Оросууд дэлхийг солироос хамгаална

Дэлхийг сансарын биет болон жижиг гаригуудтай мөргөлдөх аюулаас сэргийлэх зорилгоор сансарын хөлөг хөөргөх асуудлыг авч хэлэлцэх ёстой хэмээн оросын сансарын агентлагийн тэргүүн Анатолий Перимов мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийд ойртон ирж буй Apophis хэмээх солирын талаархи уулзалтыг удахгүй зохион байгуулах бөгөөд НАСА, Европ болон хятадын сансарын агентлегийг урьсан тухай дурджээ.

Дэлхийд хамгийн ойрхон тойрог замаар эргэлдэх 270 м хэмжээтэй Apophis солирыг 2004 онд анх илрүүлсэн юм. Тухайн үед уг солирыг дэлхийтэй мөргөлдөх магадлал 1/37 буюу харьцангуй өндөр гэж үзэж байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар 2029 онд дэлхийгээс 29450км зайтай зөрж өнгөрнө хэмээн тооцоолж байгаа юм. НАСА солирын тойрог замыг тооцож үзээд дараачийн удаа 2036 онд дэлхийд ойртож ирэхэд мөргөлдөх магадлал 1/45000-аас 1/250000 буюу маш бага хэмээн мэдээлж байжээ.

Харин Перимов хэлэхдээ "Apophis солиртой мөргөлдөх магадлал бага ч гэсэн байгаа учир бид түүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Хэдэн зуун сая хүний амь үрэгдэхийг хүлээж сууснаас хэдэн зуун сая доллар зарж хамгаалалтын системийг байгуулах ёстой" гэсэн байна. Эрдэмтэд дэлхийг солироос хамгаалах хэд хэдэн арга замыг санал болгодог. Зарим эрдэмтэд сансарын станц нисгэж солирын ойролцоох таталцлын хүчинд нөлөөлөх замаар тойрог замыг өөрчлөх аргыг санал болгож байхад, зарим нь цөмийн зэвсэг ашиглан дэлбэлж устгах аргыг зөвлөдөг. Перимов сансарын хамгаалалтын системийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч цөмийн зэвсэг ашиглах шаардлагагүй хэмээсэн байна.


эх үүсвэр; yahoo news

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх