"Хүний нүүр таних систем"-ийн тухай

Хэдэн жилийн өмнө манай ойролцоох хотод хараар амьдарч, ажиллаж байсан гэр бүлийн хоёртой богинохон хугацаанд гайгүй сайн найзласан юм. Нутаг буцахынхаа өмнөхөн "байнгын айдастай амьдарч ханалаа, удахгүй харина даа" гэж ярьдаг байлаа. Мэдээж хууль бусаар амьдарна гэдэг тохиолдлын чанартай элдэв хяналт шалгалтад өртөхөөс сэргийлэн байнгын болгоомж, сэрэмжтэй явдаг учир ямар нэг хэмжээгээр айдас, дарамтанд байх нь ойлгомжтой хэрэг боловч заримдаа худал үнэн нь үл мэдэгдэх дам яриа сонсосноо үнэн эсэхийг биднээс лавлаж асуудаг байв.

Түүний нэг нь олон нийтийн газруудад хүний зургийг хяналтын камераар аваад визагүй гэх мэт хууль бус хүмүүсийг илрүүлдэг болсон тухай асууж байсан юм. Тухайн үед "хүний нүүр таних систем (facial recognition system)" нь зөвхөн нас, хүйс хоёрыг л тодорхойлох чадалтай байгаа, нүүрний нь зургаар тухайн хүнийг таних боломж хараахан бүрдээгүй, мөн өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа тухай мэдээллийн хэрэгслээс дуулснаа тайлбарлаж өгч айдасых нь нэг ч гэсэн шалтгаанаас салгаж өгч байлаа.

"Хүний нүүр таних систем"-ийн зарим боломжууд xэдэн жилийн өмнөөс зарим төрлийн бүтээгдэхүүнд ашиглагдаж эхэлсэн билээ. Видео болон дижитал фото камер зэрэгт уг системийг ашиглан хүлээн авч буй дүрснээс хүний нүүрийг ялган таньж, тухайн хэсгийн гэрэлтүүлгийн үзүүлэлтүүдийг оновчтой тохируулах боломжтой болсон. Мөн зарим төрлийн дижитал фото камерууд хүний нүүрэн дээрх сэтгэл хөдлөлийн илэрлийг таньж инээмсэглэсэн үед автоматаар зураг авах функцийг агуулж байна. Харин өнөөдөр хүний "нүүр таних систем"-ийн боломж хэдэн жилийн өмнө найзуудын маань асууж, төсөөлж байсан тэр хэмжээнд хүрчээ. Энэ талаар өнгөрсөн жил гарсан нэгэн мэдээллийг орчуулан хүргэж байна.


Омрон компани хүний нүүр таних олон төрлийн үйлдэл бүхий OKAO Vision технологийг хөгжүүлж байна.

Камерт дүрслэгдсэн хүний нүүрийг хэрхэн таньж байгааг дэлгэцэн дээр харуулж байна. Хүн камерийн өөдөөс бус хажуу тийш харсан, эсвэл гэрэлтүүлэг муутай газар байсан ч энэ систем өрдөө 0.1-хэн секундын хугацаанд хүний нүүр царайг бүрэн таних чадвартай. Мөн хяналтын камер ажиллаж байх тухайн эгшинд 5 сая хүний нүүр царайг ганцхан секундэд ангилан ялгаж чадах маш өндөр хурдтай юм.

Хяналтын камертай холбосон "нүүр таних систем" нь тухайн тохиолдолд хүний хөдөлгөөн болон бөөгнөрлийн байдлыг танин мэдэж чадна. Мөн олон нийтийн газар хүний урсгалын байдалд шинжилгээ хийж хамгаалалт, хяналт шаардлагатай газрын орц болон хүмүүс байрлах хэсгийг хянах чадвартай. Систем нь хүний нас, хүйс, нүүрний өвөрмөц онцлог, зовхио нээж хааж байгааг, нүүрэнд илрэх сэтгэл хөдлөл зэргийг магадлаж чадна. Урьдчилан өгөгдлийн бааз бүрдүүлэлгүйгээр камер ажиллаж байх тухайн эгшинд хүлээн авсан дүрслэлийг ашиглан боловсруулалт хийх чадвартай.

Харин хажуугийн дэлгэцэнд дижитал камераар авсан зургууд дундаас хүссэн хүнийхээ зургийг хайж олох программыг харуулж байна. Яг одоогийн байдлаар 34000 хүний зурган дундаас хайлт хийж 0.02 секундэд хүссэн зургаа олж чадаж байна. Жишээ нь дижитал фото зургийн сангаасаа хүүхдийнхээ зургийг, эсвэл зөвхөн инээмсэглэсэн зургийг олохыг хүсвэл энэ системийг ашиглах боломжтой юм.

Уг системийн хэрэглээний хувьд камер зэрэг үндсэн дижитал төхөөрөмжтэй цогц байдлаар ажиллах боломжтой ба эмнэлэг, интертэймэнт, робот зэрэг олон төрлийн салбарт өргөнөөр ашиглагдана. Омрон компани OKAO VISION системийн PC-SDK, IP-CORE хувилбаруудыг худалдаалж байна.

,

3 сэтгэгдэл:

Юм хөгжинө гэж үнэхээр гайхалтай юм. Энэ бүхнийг яг л над шиг хүмүүс оюун ухаанаараа бүтээж байна гэдэг бахархмаар гэхдээ бас аймаар ч юм шиг.

хариулах...

Лаг бна гэж

хариулах...

nuur tanih systemiin talaar medeelel bval ogooj

хариулах...

Сэтгэгдэл үлдээх