Багц мэдээ 1; Нууцлаг чулуу, Аварга пуужин, Хар нүх ...

Ангарагийн нууцлаг чулуу
Ангараг гаригийг судлаж буй Сониуч станцын дэргэд хэд хоногийн өмнө гэнэт гарч ирсэн нууцлаг чулуу эрдэмтдийг шилээ маажихад хүргэж байна. Тус станц цаг уурын тааламжтай нөхцөл бүрэлдэхийг хүлээж, сүүлийн сар илүү хугацаанд байрнаасаа хөдлөөгүй юм. Харин 1 сарын 8-нд авсан зурагт өмнө байгаагүй учир битүүлэг чулуу дүрслэгджээ. Марсын судалгааны багийн тэргүүн Стив Сквайрс чулууг Сониуч станцын ойролцоо унасан солирын цохилтын нөлөөгөөр шидэгдсэн байх хэмээн таамаглаж байна. Тэгвэл чулуу өмнө нь станцын дугуйнд хавчуулагдаж байгаад санамсаргүйгээр энэ байрлалд шилжсэн гэж зарим эрдэмтэд таамаглаж байна.


Ухаалаг хүүхэд төрүүлнэ
Эцэг эхчүүдэд хамгийн ухаалаг хүүхэд болох магадлалтай үр хөврөл сонгох боломж олгоход ойртож байгаа тухай Хятадын нэгэн байгууллага мэдээллээ. Шэнжэнд байрлах Бээжингийн Генийн Хүрээлэн генийн судалгааны цар хүрээгээр дэлхийд хамгийн томд тооцогддог. Тус хүрээлэн хүний математикийн авьяаст харгалзах генийн дарааллыг тогтоож, уг мэдээллээ веб хуудсанд байрлуулсан байна. Тус хүрээлэн мөн оюуны хамгийн өндөр үзүүлэлт (IQ)-эд хамаарах 2000 генийн дээжийн эхний багцыг ялгаад байна. Цаашид тэдгээрийг ердийн хүний гентэй харьцуулан онцлог ялгааг тогтоохоор төлөвлөжээ. Хэдэн жилийн өмнө Хятадын Хөгжлийн Банкнаас хөдөө аж ахуй, био-энерги зэрэг хэд хэдэн чиглэлийн судалгаанд зориулан тус байгууллагад 1.5 тэрбум долларын санхүүжилт өгч байжээ.


Спэйсшип 2 хөлгийн 3 дахь туршилт
Сансарын жуулчлалд зориулагдсан Спэйсшип 2 хөлгийн пуужингийн тийрэлтэт нислэгийн 3 дахь туршилт амжилттай болж нислэгийн өндөр өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Вайтрайт 2 тээвэрлэгч онгоцонд байрлуулсан камер Спэйсшип 2 хөлгийн тээврэлэгчээс салах болон тийрэлтэт хөдөлгүүр асч, хөөрөх үеийн бичлэгийг хийжээ. Туршилт энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж буй задгай сансарт хүрэх нислэгийн бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Энэ удаагийн туршилт зөвхөн амжилттай болоод зогссонгүй, 21 км өндөрт хөөрч өмнөх нислэгийн өндөр өмнөхөөс 600 м нэмэгджээ.


Тээвэрлэгч хөлөг 21 км өндөр гарах үед сансарын хөлгийг салгаж, түүний тийрэлтэт хөдөлгүүрийг асаасан байна. Сансарын хөлгийн хөдөлгүүрийг 20 секунд ажиллуулах үед хамгийн өндөр хурд буюу дууны хурднаас 1.4 дахин өндөр хурдад хүрчээ. Туршилтыг тус сансарын хөлгийн анхны загварыг зохион бүтээгч Барт Рютан сонирхжээ. Мөн Виржин Галактик компаний сансарын жуулчлалын нислэгт оролцох 250 мянган долларын үнэ бүхий билетийг Жастин Бибер зэрэг зарим нэр алдартан худалдаж аваад байна.


Хар нүх хийн үүлийг сорох гэж байна
Дэлхийгээс гурав дахин их масстай сансарын хийн үүл Сүүн замын Сажитерус Эй хэмээх хар нүхэнд сорогдож эхлэх гэж байгаа тухай Пенсилваны их сургуулийн одон орончид мэдээллээ. Жи 2 хэмээн нэрлэгдэх хийн үүлийг 2011 онд Германы эрдэмтэд нээж, 26 мянган гэрлийн жилийн зайд байх уг хар нүхэнд мөдхөн сорогдоно хэмээн таамаглаж байсан ч талаар болжээ. Тэгвэл энэ үйл явдал ирэх саруудад эхлэж, тухайн үед ялгарах рентген туяа хар нүх сансарын үүл сорох явц, улмаар галактикийн хувьсал хэрхэн явагддагийг нарийвчлан судлах боломж олгоно. Хар нүх ойр орчны материйг сорох үзэгдэл оршин байгаа галактиктын хувьсал, шинэ од үүсэх явцад нөлөөлдөг байна. Мөн хар нүх үл үзэгдэгч боловч материйг сорох үед рентген туяа ялгаруулдаг. Энэ нь бага зэрэг "харагдах" боломжийг бий болгодог. Энэ удаад уг хар нүхний ердийн үеийн гэрлийн үзүүлэлт 10000 дахин нэмэгдэнэ хэмээн найдаж байна.





НАСА хамгийн том пуужин бүтээнэ
НАСА түүхэнд байгаагүй аварга том хэмжээний сансарын пуужин бүтээхээр төлөвлөжээ. Энэ пуужингийн дэргэд Спэйс Шатлл, саранд хүрсэн Сатурн пуужин одой мэт санагдана. Гариг хоорондын жолоодлогот нислэгт зориулагдах Эс Эл Эс пуужингийн өндөр 117м, жин нь 3000 тонн байх бол, 150 тонн хүртэлх жинтэй ачаа буюу сансарын хөлгийг тойрог замд оруулах чадалтай байна. Мөн хөөргөх байгууламж нь дэлхийн хамгийн хүчирхэгт тооцогдоно. Төслийн ажил аль хэдийн эхлээд байгаа бөгөөд 2017 онд хийгдэх эхний нислэгээр Спэйс Шатллын хүрч байсан тойрог замын нам өндөрт 70 тонн жинтэй ачааг хүргэхээр төлөвлөжээ. Уг пуужин цаашид Ангарагт хүрэх сансарын жолоодлогт нислэгт ашиглагдана хэмээн таамаглаж байна.




эх сурвалж, mail online, gizmag

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх