Чингэс хаан байгальд хамгийн ээлтэй булаан эзлэгч үү

Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн экологийн тэнхимийн судлаачид Чингэс хааныг байгальд хамгийн ээлтэй булаан эзлэгч байсан гэж үзэж байна. Тэдний хийсэн судалгаагаар 13-аас 14-р зууны үед оршин тогтнож байсан монголын эзэнт гүрний үед 40 сая хүний амь үрэгдэж, их хэмжээний газар нутгийн боловсруулсан хөрсийг ой болон хувирах нөхцөл бүрдүүлсэнээр нийт 700 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалаас зайлуулсан гэдгийг тогтоожээ. Энэ нь өнөөгийн дэлхийн нефтийн нэг жилийн хэрэглээнээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийн хаягдалтай тэнцэх юм. Нөгөө талаас түүхэнд хүний нөлөөлөөнөөс үүссэн хамгийн том "дэлхийн хүйтрэл" хэмээн нэрлэж байна.

Судалгааны хүрээнд европын "хар үхэл", хятадын мин гүрний уналт, америк тивийн булаан эзлэлт зэрэг дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амь сүйдсэн үйл явдлуудыг хамруулсан бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээгээр хүн амын сийрэгжилт үүсгэн, ойг сэргээж, нүүрс хүчлийн хийг бууруулах нөхцөл болж байсан боловч дэлхийн хуурай газар нутгийн 22 хувийг эрхшээлдээ оруулж байсан монголчуудын цуст булаан эзлэлт бүхэн бүтэн зууны турш үргэлжилж хамгийн их нөлөөллийг үзүүлжээ. Судалгааны багийн ахлагч Julia Pongratz-ын хэлсэнээр үйлдвэржилтийн эрин үед нүүрс болон газрын тосыг их хэмжээгээр шатааснаас шалтгаалан дэлхий дулаарал эхэлсэн гэх үзэл бодол нь нийтийг хамарсан төөрөгдөл бөгөөд хүмүүс хөдөө аж ахуй эрхлэх зорилгоор ойг устгаж, дэлхийн ногоон бүрхэвчийг өөрчилж эхэлсэн 1000 жилийн өмнөөс үүдэлтэй гэжээ.


эх сурвалж; mailonline

Компьютер үзэгдэхээ больж байна

Cloud computing буюу үүлэн тооцооллын тухай сүүлийн үед яригдах болсон билээ. Энэ тухай болон 2010 оны теxнологийн салбарын онцлох 10 үйл явдалын тухай өмнөх мэдээлэлд дурдагдсан, компьютер үзэгдэхээ больж эхэлсэн тухай энгийн хүмүүст ойлгомжтой дүрслэл хэлбэрээр илэрхийлэгдсэн мэдээллийг хүргэж байна. Үүлэн тооцооллын тухай эндээс дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Тун удахгүй ухаалаг гар утас, телевизор, зөөврийн компьютер зэрэг бүх төхөөрөмжүүд хэрэглээнээс гарч, тэдгээрийн орыг "хаа сайгүй тооцоолуур" эзлэх болно. Google docs-той адилаар бидний хэрэглэдэг бүх програмуудыг нэг л адил мэдээллийн асар том сангаас хүн бүрийн дэлгэц дээр татан гаргаж ирэх болно.

Одоогийн ихэнх дижитал төхөөрөмжүүд мэдээлэл хадгалах хэсэг, процессор, дэлгэц, интерфейс гэсэн 4 хэсгийг агуулдаг билээ.


КОМПЬЮТЕРИЙН ТОВЧ ТҮҮХ
1950-аад он. Суурь үе

Олон хүн бүхэл бүтэн өрөөг эзэлсэн аварга компьютерт холбогдохыг хүлээн суудаг байв. Хэрэглэгчид телексийн машин, сүүлд видео дэлгэцийн тусламжтайгаар төвлөрсөн өгөгдлийн систем болон процессорт холбогддог болов.


1980-аад он. Персонал компьютерийн үе
Жижиг хэмжээтэй чипнүүд, мэдээлэл хадгалах хямд төхөөрөмжүүд бий болж хүн болгонд өөрийн гэсэн компьютертэй байх боломжийг бүрдүүлэв. Эдгээр иж бүрдэл компьютерүүд бие даасан байдалтай байсан боловч сүүлд утсан сүлжээ бий болж хэрэглэгчдэд өөрсдийн компьютерүүдийн хооронд мэдээлэл солилцох боломж олгов.


1990-ээд он. Интернетийн үе
Хүн бүхэн санах ой, оролтын төхөөрөмж, процессор агуулсан персонал компьютер хэрэглэсээр байв. Гэхдээ хүмүүс веб хуудсанд хандаж алс зайд байрлах серверүүдээс медиа контент татаж авахад илүү их цаг зарцуулах болов.


2010 он. "Хаа сайгүй тооцоолуур"-ын үе (Ubiquitous Computing)
Бүхий л электрон төхөөрөмжүүд өгөгдөл болон мэдээлэл боловсруулах боломжуудыг интернет үүлнээс хүртэх болов. Өөрөөр хэлбэл төхөөрөмжүүд шаардлагагүй өгөгдөл болон програм хангамжуудыг агуулахаа больсоноор үнэ өртөг буурах, нийтэд түгэн дэлгэрэх боломж бүрдэв. Хулгана, гар мэтийн интерфейсийн төхөөрөмжүүд  хэрэглээнээс хамаарсан онцлог хэлбэрт шилжив. Компьютер хаа саагүй байх болж хүмүүс түүнийг анзаарахаа больж эхлэв.



эх сурвалж; Karl Tate, technewsdaily

Монгол улсын 2010 оны шилдэг 6 технологи

2010 он улиран одож байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны онцлог үйл явдал, шилдэг хүмүүсийг салбар бүрээр уламжлал болгон тодруулж байгаа билээ. Харин манайд хангалттай хөгжөөгүй, нөгөө талаас хүмүүсийн сонирхлыг тэр бүр татдаггүйгээс техник, технологийн чиглэлээр энэ талын шалгаруулалт ямар нэг хэлбэрээр явагдсангүй. Иймд энэ чиглэлийн мэдээллүүдийг сонирхож, төрөлжсөн блог эрхэлдэгийн хувьд 2010 онд монгол улсад нэвтэрсэн 6 шинэ техник, технологи болон онцлох үйл явдлуудыг тодруулахыг оролдов. Улиг болсон тооны загварт баригдахаас зайлсхийсэн, нөгөө талаас шинэ техник технологиудын тоо илүү болон дутуу гараагүй учир 6 хэмээх тоо сонгогдов.

1. Монбус болон монголын анхны цахилгаан машин бүтээв
Цахилгаан тээвэр компаний инженерүүдийг үйлдвэрлэлийн шинэ техник, технологи бүтээх чиглэлд монгол инженерүүд дундаа тэргүүн эгнээнд яваа гэхэд хилсдэхгүй билээ. 2007 оноос өөрсдийн хүчээр электробус, доубусууд угсарч ашиглахаас гадна экспортод гаргаад байна. Харин энэ онд уламжлалт цахилгаан энерги болон дизел хөдөлгүүрээс гадна дугуйн эргэлтээс цахилгаан энерги үүсгэх технологийг нэвтрүүлж, шинэ төрлийн Монбус үйлдвэрлэн нийтийн тээвэрт ашиглаж эхэллээ. Дизел хөдөлгүүрт ердийн автобус 100 км-т 80 мянган төгрөгийн шатахуун зарцуулдаг бол шинэ Монбус адил зайд 15 мянган төгрөгийн зардал гаргадаг байна.

Мөн хотын агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа үед утааны ялгаруулалтыг эрс багасгаснаараа ач холбогдолтой юм. Манай улсад шинэ техник, технологи ихэвчлэн гадны улсуудад үйлдвэрлэсэн бэлэн техник, тоног төхөөрөмжүүдийг угсрах, бэлэн технологийг хуулбарлах замаар нэвтэрдэг бол Цахилгаан тээвэр компаний инженерүүдийн бүтээлүүд монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бий болж байгаагаараа онцлогтой. Хэдийгээр хэрэглээнд нэвтэрч амжаагүй ч цахилгаан машины өөрийн гэсэн технологийг бий болгож монгол улсад машин үйлдвэрлэлийн салбар бий болох эхлэлийг тавьсан гэж дүгнэж болох юм.


2. Могул компьютер болон автоматжсан үйлдвэрүүд байгуулагдав
М-Си-Эс Электроникс компани орчин үеийн компьютерийн үйлдвэр байгуулав. Мөн 20-иод жилийн өмнө Монел зурагтаар эхлэл нь тавигдаад тасарсан цахилгаан бараа, электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийг сэргээж, үндэсний шинэ брэнд бий болгохоор зорьж байгаагаараа онцлог юм. Өмнөх жилүүдэд манайд ихэвчлэн согтууруулах ундаа, спиртийн үйлдвэрүүд байгуулагдаж, технологижсон бөглөө нэвтрүүлж байсан бол өнгөрөгч онд бусад чиглэлийн шинэ үндэсний үйлдвэрүүд байгуулагдсанаараа онцлог байлаа.

Үүнд Багро компаний хүнсний, Эн-Ви-Си компаний пенобетоны, Эко Пак компаний цаасан хайрцаг, сав, баглаа боодлын үйлдвэрийг дурдаж болно. Автоматжсан технологи бүхий эдгээр үйлдвэрүүд нь гадаадаас худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний импортыг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна, адил төрлийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ болон үр ашиг өндөртэй, илүү хямд бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.


3. Нарны гүүрийг барьж эхлэв
Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах нөлөөтэй томоохон бүтээн байгуулалтын нэг болох "Нарны гүүр"-ийн ажил эхэллээ. Мөн уг гүүрийн барилгын ажилд монгол инженерүүд оролцон хөгжингүй орнуудад хэрэглэгддэг зам гүүрийн орчин үеийн технологиос суралцаж байна. Энэ нь зөвхөн гүүрээр зогсохгүй давхар авто зам барих зэргээр саяас дээш хүн амтай том хотын авто замын цаашид өсөн нэмэгдэх магадлал бүхий тулгамдсан асуудлуудыг бие даан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа билээ.


4. Автозамын хөдөлгөөний удирдлагын систем болон замчлалын шинэ төхөөрөмж нэвтрэв
“Зам тээврийн оновчтой систем” төслийн хүрээнд Улаанбаатар хотын автозамын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, 26 уулзварт хяналтын камер (CCTV), дүрс бичлэгийн мэдрэгчүүд (VDS), замын гэрэлтүүлэгтэй самбар (VMS) болон холбооны сүлжээний тоног төхөөрөмжүүд тус тус суурилуулагдан, удирдлагын нэгдсэн төвийг байгуулав. Энэхүү систем нь хүссэн дугаар бүхий автомашиныг бичлэгээс хайж олох зэрэг дүрс боловсруулах орчин үеийн технологийг нэвтрүүлсэнээс гадна авто замын осол аваарыг бууруулж, түгжрэлийг багасган, эдийн засаг болон байгаль орчинд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой билээ.

Мөн автозамын хөдөлгөөнтэй холбоотойгоор онцлох ёстой нэгэн шинэ төхөрөмж нь "Аялалын хөтөч" юм. Автомашины навигаци буюу GPS замчлалын зарим төхөөрөмжүүд манайд өмнө нь ашиглагдаж байсан боловч "Аялалын хөтөч" нь харьцангуй сүүлийн үеийн бөгөөд монгол хэлний интерфейс болон монгол улсын автозамын мэдээллүүдийг агуулсанаараа онцлог юм.


5. Broadband интернет болон андройд гар утас нэвтэрлээ
Хэдийгээр муу нэртэй луу данстай боловч Мобиком корпораци энэ онд 2 шинэ технологи нэвтрүүлэв. Өнгөрөгч 2010 онд дэлхий даяар түгэн дэлгэрч хамгийн олон тоогоор хэрэглэгдэж буй үйлдлийн системийг агуулсан андройд гар утсыг монголчууд албан ёсоор хэрэглэх боломжтой боллоо. Мөн монгол улсад интернетийн анхны broadband үйчилгээ бий болсоноор интернетийн хурдаар дэлхийн өндөр хөгжингүй улсуудын хэмжээнд дөхөж очлоо. Эдгээр нь хөдөлгөөнт болон суурин интернетийн олон шинэ үйлчилгээ, боломжуудыг монголчуудад нээж байгаагаараа онцлог юм.


6. Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд байгуулагдав

Байгал орчны асуудлаас үүдэн дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Харин хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардагддагаас ийм төрлийн эрчим хүчний нөөц ихтэй манай улсын хувьд хангалттай хөгжиж чадахгүй байгаа боловч гадны тусламж, хөтөлбөрийн хүрээнд зарим эх үүсвэрүүд байгуулагдсаар байна.

Өнгөрөгч онд Ховд аймгийн Дөргөний 12 МВт-ын, Говь-Алтай аймгийн Тайширын 11 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцууд тус тус ашиглалтад орлоо. Мөн Говь-Алтай, Завхан, Дорноговь аймгуудад 100-200 квт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцууд ашиглалад орж хэд хэдэн сумын цахилгааны хэрэглээг хангаж эхлэв. Өмнө нь багахан хэмжээний хувийн орон сууц зэргийг халааж туршиж байсан газрын гүний эрчим хүчээр томоохон барилгын халаалтыг шийдэж эхэллээ. Төв аймгийн Зуунмод хотын 1100 метр квадрат талбайтай 2 давхар цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаанаар халаах туршилт амжилттай хийгдэж цаашид бүх аймаг сумдад нэвтрүүлэхээр төлөвлөгдөж байна.



Мөн энэ дашрамд техник, технологитой холбоотой оны онцлох 3 "зугаатай үйл явдал"-ыг дурдалгүй өнгөрч болохгүй нь.

1. Пуужингийн хэлтэрхий шүтээн болох шахав
Оны эхээр Төв аймгийн Бүрэн суманд 2 тонн жинтэй "солир" унасан билээ. Тэнгэрийн биет гэх мэтээр нэрлэгдэн мэдээлэгдэж, сумын засаг дарга нь хадаг яндараар ороон хоймортоо залсан нь яaх аргагүй оны зугаатай үйл явдалаар тодроход хүргэж байна.


2. Сэтгэгдлийг хянах журам гарав
Манайхны хууль дүрэм хэрэгжүүлэх шалгарсан аргуудын нэг нь хаах, хориглох арга билээ. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа шалтгаанаар өмнө нь ТВ чатуудыг хаах тухай яригдаж байсан бол өнгөрсөн жил веб сайтад зочлогсдын сэтгэгдлийг хянах зорилготой “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” гээчийг гаргаж интернетийн зарим үйлчилгээ үзүүлэгчдэд хязгаарлалт тогтоолоо. Энэ хязгаарлалт нь үнэн чанартаа улс төрийн шалтгаантай, эрх баригч нам болон түүний мяндагтнуудын эсрэг үг хэллэгийг хориглох зорилготой байсан нь News.mn зэрэг сайтуудын мэдээллийн агуулгаас хамаарч сэтгэгдлийг хаадаг байдлаар ил тод болов. Энэ нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж нэг үзэл сурталд автагдсан хуучин нийгэм, эсвэл хойд солонгос, чааваасын дэглэмийг эрхгүй санагдуулах болов.


3. Гишүүд асуулга тавив
Оны эхээр нэр бүхий эрхэм гишүүд Тайширын усан цахилгаан станц мал сүргийг ус болоод бэлчээрийн хомсдолд оруулсан талаар асуулга тавьсан билээ. Энэ нь шинэ зүйл биш бөгөөд өмнө нь Дөргөний усан цахилгаан станцтай холбоотой Хар-Ус нуурын арлуудад мал бэлчээрлэх боломжгүй болсон тухай мөн адил шүүмжлэл гарч байсан юм. Аливаа шинэ бүтээн байгуулалт хөгжил дэвшилд хүргэдэг боловч ямар нэг хэмжээгээр сөрөг үр дагавар бий болгодог. Гэтэл үүнийг улс төрийн болон бусад элдэв зорилгоор ашиглан сурталчилах, мөн монголд малыг хүнээс дорд үздэг сэтгэлгээ арилахгүй байгааг зугаатай зүйл гэж нэрлэхэд хилсдэхгүй бизээ.