Showing posts with label Эрүүл амьдрал. Show all posts
Showing posts with label Эрүүл амьдрал. Show all posts

Фэнгшүйн үнэн учир

Шинэ ажилд томилогдсон эмэгтэй А түрээсийн байр хөлслөн ганцаар амьдрах болжээ. Гэвч 2 сарын дараагаас ханиад хүрч, тодорхой шалтгаангүйгээр бие нь сульдах болов. Эмчид үзүүлвэл цагаан хэрэгслийн хачиг болон гэрийн тоосонцроос үүдэлтэй харшил хэмээн оношилжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийсэн боловч бие нь сайжирсангүй. Хэдэн сарын дараа амьсгалын дутагдалд орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээгээр хөгцнөөс үүдэлтэй уушигний үрэвсэл туссан байв. Эмнэлэгт хэвтэж байгаа А-г эргэж ирсэн ээж нь өрөөнийх нь зохион байгуулалт муугаас болсон юм бишүү гэжээ. Эмчилгээ дуусч гэртээ эргэж ирсэн А-д долоо хоногийн дараагаас өвчний шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ. Ээжийнхээ ярьсныг санаж, олж уншсан номонд хэрэв өрөөнийх нь хаалга, цонх нь нэг шулуунд байрладаг бол ажилдаа амжилт гаргахгүй, биедээ өвчин олох нь амархан байна гэсэн байв. А номын зөвлөгөөний дагуу өрөөний голд зөөврийн хана, хаалганыхаа ойролцоо улаан өнгийн чимэглэл тус тус байрлуулав. 1 сарын дараа өвчний шинж тэмдэг үгүй болж, бие нь бүрэн илааршсан байв.

Зүүн хойд зүг чөтгөрийн зүг тул хаалгыг тэр зүгт харуулан байрлуулж болохгүй. Урд талдаа цөөрөмтэй айлын гэрт мөнгө хуралдана. Үүдний ойролцоо толь тавибал муу зүйл гэрт орж ирэхгүй. Эдгээр нь 10-р зууны үед зүүн өмнөд хятадын нутагт үүссэн хий усны ухаан буюу фэнгшүйн ухаан юм. Фэнгшүй нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон баруун зүгээс ирэх дэлхийн энерги буюу хийн урсгал хүнд хэрхэн нөлөөлөхийг судлаж, түүнийг амьдрал ахуйдаа чадварлаг ашиглах, хүний аж амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн сургааль гэгдсээр иржээ. Фэнгшүйд хийн урсгалыг луугаар төлөөлүүлж ойлгодог. Хэрэв өрөөний зохион байгуулалтыг луугийн урсгалд тохируулан хийвэл түүний дагуулж ирэх сайн хийг хурааснаар аз жаргалтай амьдрана хэмээн сургадаг. Фэнгшүйн сургааль хүчтэй түгсэн Гонконгийн ихэнх орон сууцны барилгыг фэнгшүйн ухааныг баримтлан барьсан байдаг. Тухайлбал Гонконг Шанхай банкний барилгын 1-р давхарыг бүхэлд нь нийтийн зориулалттай зам болгон чөлөөлж шалыг аажим шилжих налуу бүхий давалгаа мэт хэлбэртэй хийжээ. Энэ нь луугийн урсгалд тохируулсан сайн хийг тогтоох хэлбэр юм. Харин жишээнд дурдаж буй А-ийн өвчин үнэхээр фэнгшүйн ачаар эдгэв үү?

Барилга байгууламжид үзүүлэх салхины нөлөөллийг судлаж буй профессор Дэгүчи А-гийн өвчний шалтгааныг дулаан уур амьсгалтай орнуудын сууцнуудад асуудал үүсгэж буй конденсациас үүдэлтэй хэмээн дүгнэж байна. Энэ нь агаар дахь усны уур буюу чийг хөрч, ус болон конденсацлагдах үзэгдэл юм. Конденсаци ихэвчлэн гал тогоо, угаалын өрөөнд явагддаг боловч усны уур металаас бусад бүх төрлийн материалд шингэх тул тавилгын ар тал, шүүгээний дото хана, булан зэрэг нүдэнд хялбар үл харагдах газруудад үүсдэг. Түүнд агаар дахь тоосонцор наалдах үед тоосонцрыг тэжээл болгон хэрэглэх хөгц үржих нөхцөл бүрддэг. Хөгц нь агаарт тархаж хүний биед харшил үүсгэнэ. Хөгцний харшлаас үүдэн хүний биед бронхит, дерматит зэрэг өвчин үүснэ. Харин харшлаас сэргийлэхийн тулд өрөөнд тогтмол салхилуулга хийж, хэт чийгшил үүсгэхгүй байх нь чухал.

А-гийн хувьд салхилуулга, цэвэрлэгээг тогтмол хийж байсан боловч эхний үед биеийн байдалд нь тодорхой нөлөө үзүүлээгүй. Иймд судлаачид хаалга, цонхны хооронд байрлуулсан зөөврийн хананы нөлөөллийг судлажээ. Нэг шулуунд байрлах өрөөны загварт агаарын урсгалын туршилт хийж үзэхэд хаалга цонхны хооронд агаарын шулуун урсгал явагдах боловч өрөөний булангуудын орчим дахь агаар хангалттай хөдөлгөөнд орохгүй байв. Энэ нь хаалга цонх нэг шулуунд байрлах үед хичнээн сайн салхилуулга хийсэн ч А-гийн ор байрлах өрөөний булан хангалттай агаар солилцоо явагдахгүй байсныг харуулна. Иймд ор орчмын хананы конденсаци буюу харшлын шалтгаан болсон хөгц мөөгөнцөр арилах нөхцөлгүй байв. Тэгвэл өрөөний агаарын бүх хэсгийг салхины урсгалд хамруулахын тулд хаалга болон цонхыг өрөөний эсрэг талын булангууд орчимд буюу диагонал шугамд байрлуулах нь оновчтой болохыг туршилтаар тодорхойлов. Нэгэнт баригдсан, өөрчлөх боломжгүй нөхцөлд зөөврийн хана буюу тавилга байрлуулах нь тохиромжтой ажээ. Сүүлд А-гийн өрөөний голд байрлуулсан хана агаар солилцоог сайжруулж, харшлын үндсийг арилгаж чадсан нь фэнгшүйн сургаальтай нийцэж байв.

Фэнгшүй үүссэн нутгын газарзүй, цаг агаарын нөхцлийг судлаж үзвэл түүний мөн чанарыг зарим талаар тодорхойлох боломжтой юм. Өвлийн цагт тухайн газар нутагт салхи голчлон зүүн хойд зүгээс салхилж байдаг. Уг салхи шар мөрний сав газраас хийссэн их хэмжээний элс, тоосонцорыг зөөвөрлөн ирнэ. Хэрэв гэрийн хаалга зүүн хойд зүгрүү харсан байвал гэр дотор элс орж ирж бохирдуулах, амьсгалын замаар дамжин хүний биед нөлөөлөх нь тодорхой юм. Фэнгшүй нь анх үүсэхдээ цаг агаар, салхи, уур амьсгалын онцлог нөлөөллөөс хүний бие, эрүүл мэндийг хамгаалах удаан хугацааны ажиглалт буюу амьдралын туршлага, байр орон сууцыг урт хугацаанд хамгаалж ашиглах арга ухаанаас бүрдсэн сургааль байв. Гэвч үе удам дамжин бусад бүс нутагт тархахдаа шашинлаг хэв шинжийг агуулах болжээ. Хаалга болон цонхонд тодорхой өнгийн эд зүйл байрлуулах зэрэг нь үүнд хамаарна. Фэнгшүйд дөрвөн зүгийг тодорхой өнгө бүхий амьтнаар төлөөлүүлдэг. Хэрэв хаалга зүүн хойш харсан бол баруун зүгийг илтгэх луу болон хөх өнгийн зүйл тавьж, хаалга зүүн хойш бус баруун тийш харсан хэмээн засна. Зүг чигт төлөөлөх зүйлсийг хүчээр холбож, хийн урсгалыг өөрчлөх зэрэг нь шашинлаг ойлголтууд учир шинжлэх ухаанаар нотлох ямар нэгэн үндэслэл үгүй юм.


Дашрамд дурдахад мэдээлэлд дурдагдсан жишээ дулаан чийглэг уур амьсгалтай нутагт хамаарах тул манай нөхцөлд нийцэхгүй байж болох талтайг анхаарна уу. Хүйтэн хуурай уур амьсгалтай монголын нөхцөлд байр сууцанд төдийлөн конденсаци явагддаггүй, агааржуулалтыг хаалга цонх онгойлгох бус зориулалтын агаар сэлгэлтийн системээр хийдэг. Мөн хөгц мөөгөнцрөөс үүдэлтэй харшлийн өвчлөлийн тухай мэдээлэл анхаарал татахуйц хэмжээнд гардаггүй.

эх сурвалж; Nippon TV

Хорт хүнс - хэрэглэх үү, эс хэрэглэх үү

Сүүлийн үед олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн зохистой хэрэглээний тухай цөөнгүй мэдээллүүд гарах болов. Мөн нийгмийн сүлжээ, интернетээр дамжин үнэн худал нь үл мэдэгдэх элдэв хортой хүнсний тухай мэдээлэл, цуурхал  тархаж, олон хүнд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хүнсний түүхий эдэд эрүүл ахуйн шаардлага, хортон шавьж устгах химийн бодисын хэрэглээ зэрэг асуудал голчлон анхаарал татдаг байсан бол өнөөдөр цоо шинэ аюул эрсдэлүүдийн тухай ярих болов. Үүнд бидний өдөр тутам хэрэглэж буй голлох хүнсний түүхий эдүүд ч хамаарч, зарим төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт буурч байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюул эрсдлийн талаархи бүрэн бус, тодорхойгүй мэдээлэл тархах явдал элбэг байгаа нь хэрэглэгчдэд илүү эмзэг хүлээж авах, болгоомжлол үүсгэхэд хүргэж байна. Тухайлбал махыг өндөр хэмд халаах, утах боловсруулалт хийх үед үүсэх бодис хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүнд тулгуурлан хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх магадлалтай талаар өнгөрөгч оны 11-р сард ДЭМБ-аас мэдээлсэн. Гэвч өдөр тутмын хиаман төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 14 грамаас их байгаа тохиолдолд эрсдэл үүсгэж байгаа гэсэн судалгааны үр дүн мэдээллүүдэд тэр болгон дурдагдаагүйгээс хэрэглэх хэмжээнээс үл хамааран "хиам л бол хортой" гэсэн ойлголтыг олон хэрэглэгчид төрүүлж байна. Тэгвэл япончуудын дундаж хэрэглээний нөхцөлд эрсдлийн хэмжээ өчүүхэн бага тухай тус улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагын дүгнэлт гарчээ.

Мөн эрсдлийн түвшин хооллох соёл, хүнсний голлох түүхий эдийн төрлөөр эрс ялгаатай улс орон бүрт адил байх эсэх нь анхаарал татаж байна. Америкийн Хүнс Эмийн байгууллага (FDA) маргарин төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах ханаагүй тосны хүчил (trans-unsaturated fatty acids) зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэн, хэрэглээг 3 жилийн дараагаас бүрэн хориглох тухай зарласан билээ. Тус байгууллага хүний өдөр тутмын хоол хүнснээс авах энергийн 1%-иас илүүгүйг ханаагүй тосны хүчлээс авах нь зохимжтой хэмээн тооцжээ. Түргэн хоол болон махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй АНУ-д ханаагүй тосны хүчлээс авах энергийн хэмжээ 2.6% байгаа бол японд энэ үзүүлэлт дөнгөж 0.3% байна.

Цагаан будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх тохиолдолд түүнд агуулагдах хүнцэл (arsenic)-ийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө эрс нэмэгдэнэ хэмээн Шведийн Хүнсний Байгууллага саяхан зарлав. Европын холбоо цагаан будааны хэрэглээний зохистой хэмжээг энэ онд багтаан тогтоохоор төлөвлөж байна. Швед улсын хувьд ази гаралтай цагаач иргэдийн тооны өсөлттэй хамт цагаан будааны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд шинэ эрсдэл үүсгэхээс сэргийлэхэд хүргэжээ. Нөгөө талаас эрсдэлийг Хятад, Бангладеш зэрэг орны ундны усанд агуулагдах хүнцлийн нөлөөлөлд хийсэн судалгаанд тулгуурлан тооцоолсон байна.

Тэгвэл олон зууны туршид цагаан будааг голлон хүнсэндээ хэрэглэсээр ирсэн япончуудын хувьд түүнээс үүдэн хүний эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөөллийн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүйгээр барахгүй урт наслалтаар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгт тооцогдож байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах хорт бодис, тэдгээрийн хоруу чанарын тухай мэдээлэл олноор гарах болсон нь энэ төрлийн эрсдэл огцом нэмэгдсэнээс бус шинжилгээний технологи эрс сайжирч байгаатай холбоотой юм. Үүний нөлөөгөөр хүмүүсийн олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн хүнсний голлох бүтээгдэхүүн "хортой болон хувирч" байна. Үнэн чанартаа зарим төрлийн хүнсний ногоо, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн бидний ойлгож ахиухан хэрэглэж ирсэн түүхий эдүүд ч тодорхой хэмжээгээр хорт бодисуудыг агуулдаг. Хэрэв хорт бодис, аюул эрсдлийн тухай мэдээлэл бүрийг эмзэглэн хүлээж аваад байвал бидэнд хоол хүнсэндээ итгэж хэрэглэх зүйл олдохгүй болох нь мэдээжийн хэрэг юм.
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын эрсдэлийг эрс бууруулахын тулд хоёрхон хүчин зүйлийг анхаарахад хангалттай ажээ. Үүнд тухайн бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээ болон агуулагдах бодсын хоруу чанар юм. Эрсдэл үзүүлэх магадлал бүхий бодисын агууламж хэдий бага байлаа ч тухайн бүтээгдэхүүнийг тогтмол буюу их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Нөгөө талаас эрсдэл ихтэй ч хэрэглээ бага тохиолдолд сөрөг нөлөөлөл эрс багасдаг. Ийнхүү хүнсний аливаа бүтээгдэхүүний сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглээний тохиромжтой хэмжээг сонгох хамгийн зөв арга нь бүтээгдэхүүний төрлүүдийн харьцааг зөв барих буюу зохистой хооллож хэвших явдал юм.

Нөгөө талаас хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд учрах эрсдлүүдийг зөв үнэлж сурах нь чухал юм. Хэрэглэгчдийн хувьд хүнсэнд агуулагдах хорт бодис, хүнсний нэмэлт бодисын агууламж, шавьж устгах зориулалт бүхий химийн бодисын хэрэглээ хамгийн их анхаарал татдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч бодит байдалд эдгээрийн нөлөө маш бага бөгөөд эрсдлийн түвшингээр 1-рт хэт их хэмжээний хоол идэж хэвших, 2-рт согтууруулах ундааны хэт их хэрэглээ 3-рт бактери буюу хоолны хордлого тэргүүлж байна. Голландын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;
1. Хоол, xүнсний зохисгүй хэрэглээ, Xөдөлгөөний дутагдал. 
2. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ + загас, xүнсний ногооны дутагдал + согтуурлах ундааны хэт их хэрэглээ.
3. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ, Агаар дахь тоосонцор, Томуу
4. Бактерээс үүдэлтэй хоол боловсруулах эрхтэний үрэвсэл.

Хүнсэнд агуулагдах хорт бодисын тухай мэдээллээс гадна бидний амьдралын хэвшилээс үүдэн хооллох дэгийг өөрчлөх төрөл бүрийн зөвлөмж, аргачлалууд гарч байна. Өвчинг хялбар эдгээх, гоо сайхнаа хадгалах, турах зорилгоор зөвхөн нэг буюу хэдэн төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, эсвэл зарим төрлийн хүнсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зэрэг зөвлөмжүүд нь бодитоор хэрэгжүүлсэн гэгдэх хүмүүсийн жишээг дурдаж, итгэл үнэмшил төрүүлэх тохиолдол олон бий. Гэвч хүмүүсийн бие махбодь, амьдралын дадал, заншлын онцлог, ялгаанаас хамааран заримд нь таарч тохирох мэт санагдах боловч бүх хүнд адил тэгш үйлчилнэ гэх баталгаа үгүй юм.

Япон улсад худалдаалагдаж буй "Нүүрс ус хүн төрөлхтөнг мөхөөнө" хэмээх номын нийт борлуулалтын хэмжээ өнгөрөгч жил 100 мянгын босгыг давсан юм. Уг номын зохиогч, эмч Нацуй Макатоши "эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн нь олон мянган япончуудын сонирхлыг татжээ. Нүүрс ус нь хоол хүнсний шим тэжээлийн бодисын үндсэн хэлбэр бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, лууван зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Нацуйгийн зөвлөж байгаагаар нүүрс ус нь хүний биед сахар болон хувирах бөгөөд хар тамхины адил донтуулдаг. Бие дэх сахрын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин болон бусад өвчний үүсгэвэр болно. Мөн таргалалтын шалтгааныг өөх тосны хэт их хэрэглээ гэж ойлгосоор ирсэн нь эндүүрэл бөгөөд үнэндээ нүүрс усны хэтэрсэн хэрэглээнээс үүдэлтэй гэжээ. Нөгөө талаас Нацуй өөрөө нүүрс ус хэрэглэхээ больсноос хойш хагас жилийн хугацаанд 11 кг турж, нойргүйдэл, цусны даралт ихсэх өвчнөөс бүрэн салсан гэв.

Гэвч нүүрс ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэв хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн  20% нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Нүүрс ус нь мөн бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэнэ. Харин нүүрс ус бүхий хүнс хэрэглэхгүй тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэнэ. Иймд булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна. Харин таргалалтын үндсэн шалтгаан нь ихэвчлэн хооллох буруу зуршил, хэт их идэх, хөдөлгөөний дутагдал гэдэг нь тодорхой бөгөөд нүүрс ус бүхий үндсэн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах явдал нь зохисгүй хооллолтын нэг хэлбэр юм.

Харвард болон Индонезийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд хамтран, 1980-аас 2006 оны хооронд 130 гаруй мянган хүнийг хамруулан хийсэн судалгаа Нацуй болон түүнийхтэй төстэй турах аргачлал үндэслэлгүй болохыг харуулжээ. 20 гаруй жил үргэлжилсэн судалгаагаар нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас барах эрсдэл ердийн хэрэглээтэй эрчүүдээс 1.5 дахин их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 1.35 дахин илүү байгаа нь тодорхой болсон байна. Нүүрс усны бага хэрэглээ бүхий хүмүүсийн хувьд хорт хавдар болон зүрх судасны өвчлөл онцгой нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ. Судалгаа хоол тэжээлийн зохистой баланс алдагдах нь хүнд өвчинд нэрвэгдэж, улмаар харьцангуй эрт нас барахад хүргэдгийг нотлов. Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээг багасан, ургамлын ширхэгт бүхий хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг хэрэглэх нь эрүүл амьдарч, урт наслахад туслана. Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хоололт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал билээ. Мөн хоол тэжээлийн балансыг эвдэлгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах нь үр дүнтэй арга юм.


 эх сурвалж; NHK болон бусад

Цусны даралт ихсэх өвчний тухай (төгсгөл хэсэг)

Энэ удаад бөөрнөөс авахуулаад дотоод эрхтнүүдийн ажиллагаа цусны даралт ихсэхэд хэрхэн нөлөөлж байгааг судлаж буй Кавасаки анагаахын сургуулийн профессор Кашихара Наоки цусны даралт ихсэх өвчин (эхний хэсгийг энд дарж уншина уу)-ий эмчилгээний талаар зөвлөж байна.

Цусны даралт ихсэх өвчний эмчилгээ
Агших хэлбэрийн цусны даралт ихсэх өвчний үед бөөрөнд ренин хэмээх фермент ялгарч даралт ихэсгэх нөлөө үзүүлдэг. Иймд симпатик мэдрэлийн системд нөлөөлөх эмийн эмчилгээг голлон хийж, ARB, ACE зэрэг эмүүдийг хэрэглэнэ. Мөн судасны ханыг зөөллөх үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэдэг. Эдгээрээс гадна энэ төрлийн цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд нэвтэрч эхлээд байгаа ихээхэн найдлага тавьж буй мэс заслын аргын тухай өмнө мэдээлж байсан билээ.

Тэлэх хэлбэрт шээс ялгаралтыг дэмжих үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэж, давс, усны хэсгүүдийг бөөрнөөс ялгаруулна. Энэ тохиолдолд цусны илүүдэл эзлэхүүн багасч, судасны тэлэх нөлөөг арилгаснаар даралт бууж тогтворжино. Энэ хэлбэр нь мөн бөөр зэрэг дотоод эрхтнүүдийн өвчлөлөөс шатгаалдаг учир тэдгээрийг эмчлүүлж эрүүлжүүлэх шаардлагатай. Цусны даралт ихсэх өвчний төрлөөс хамааран зөв эмчилгээг хийвэл 1 сарын дотор цусны даралт хэвийн хэмжээнд хүрдэг. Мөн хооллолтод анхаарах шаардлагатай бөгөөд даралтад нөлөөлж болох хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгавал үр дүн нь 2-3 сарын хугацаанд ажиглагддаг байна.

Цусны даралтыг бууруулахад өдөр тутмын амьдралын дадал зуршил чухал үүрэгтэй байдаг. Үүний нэг нь амьсгалын дасгал юм. Кеио их сургуулийн багш Сүзүки Тэцүя агших хэлбэрийн цусны даралт ихсэх өвчний үед мэдрэлийн системд нөлөөлөх дасгалыг санал болгож байна.
Дасгалыг хийхийн тулд түшлэгтэй сандалд налж суугаад биеэ суллана. Мөн бүс, тэлээ зэргийг суллана. Гэдсэн дээрээ 2 гарын алгаа зөрүүлж тавиад 5 секундийн турш амьсгал авна. Дараа нь 10 секундын турш амьсгалаа гаргана. Амьсгал гаргахад хэцүү байвал лаа унтраах мэт уруулаа бага зэрэг цорвойлгож, үлээх маягаар гаргана. Амьсгал авах, гаргах үйлдлийг 1 цогц гэж тооцоод 2-3 удаа хийхэд хангалттай. (Өмнө нь тус блогт даралт бууруулах массажны тухай мэдээлж байсан билээ)

Жишээ. Өвчтөн А, 70 настай эмэгтэй. Хоол идэж байгаад их хэмжээгээр хөлөрч, гэнэт ухаан алдан унажээ. Шалтгаан нь тухайн өдөр даралт нэлээд өндөр байсан тул эмч нь хүчтэй эм өгч, түүний нөлөөгөөр даралт хэт буурсан байв. Өвчтөний цусны даралт ихсэх өвчин агших хэлбэртэй байжээ. Даралт бууруулах эмийн тун хэмжээг сонгоход өвчтний нас, биеийн жин, улирал зэрэг үзүүлэлтийг харгалзаж үздэг. Зун цагт цусны даралт буурдаг байна. Мөн цусны даралтын хамгийн өндөр хэмжээг бус, хэд хэдэн хоногийн дундаж хэмжээг харгалзах үзэх шаардлагатай. Өндөр настай хүмүүс хооллох, усанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа даралт буурдаг.

Цусны даралт ихсэх өвчинтэй холбоотой асуулт, хариулт
Асуулт. Өглөө сэрэх үед цусны даралт 180 орчим байдаг бол бие зассаны дараа 140 болж буурдаг, энэ хэмжээ аюултай юу.
Хариулт. Цусны даралтын хэвийн хэмжээ 140/90 байдаг. Харин нэгэнт 180 хүрч байгаа бол бууруулах арга хэмжээ авах ёстой. Даралт хэлбэлзэж байгаа нь хэвийн бус үзэгдэл бөгөөд хэлбэлзлийн зөрүүг багасгаж, тогтворжуулах шаардлагатай. Тухайлбал хүн өдөрт сэрүүн байдгаас стрест орох нь элбэг учир симпатик мэдрэлийн систем хэт ачаалж даралт ихэсдэг. Харин орой тийшээ стрес багасч, даралт буурдаг. Мөн хүн өглөө сэрэх үед мэдрэлийн систем хүнийг сэрээхийн тулд их хэмжээний ачаалал авч даралт ихсэх нөлөө үзүүлнэ. Иймэрхүү огцом хэлбэлзэл нь тархинд цус харвах болон зүрхний имфрактад хүргэдэг учир анхаарах ёстой. Цусны даралтыг хэмжих үед 1-2 минут хугацаанд сууж тайвширсны дараа хэмжих нь зөв. Мөн хэмжигчийн боох хэсгийг зүрхтэй адил түвшинд байрлуулбал хэмжилт зөв болно. Хэмжилт хийж байх үед ярьж, хөдлөхгүй байх нь зүйтэй.

Асуулт. 70 настай эмэгтэй, гар нь хэт нарийхан учир даралт хэмжих үед боох хэсэг хэт хавчиж, өвтгөдөг. Яаж хэмжвэл зохих вэ.
Хариулт. Ихэнх даралт хэмжигчийн боолт нь 20-30 см диаметр бүхий гарт таардаг. Нарийхан гартай хүнд өвдөлт үүсгэдэг бол бүдүүн гартай хүмүүст буруу хэмжих тохиолдол байдаг. Боолтын хэсэг нь гарны хэмжээнд тохирсон хэд хэдэн төрлийн хэмжээтэй байдаг учир тохирохыг олж авах хэрэгтэй.

