир нь үхэлд хүргэх ослын 93% нь жолоочийн жолоодлогын алдаанаас үүдэж байна. Эдгээр нь жолоодлогыг дэмжих системийн хөгжүүлэлтийг шаардаж байгаа юм. Мөн хөгжингүй орнуудад наслалт уртасч, ахмад насны жолоочын тоо эрс нэмэгдэж байгаа нь өөр нэгэн нөхцөл болж байна.
Тоёота, Форд, Ниссан компаниуд саадыг тойрох технологи боловсруулж байна. Автомашин жолоодох үед хүүхэд болон явган зорчигчид зам дээр гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Мөн уулын замд ан амьтан, чулуу унах зэргээр гэнэтийн саад тохиолддог. Форд компанийн мөргөлдөлтөөс зайлсхийх систем камер болон хэт авианы төхөөрөмжөөр тоноглогдож, саадыг тойрох буюу хүлээх үйлдэл хийнэ. Тоёота, Ниссаний систем нь гэнэтийн саадыг хэт ягаан туяагаар мэдэрч, тоормос болон жолоог автоматаар удирдах замаар саадыг тойрох үйлдэл хийнэ. Гэхдээ эсрэг урсгалаас ирэх хөдөлгөөнийг давхар хянаж, мөргөлдөлтөөс зайлсхийх бөгөөд саад тойрох үйлдэл хийгдсэний дараа автомашиныг шууд үндсэн эгнээнд шилжүүлэх үйлдэл хийгддэг байна.
Шинэ болон эмэгтэй жолоочийн хувьд машиныг зогсоолд тавих үйлдэл төвөгтэй байдаг. Тэгвэл Хонда компани машиныг зогсоолд автоматаар тавих системийг танилцуулав. Энэ систем зогсоолд байрлах ажиглалтын камерийн тусламжтайгаар сул зогсоолыг тодорхойлж, автомашины хойд талд байрлах камерийн тусламжтайгаар үйлдлийг аюулгүйгээр гүйцэтгэнэ. Мөн хэд хэдэн машиныг үр ашигтайгаар нэгэн зэрэг тавих үйлдэл хийх боломжтой. Ийм системийг томоохон худалдааны төвүүдэд ашиглахад тохиромжтой бөгөөд үйлчлүүлэгч дэлгүүрийн үүдэнд автомашинаа орхиж, зогсоолд тавих үйлдэл автоматаар хийгдэх юм.
Жолоодлогыг дэмжих системүүд нь одоогоор концепт түвшинд байгаа бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ ийм системийн анхдагч нь өнгөрөгч оноос автомашинд суурилуулагдаж эхлээд байна. Дайхацу компанийн "Ухаалаг дэмжлэгийн систем" радарын тусламжтайгаар өмнөх саадыг мэдэрч, автоматаар тоормозлох үйлдэл хийгдэн мөргөлдөх аюулаас зайлсхийнэ. 500 долларын үнэтэй уг системийг одоогоор Мүүв (Move) загварт сонголт хэлбэрээр суурилуулах боломжтой бөгөөд нийт худалдан авагчдын 80% нь шинээр худалдан авч буй машиндаа суурилуулж байна.
Жолоодлогыг дэмжих систем нь зөвхөн осол аваараас сэргийлээд зогсохгүй автозамын түгжрэлийг багасгах зорилгод ашиглагдах төлөвтэй байна. Хурдны зэрэг шулуун замын хөдөлгөөний түгжрэл уруудах замаас өгсүүр замд шилжих үед автомашины хурдыг эрс багасгах тохиолдолд ихэвчлэн үүсдэг. Энэ үед хурд сааж, зогссон машины арын машин бүр адилхан түр зогсох үйлдэл хийх шаардлагатай учир түгжрэл үүсдэг. Тэгвэл машинуудын хооронд хурдны мэдээллийг түгээх замаар өмнөх машинтай адил хурдаа ихэсгэж, багасган түр зогсолт буюу түүнээс шалтгаалах түгжрэлээс зайлсхийж болохыг Японы Нагоя их сургууль болон Форд компаний судлаачид тус тус туршилтаар нотлоод байна.
эх сурвалж, NHK болон бусад Автомашин, Видео
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх