Сансарын аялал удаан хугацааны туршид мөрөөдлөөс хэтрээгүй юм. Гэвч тэр мөрөөдлийг бодит байдал болгохын тулд 2 эрдэмтэн оюун ухаанаа хурцалж, түүхэнд дурсагдах өрсөлдөөнд татагдан оржээ. Сергей Королев бол Зөвлөлтийн сансар судлалын хөгжлийн төлөө засан хүмүүжүүлэх газраас суллагдсан хүн. Түүний өрсөлдөгч Вернер Вон Браун сансарын анхдагчдын нэг боловч нацист намын гишүүн байсан хүн. Тэрээр мөр даган мөшгөх мэт Зөвлөлтийг нэхэж, хиймэл дагуул тойрог замд оруулав (өмнөх хэсгийг энд дарж уншина уу). 2 суутны дараагийн зорилго нэгнээсээ өрсөн сансарт хүн нисгэх явдал байх болно.
3. Сансарт түрүүлэн хүн нисгэх өрсөлдөөн
"30 орчим настай, 170 см-ээс ихгүй өндөр, 70 кг-аас бага жинтэй, хамгийн чухал нь сайхан инээмсэглэдэг эрэгтэй хүн байх ёстой." Сүүлийнх нь хошигнол байсан боловч сансарын анхны нисгэгчид тавигдах шаардлагыг 1959 онд Королев ийнхүү тодорхойлов. Зөвлөлт улсын өнцөг булан бүрээс шаардлагад нийцэх хүмүүсийг шалгаруулж, маш хүнд хэцүү нөхцөлд бие махбод, сэтгэлзүйн шалгалт хийжээ. Шалгаруулалтын үед хэт өндөр даралт, температурын нөхцөлд тэсвэр алдаж, амиа алдахаас наахна бууж өгөх хүн ч гарч байв. Эцэст нь 6 хүн шигшигдэн үлдсэн байна. Америкаас хол тасарсан Королевийн Р7 пуужин цөмийн зэвсэг тээврлэн тив алгасан нисэх боломжтой болсон байв. Түүгээр сансарт хүнийг ч нисгэж чадна. Хүйтэн дайны үеийн сансарын өрсөлдөөн капиталист, социалист нийгмийн хооронд үүссэн шинэ дайнд тооцогдож, Нью-Иорк таймс сонингийн нэрлэснээр "оршин тогтнох эсэхийг шийдэх" тулаан байв.
1959 оны 4 сарын 9-нд Зөвлөлттэй өрсөлдөх зорилгоор байгуулагдсан Америкийн Сансарын Агентлаг НАСА сансарын 7 нисгэгчийг олон нийтэд танилцуулав. Тэднээс нэг нь америкчуудын дундаас сансарт нисэх анхны хүнээр сонгогдох болно. "Та бүхний дунд сансараас эсэн мэнд эргэж ирнэ гэдэгт итгэх хүн байна уу" хэмээн хэвлэлийн бага хурлын төгсгөлд нэгэн сэтгүүлчийн тавьсан асуултад бүгд нэгэн зэрэг гар өргөн хариулжээ. 5 сарын 18-нд Флорида мужийн Кэйв Канаверал хошуунд америкийн анхны тив алгасах баллистик пуужин Атласын туршилтын өдөр ирэв. Сансарын 7 нисгэгч ч найдвар тээн туршилтыг өөрсдийн нүдээр ажиглаж байв. Гэвч пуужин агаарт дэлбэрч, "ашгүй дээ, гологдол бүтээгдэхүүн нэгээр цөөрлөө" хэмээн тэдний нэг хэлсэн байна. Үүгээр Америкийн Хуурай Газрын Цэргийн Хүчний Рэдстоун пуужингаас өөр сонголт НАСА-д үлдсэнгүй.
Вон Браун энэ үед уг пуужинд сансарын нисгэгчийг суулгах үед тохирох хэлбэрийг шийдэхээр агаарын эсэргүүцлийн туршилт хийж байв. Рэдстоун нь германы Ви 2 пуужингийн зураг төсөлд тулгуурласан шинэ загварын пуужин юм. Агаарын зохиомол урсгалын туршилтаар пуужингийн хурд дууны хурдад дөхөх тусам их биед хүчтэй чичирхийлэлт мэдрэгдэж байв. Чичирхийллийн хэмжээ 150 децибилд хүрч, сансарын нисгэгч амьд үлдэх нөхцөл үгүйг илтгэжээ. Үүнээс гадна сайжруулалт хийх шаардлагатай пуужингийн хэсгийн тоо 800-д хүрсэн байна. Хамгийн гол нь хүчний хувьд Королевийн Р7 пуужингаас 10 дахин бага байв. Энэ нь хүн нисгэхэд дөнгөн данган хүрэлцэх түвшин юм. Энэ мэтчилэн хүндрэлээс гадна өрсөлдөгчийх нь амжилт Вон Брауныг тулгамдахад хүргэж байв.
Америк, Зөвлөлт аль аль нь саранд нисгэгчгүй станц буулгахаар төлөвлөж байсан ч 1959 оны 9 сарын 14-нд Королевын Лунар 2 станц түрүүлэн хүрч, сансарын технологийн түүхэнд томоохон алхам хийжээ. Уг үйл явдлыг Хрушевийн Америкт хийсэн айлчлалтай цаг хугацааны хувьд зориуд тааруулсан байна. Хрушев "саран дээр газардахад Зөвлөлт түрүүлэв, харин зайдас үйлдвэрлэлтээр Америк түрүүллээ" хэмээн гайхуулжээ. Түүнээс хойш гурван долоо хоногийн дараа Королевын станц түүхэнд анх удаа сарны эсрэг талын зургийг авав. "Зөвлөлтчүүдийн энэ амжилт социализм капитализмаас илүү гэдгийн баталгаа боллоо" хэмээн мэдээлжээ. Удаа дараалан гарсан сансарын технологийн энэхүү ололт амжилтуудын цаана ямар хүн байгааг Вон Браун мэдэх боломжгүй байв. Учир нь түүний тухай бүхий л мэдээллийг улсын нууцад хамруулсан. Тэр ч байтугай Королевын шалгуурт тэнцсэн сансарын нисгэгчид 6 сарын сургуулилт хийсний дараа сая л түүнтэй уулзаж, танилцжээ.
1960 оны 6 сарын 18-нд сансарын нисгэгчийг суулгах Восток капсулыг тэдэнд үзүүлэв. Капсул дотор жолоодлогын ямар ч төхөөрөмж суурилуулахгүй, нислэг ихэнхдээ автоматаар хийгдэж, шаардлагатай удирдлагыг газраас хангана. Восток хөлгийн капсул дэлхийг 26000 км/ц хурдаар тойрно. Дэлхийд эргэн ирэхийн тулд жижиг оврын тийрэлтэт хөдөлгүүр ажиллаж, хурдыг сааснаар агаар мандалд орж ирэх ёстой. Мөн уг хөдөлгүүрийн ажиллагааг маш нарийн тохируулах шаардлагатай. Тийрэлтийн хүчийг яльгүй ихэсгэвэл хөлөг хэт их өнцөгөөр агаар мандалд орж, агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатна. Харин хүч бага бол дэлхийгээс холдож илүү өндөр тойрог замд шилжинэ. Ийм тохиолдолд хөлөг дэлхийд эргэн ирэх боломжгүй болж, дэлхийг мөнхөд тойрон эргэлдэх болно. Харин агаар мандалд тооцоолсон өнцөгөөр орж ирэх тохиолдолд шаталгүйгээр хурдаа сааж, газардах бэлтгэл хангагдана. Энэ үед капсулын гадаргын температур 6-аас 10 мянган хэмд хүрнэ. Энэ нь бараг нарны гадаргын температуртай адил хэмжээ юм.
Зөвлөлт улс сансарт хүн нисгэхээр бэлтгэж байгаа тухай тагнуулын мэдээлэл тэр дороо Америкт хүрчээ. Харин НАСА-гийн төлөвлөгөө бүтэн 1 жилээр хоцорч, инженерүүд шахалтад орсон байв. НАСА-гийн тэргүүн ажлын явцыг шалгахаар ирсэн боловч түүнийг тулгамдсан шинэ асуудал угтаж авчээ. Капсулын хэмжээ пуужинд залгагдах хэсэгтээ 1 см-ээр томдсон учир түүнийг зүлгэж, жижигрүүлж байв. Учир нь нарийн хэмжээг Вон Браунд урьдчилан өгөөгүйгээс шалтгаалжээ. Вон Браун капсулын дараагийн загварыг пуужинд урьдчилан тааруулж байж Кэйв Канаверал дахь НАСА-гийн үйлдвэрт илгээж байхыг шаардав. Энэ нь ихээхэн цаг хугацаа шаардана. Амжилтгүй болсон чичирхийллийн туршилтаас авахуулаад бүхий л хариуцлага Вон Браунд ирэх учир тэрээр аюулгүй байдалд ихээхэн анхаарч байв. Тэгвэл оросууд 11 сард сансарт хүн нисгэж магадгүй хэмээх Эф Би Ай-гийн мэдээлэл авсан НАСА цаг хугацаанд хавчигдаж, яарч байсан нь зөрчилдөхөд хүргэжээ. Тэгээд ч капсулыг НАСА, пуужинг Бойнгийн зураг төслөөр Вон Браун бүтээж, Вашингтоноос нэгдсэн удирдлагаар хангаж байгаа нөхцөлд ажлын уялдаа холбоог хангахад хүндрэлтэй байв.
Вон Браун НАСА-тай сөргөлдөж байх үед Королев мөн адил өөр нэгэн пуужингийн багтай санхүүжилтийн асуудлаар сөргөлдөж байв. Валентин Глушкогийн бүтээсэн хөдөлгүүр Зөвлөлтийн артиллерийн ерөнхий маршал, стратегийн пуужингийн судалгааны төслийн удирдагч Митрофан Неделиний санаанд нийцэж байв. Хэрэв хөдөлгүүр баллистик пуужин (missile)-д ашиглагдвал санхүүжилт түүнд төвлөрч, Королевын пуужин (rocket)-д төсөв хүрэлцэхгүй болно. Королев Глушко нарын харьцаа анхнаасаа сайн байгаагүй. Цагтаа Королевийг нууц цагдаад илчилж, 6 жил хоригдоход хүргэсэн хүн юм. Глушкогийн хөдөлгүүр асах хурд өндөр байдлаар сайн давуу боловч, түлш нь хүний биед ихээхэн хортой байв. Мөн Глушкогийн хөдөлгүүрийн туршилт амжилттай хийгдэж, Королевийн мөрөөдлийг үгүй хийхэд хүргэх аюул учрав. Иймд тэрээр Коммунист намын тэргүүлэгчдийг ухуулах зорилгоор сансарт амьд амьтан хөөргөж, эсэн мэнд буцаан ирүүлхээр шийджээ.
Сансарын нисгэгчдийг хөөргөх Восток капсулд Лисичка, Чайка хэмээх 2 нохойг суулган 1960 оны 7 сарын 28-нд хөөргөв. "Хэрэв туршилт амжилтгүй болвол дахиад барууныхны амьтны эрх хамгаалагчдын хэл амны бай болно шүү" хэмээн Неделиний хэлсэн үг тоглоом хийх, дорд үзэхийн алин болох нь мэдэгдэхгүй байв. Пуужинг хөөргөх явц тоогоор илэрхийлэгдэнэ. Хэрэв тоо 5-аас доош буувал аюултай нөхцөл байдал үүссэнийг илтгэнэ. Оператор 5-ын тоог үргэжлүүлэн хэлж байсан боловч, 4, 3 хэмээн багассаар 1 болж, нохдын дүрс дэлгэцнээс алга болжээ. Пуужин хөөрснөөс хойш 28 секундын дараа дэлбэрч, Лисичка Чайка хоёр эргэж ирэхээргүй болов. Королев сарын дараа дахин нохой хөөргөхөөр шийджээ. Белка Стрелка хоёр Р7 пуунжигаар хөөрч, тойрог замд орж, эсэн мэнд эргэн ирэв. Энэ мэдээ намын төв хорооныхонд хүчтэй ухуулга болсноос гадна Р7 пуужин, Восток хөлөг сансарт хүн нисгэж, эргэн ирүүлэх чадвартайг нотлон харуулав. Харин Хрушев найрамдлын бэлэгдэл болгон Стрелкагийн гөлгийг цагаанд ордонд илгээжээ.
Бэлэг хүлээн авсан ерөнхийлөгч Жон Кеннеди талархалаа илэрхийлэхийн хамт ялагдлаа хүлээн зөвшөөрч, "анх удаа сансарт аялсан амьтны нэр бол ямар нэгэн Роб, Файт бус зөвхөн Стрелка, Чайка юм" гэжээ. Тэр үед Америкчууд сансарт хүн нисгэхэд хараахан бэлэн болоогүй байв. 1960 оны 11 сарын 21-нд Вон Брауны төлөвлөсний дагуу Рэдстоун пуужинг хөөргөх туршилт хийхээр болжээ. Гэхдээ хоосон капсул угсарч хөөргөнө. Туршилтын зорилго сайжруулалт хийсэн эд ангиудыг шалгахад чиглэж, хэрэв амжилттай болвол хүн нисгэх хугацааг тодруулна. Хяналтын төвийн дэлгэцэнд пуужин утаа манан татуулан хөөрч харагдсан боловч ослын дохиолол ажиллажээ. Пуужингийн үзүүр хэсэг хөөрсөн боловч их бие хөөргөх тавцангаас дөнгөж 10 см хөндийрсөн байв. "Энэ удаагийн бүтэлгүй туршилтаар америкчуудын сансарт хүрэх мөрөөдөл талаар боллоо" хэмээн Нью-Иорк таймс сонин мэдээлсэн бол өөр нэгэн сонин "бид оросуудаас түрүүлэхгүй нь тодорхой болов" гэжээ.
1960 оны 10 сарын сүүлээр Королевийн сөргөлдөгч баг Глушкогийн хөдөлгүүрийг суурилуулсан зөвлөлтийн анхны тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг хийх гэж байв. Гэвч түлшний алдагдал гарч, хүний биед хортой нөхцөл байдал үүссэн ч ажилчдыг 72 цагийн турш үргэлжлүүлэн ажиллуулжээ. Пуужинг амжилттай хөөргөх тушаал Хрушевоос авсан Неделин хөөргөх тавцангийн дэргэдээс хормын төдий ч холдолгүйгээр засварын явцыг хянаж байв. Гэтэл цахилгаан хэлхээний гэмтлээс үүдэлтэй хуурмаг дохиолол илгээгдэж, пуужингийн 2-р шатны тийрэлтэт хөдөлгүүр гэнэт ажиллажээ. Дэлбэрэлтийн орчны температур 3000 хэмд хүрч, замын асфальт хайлснаас хөл тушигдсан олон хүн галын дөлөнд автсан байна. Хөөргөх тавцан дээр ажиллаж байсан хүмүүсийн бие лаа мэт хайлан урсав. Дэлбэрэлтээр Неделиний хамт 91 хүний амь үрэгджээ. Ийнхүү Зөвлөлтийн пуужингийн түүхэнд хамгийн том гарз хохирол учрав. "Неделиний сүйрэл" хэмээн нэрлэгдэх болсон энэхүү гамшгийн тухай бодит үнэн 30 жилийн дараа олон нийтэд тодорхой болжээ.
Америкчууд 1961 оны 4 сарын 12-нд сансарын нисгэгч Алан Шепардыг Рэдстоун хөлгөөр сансарт нисгэхээр төлөвлөв. Гэхдээ түүнээс 12 долоо хоногийн өмнө хийх туршилт амжилттай болсон нөхцөлд төлөвлөгөөний дагуу нислэг хийгдэнэ. 1 сарын 31-нд Вон Брауны мөрөөдлийн хамт 65 дугаарт шимпанзийн амь насыг Рэдстоун пуужинд даатган хөөргөв. Хэрэв шимпанзи 15 минутын нислэг амжилттай хийж, эсэн мэнд эргэж ирвэл түүнд албан ёсоор нэр өгөх болно. Үрэгдвэл 65 дугаартайгаа дуусна. Хөөргөх явцад пуужингийн чичиргээ хэтэрхий нэмэгдэж, сармагчин ухаан алдах түвшинд хүрчээ. Гэвч азаар пуужингийн үзүүр хэсэг автоматаар салж, 65 дугаар амьд үлдсэн байв. Ослын шалтгаан түлшний насос хэт ачаалал авч, пуужин төлөвлөснөөс илүү хурдалсанд байв. Вон Браун дахин туршилт явуулах уу, эсвэл шууд хүн нисгэх үү гэдгийг шийдэх ёстой болов. Хэдийгээр зөвлөлтөд ялагдах магадлалтай ч аюулгүй байдлын 100%-ийн баталгаатай байх үүднээс хөөргөх туршилтыг дахин явуулахаар шийджээ. Үүгээр Алан Шепардын нислэг өмнө төлөвлөсөн хугацаанаас 1 сараар хойшлох болно.
Яг тэр үед зөвлөлтчүүд сансарт хүн нисгэхэд сүүлчийн алхамаа хийх үлдээд байв. Тэр нь хэнийг сонгох вэ гэдэг асуудал юм. Түүхэн үүрэг гүйцэтгэх хүнийг Коммунист намын төв хороо шийднэ. Түүнээс өмнө нэр дэвшигдсэн 6 нисгэгч тус бүрийн сансарт нисэхийн өмнөх сэтгэгдлийг дүрс бичлэгт буулгав. Ухаалаг, толгой сайтай, хүмүүст таалагдах төрхтэй, эцэг нь мужаан буюу жинхэнэ хөдөлмөрчин хүний удам болох Гагарин анхны сансарын нисгэгчээр сонгогджээ. Хэдийгээр анхлан сансарт нисэх хүн шийдэгдсэн боловч пуужинд асуудал уул овоо мэт байв. Нохой суулган хөөргөсөн 2 удаагийн туршилт дараалан бүтэлгүйтсэн байна. Королевт илүү их цаг хугацаа хэрэгтэй байсан ч америкчууд гүйцэж түрүүлэхэд ойрхон байв. Вон Брауны 2 дахь туршилт амжилттай болж, хүн нисгэх бэлтгэлдээ оржээ. Гэвч Зөвлөлт нэг алхам түрүүлж, 1961 оны 4 сарын 12-нд нислэгт бэлэн болов. Королев сүүлийн үеийн бүтэлгүйтлээс үүдэн Гагарины амьд эргэн ирэх магадлал 5%-аас хэтрэхгүй гэж бодож байв. Өглөөний 9 цаг 6 минутад пуужин хөөрч, 3 минутын дараа үндсэн пуужингийн хөдөлгүүр асчээ. Хөөрснөөс хойш 5 минтуын дараа Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарыг өөрийн нүдээр харсан бол 9 минутын дараа хурд, хүндийн хүч мэдрэгдэхгүй болов.
Удалгүй нислэгийг удирдах төвийн хяналтын дэлгэцнээс Гагарины дүрс алга болж, долгион хүрэх хязгаараас гарсныг илтгэнэ. Хөөрснөөс хойш 30 минут хүрэхгүй хугацаанд Восток хөлөг дэлхийн сүүдэр талд оржээ. Удалгүй зөвлөлтчүүд түрүүлэн сансарт хүрснийг үл мэдэн нойрсох америкчуудын дээгүүр нисэн өнгөрөв. 1 цагийн дараа агаар мандалд орох өнцөгийн тооцооллыг дуусгажээ. Хэрэв агаар мандалд хэт их өнцөгөөр орвол Гагарин шатаж үхнэ. Хэт бага өнцөгөөр орвол дэлхийн мөнхийн дагуул болон хувирна. Эсрэг тийрэлт авах хөдөлгүүр (тормос) ажиллаж эхэлсэн боловч хөлгийн төхөөрөмжийн хэсэг капсулаас салсангүй. Капсул хүчтэй эргэлтэд орж, холбоо тасарсан тул хүлээхээс өөр сонголт Королевт байгаагүй юм. Агаар мандалд орох үед халалтаас үүдэн кабел тасарч, төхөөрөмжийн хэсэг салсан байв. Газрын гадаргаас 4500 м-ийн өндөрт Гагарин капсулаас аюулгүй зайд шидэгдэж, шүхэр амжилттай дэлгэгджээ. Гагарин дөнгөж 108 минут хугацаанд 40 мянган км зай туулж, хүн анх удаа дэлхийг тойров. Нөхөдтэйгээ амжилтын хундага тулгасан Королев хундагаа хага шидсэн байна. Бусад нь дууриахыг завдсан боловч нэг нь "Королевоос бусад нь болохгүй, эд анги хариуцагч толгой авна " хэмээн хөгжилдөцгөөжээ.
1961 оны 5 сарын 5-нд Гагарины нислэгээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Алан Шепард сансар нисэх өдөр ирэв. Гэвч цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн тэрээр капсулд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн хэвээр 5 цаг хүлээжээ. Шепардад бие засах шаардлага гарсан боловч бүхнийг дахин эхлэхэд хэтэрхий их цаг хугацаа орох тул анхны хүнийг сансарт төлөвлөсний дагуу нисгэх нь өмсгөлөө норгохоос илүү чухал зүйл байв. Нислэгийн үргэлжилсэн хугацаа дөнгөж 16 минут байсан ч Шепард 480 км зай туулж, жингүйдлийг 6 минутын турш мэдэрчээ. Энэ нь америкчууд сансарт хүн нисгэсэн хэмээн нотлоход хангалттай хугацаа байв. Гэвч хүйтэн дайны өрсөлдөөнд зөвлөлтчүүдийг ялахын тулд илүү тодорхой үр дүн гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад онд багтаж саранд хүрэх тухай зарлав. 1961 оны 8 сарын 17-нд, Шепардын нислэгээс хойш 3 сарын дараа зүүн Германы арми Берлиний ханыг барьж эхлэв. Өрнө дорнын сөргөлдөөн ширүүсч, цөмийн дайны аюул бодитоор заналхийлж эхэлжээ.
үргэлжилнэ ... Сансар судлал, Түүх
2 сэтгэгдэл:
сайхан нийтлэл байна.
orchin ueiin buh teknology dainii shuud ba shuud bus nuluun dor uussen gedeg bhaa
Сэтгэгдэл үлдээх