Бодол санаагаараа "тоглоно"

Та ямар нэгэн биет зүйлийг бодол санаагаараа хөдөлгөх юмсан гэж мөрөөдөж байсан уу? Тэгвэл энэ мөрөөдлийнхөө багахан хэсгийг ч болов биелүүлэх боломжийг нэгэн шинэ тоглоом таньд олгож байна. Бидний мэдэх компьютерийн болон уламжлалт электрон тоглоомуудыг гар хурууныхаа хөдөлгөөнийг ашиглан удирддаг бол энэ шинэ тоглоомыг бодол санаагаараа удирддагаараа онцлогтой ажээ. Тоглоомыг удирдах хэлбэр нь өмнө мэдээлж байсан тэргэнцэр болон сармагчин робот гарыг удирдах судалгаануудтай төстэй юм.

Mindflex хэмээх энэ тоглоомын ажиллагааны зарчим нь үлээгч хошууны тусламжтайгаар бөмбөлгийг тодорхой зайд хөөргөж цагираг болон хоолойд гоол оруулдаг байна. Үүний тулд бөмбөлгийг хэвтээ чиглэлд тойрог хэлбэрээр, мөн босоо чиглэлд дээш доош хөдөлгөх шаардлагатай. Тоглоомын их биед байрлах товчлуурын тусламжтайгаар үлээгч хошууг гараар удирдан тойрог замын дагуу хөдөлгөдөг бол бөмбөлгийн босоо чиглэлийн хөдөлгөөнийг тоглогч өөрийн бодол санаагаараа удирддаг байна. Тоглогч бөмбөлөгт анхаарлаа төвлөрүүлэх үед бөмбөлөг дээш хөөрөх бөгөөд анхаарлаа сарниулах тохиолдолд эсрэгээрээ доошоо чиглэн хөдлөдөг байна.

Тоглогчийн духны хэсэгт мэдрэгч бүхий даруулгыг байрлуулах бөгөөд тэдгээр мэдрэгчүүд нь тархины дохиоллыг хүлээн авч хошуунаас үлээлгэх хийн хэмжээг тохируулах зарчимаар тоглоом удирдагддаг байна. Мэдрэгчүүд нь ямар нэгэн дохиолол ялгаруулах болон илгээдэггүй, зөвхөн тархинаас ялгарах дохиоллыг хүлээн авдаг ажээ. Тоглоомыг амжилттай тоглохын тулд толгойгоо жинхэнэ утгаар нь "ажиллуулах" шаардлагатай бөгөөд бөмбөлгийг илүү хурдан хөөргөхийг хүсвэл нүүрнийхээ ямар нэгэн булчинг хөдөлгөхгүй байх, бөмбөлгийн хөөрч байгааг дүрслэн бодох, бөмбөлгийг бодол санаагаараа өргөж хөөргөж байгаа хэмээн сэтгэх зэрэг нь эерэгээр нөлөөдөг байна.

Харин бөмбөлгийг буулгах үед биеэ суллах, гүн амьсгаа аваx, хэсэгхэн хугацаанд нүдээ аних, унтах тухай бодох зэрэг нь илүү үр дүнтэй гэнэ. Уг тоглоомыг тоглосноор анхаарлаа төвлөрүүлэх чадвараа нэмэгдүүлж, тархиа амраахад сайн нөлөөтэй ажээ. Тоглоомыг нийт 5 төрлөөр, 8-аас дээш насны, 4-8 хүртэл хүн хамтран тоглох боломжтой юм байна. Тус тоглоом нь Tokyo toy show 2010 үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос америкт, энэ оноос бусад улсуудад, 80 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.


Шинээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болгоныг эвдэж, задлаж, эсвэл янз бүрээр өөрчилөх сонирхолтой гар нь загатнасан хүмүүс цөөнгүй байдаг. Дээрх тоглоомыг мөн адил хэдэн нөхдүүд хаакдаад амжжээ. Энэ удаад мэдрэгч бүхий даруулгыг бугуйвч хэлбэрийн төхөөрөмжтэй холбосон байна. Энэ яг яадаг эд вэ хэмээн сонирхох хүсэл төрж байна уу, тэгвэл өөр дээрээ туршиж үзээд хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь та анхаарлаа төвлөрүүлсэний хариуд тогонд цохиулох болно. Дараах видеог сонирхоно уу.




эх үүсвэр; mindflexgame

,

ганцхан сэтгэгдэл:

Дөхөөд л байна даа кинон дээр гардаг шиг зүйлүүд

хариулах...

Сэтгэгдэл үлдээх