Асуулт. 76-тай эрэгтэй, баруун зүүн гарт хэмжихэд өөр өөр зааж зөрүү нь 20 хүрдэг. Аль хэмжилтийг зөв гэж тооцох вэ.
Хариулт. Цусны даралтыг аль ч гарт хэмжсэн болно. Зөрүүтэй зааж байгаа нь судас нарийссан байгаагаас шалтгаалж байж магадгүй. Эмчид хандаж шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Асуулт. Унтаж байх үеийн даралт хэмжих үүднээс шөнө сэрэнгүүтээ орон дотроо хэмждэг, энэ арга зөв үү.
Хариулт. Унтаж байх үед даралт ихэсвэл тархинд цус харвах, зүрхний имфракт болоход хүргэх магадлалтай. Шөнө хэмжилт хийх нь зөв боловч нойрноос сэрж хэмжих нь буруу. Нэгэнт сэрсэн бол унтаж байх үеийн хэмжилт биш болно. Иймд 24 цагийн турш хэмждэг зориулалтын хэмжүүрийг ашиглах нь зөв. Жижиг оврын иймэрхүү хэмжүүрүүд нь биед бэхлэх боломжтой, унтаж байх үеийн хэмжилтийг зөв хийдгээрээ онцлогтой байдаг.

Асуулт. 52 настай эмэгтэй. Дээд даралт 120 буюу хэвийн боловч доод даралт 90-ээс буудаггүй. эмчилгээ хийлгэх шаардлагатай юу.
Хариулт. Дээд даралт нь цус шахах үеийн даралт бол доод даралт нь судас тэлж, түүн дотор  цус хадгалагдаж байх үеийн даралт юм. Аль аль нь өндөр байх нь аюултай боловч залуу хүмүүст зөвхөн доод даралт ихсэх тохиолдол элбэг байдаг. Харин нас ахих тусам судасны хана хатуурч дээд даралт аажим нэмэгддэг. Залуу хүний судасны хана зөөлөн байдаг ч нарийн судаснууд хатуурч эхлэхэд доод даралт ихэсдэг бол дээд даралт хэвийн хэмжээнд байх тохиолдол элбэг. Энэ өвчтний тохиолдолд эмийн нөлөөгөөр зөвхөн дээд даралт буусан байх магадлалтай учир хэрэглэж буй эмийн төрлийг өөрчлөх ёстой.


Эх сурвалж, NHK

Цусны даралт ихсэх өвчний тухай (эхний хэсэг)

Тус блог манайд элбэг тохиолддог өвчин эмгэгүүдээс сонгон, тэдгээрийн эмчилгээний талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг нийтлэж байгаа билээ. Энэ удаад цусны даралт ихсэх өвчний талаар бэлтгэсэн NHK телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлгийн дугаарыг орчуулан хүргэж байна. Хэмжилтээр цусны дээд даралт 135-140 мм м.у.б, доод даралт 85-90 мм м.у.б буюу түүнээс их хэмжээтэй бол цусны даралт ихэссэн хэмээн ойлгоно. Цусны даралт ихсэх өвчин үндсэн 2 хэлбэртэй байдгийг сүүлийн үеийн судалгаагар тогтоожээ.

Энэ өвчний үед ихэвчлэн хоол хүнсэндээ хүсний ногоо түлхүү хэрэглэх, алхах мэтээр дасгал хөдөлгөөн хийх, давсны хэрэглээг багасгах зэргээр эмч нар зөвлөж ирсэн боловч өвчний хэлбэрээс хамаарсан онцлог бүхий эмчилгээний аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Энэ талаар Япон улсын Кеио их сургуулийн профессор Ито Хироши зөвлөж байна. Хүний биед цусны даралтыг тохируулах системүүд байдаг бөгөөд тэдгээрийн ажиллагаа алдагдсан үед даралт ихэсдэг байна.

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрүүд

 1. Агшаах хэлбэр
Даралт ихсэх өвчний энэ төрөл нь хүний симпатик мэдрэлийн системтэй холбоотой. Хүний бие аюул ослыг мэдрэх үед ердийн үеийнхээс их хэмжээний цусыг биеийн хэсгүүдэд түгээхийг эрмэлзсэн механизмыг агуулж байдаг. Уг механизм ажиллах үед тархи симпатик мэдрэлийн системд нөлөөлж, норадреналин хэмээх гормоныг ялгаруулдаг. Уг гормон судсыг нарийсгахыг эрмэлзсэн үйлчлэл үзүүлдэг байна.

Гэхдээ бодит байдалд тэр болгон судсыг нарийсгаад байдаггүй. Харин стрес зэрэг хэвийн хэмжээнээс хэтэрсэн цочролд орох үед уг механизм хэт ачаалал авч цусны даралт ихсэх нөхцөл болдог байна. Усны хоолойн үзүүр хэсгийг шахаж нарийсгавал, хоолойноос гарах усны даралт, хурд нэмэгдэж, илүү хол зайд цацагдана. Цусны даралт ихсэх өвчний"агшаах" хэлбэр нь үүнтэй төстэй юм.

2. Тэлэх хэлбэр
Энэ хэлбэрийн даралт ихсэх өвчинд давсны хэрэглээ болон дотоод эрхтнүүдийн ажиллагаа голлон нөлөөлдөг. Давс ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэх үед цусан дахь давсны хэмжээ нэмэгдэнэ. Хүний биед давсны хэмжээг тогтмол барихыг эрмэлзсэн механизм ажиллаж байдаг. Харин цусан дахь давсны агууламж нэмэгдсэн тохиолдолд уг механизмын нөлөөгөөр эд эс, эрхтнүүдээс ус цусанд сорогддог. Өөрөөр хэлбэл цусны хэмжээг ихэсгэж, түүнд агуулагдах давсны концентрацийг багасгахыг эрмэлздэг байна.

Цусны даралт ихсэх өвчний энэ хэлбэрийг үлээдэг бөмбөлөг (шаар)-т хийсэн устай зүйрлэн ойлгож болно. Түүнд илүү их ус хийх тусам тэлж томордог. Томрох тусам түүн дотор агуулагдах усны даралт нэмэгдэнэ. Залуу хүмүүсийн судасны хана зөөлөн, агшиж тэлэх чадвар сайтай учир цусны хэмжээ нэмэгдсэн ч даралт ихсэх нөлөөг төдийлөн үзүүлдэггүй. Харин нас ахих тусам судасны хана хатуурсанаас ийм төрлийн даралт ихсэлт тохиолдох магадлал өндөрсдөг байна. Нөгөө талаас удаан хугацаанд цусны даралт өндөрссөнөөс судасны ханыг хатууруулах (агшиж тэлэх чадварыг бууруулах) үйлчлэл үзүүлдэг, өөрөөр хэлбэл нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг байна.

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг тодорхойлох

Цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг цусны шинжилгээгээр хялбархан тодорхойлох боломжтой. Цусны шинжилгээний үед нонадрэналин, ренин, ANP гэсэн гурван хэмжигдэхүүнийг анхаарах ёстой. Хэрэв эхний 2 нь их хэмжээтэй бол сүүлийнх нь бага, эхний 2 нь бага хэмжээтэй бол сүүлийнх нь их буюу эсрэг хамааралтай байдаг. Цусан дахь нонадрэналин, рениний агууламж өндөр бол даралт ихсэх өвчний "агшаах" хэлбэр, "ANP" өндөр бол "тэлэх" хэлбэр давамгайлсан байгааг тус тус илэрхийлнэ.

Үүнээс гадна цусны даралт ихсэх өвчний хэлбэрийг өвчтний нас, эрүүл мэндийн байдал, өдөр тутмын амьдралын хэмнэлээс тодорхойлох боломжтой. "Агшаах" хэлбэр нь зан чанарын хувьд эмзэг мэдрэмтгий, стрэсст амархан аврдаг хүмүүст элбэг тохиолддог. Мөн энэ хэлбэрийн үед өглөөгүүр цусны даралт ихсэх боловч орой буурдаг, мөн даралтын хэлбэлзэл харьцангуй өндөр байдаг.

Харин "тэлэх" хэлбэр нь биеийн дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанаас голлон хамаарах учир харьцангуй өндөр настай, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг, зүрхний ажиллагаа бага зэрэг сул хүмүүст голлон тохиолдоно. Мөн цусан төрлийн төрлийн хүмүүс даралт ихсэх өвчинөөр өвчилж байсан бол энэ хэлбэрийн өвчлөлийн магадлал эрс өндөрсдөг. Цусны даралт ихэвчлэн өглөөгүүр бага байх ч оройд илүү нэмэгдэнэ, даралтын хэлбэлзэл харьцангуй бага байна.

Жишээ. Өвчтөн А, 76 настай, эрэгтэй. Тэрээр 15 жилийн турш цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байв. Түүний хувьд өглөө болгон цусны даралтаа хэмждэг. Даралт ихэвчлэн 150-аас өндөр байдаг. 2 төрлийн эм хэрэглэн, өдөрт 2 цагаас илүү хугацаагаар алхаж, хүнсний ногоо голлон хэрэглэж тус тус хэвшсэн боловч цусны даралт буурдаггүй байв. Нэвтрүүлгийн хүрээнд түүний даралт ихсэх өвчний хэлбэрийг "тэлэх" гэдгийг тодорхойлжээ. Тохирох эмчилгээг хэдхэн сарын хугацаагаар хийлгэснээр цусны даралт хэвийн хэмжээнд хүртэл буурсан байна.

үргэлжилнэ ...

эх сурвалж, NHK

Тархинд цус харвах өвчний тухай (төгсгөл хэсэг)

Тархинд цус алдах хэлбэрийн цус харвалт (эхний хэсгийг энд дарж үзнэ үү) -ын эмчилгээний талаар Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ихара Коожи зөвлөж байна. Цус алдах хэлбэр нь цус харвасан нийт өвчтнүүдийн 30%-д нь тохиолддог. Ийм хэлбэрийн цус харвалтын 70-90 хувь нь цусны өндөр даралтын нөлөөллөөс үүдэлтэй юм. Япон зэрэг хөгжингүй орнуудад цусны даралт ихсэх өвчинтэй эрчимтэй тэмцэж байгаагаас цус алдах төрлийн цус харвалтын тохиолдол жил ирэх тусам буурсаар байна.

Цус алдалт буюу 2-р хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

Ерөнхий тохиолдолд цус харвалтаас хойших 1 цагийн хугацаанд тархины цус алдалт аяндаа зогсох нь элбэг байдаг. Мөн зарим тохиолдолд 6 цаг хүртэлх хугацаагаар цус алдалт үргэлжлэн явагддаг. Иймд цус алдалтыг цаг алдалгүйгээр зогсоох шаардлагатай байдаг байна. Мөн дахин цус алдалт явагдахаас сэргийлэх зорилгоор өвчтний цусны даралтыг тогтмол хэмжээнд барих ёстой. Энэ төрлийн цус алдалтын үед цусны бөөгнөрлийг хянаж, саажилтаас сэргийлэх эмчилгээ голлон хийгдэнэ.

Мэс заслын эмчилгээ хийхээс аль болох зайлсхийдэг боловч өвчтнүүдийн 30 орчим хувьд нь цус алдалд нэмэгдэж мэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. Үүнд хоёр төрлийн мэс засал хийгдэх бөгөөд эхнийх нь гавлын ясыг нээж цусны бөөгнөрөл (Hematoma буюу цусан бундуу)-ийг авдаг. Дараагийнх нь гавлын ясны 2 хэсэгт жижиг хэмжээний нүх гаргаж түүгээр цусны бөөгнөрлийг соруулж авах мэс засал хийнэ. Аль төрлийн мэс засал хийхийг өвчтөний нас, зүрх, дотоод эрхтэн, биеийн эрүүл мэндийн байдлаас хамааруулан сонгодог.



Цус харвалтын 3-р хэлбэр буюу тархины гадарга дагуух цус алдалтын үеийн эмчилгээ

3-р төрлийн цус харвалт нь 100% тархины судасны хатуурлаас үүдэлтэй юм. Тархины салбарласан судасны хана бөмбөлөг хэлбэрээр тэлж, дараа нь хагарсанаас цус алдалт явагддаг. Мөн цус алдалт маш бага хэмжээтэй, бөмбөлөгийн хэмжээ аяндаа багасах тохиолдолд байдаг боловч цус алдалт дахин явагдаж амь насанд ч эрсдэл учруулах магадлал өндөр учир зайлшгүй мэс заслын эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг байна.

Жишээ; Өвчтөн А, 59 настай, эрэгтэй. Нэгэн өглөө утсаар ярьж байх үедээ гэв гэнэт толгойн хүчтэй өвдөлтийг мэдэрч, ухаан алдан унажээ. 30 минутын хугацаанд эмнэлэгт хүргэгдсэн байна. Цус харвалтаас хойш 50 минутын дотор компьютер томографын шинжилгээ хийж, 2 цагийн дотор цус алдаж байгаа хэсэг болон хэмжээг катетерийн шинжилгээгээр тодорхойлжээ. 4 цагийн дараа мэс засалд орсон бол 2 долоо хоногийн дараа тархины даралтыг бууруулах зэргээр бүх биеийн эрүүл мэндийн байдлыг хэвийн хэмжээнд хүргэсэн байна. 44 хоногийн дараа эмчилгээ дуусч эмнэлгээс гарчээ.

Тархины судас бөмбөлөг хэлбэрээр тэлж, улмаар хагарч цус алдсан ч 6 цагийн дотор дахин шинээр бөмбөлөг үүсэх магадлал өндөр байдаг. Иймд катетерийн шинжилгээний дараа өвчтний гэр бүлийн хүмүүс 2 төрлийн мэс заслын эмчилгээний аль нэгийг сонгох шаардлага тулгарна. Эхнийх нь гавлын ясыг нээж судасны бөмбөлөгийн угийг зориулалтын хавчуураар хавчиж, цус алдалтыг зогсоох мэс засал (開頭クリッピング術 ) юм. Энэ мэс засал нь өвчтөний биед зовиур ихтэй, эдгэрэлтэд хугацаа шаардагдах боловч бөмбөлөг дахин томрохоос найдвартай сэргийлдэг байна.


Дараагийнх нь хөлийн судсаар катетер оруулан, түүний тусламжтайгаар төмөр ороомгийг судасны бөмбөлөгт байрлуулж, бөглөх мэс засал (コイル塞栓術 ) юм. Энэ нь өвчтний биед бараг зовиур үүсгэхгүй боловч байнгийн хяналтад байхыг шаарддаг. Цөөн тохиолдолд дахин бөмбөлөг үүсч цус алдалт явагдах магадлалтай юм. Мэс заслын аль төрлийг сонгоход мөн адил өвчтөний нас, дотоод эрхтэнүүд болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай байдаг байна.


Гадны төмөрлөг биетийг хүний тархинд байрлуулах нь аюул эрсдэлтэй мэтээр зарим хүмүүст төсөөлөгддөг. Гэвч эдгээр нь ямар ч аюулгүй юм. Төмөр хавчуурыг титанаар, ороомгийг цагаан алтаар тус тус хийдэг учир харшил үүсгэх зэргээр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд ямар ч удаан хугацаанд аюулгүй байдлаа хадгалж чаддаг байна. Тархины гадарга дагуу цус алдах үед хийгдсэн мэс заслын дараа 2 долоо хоногийн хугацаанд тархины цусан хангамжинд өөрчлөлт гарч, дахин цус харвалт явагдах эрсдэл маш бага хэмжээгээр үлдэх учир эмчийн хяналтад байх шаардлагатай. Энэ хугацаа нь мөн мэс засал үр дүнтэй болсон эсэхийг баталгаажуулах хугацаа юм. 

Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалт

Энэ удаад Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн эмч Үэхара Тошиюки зөвлөж байна. Эмчилгээний дараа өвчтөний биед цус харвалтын сөрөг үр дагавар үлдэх тохиолдолд элбэг байдаг ч нөхөн сэргээх эмчилгээг сайн хийвэл тодорхой хэмжээгээр багасгаж болдог. Сөрөг үр дагаваруудад биеийн аль нэг хэсгийн хөдөлгөөний саажилт, мэдрэхүйн хомсдол, хэл яриа болон бусдын яриаг ойлгох чадварт бэрхшээл үүсзэрэг орно.

Хамгийн элбэг тохиолддог нь биеийн аль нэг талын саажилт буюу хөдөлгөөний хомсдол юм. Зарим хүмүүс хөнгөн зүйлийг атгаж, өргөж чаддаг бол зарим хүний гар огт хөдөлгөөнгүй болох зэргээр шинж тэмдэгүүд янз бүрээр илэрдэг. Сэргээн засалтад гар, хөлийг хөдөлгөх, булчинг суллаж агшаах, иллэг, бусад төрлийн дасгал хөдөлгөөнүүд хамаарна. Хэл ярианы бэрхшээл үүсэн тохиолдолд ярих дасгал хийх шардлагатай. Нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалтыг 3 хэсэгт хувааж авч үздэг.

1. Яаралтай нөхөн сэргээх эмчилгээ
Нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас шууд эхлүүлэх шаардлагатай. Ингээгүй тохиолдолд булчингууд богино хугацаанд хатингиршиж, үе мөч хатуурах байдалд хүрдэг. Мөн нэг удаа үйл ажиллагаа нь алдагдсан булчинг сэргээхийн тулд маш урт хугацаа шаарддаг байна. Тухайлбал ажиллагаа нь нэг өдрийн хугацаагаар алдагдсан булчинг сэргээхэд 7 хоног зарцуулах шаардлагатай гэгддэг байна. Иймд булчингийн дасгал хөдөлгөөн, иллэг хийх зэрэг нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас дунджаар 1 сарын турш үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдаг.

2.  Дунд хугацааны сэргээн засалт
Өвчтөн тус бүрийн онцлог бий боловч ерөнхий тохиолдолд ихэвчлэн 6 сар хүртэл хугацаагаар сэргээн засалтыг үргэлжлүүлэн хийх тохиолдолд эд эрхтэний алдагдсан үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэх чадвартай байдаг байна. Иймд сэргээн засалтыг 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Боломжтой бол сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сувилалын байгууллагаар хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

3. Урт хугацааны буюу өдөр тутмын сэргэн засалт.
Цус харвалтаас хойш 6 сарын дараагаас эд эрхтэний үйл ажиллагаа өмнөхөөс илүү сэргэх боломжгүй болдог. Гэхдээ дасгал сургуулилтыг зогсоовол булчингууд эргэн хатингарших аюултай. Иймд сэргээн засалтыг өдөр тутам тогтмол хийж хэвших шаардлагатай.

эх сурвалж, NHK

Тархинд цус харвах өвчний тухай (эхний хэсэг)

Энэ удаад тархинд цус харвах өвчний тухай NHK телевизийн бэлтгэсэн эрүүл мэндийн нэвтрүүлгийн цуврал дугаарын агуулгыг хүргэж байна. Үүнд тархинд цус харвах өвчний шинж тэмдэг, түүний төрлүүд, Япон улсад хийгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргууд, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнүүд голлоно. Хэдийгээр манайд ийм төрлийн эмчилгээний технологи хангалттай хөгжөөгүй, адил төрлийн эмчилгээг шууд хийх боломж хараахан бүрдээгүй байгаа боловч энэ өвчний талаар сонирхож буй хүмүүст мэдээлэл өгөхийг зорив.  

Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгүүд

Энэ өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илрэх боловч тэдгээрээс хамгийн түгээмэл, голлох 5-ыг авч үзэхэд хангалттай юм. Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг аль болох богино хугацаанд анзаарах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг эмч нар сануулж байна. 

1. Өрөөсөн гар, хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох.
Энэ шинж тэмдэг нь биеийн баруун, зүүн талын аль нэг хэсэгт илэрнэ. Тухайлбал 2 гараа урагш сунгахыг оролдох үед нэг гар өөрийн мэдрэлгүй унжих, эсвэл нүүрний аль нэг хагас мэдээгүй болох зэргээр илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн системтэй холбоотой бөгөөд өөрийн хүслээр хөдөлгөх боломжгүй болохоос гадна халуун, хүйтэн, хүртэх зэргийг мэдрэхгүй болно гэсэн үг юм. Шүдний эмнэлэгт мэдээ алдуулах тариа хийлгэхтэй төстэй мэдрэмж үүсдэг гэж энэ шинж тэмдэгийн талаар өвчтнүүд ярьдаг байна.

2. Хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох.
Хэл орооцолдох гэдэг нь амны эргэн тойрны булчингууд ажиллагаагүй болсоноос үг зөв хэлэх чадвараа алдах гэсэн үг юм. Бусдын яриаг ойлгохгүй байх, ойлгосон ч хариу хэлэх чадваргүй болох шинж тэмдэг элбэг тохиолддог байна.

3. Зогсож, эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах.
Тухайлбал сууж байгаад босохыг оролдох үед хэдийгээр хүч чадалтай байгаадаа итгэлтэй байх боловч тэнцвэрээ алдах, нэг тал руугаа хазайх, унах тохиолдол гардаг.

4. Өрөөсөн нүд юм харахгүй болох, юмс 2 болж харагдах, эсвэл тал, хагас харагдах.
Өрөөсөн нүдний өмнө хөшиг татаж хаасан мэт юу ч харагдахгүй болно. Телевизорын дэлгэц хагас нь харагдах нь юмс тал харагдахын нэг жишээ юм. Хоёр нүдээ нэг нэгээр аньж байгаад харвал аль ч нүдэнд юмс тал харагдана.

5. Толгой хүчтэй өвдөх.
Толгой өвдөх нь ердийн хүмүүст ч элбэг тохиолддог боловч цус харвалтын үед маш хүчтэй өвддөгөөрөө онцлогтой.

Цус харвалтын хэлбэрүүд

Цус харвалтын эхний хэлбэр нь судасны бөглөрлөөс үүдэлтэй бол дараагийн 2 хэлбэр нь цус алдалтаас үүдэлтэй юм.
1. Тархины судас хатуурах тохиолдолд зарим хэсэгтээ нарийссан байдаг. Тэр хэсэгт тромб буюу цусны бөөгнөрөл тогтож, цусны урсгалыг хааснаас уг судаснаас тэжээгдэж байсан тархины хэсэг үхжинэ. 



2. Цусны өндөр даралт зэргээс шалтгаалан судасны хана хагарч, тэр хэсэгт тархсан цус тархийг дарсанаас эд эсүүд үхжинэ.


3. Тархины салбарласан судасны төгсгөл хэсэгт цусны өндөр даралтын нөлөөгөөр судасны хана тэлж, бөмбөлөг мэт овойно. Дараа нь хагарч цус тархины гадарга дагуу тархана.


Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Тоёода Казүнори зөвлөж байна. Тэрээр цус харвалтын эмчилгээ, оношлогоогоор мэргэжсэн эмч юм. Тархи нь хүний бүх биеийг удирдах үүрэгтэй. Үүнд гар, хөлийн хөдөлгөөн, хэл, яриа, харж, сонссон зүйлсийг ойлгож, мэдэх зэрэг олон төрлийн үүрэг бүхий эрхтэн юм. Иймд цус харвалт тархины аль хэсгийг хамарсанаас шалтгаалан илрэх шинж тэмдэгүүд янз бүр байдаг.

Дээрх шинж тэмдэгүүдийн эхний 4 нь ямар ч төрлийн цус харвалтын үед илрэх бөгөөд өвдөлт бараг мэдрэгддэггүй. Иймд ихэнх тохиолдолд өвчтөнүүд тэгж байгаад зүгээр болох байх хэмээн тайвширдагаас цаг алдаж, эмчилгээний үр дүн гарахгүй болоход хүргэдэг. Харин толгой хүчтэй өвдөх нь тархины гадаргын дагуу болон хэсэгчилсэн цус алдалтын үед илэрдэг байна. Цус харвалтаас хойш 3-4 цагийн дараа тархины эсүүд үхжих учир энэ хугацаанд амжиж эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай байдаг. Энэ хугацаанд тархины эсийн цусан хангамжийг сэргээж чадвал эсүүдийн үхжил, мөн сөрөг ул мөр багатайгаар эдгэрэх магадлал өндөр байдаг байна.

Жишээ; Өвчтөн А, 50 настай, эрэгтэй. Усанд ороод гарах үед баруун гар, хөл хүндэрсэн мэт санагдаж алхаж чадахгүй болсон байна. Аяндаа зүгээр болох байх хэмээн найдан, унтаж орхисон тэрээр маргааш өглөө нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Шинжилгээгээр судасны бөглөрлөөс үүдэлтэй цус харвалт байв. Түүний хувьд өвчний шинж тэмдэгийг төдийлөн тоогоогүйгээс эмчилгээнд ихээхэн цаг алджээ.

Цус харвалтын шинж тэмдэгүүд богино хугацаагаар илрээд дараа нь алга болох тохиолдол цөөнгүй гардаг байна (Transient Ischemic Attack). Энэ үед цусны бөөгнөрөл хэсэг хугацаанд судсыг таглах боловч дараа нь өөрөө задарч цусны урсгал сэргэх үзэгдэл юм. Цус харвалтын шинж тэмдэгүүд хэдхэн минутын дотор алга болох боловч ийм төрлийн өвчтөнүүдийн 20 %-д нь цус харвалт дахин тохиолддог байна. Иймд шинж тэмдгүүдийг эмчид хэлж өгч, тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн цус харвалт хамгийн элбэг бөгөөд нийт өвчтөнүүдийн 70%-д тохиолддог байна.
Жишээ; Өвчтөн Б, 50 настай, эрэгтэй. Өглөө босоод шүдээ угаах гэтэл гэв гэнэт баруун гар нь салгалж, сойзоо барьж чадахгүй болсон байна. Тэр дороо эмнэлэгт хандаж тархиных нь судас бөглөрсөн байгааг илрүүлжээ. Тэрээр цусны бөөгнөрлийг задлах эм ууж, 7 хоног эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрсэн байна.

Энэ төрлийн цус харвалтад эмийн эмчилгээ голлож байна. Үүнд ихэвчлэн цусны бөөгнөрлийг задлах үйлчилгээтэй эм (thrombolytic drugs)-үүд хэрэглэгдэнэ. Сүүлийн үед тодорхой хугацаанд дуслаар тарих t-Pa эмийг эмчилгээнд хэрэглэж эхлээд байна. Энэ нь маш сайн үйлчилгээтэй боловч хэрэглэхэд тодорхой нөхцөлүүдийг шаарддаг. 1-р нөхцөл нь уг эмийг цус харвалтаас хойш 3 цагийн дотор хэрэглэх шаардлагатай.

Үүнээс илүү хугацаанд тархины эсийн үхжилт явагддаг, мөн цусны урсгалыг сэргээх үед судасны хана гэмтэж цус алдалт явагдах магадлал өндөр байдаг. Иймд цус харвалтын шинж тэмдэг илэрсэн үед аль болох богино хугацаанд мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай юм. 2-р нөхцөл нь өмнө нь тархины цус алдалт тохиолдолж байсан өвчтөнд, 3-р нөхцөл нь хоёр долоо хоногийн дотор томоохон мэс засал хийлгэсэн өвчтөнд хэрэглэхийг тус тус хориглодог байна. Бодит байдалд t-Pa эм өвчтнүүдийн тал хувьд нь хангалттай үр дүнг үзүүлдэггүй ажээ.

Харин цус харвалтаас хойш 8 хүртэл цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд судсан доторхи цусны бөөгнөрлийг гаргаж авах эмчилгээ хийнэ. Үүний тулд катетер ашиглах бөгөөд түүнийг гуяаны судсаар оруулдаг. Ийм төрлийн эмчилгээ судасны ханыг цоолох эрсдэлтэй учир эмчээс маш өндөр ур чадварыг шаарддаг.


Эдгээрээс гадна цусны бүлэгнэлийг сааруулах уламжлалт эм (antiplatelet, anticoagulated drug)-үүдийг хэрэглэж байна. Цус харвалт нь дахих магадлалтай байдаг учир эмийг тогтмол уух шаардлагатай байдаг. Үүнээс гадна архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу зуршилаас татгалзаж, цусны даралт ихсэх, сахарын өвчинөөс ангижирах нь цус харвалтыг дахин давтагдахаас давхар сэргийлдэг.

Эцэст нь тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг тодорхойлох, тэдгээр нь илэрсэн үед богино хугацаанд эмнэлэгт хандахыг FAST хэмээх үгээр төлөөлүүлэн тогтоож авахыг зөвлөж байна. 
F үсэг нь face үгийг төлөөлөх бөгөөд нүүрний өрөөсөн тал мэдээгүйжих шинж тэмдэг,
A үсэг нь arm буюу гар, хөлөө хөдөлгөж чадахгүй болох,
S үсэг нь speach буюу хэл ярианы чадвараа алдах,
T үсэг нь time буюу цаг алдалгүйгээр эмчид хандахыг сануулж байгаа бол FAST гэдэг нь шинж тэмдэгийг хурдан хугацаанд илрүүлэх, мөн хурдан хугацаанд эмчид хандахыг илэрхийлнэ.

үргэлжилнэ ...

Зүрхний өвчинд анх удаа нөхөн сэргээх эмчилгээ хийжээ

Дэлхийд анх удаа нөхөн сэргээх эмчилгээний шинэ аргыг хүүхдийн зүрхний өвчний эмчилгээнд амжилттай хэрэглэсэн байна. Япон улсын Окаяма их сургуулийн эмнэлэгт өвчтний өөрийнх нь  зүрхний эсийг өсгөвөрлөх замаар хийсэн нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд 7 өвчтөний зүрхний үйл ажиллагааг сэргээжээ.

Хүүхдийн зүрхний өвчлөлийн элбэг тохиолдлуудын нэг болох "зүүн ховдлын ажиллагааны төрөлхийн дутагдал" (hypoplastic left heart syndrome)-ын эмчилгээнд өнөөдрийг хүртэл зүрх шилжүүлэн суулгахаас өөр үр дүн бүхий эмчилгээний аргыг олж чадаагүй байсан юм. Мөн зүрхний донор ч хангалттай олддоггүй.

Окаяма эмнэлэгт хүүхдийн зүрхний эсийг ялган авч 50-100 дахин өсгөвөрлөн, зүрхэнд буцааж суулгах замаар үйл ажиллагааг нь сэргээх туршилт, судалгааг сүүлийн нэг жилийн хугацаанд хийж байна. Үүний үр дүнд 0-3 насны 7 хүүхдийн зүрхний үйл ажиллагааг 5-22 хувиар амжилттай сэргээж чадсан байна.

Тэдгээрийн дотор эрчимт эмчилгээний тасгаас гарч гэрээр эмчигээгээ үргэлжлүүлэх тохиолдол ч гарчээ. Мөн эд эсийн дасан зохицохгүй байх асуудалгүй бөгөөд эмчилгээний дагалдах ямар нэгэн хүндрэл гараагүй байна. Окаяма эмнэлэг эмчилгээний шинэ аргыг албан ёсоор нэвтрүүлэхтэй холбоотой хүсэлтийг эрүүл мэндийн яаманд гаргаад байна.



эх сурвалж, nhk news

Цусны даралт ихсэх өвчинг бүрэн эмчлэх найдвар төрж байна

Эмийн нөлөөлөл багатай цусны даралт ихсэх өвчин бүхий өвчтөний бөөрний ойролцоох мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийж, 250 мм м.у.б хүртэл нэмэгддэг байсан өвчтөний цусны даралтыг 130 мм м.у.б буюу хэвийн хэмжээнд хүртэл бууруулах эмчилгээг Японы Хиого их сургуулийн эмч нар амжилттай хийсэн байна. Фүжи Кеничи тэргүүтэй эмч нарын баг өнгөрсөн 2-р сард 72 настай өвчтөнд гуяны судсаар дамжуулан катетер хэмээх нарийхан гуурс оруулж, бөөрний артерийн судасны эргэн тойронд байрлах симпатик мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийжээ.

Тэдгээр мэдрэлийн судлууд "судасыг нарийсга" зэргээр цусны даралтыг ихэсгэх дохиоллыг тархи болон биеийн хэсгүүдэд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Харин нэг цаг гаруй үргэлжлэх мэс заслаар уг мэдрэлийн судлыг тайрч цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг физиологийн механизмыг зохиомлоор зогсоодог байна. Эмчилгээний энэ шинэ аргыг 3 жилийн өмнө Австралийн эмч нар анх эмнэлгийн практикт хэрэглэсэн бол энэ удаагийнх Япон улсад хийгдсэн анхны тохиолдолд тооцогдож байна.

Мөн бусдад улс орнуудад хийгдсэн мэс заслын тохиолдлуудыг оролцуулаад ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа юм. Иймд Япон улсын Цусны Өндөр Даралтын Нийгэмлэг цаашид эмчилгээний үр дүн болон түүнээс үүдэн гарч болох эрсдлүүдийг сайтар нягталж, шалгасан тохиолдолд цусны даралт ихсэх өвчинг бүрэн төгс эмчлэх магадлалтай арга хэмээн мэдэгдэв. Одоогийн байдлаар тус улсад гурав болон түүнээс дээш төрлийн эм хэрэглэдэг ч цусны даралт буурдаггүй өвчтөний тоо 10 саяас давж байна. Тэдгээр өвчтөнүүд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн айдас дунд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Фүжи Кеничи нар цаашид мэс заслын эмчилгээний шинэ аргыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.


Дашрамд дурдахад катетер буюу 3 - 5 мм-ийн гуурсыг гуяа болон шууны артерийн судсаар оруулан судсан цусны бүлэгнэлийг арилгах, тархи, зүрх зэрэг биеийн шаардлагатай хэсгүүдэд богино хугацаанд эмийг хүргэх зэрэг эмчилгээ өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байна. Ялангуяа тархинд цус харвах зэрэг зүрх судасны өвчний эмчилгээнд өргөнөөр ашиглагддаг. Ийм төрлийн эмчилгээний нэг төрөл болох судсанд стент суулгах мэс заслын тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ.

Катетерийн эмчилгээ нь өвчтөнд бараг ямар ч зовиургүйгээр, богино хугацаанд хийгдэх боломжтой боловч эмч нараас нарийн ур чадвар шаарддаг. Мөн гуурсны хөдөлгөөнийг хянах рентген төхөөрөмж зэрэг тусгай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байдаг. Манайд ийм төрлийн эмчилгээний технологи ямар түвшинд байгаа талаар мэдээлэл байхгүй байна. Харин Солонгос зэрэг улсуудад адил төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой боловч өртөг зардлын хувьд өндөр гарах нь мэдээж юм.


эх сурвалж, NHK news

Илүүдэл жинтэй ч эрүүл амьдрах боломжтой

Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэнддээ дайсагнасан хэрэг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Иймдээ ч эмч нараас авахуулаад эрүүл мэндтэй холбоотой мэргэжилтнүүд турах, жингээ барихыг тогтмол зөвлөж, хүмүүс түүнийг хэрэгжүүлэхийг оролдсоор ирсэн. Тэгвэл энэ удаад тарган хүмүүст таатай мэдээ дуулгах гэж байна. Хэрэв эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж чадвал тарган хүмүүс ч туранхайчуудаас дутахааргүйгээр эрүүл байж чадна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

Өмнөд Каролинийн Анагаахын их сургуулийн профессор Eric M Matheson-ы удирдсан эмч нарын баг 14-өөс дээш насны 11,761 хүний BMI үзүүлэлтэд тулгуурласан судалгаа хийж эрүүл амьдралын хэв маяг болон нас баралтын хоорондын хамаарлыг судалжээ. Судалгаагаар өдөр бүр жимс, хүнсний ногоо хэрэглэж зохистой хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, тамхи татахгүй байх зэргээр эрүүл мэнддээ анхаарсан амьдралын зуршил бүхий тарган хүмүүсийн харьцангуй залуугаараа нас барах эрсдэл туранхай хүмүүстэй ойролцоо байдгийг тогтоожээ.

Харин эрүүл амьдралын хэм хэмжээг мөрддөггүй тарган хүмүүс илүү өндөр эрсдэлд байдаг байна. Мөн эрүүл мэндийнхээ төлөө огт санаа тавьдаггүй бол туранхай байх нь илүү үр дүнтэй ажээ. Судалгааны үр дүнг нэгтгэсэн графикийн босоо тэнхлэгт залуудаа нас барах эрсдэлийн итгэлцүүр, хэвтээ тэнхлэгт эрүүл амьдралын зуршлын үзүүлэлтийг тус тус харуулсан байна. Хэрэв эрүүл амьдралын хэмжээг дундаас дээш түвшинд мөрддөг бол BMI индексээс хамааралгүйгээр нас барах эрсдэл бүх хүнд бараг адил байгааг доорхи графикаас харж болно.



эх сурвалж, mailonline

Үе мөчний суулгацын шинэ төрлийн бүрхүүл бүтээжээ

Өндөр настангуудад түгээмэл тохиолддог насжилтаас үүдэх өвчлөлүүдийн нэг нь үе мөчний зөөлөн эдийн элэгдэлээс үүдэлтэй хөдөлгөөний дутагдал билээ. Ийм тохиолдолд өндөр хөгжилтэй орнуудад хиймэл үе мөч (протези) суулгах мэс засал хийгдэж байна. Тухайлбал АНУ-д гэхэд л жил бүр 1 сая гаруй өндөр настан өвдөг болон сүүжний үе мөчний протези суулгуулдаг байна. Тэдгээр суулгацуудын дийлэнх нь сүүлийн жилүүдэд бүтээгдсэн боловч 17 орчим хувь нь харьцангуй олон жилийн өмнө суулгагдсан байдаг ажээ.

Тэгвэл эрт үеийн суулгацууд яснаас хөндийрөн суларсанаас өвдөлт үүсгэж өвчтөнг хүнд зовиурт оруулах тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр хүндрэлээс зайлсхийхэд туслах суулгацын бүрхүүлийн материалыг MIT их сургуулийн эрдэмтэд бүтээжээ. Бүрхүүл материал нь суулгацыг сулрах эрсдэлээс сэргийлж урт удаан хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлдэг байна.


Сүүжний хиймэл үе мөч нь гол дээр суурилсан бөмбөлөгөөс бүрдэж аарцаг болон дунд чөмөгний ясыг хооронд нь холбодог. Бөмбөлөг нь сүүжний ясанд суулгасан хуванцар хүрээн дотор чөлөөтэй эргэлдэх боломжтой байдлаар холбогдоно. Хиймэл өвдөгний үе мөч ч бас үүнтэй адилхан ялтас, бөмбөлөгөөс бүрдэж дунд чөмөг болон шилбэний ясны хоорондох хөдөлгөөнийг хангадаг. Суулгацыг ясанд тогтоохын тулд мэс засалчид хатуурсан шилтэй төстэй полимер материалаас бүрдэх ясны цементийг ашигладаг байна.

Гэвч зарим тохиолдолд цемент хагарч, суулгац яснаас хөндийрөн мултарсанаас өвчтөнийг хөдөлгөөний дутагдалд хүргэж, үе мөчний өвчлөлийг сэдрээдэг байна. Ийм тохиолдолд ихэвчлэн суулгацыг авч, дахин шинээр суулгах шаардлагатай бөгөөд хүнд хэлбэрийн мэс заслыг давтан хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. Тэгвэл шинэ бүрхүүл суулгацыг өвчтөний өөрийн биед үүсэх ясны материалаар бүрж бат бэх тогтооход туслана.


Бүрхүүл 100 нанометрээс 1 микрон хэмжээний маш нимгэн ялтасаас бүрдэж ясны хурдтай ургалтыг дэмжих бодисыг агуулах давхаргуудаас бүрддэг байна. Тэдгээрийн нэг нь кальц болон фосфатаас бүрдэх, ясны үндсэн бүтцэд ордог hydroxyapatite юм. Hydroxyapatite нь чөмгөнд үүсэх ясны үүдэл эстэй харилцан үйлчлэлд орж ясны ургалтыг дэмждэг. Бүрхүүл материалын өөр нэгэн давхарга нь остеобласт хэмээх яс бүрдүүлэгч эст үүдэл эсүүдийг дамжуулах буюу ясны өсөлтийн хүчин зүйлийг хангадаг.

Харин цемент ашиглах тохиолдолд суулгацын ойролцоох зай завсар нь нян үржих нөхцөл болдог байна. Тэдгээр зай завсарт цусны судас агуулагддаггүй учир дархлалын систем тэнд хүрч нянгуудын эсрэг үйлчлэл үзүүлж чаддаггүй. Харин остеобласт эсүүд нь суулгацын зай завсарыг дүүргэн яс ургахад хүргэх учир цемент хэрэглэх шаардлагагүй болох учир нянгийн бохирдлоос бүрэн сэргийлж чаддаг байна. Мөн яс бүрэлдэж суулгац тогтворжих хүртэл 2-3 долоо хоногийн хугацаа шаардлагатай боловч энэ хугацаанд өвчтөн физик эмчилгээ хийлгэнгээ чөлөөтэй алхах боломжтой юм.


Hydroxyapatite бүхий суулгац ашиглах оролдлогууд өмнө нь гарч байсан боловч бүрхүүл илүү зузаан, тогтворгүй, мөн суулгацаас салах тохиолдол элбэг байжээ. Харин MIT-ын эрдэмтэд хальсны зузааныг шаардлагатай хэмжээнд тохируулах аргачлалыг мөн боловсруулсан байна. Бүрхүүл материалыг одоогоор амьтан дээр туршиж хүссэн үр дүндээ хүрээд байгаа юм. Шинэ бүрхүүлийн хэрэглээ зөвхөн үе мөчний протезээр зогсохгүй бөгөөд яс бэхжүүлэх ялтас, ясны хагарлыг тогтоох шураг хэлбэрээр ч ашиглагдах боломжтой юм байна.

Үүнээс гадна хиймэл шүд суулгахад ашиглах боломжтой. Уламжлалт аргаар хиймэл шүд хийхэд 2 шатны ажиллагаа шаардагддаг. Эхний ээлжинд эрүүний ясанд шургийг суулгах бөгөөд шургийн суурь ойр орчны ясны эдэд бүрэн бэхлэгдэж хиймэл шүдийг суулгах боломжтой болох хүртэл олон сарын хугацаа шаарддаг байна. Харин шинэ бүрхүүлийн тусламжтайгаар зөвхөн 1 удаагийн ажиллагаагаар хиймэл шүдийг бүрэн суулгах боломжтой.



эх сурвалж, physorg

Урт наслалтын ген

Илчлэг багатай хоол хүнсний хэрэглээ хүн, амьтадыг урт наслахад эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс ажигласаар ирсэн боловч түүний цаад учир шалтгаан 2000 оны үед хийгдсэн генийн судалгааны үр дүнд тодорхой болсон юм. Massachusetts-ийн технологийн хүрээлэн (MIT)-гийн эрдэмтэд урт наслалтын гени хэмээн нэрлэгдэх болсон sir2 (sirtiun) генийг нээж, түүний ажиллагаа наслалтад чухал үүрэгтэй болохыг тогтоожээ.


Хүн болон амьтадын биеийн зарим эсүүд үхжиж устаж байхад өөр бусад эсүүд хуваагдан олширч түүнийг нөхөж байдаг. Өөрөөр хэлбэл биеийн бүх эсүүд амьдралын туршид шинэчлэгдэн солигдож байдаг. Ходоодноос шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах эрхтний эсүүд 24 цагийн дотор бүрэн солигддог бол 1 жилийн дотор бүх бие атом, молекулын түвшинд бүрмөсөн шинэчлэгддэг байна. Харин нас ахих тусам эсийн шинэчлэгдэх үйл явц удааширч улмаар хөгшрөлтийн үндсэн шалтгаан болдог ажээ.

Эсийн энергийн эх үүсвэр болсон митонхондр хэмээх утаслаг эд эсийн дотор байх бөгөөд нас ахих тусам түүний ажиллагаа  суларч чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгчийг ялгаруулж эхэлдэг. Идэвхтэй хүчилтөрөгч эсийг дотроос нь гэмтээж устгах нөлөө үзүүлдэг учир нөхөн сэргээлтийг удаашруулж биеийг хөгшрөлтөд хүргэдэг байна. Харин хоол сойх үед sir2 генээс ялгарах уургийн нөлөөгөөр митохондрийн ажиллагаа эргэж сэргэн идэвхтэй хүчилтөрөгчийг шингээх процес явагддаг байна. Энэ нь эсийн нөхөн төлжих, шинэчлэгдэх үйл явцыг дэмжиж хөгшрөлтийг удаашруулж, урт наслахад тусладаг.

Гэхдээ эрдэмтэдийн таамаглаж байгаагаар Sir2 генийн үндсэн үүрэг нь урт наслахад бус уур амьсгалын огцом өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэрэг эрсдэлтэй нөхцөлд тэсч үлдэх, улмаар удам угсаагаа таслахгүй үргэлжлүүлэхийг эрмэлзсэн байгалийн зохилдлоготой холбоотой гэж үзэж байгаа юм. Удаан хугацааны туршид үргэлжлэх хоол тэжээлийн хомсдолын үед уг гени идэвхжиж бие махбодыг харьцангуй бага энергийн горимд шилжүүлснээр эрсдэлтэй нөхцөлийг даван туулах боломжийг эрс нэмэгдүүлдэг байна.

Харин хүний хувьд нийгэмшихийн хэрээр амьдралын харьцангуй таатай орчинд шилжиж хоол тэжээлийн дутагдлаас хамааралтай эрсдэлд орох нөхцөл үгүй болсноор урт наслалтын ген идэвхгүй байдалд шилжсэн гэж үзэж байгаа юм. Хоол сойх нь ийм нөхцөлийг зохиомлоор бий болгож бие махбодын нуугдмал чадварыг идэвхжүүлснээр хөгшрөлт удааширч урт наслах нөхцөл болж байна.

Үүнээс гадна урт наслалтын генийн идэвхжил нь насжилтын өвчин гэгдэх алцгеймер, чихрийн шижин, зүрхний өвчлөлүүд, үе мөчний эрхтний доройтлоос үүдэлтэй хөдөлгөөний дутагдал, цусны даралт ихсэх өвчнүүдээс сэргийлэх нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал алцгеймерийн өвчний үед тархины мэдрэлийн эсүүд, зүрхний өвчний үед зүрхний булчингийн эсүүд, чихрийн шижингийн үед нойр булчирхайн эсүүдийн ажиллагаа тус тус алдагдаж үхэждэг учир тэдгээрийн нөхөн сэргэх явцыг идэвхтэй хадгалснаар харгалзах өвчлөлүүдээс сэргийлэх боломж бүрддэг.

Pennington-ы биоанагаахын судалгааны төвийн профессор Eric Ravussin илчлэг багатай хүнс болон sir2 генийн хоорондын холбоог тогтоох туршилт явуулж хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг ердийн хэмжээнээс 25%-иар бууруулах нь зохистойг тогтоожээ. Түүний туршилтад оролцогчид бага хэмжээний илчлэгтэй хоол хүнс 1 жилийн хугацаанд хэрэглэж туршихад sir2 генийн идэвхжил дунджаар 50% нэмэгдэж байв. Тэдний дундаас хамгийн өндөр үр дүн үзүүлсэн оролцогчийн хувьд 3 сарын хугацаанд генийн идэвхжил 2.4 дахин нэмэгдэж байв.

Илчлэгийг бууруулж хоол хүнсний хэрэглээндээ хязгаарлалт хийхийг ихэнх хүмүүс тэр болгон таашааж хүлээн авдаггүй. Үүнээс илүү хялбар аргаар урт наслалтын генийг идэвжжүүлэх боломж байхгүй юу гэсэн асуултын хариуг эрдэмтэд эрж хайсны эцэст тодорхой үр дүнд хүрээд байна. Алим болон усан үзэмийн төрлийн жимсний хальсанд маш бага хэмжээгээр агуулагддаг ресвератрол хэмээх бодис насжилтаас хамааран алдагдах митохондрийн ажиллагааг сэргээж урт наслалтын гентэй адил үйлчилгээ үзүүлдэг болохыг 2004 онд италын эрдэмтэд тогтоожээ. Энэ бодис усан үзмийн түүхий эдээр бүтээгддэг улаан винонд мөн адил бага хэмжээгээр агуулагддаг байна.

Энэ үеэс судалгааны байгууллагууд, их сургуулиуд, эм үйлдвэрлэгч компаниудад уг бодисын судалгаа эрчимтэй хийгдэж байна. Ресвератролын судалгаа цаашид урт наслуулах нөлөөтэй эмийн бүтээгдэхүүн бий болгох найдварыг ихээхэн төрүүлж байгаа юм. Зарим компаниудын хийсэн судалгааны хувьд амьтан дээрх туршилтын үе шат амжилттай дуусч хүнд хийх туршилтыг эхлүүлсэн тухай мэдээлж байна. Мөн эрдэмтэдийн судлагааны эцсийн үр дүнг хүлээлгүйгээр зарим  үйлдвэрлэгч нар уг бодисыг агуулсан эрүүл мэндийн нэмэлт (supplement) бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа нь америк зэрэг орнуудад их хэмжээгээр худалдаалагдаж байна.

Ресвератрол нь зөвхөн хөгшрөлтийг удаашруулаад зогсохгүй, булчингийн хүчийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэгийг францын Illkirch-ийн генетик, эсийн билогийн хүрээлэнгийн эрдэмтэн Johan Auwer-ын хулгана дээр хийсэн судалгаа нотлож байна. Ресвератролын нөлөөгөөр хулганы булчингийн урт хугацааны туршид хадгалагдах хүч 1.5 дахин нэмэгдэж байжээ. Сиднейн New South Wales их сургуулийн профессор Peter Smith өнөөдөр Австрали улсад төрж буй охид бүгд шинэ эмийн тусламжтайгаар 100 хол давж наслана гэж үзэж байгаа бол Харвардын их сургуулийн профессор David Sinclair бид хүнийг 150 наслуулах технологийн эхний шатанд хүрээд байна гэж үзэж байна.

Учир нь ресвератролын химийн бүтцийг судласан эрдэмтэд түүнээс 1000 дахин илүү үйлчилгээ үзүүлэх чадвартай Srt2104 зэрэг бэлдмэлүүдийг гаргаж аваад байна. Мөн уухад тэр дороо тархины мэдрэлийн эсүүдэд нөлөөлөл үзүүлэх Srt3025 мэтийн эмчилгээний зориулалттай бэлдмэлүүд бүтээгджээ. Энэ чиглэлийн судалгаанд Sirtris зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд ч багагүй амжилт олоод байна. Юутай ч технологийн дэвшлийн хүчээр хүний насыг одоогийнхоос хоёр дахин уртасгах боломж бүрдэж эхэлж байгаа бололтой. Магадгүй хэдхэн жилийн дараа урт наслалтын эмүүд ердийн хэрэглээ болж бидний үр хүүхэд эрүүл, залуу эрч хүчтэйгээр, биднээс илүү урт удаан наслах итгэлийг төрүүлж байна.


эх сурвалж;  NHK & etc.

iPS эс гэж юу вэ

1998 онд АНУ-ын Wisconsin их сургуулийн профессор James Thomson хүний үр хөврөлөөс үүдэл эс гарган авах аргыг нээжээ. Хүний үр хөврөлийн үүдэл эсээс олон төрлийн эд эрхтэн ургуулах боломжтой боловч ёсзүйн асуудлаас гадна эд эсийн таарамжгүй байдлаас шалтгаалан хүссэн өвчтөн болгонд шилжүүлэн суулгах боломжгүй юм. Иймд эд эсийн нийцэмжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс тухайн үед хорт хавдрын эсрэг үйлчлэх генийн судалгаа хийж байсан Киото их сургуулийн профессор Яманака Шинья хүний арьснаас зохиомлоор үүдэл эс бүтээх судалгааг эхлүүлсэн байна.

Хүний үр хөврөлийн үүдэл эс 10000 генийг агуулдаг. Профессор Яманака 4 жилийн турш судалгаа хийж тэдгээрээс үүдэл эс үүсгэх магадлал өндөртэй 24 генийг ялгаж тодруулжээ. Түүнээс хойш 2 сарын дараа Oct3/4, Sox2, Klf4, c-Myc гэж нэрлэгдэх дөрөвхөн ген байхад хангалттай гэдгийг нээсэн байна. Тэрээр 2006 онд хулганы арьсны эсэд дээрх 4 генийг суурилуулж туршихад 3 долоо хоногийн дараа үүдэл эс болон хувирчээ. Уг эсийг Induced pluripotent stem cell буюу iPS cell (утгачилбал олон боломжит зохиомол үүдэл эс) гэж нэрлэсэн бөгөөд дараа жил нь хүний арьсны эсээс iPS эсийг амжилттай бүтээж чадсан юм.

Үүдэл эсийн онцлог нь түүнээс олон төрлийн эд эрхтэн үүсэн бий болохоос гадна эсийн хуваагдал богино хугацаанд явагдаж маш хурдан өсч томордогоороо хорт хавдрын эстэй төстэй байдаг. Тухайн үед iPS эс бүтээхэд ашиглагдаж байсан c-Myc ген нь хорт хавдрын эст мөн адил агуулагддаг учир ургуулсан эд эрхтэнд хавдар үүсэх магадлалтай байжээ. Иймд хавдар үүсэх аюулгүй iPS эс гаргаж авах ажлыг 2 жилийн дотор гүйцэтгэх, хүн дээр суурилсан туршилт судалгааны ажлыг 5 жилийн дотор эхлүүлэх зорилтыг 2009 оны 6 сард Япон улсын улсын боловсролын яамнаас тавьж хэд хэдэн их сургуулиудад ийм төрлийн судалгаа хийгдэх болсон байна.

Уг зорилтын хүрээнд Япон улсад "Нөхөн сэргээх эмчилгээний төсөл"-ийг хэрэгжүүлж эхлэн 2008 онд 4,5 тэрбум, 2009 онд 14,5 тэрбум иенийг зөвхөн iPS эстэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд зарцуулсан байна. Харин 1 жилийн дараа Киото их сургуулийн эрдэмтэд c-Myc генийг төстэй бүтэц бүхий L-Myc генээр орлуулах замаар аюулгүй iPS эсийг бүтээх аргыг олжээ. Мөн тус улсад 6 - 81 насны хүмүүсийн арьснаас туршилтын журмаар iPS эсийг амжилттай гаргаж авснаар цаашид ямар ч насны хүний эмчилгээнд ашиглах ирээдүйтэйг нотлосон юм. Мөн сүүлийн үед 115 настай хүний эсээс үүдэл эс үүсгэх судалгаа хийгдэж байна.

Судалгааны эхний үед iPS эсийг ургуулах ажлыг зөвхөн туршлагатай мэргэжилтний гараар, харьцангуй урт хугацаа зарцуулан гүйцэтгэж, маш бага хэмжээгээр үйлдвэрлэж байсан бол 2010 оны 6 сард Кавасаки компани, Япон улсын анагаах ухааны судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл технологийн нэгдсэн хүрээлэн хамтран зориулалтын робот бүтээж их хэмжээгээр, автоматаар үйлдвэрлэх боломжтой болжээ. Мөн оны 7 сард Кэйёо их сургуулийн эрдэмтэд цусны дуслаас iPS эс гарган авах аргыг нээсэн байна. Үүний тулд зөвхөн 0.1 мл хэмжээний цусны дусал шаардлагатай бөгөөд lymphocyte хэмээх цусны цагаан бөөмийн эсэд 4 төрлийн генийг нэмж өсгөвөрлөдөг байна. Ингэснээр iPS эс үүсгэхэд 72 хоног зарцуулдаг байсан бол 25 болгож шаардагдах хугацааг 3 дахин багасгажээ.

2009 оны 7 сард Хятадын шинжлэх ухааны академи Шанхайн генийн судалгааны хүрээлэнтэй хамтран iPS эс бүхий үр хөврөлийн эсээс хулгана төрүүлэх туршилтыг амжилттай хийсэн байна. Туршилтаар хулганы үр хөврөлийн эсийн хуваагдаж өсөх чадварыг зогсоох үйлчлэл бүхий боловсруулалтад оруулжээ. Дараа нь уг үр хөврөлд iPS эс суулган өсөх чадварыг зохиомлоор дахин сэргээж өөр эх хулганад суулгасан байна. Өнгөрөгч онд Яманака нарын эрдэмтэд нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон хулганы мэдрэлийн системд хүний iPS эсээс ургуулсан хиймэл мэдрэлийн эсүүд суулгах туршилт хийж үзэхэд хулганы мэдрэлийн системийн үйл ажиллагаа 4 долоо хоногийн дотор бүрэн сэргэсэн байна.

iPS эс болон эд эрхтэн ургуулах судалгаа хэдийгээр эхлэлийн шатандаа байгаа боловч богино хугацаанд анагаахын практикт ашиглагдаж эхлэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал одоогоор шалтгаан нь бүрэн тодорхойгүй байгаа өвчнүүдийг эмчлэх аргыг судлах, шинэ төрлийн эмүүдийг туршихад ашиглагдах боломжтой юм. Хүний тархи, зүрх, дотоод эрхтнүүдийн эд эсийг зохиомлоор ургуулж түүний тусламжтайгаар алцгеймер, паркинсон, чихрийн шижин зэрэг өвчний шалтгааныг эрж хайх, тэдгээрт зориулсан эмийн нөлөөллийг судлах боломж бүрдэж эм үйлдвэрлэгч зарим компаниуд ч энэ чиглэлд анхаарал хандуулж эхлээд байна. Цаашид хүний янз бүрийн эрхтэнг лабораторт ургуулах боломж бүрдэж нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ шатанд гаргаснаар хүний эрүүл, урт наслах магадлалыг ихээхэн нэмэгдүүлэх ирээдүйтэй юм.

Профессор Яманака iPS эсийн судалгаагаар сүүлийн 2 жилийн хугацаанд нобелийн шагнал хүртэх магадлалтай эрдэмтдийн жагсаалтын эхний байруудыг эзлэж, нэр дэвшиж байна. Тэрээр 2009 оны 10 сард нобелийн шагналын угтвар гэгддэг Америкийн анагаах ухааны салбарын хамгийн дээд шагнал болох Lasker болон шинжлэх ухааны салбарын бусад нэр хүндтэй шагналуудыг хүртжээ.

үргэлжилнэ ...

Цусны даралт бууруулах массаж

Монголчуудын 4 хүн тутмын нэг нь нэрвэгдээд байгаа гэгдэж буй цусны даралт ихсэх өвчин цаашид тархинд цус харвах, зүрхний имфаркт, бөөрний дутагдал зэрэг нас баралтын үндсэн шалтгаан болсон өвчлөлүүдийн үндэс суурь болж байна. Энэ өвчний үед хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, эмийн эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авдаг боловч манайд ч, хөгжингүй орнуудад ч бүрэн төгс эмчилж эдгээж хараахан чадахгүй байгаа юм. Нэгэнт анагаах ухааны боломж хязгаарлагдмал байгаа нөхцөлд уламжлалт болон бусад төрлийн эмчилгээний аргыг хослуулан хэрэглэх талаар эрдэмтэд, эмч нар зөвлөх тохиолдол цөөнгүй байдаг.

Ийм төрлийн аргуудын нэг болох иллэг, массажны аргын үр дүнг орчин үеийн шинжилгээний багаж, аргачлалын тусламжтайгаар үнэлж, даралт ихсэх өвчнөөр шаналж буй хүмүүст санал болгосон NHK телевизийн "Тамэши гаттэн" (туршаад үз) нэвтрүүлгийн 8-р сарын 31-ний дугаарын агуулгыг хүргэж байна. Урьдчилан сануулахад иллэг массажны тусламжтайгаар цусны даралт бууруулах арга нь шинжлэх ухаанаар хараахан батлагдаагүй учир анагаахын практикт хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эмчилгээний арга биш юм. Гэхдээ нэвтрүүлгийн үед хийгдсэн болон бусад туршилтуудын үед эерэг үр дүнгүүд ажиглагдаж байгаа учир цусны даралт өндөртэй хүмүүс туршаад үзэхэд илүүдэхгүй юм.

Нэвтрүүлэгт 86 настай Тэраниши гэх эрэгтэйг жишээ болгон авсан бөгөөд түүний цусны даралт тогтмол ихэсч 180 мм м.у.б-аас илүү өндөрсөж байснаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Тэрээр иллэг хийж даралт буулгах аргын тухай дуулаад 10 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд түүний цусны даралт 121 мм м.у.б буюу хэвийн хэмжээнд хүртэл багасч тогтмолжсон байна. Энэхүү иллэгийн аргыг Япон улсын Окаяма их сургуулийн профессор Сэо Сачимару анхлан судлаж, хэд хэдэн ном бичиж хэвлүүлэхийн зэрэгцээ уг аргыг өвчтнүүдэд санал болгодог байжээ. Профессор Сео 3 жилийн өмнө 92 насандаа нас барсан юм.

Иллэг хийснээр судсанд ямар нөлөө үзүүлж цусны даралт хэрхэн буурдаг болохыг тодруулах үүднээс нэвтрүүлэгт оролцож буй эмч богино долгионы төхөөрөмжийн тусламжтайгаар гарын артерийн судсанд хэмжилт хийж үзжээ. Ердийн нөхцөлд судасны өргөнийг хэмжихэд 3.88 мм диаметртэй байсан бол иллэг хийсний дараа судасны диаметр 4.11 мм болж 5.9 %-иар өргөссөн байна. Судас өргөссөнөөр түүгээр урсаж буй цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг юм. Нэвтрүүлгийн хүрээнд судас өргөсөх шалтгаан яг юунд байв гэдэг асуултын хариултыг олох зорилгоор нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд иллэг хийснээр артерийн судасны дотор талын нимгэн эсийн давхарга (endothelium) агших, тэлэх хөдөлгөөнд орж судсыг өргөсгөх нөлөө бүхий азотын исэл ялгаруулж байгаа нь тодорхой болсон байна.

Дараагийн шатанд цусны даралт харьцангуй өндөртэй 20 хүнийг хамруулсан туршилт хийв. Тэдгээрээс 10-ыг нь нэг бүлэг болгон өдөр бүр 15 минутын хугацаагаар иллэг хийлгэн цусны даралт буурч байгаа эсэхийг 3 долоо хоногийн турш ажиглажээ. Бусад 10 хүнийг нүүрэн дээрээ нойтон алчуур тавиулах (даралт бууруулах нөлөөтэй гэгддэг уламжлалт аргуудын нэг бололтой) маягаар үр дүнг мөн адил хугацааны туршид ажигласан байна. Туршилтын үр дүнд "нойтон даавууны бүлэг"-ийн оролцогчдын цусны даралтын дундаж утга мэдэгдэх төдий бага хэмжээгээр буурсан бол "иллэг- массаж" бүлгийн оролцогчдын цусны даралт 8.6 мм м.у.б буюу харьцангуй өндөр хэмжээгээр буурчээ.

Туршилтын үр дүнг зүрх судасны мэргэжлийн эмчид үзүүлэн санал сэтгэгдлийг нь асуухад эмийн буюу цусны даралт ихсэх өвчний үндсэн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой байж магадгүй гэж хариулжээ. Харин иллэг-массажны аргыг үргэлжлүүлэн судлаж буй Сeo профессорын гарын шавь болох эмчийн нотлож байгаагаар уг арга өвчтнүүдийн 90%-д даралтыг бууруулах эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна.

Нэвтрүүлгийн төгсгөлд даралт бууруулах нөлөөтэй иллэгүүдийг танилцуулав. Иллэгийг доорх зааврын дагуу өдөрт 1 удаа 15 минут хугацаагаар хийхэд хангалттай бөгөөд үнэхээр даралт бууруулах нөлөө үзүүлж байгаа эсэхийг хэдхэн сарын хугацаанд өөрийн биеэр туршиж мэдэх боломжтой юм. Харин иллэгийн аргыг туршиж байгаа хүмүүс даралт бууруулах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ямар ч нөхцөлд эм уухаа зогсоож, үндсэн эмчилгээгээ тасалдуулахгүй байхыг нэвтрүүлэгт оролцсон эмч нар анхааруулж байна.

Даралт бууруулах иллэгүүд

1. Хуруу.
Хуруугаа атгаад хоёр тийш нь эргүүлэх маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хийх хугацаа нэг гарын хуруунуудад нийтдээ 1 минут орчим байна.


2. Гар.
Алгаа дэлгэсэн байдлаас гарынхаа арьсан дээр дарж атгаад булчинг ясанд үрж мушгих маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа нэг гарын бугалганаас мөр хүртэл нийтдээ 2 минут орчим байна.


3. Хөл.
Гарын иллэгтэй адилаар мушгих маягийн иллэгийг хоёр гараар хийнэ. Үргэлжлэх хугацаа хөлийн хуруунаас бүдүүн гуя хүртэл 3 минут орчим байна.


4. Толгой.
Шанаанаас дух хүртэл артерийн маш олон жижиг судсууд тархсан байдаг. Тэдгээр хэсгүүдэд тойрог зурах маягийн иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа 3 минут орчим.


эх сурвалж; NHK ためしガッテン

Үүдэл эс гэж юу вэ

Мөнх наслах хүсэл хүн төрөлхтний мөнхийн хүсэл байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Иймдээ ч эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд мөнхийн уснаас авахуулаад урт наслах, хөгшрөхгүй байх, залуужуулах жорыг эрж хайсаар ирсэн боловч харамсалтай нь амжилт олсон түүх нэгээхэн ч байдаггүй. Харин орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд хүнийг мөнхрүүлэхээ байг гэхэд эрүүл чийрэг, хүч чадалтай, залуу цоглог хэвээр одоогийнхоос хэд дахин урт наслуулах боломж байгааг нотлож, тэр нь зарим нэг хэлбэрээр ойрын ирээдүйд бодит амьдралд хэрэгжих эхлэх төлөвтэй байна.

Осол гэмтэл, элдэв өвчлөл, хөгшрөлтөөс шалтгаалан хүний биеийн эд эрхтнүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагддаг. Ийм тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээ чухал үүрэгтэй бөгөөд бүрэн ажиллагаагүй болсон эрхтэнг солихоос өөр аргагүй болдог. Өнөөдрийн нөхцөлд эрхтэнг зөвхөн хүн болон цогцосноос шилжүүлэн суулгаж байгаа учир донор хүрэлцээгүй байдаг, донор болон эрхтэн суулгуулж буй хүний эд эсийн нийлэмж тохирдоггүй байдал нь эмчилгээний хугацаа алдах, улмаар нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Мөн төрөл бүрийн хиймэл эртхэнүүд зохион бүтээж өвчтөнүүдэд суулгасаар ирсэн боловч тэдгээр нь технологийн хувьд олон талаар дутагдалтай байгаагаас эмчилгээний үр дүнг хангалттай хэмжээнд үзүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал хиймэл зүрх суулгуулсан хүний амьдрах хугацаа дөнгөж 3-5 жил байна.

Харин сүүлийн үед донор эд эрхтэнг ургуулах төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд эдгээрийн дундаас хамгийн их найдлага төрүүлж, ирээдүйтэй хэмээгдэж байгаа чиглэл нь iPS эсийн судалгаа юм. iPS эс гэж юу гэдгийг ойлгохын тулд хүний бие бүрэлдэн бий болох процессийн эхний шатуудыг анхаарч үзэх шаардлагатай болно. Хүний биеийг эр бэлгийн болон өндгөн хэмээх хоёрхон эсээс үүсдэг гэдийг бид мэднэ. Үр тогтсон өндгөн эс буюу хүний үр хөврөлийн эсүүд хуваагдлын замаар үржиж хүн насанд хүрэх үед дунджаар 60 триллионд хүрдэг. Харин үр хөврөлийн эсийн хуваагдлын тодорхой шатанд ямар ч эд эртхэн болон хувирах онцгой чадвартай эсүүд бий болдог байна. Энэ онцгой эсийг ES cell (Embryonic stem cell) буюу үр хөврөлийн үүдэл эс гэдэг. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хялгасан эс, суурь эс , язгуур эс, гол эс, тулгуур эс, ургал эс хэмээн янз бүрээр нэрлэж байгаа боловч анагаахын шинжлэх ухааны хэвшсэн хэллэг нь үүдэл эс юм. Үүдэл эсийг орос-америкийн эрдэмтэн, биологч, физикч А. Максимов цусны эсийн судалгаа хийж байх явцдаа 1908 онд анх илрүүлсэн байдаг.

Үр хөврөлийн үүдэл эсүүд нь цаашид хуваагдан тархи, зүрх, яс, арьс зэрэг төрөл бүрийн эрхтэнг бий болгодог. Нэгэнт эд эрхтэнгүүд үүсэн бий болж хүний бие бүрэлдэн тогтсон тохиолдолд дахин үүдэл эс бий болох шаардлагагүй мэт санагдаж болох юм. Тэгвэл насанд хүрсэн хүний биед ч бас үүдэл эсүүд агуулагдаж байдгийг 1950-аад оны үед эрдэмтэд нээсэн байна. Хамгийн анх чөмөг болон цусны үүдэл эсийг нээсэн бол сүүлд тархи, булчин зэрэг бүхий л эд эрхтэнд ч бас тэдгээрийн шинж чанарыг агуулах үүдэл эсүүд байдгийг илрүүлжээ. Хүн болон амьтны бие махбод нөхөн төлжих чадвартай байдаг. Цус, яс, булчин гээд ихэнх эд эрхтэний зарим эсүүд  үхжиж байхад өөр бусад эсүүд тасралтгүй хуваагдан үржиж, нөхөн сэргээгдсэнээр хүн болоод амьтны амьд явах нөхцөлийг бүрдүүлдэг. Эд эрхтний ингэж нөхөн төлжихөд биеийн бүхий л хэсэгт тархан байрлах үүдэл эсүүд голлох үүрэг гүйцэтгэдэг байна.

Насанд хүрэгчдийн үүдэл эс (Adult stem cell)-ийг нээснээс хойш түүний онцгой шинж чанарыг эмчилгээнд ашиглах талаар олон төрлийн судалгаанууд хийгдэж зарим төрлийн эм бүтээх, чөмөг шилжүүлэн суулгах зэргээр эмчилгээний аргууд бий болов. Харин сүүлийн жилүүдэд эрхтэн ургуулах чиглэлд үүдэл эс ашиглан нөхөн сэргээх болон гоо сайхны эмчилгээнд ашиглаж эхлээд байна. Ялангуяа Токио их сургуулийн профессор Окано Тэрүогийн 2000 оноос боловсруулж эхэлсэн үүдэл эсийг өсгөвөрлөх эсийн хуулдас (cell sheet)-ын аргаар хийгдсэн зарим төрлийн эмчилгээнүүд амжилттай хийгдэж байна. Лабораторын нөхцөлд үүдэл эсийг үржүүлэх тохиолдолд үүссэн эд эсүүд 5-10 микрон зузаантай байдаг бол эсийн хуулдасын аргаар тэдгээрийг холбогч материалаар холбон давхарлах замаар шаардлагатай зузаан бүхий эд эсийн хэсгийг гаргаж авдаг байна. Мөн шаардлагатай орчинг бүрдүүлснээр эсийн амьдрах чадварыг 100% хадгалж чадсан байна.

2007 онд Оосака их сургуулийн эрдэмтэд эсийн хуулдасын тусламжтайгаар зүрхний булчингийн үйл ажиллагаа сулрах (dilated cardiomyopathy) өвчний улмаас хиймэл зүрх залгуулсан өвчтний зүрхний үйл ажиллагааг бүрэн сэргээх мэс заслыг дэлхийд анх удаа хийв. Уг мэс заслаар 59 настай өвчтөн Шигэкүнигийн хөлийн гуяны булчингийн хэсгээс үүдэл эсийг ялган авч 0.1 мм зузаантай эсийн хуулдасыг ургуулан үйл ажиллагаа нь алдагдсан зүрхний булчингийн хэсгийг нөхжээ. 2008 оны 7 сар гэхэд мөн адил аргаар ургуулсан нүдний эвэрлэг бүрхүүл суулгах мэс заслыг 80 орчим хүнд амжилттай хийж гэрэл мэдрэх төдий хараатай байсан хүний хараа бүрэн сэргээсэн байна. Нүдний эвэрлэгийн эд эсүүдийг ургуулахын тулд тэдгээртэй адил төстэй шинж чанар бүхий амны салстын үүдэл эсийг ашигладаг. Мөн хортой, хоргүй хавдар зэрэг өвчний мэс л заслын үед өвчтөний ходоод, нарийн, бүдүүн гэдэс зэрэг дотоод эрхтний тайрагдсан хэсэгт үүссэн шархыг эсийн хуулдас ашиглан нөхөх эмчилгээ эмнэлгийн практикт нэвтрээд байна.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад үүдэл эсийн тусламжтайгаар гоо сайхны эмчилгээ хийх зарим шинэ төрлийн аргачлалууд амжилттай туршигдан, хэрэгжиж эхлээд байна. Ахимаг насны эмэгтэйчүүд үрчлээнээсээ салахын тулд арьсаа татуулах, огтлуулж багасгуулах, арьсны давхарга дор өөх шахуулах мэтийн төвөгтэй хэлбэрийн уламжлалт мэс ажилбарууд хийлгэдэг байсан бол шинэ аргаар үүдэл эс бүхий эмчилгээний шингэн тариулах төдийд залуу, толигор арьстай болох боломж бүрдэв. Хөх, өгзөгөө томруулахыг хүсвэл эд эрхтэнээ зүсүүлж силикон мэтийн гадны биет суулгуулах шаардлагагүй болоод байна.

Эдгээр төрлийн эмчилгээнд тухайн өвчтөний өөрийнх нь эд эсийг ашигладаг учир эд эсийн таарамжгүйн асуудал гардаггүй, эмчилгээ найдвартай явагдаж, хурдан хугацаанд хүндрэлгүйгээр эдгэрэх боломжтой нь дээр дурдсан эмчилгээний үр дүнгүүдээр нотлогдож байна. Гэхдээ үүдэл эст суурилсан эмчилгээний нэг гол дутагдалтай тал нь насжилт болон хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс шалтгаалан үүдэл эсийн нөхөн сэргээх чадвар мууддаг явдал юм. Үүнтэй холбоотойгоор эсийн нөхөн сэргээлт дутагдаж арьс үрчлээтэж унжих, тархины хэмжээ багасч хатингарших, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах зэргээр хөгшрөлтийн шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл өвчтний нас өндөр байх тусам үүдэл эст суурилсан эмчилгээний үр дүн муу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд хүмүүсийг залуу байх үед нь тэдний биеэс үүдэл эсийг авч хадгалах эсийн банк байгуулах саналыг зарим эрдэмтэд санал болгож байна.

Харин насанд хүрэгсдийн бие эрхтэнд агуулагдах үүдэл эсүүд зөвхөн тухайн эрхтэний эсэд хувирах боломжтой байдаг учир өөр төрлийн эрхтэний эд эс ургуулах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүн насанд хүрэх үед үүдэл эсүүд аль хэдийн өөр өөр эрхтний эсэд хувирахаар програмчлагдсан байдаг гэсэн үг юм. Мөн зүрх, элэг, бөөр зэрэг эд эрхтэнг бүхлээр нь ургуулах асуудал дөнгөж судалгааны эхлэлийн шатанд байна. Үр хөврөлийн эсээс эрхтэн ургуулах боломжтой бөгөөд энэ нь хулгана зэрэг амьтадад амжилттай туршигдаад байгаа юм. Бүр 1960-аад оны үеэс амьтны үр хөврөлийн үүдэл эсийг ялгах арга боловсруулагдсан байдаг боловч хүний хувьд ёсзүйн асуудлаас хүлээн зөвшөөрөгддөггүй, зарим тохиолдолд сөрөг зорилгоор ашиглагдаж гэмт хэргийн шинж чанартай үр дүнд хүргэх магадлалтай учир ийм төрлийн судалгаанууд бодит амьдралд нэвтрэх магадлал багатай юм.

үргэлжилнэ... (iPS эс гэж юу вэ)