Буш ба гутал

Мэдээллийн хэрэгслүүдийн өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээгээр Буш руу гутал шидэж, магадгүй олон хүний загатнасан газар маажсан мэдээг шалгаруулахад маргах хүн гарахгүй байх. Японы телевизийн нэгэн сувгаар (ямар суваг байсныг анзаарсангүй) энэ тухай шинжлэх ухааны үндэстэйгээр судласан нэвтрүүлэг хальт үзэв. Дүрслэлийг хэт удаашруулах чадвартай камер ашигласан хэмжилтээр Буш эхний гутлаас 0.25 секундэд бултаж чаджээ. Энэ хугацаа нь машины аваар тохиолдох үед жолооч хажуугийн хоёр толио самбаачлан харж чадах хугацаатай ойролцоо юм байна. Ингэхээр бүрэн эрх нь дуусгавар болж буй ерөнхийлөгч хэр хурдан, сурамгай бултсан нь харагдаж байна.
Бичлэгээс харахад Буш иракийн ерөнхий сайд руу хандан ярьж байгаад сэтгүүлчид цугласан танхим руу харах үед буюу өөрөөр хэлбэл танхим зүгээс ямар нэгэн довтолгоо ирэхэд амжилттай бултах магадлал өндөрссөн үед эхний гутлыг шиджээ.

Хоёр дахь гутлыг шидэхэд ойролцоо байсан сэтгүүлчийн гар бага зэрэг саад болж гутал Буш хүрэх замдаа эхнийхийг бодвол арай удаан буюу 0.38 секунд хугацаа зарцуулжээ. Гутал нисэх хугацаа удаан байсан, Буш дараагийн довтолгоонд бэлэн байсан болохоор энэ удаагийн шидэлт бас л амжилтгүй болсон.

Нэвтрүүлгийн уран бүтээлчид нэгэн дээд сургуулийн профессор багшаар гутлыг амжилттай шидэж байг онох нөхцөлийн талаар тооцоо хийлгэсэн байна. Ирак сэтгүүлч гутлаа хоншоор хэсгээс нь барьж эргэлдүүлэн шидсэн нь агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр удаан (0.25с) нисэх нөхцөл болжээ. Профессорын тооцоолсноор гутлын хоншоорыг бай руу чиглүүлэн, гутлын улны дунд хэсгээс (хүндийн төв) барьж, эргэлдүүлэлгүй шулуун хэлбэрээр шидсэн бол 0.12 секундэд Бушийг бүрэн онох боломжтой байсан байна.

Хэрэв та Энхбаяр ч юм уу, өөр ямар нэгэн орны ерөнхийлэгч руу гутал шидэхээр төлөвлөж байгаа бол дээрx тооцооны дагуу шидвэл найдвартай онохнээ.