Жижиг хэмжээтэй цөмийн батерей бүтээгджээ

Батерей нь жижиг хэмжээний мэдрэгчээс авхуулаад том машинууд хүртэл олон төрлийн техник хэрэгсэлд ашиглагддаг. Батерейн хэмжээ том байх тусам машин техникийн овор хэмжээ томорч, жин ихтэй болдог учир эрдэмтэд түүнийг жижигрүүлэхийн хамт урьдынхаас илүү их хүч чадалтай болгох арга замыг эрж хайсаар байгаа билээ. Мөн тоног төхөөрөмжийг эрчим хүчээр тогтвортой хангахын тулд энергийн өндөр нягтрал бүхий батерей бий болгох шаардлага гарч ирсэн.

Цацраг идэвхт изотопийн зардалаар энерги ялгаруулах цөмийн батерей нь одоогоор сансрын болон цэргийн зориулалттай тоног төхөөрөмжид ашиглагддаг юм байна. Эдгээр батерей нь том овор хэмжээтэй бөгөөд түүнд ашиглагддаг хатуу хагас дамжуулагчид нь удаан хугацаагаар ажиллуулах тохиолдолд цацраг идэвхт бодисоос ялгарах их хэмжээний энергийн нөлөөгөөр эвдрэлд хүрдэг байна.

Тэгвэл Missouri их сургуулийн эрдэмтэд зоосон мөнгөний хэмжээтэй адил жижиг оврын цөмийн батерей зохион бүтээсэн байна. Энэ батерейг 1 сая удаа цэнэглэх бөгөөд маш удаан хугацаагаар буюу 100 болон түүнээс олон жил ашиглах боломжтой нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм. Энэ батерейд шингэн хагас дамжуулагч ашигласнаар овор хэмжээг багасгах, ашиглах хугацааг уртасгах боломж бүрдүүлсэн байна.

Цацраг идэвхт бодисыг маш хортой, аюултай гэж ойлгох хүн олон байдаг. Гэвч цөмийн батерей нь зүрхний электрон төхөөрөмж, хиймэл дагуул болон, усан доорх төхөөрөмж гэх мэт олон төрлийн техникт аль хэдийн ашиглагдаж, эрчим хүчээр аюулгүйгээр хангаж байгаа тухай жишээг судлаачид дурдсан байна. Иймд энэ төрлийн батерейг ердийн хэрэглээнд ашиглах боломжтой ажээ. Судлаачид уг батерейг микро болон нано цахилгаан-механикийн төхөөрөмжид ашиглах зорилгоор хүний үснээс жижиг хэмжээтэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.


эx үүсвэр; bbcnews, technovelgy.com

, ,

2 сэтгэгдэл:

Оросууд 60-аад оны үед ядам хурууны эхний үеийн хэмжээтэй цөмийн энерги ашигласан баттерей бүтээж ашиглаж байсан баримт бий. Үүнийг би музейд байхыг нь нүдээр үзсэн билээ.

хариулах...

Ах нарын хийсэн цөмийн баттерейний тухай нетээс хайсан боловч мэдээлэл олдсонгүй. Харин усан онгоцны зам заадаг далайн эргийн гэрэлт цамхагуудад ийм баттерей ашиглаж байсан бололтой. Цөмийн технологиор дэлхийд тэргүүлэгч гүрэн учир ах нар ийм жижигхэн баттерей хийх чадалтай гэдэгт итгэж байна, магадгүй аюлгүй байдлыг шаардлагатай хэмжээнд хүртэл хангаж чадаагүйгээс дэлгэрээгүй байж болох л юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх