Бидний хэрэглэдэг уламжлалт зурагтны удирдлагууд маш олон товчлуурыг агуулж, удаан хугацаанд ашиглах тохиолдолд заримынх нь мэдрэх чадвар муудаж хэрэглэхэд хүндрэлтэй болгодог. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах дэвшилтэт алсын удирдлагын концептийг Панасоник компани интернетэд суурилсан телевиз болон бусад вэб хэрэглээнд зориулан өнгөрсөн онд танилцуулж байсан байна. Телевизорын дэлгэц дээр үзүүлэх дүрсүүд энэ удирдлагын товчлууруудын үүргийг гүйцэтгэх бөгөөд даралт мэдрэх дэвсгэр (touchpad)-ийн тусламжтайгаар уг дүрслэлүүдээс сонголт хийж маш хялбар, уян хатан хэлбэрээр удирдах боломжтой юм. Зөвхөн уламжлалт телевизорын функцүүдийг агуулахаас гадна фото зураг үзэх зэрэг интернетэд суурилсан бусад үйлчилгээнд компьютерийн хулганыг орлож чадах ажээ.
Орчин үеийн хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулахад зурагтны удирдлага багагүй нөлөө үзүүлсэн гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа байх. Тэгвэл Хитачи компани хөгжүүлж буй Gesture Remote Control буюу дохио зангааны удирдлага нь бага хэмжээгээр ч гэсэн таныг хөдөлгөөний дутагдлаас ангижруулахыг эрмэлзжээ. Өөрөөр хэлбэл та гараараа элдэв хөдөлгөөн хийж телевизороо удирдана гэсэн үг юм. Энэ удирдлагын ажиллагааны үндсэн зарчим нь телевизорын доод хэсэгт байрлах 3D камерийн тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таньснаар удирдлагын үйлдлүүд гүйцэтгэгддэг ажээ. Харин зурагт үзэж байх үед таны өмнүүр хүүхдүүд гүйгээд байвал зурагт тань асч унтраад янз бүр болоод магадгүй сөрөг тал байж болох юм. Энэ удирдлагыг гэрэлтүүлэг, айр кондишн зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг удирдахад мөн адил ашиглах боломжтой юм. Видеонд өгүүлж байгаагаар хэрэглээний өөр нэг жишээ нь үзэсгэлэн, дижитал музейн үйл ажиллагаанд ашиглаж боломжтой юм. Жишээ нь дэлхийн бөмбөрцөгийн дүрслэлээс хүссэн тивээ сонгоод, тэнд амьдардаг ан амьтдын тухай мэдээллийг өөрөө хайж олоход ашиглаж байгаагаар танилцуулжээ.
NEC Electronics болон Soundpower компаниуд хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдах батерейгүй алсын удирдлага зохион бүтээж туршилтын хувилбарыг Embedded Technology 2009 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг алсын удирдлагын товчлуурыг дарах үед үүсэх чичиргээг ашиглан бага хэмжээний цахилгаан энерги үүсгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ энерги нь зурагтыг удирдахад шаардагдах радио долгионыг үүсгэхэд хүрэлцээтэй юм. Хамтарсан судалгааны ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогоор бүтээгдээд байгаа загвар нь 15x7.5x3см хэмжээтэй буюу ердийн удирдлагаас 2 дахин том байгаа юм. Цаашид овор хэмжээг багасгахыг зорьж ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байгаа ажээ.
эх үүсвэр; бичлэг доторхи линк болон видео
Зурагтны удирдлагатай холбоотой шинэ мэдээллүүд
2009-11-28
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх