Гар утсыг зайнаас удирдана

Орчин үед технологи хөгжихийн хэрээр аливаа төхөөрөмжүүдийн электрон хэсгийн овор хэмжээг шаардлагат хэмжээнд хүртэл багасгаж чадаж байгаа билээ. Харин гар утас зэрэг зөөврийн электрон төхөөрөмжүүдийн овор хэмжээг багасгахад түүнийг удирдах хэсэг (input interface)-ийн хэмжээг хангалттай жижигрүүлж чадахгүй байгаа явдал саад болж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд сүүлийн үед хэрэглээнд өргөнөөр нэвтэрч буй даралтат дэлгэцийн технологи (touch pad, touch screen) тодорхой хэмжээний дэвшил болж, iPhone гэхэд л уламжлалт гар утасны олон тооны товчлуурыг халсанаар удирдахад хялбар болж, хэрэглэгчдийн сонирхлыг өргөнөөр татаж байна.

Тэгвэл даралтат дэлгэцийн технологийг орлох, түүнээс илүү хурдтай, илүү өргөн боломж бүхий хурууны хөдөлгөөнөөр зайнаас удирдах технологи ( in-air gesture Input Interface)-ийг Токио их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэ нь өмнө мэдээлж байсан зурагтны удирдлагын "Gesture Remote Control"-той төстэй юм. 1 секундэд 154 кадр зураг авах чадвар бүхий жижиг оврын камерийг гар утсанд байрлуулсанаар хүний хурууны хөдөлгөөнийг 3 хэмжээст орон зайд мэдрэх боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гар утасны курсорыг хөдөлгөх, үсэг бичих, фото зургийг томруулж жижгэрүүлэх зэрэг үйлдлийг ойрхон зайнаас хурууны хөдөлгөөнөөр удирдан гүйцэтгэх юм.

Одоогоор бүтээгдээд байгаа туршилтын загварыг зөвхөн нэг хуруугаар удирдаж байгаа боловч программ хангамжийн сайжруулалтыг хийснээр таван хуруугаар удирдах бүрэн боломжтой ажээ. Тун удахгүй энэ технологи гар утас, зөөврийн электрон төхөөрөмжүүдэд нэвтэрч магадгүй iPhone-ийг зах зээлээс шахаж эхлэх бизээ.





эх үүсвэр; Nikkan Kogyo

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх