Токио их сургуулийн эрдэмтэд минутад 200 хуудас буюу өндөр хурдаар сканнердах технологи боловсруулсан байна. Шинэ сканнерийн камер нь секундэд 500 кадр зураг авах чадалтай бөгөөд номны хуудсыг яаж ч хурдан эргүүлэхэд дараалсан хоёр горимын дагуу чанартай сканнердаж чаддаг байна. Эхний горимд лазер болон ердийн гэрлийн тусламжтайгаар номны үсэг болон фото зургийг гэрэлтүүлж зураг авна. Дараагийн горимд дүрсний гажилтыг засч зөв хэлбэрт оруулдаг ажээ.
Мөн уг сканнерийг ашиглах робот бүтээсэн тухай тус сургуулийн профессор Ишикава дурдсан байна. Өөрөөр хэлбэл ном хэвлэлийг дижитал хэлбэрт оруулах ажиллагааг хүний оролцоогүйгээр бүрэн автоматаар гүйцэтгэх боломжтой болжээ. Харин хэзээнээс бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэх нь тодорхойгүй байна. Цаашид энэ технологи бүхий сканнерийг гар утсанд суурилуулж хүссэн хүн бүхэн хэрэглэх боломжтой болох ажээ.
Дашрамд дурдахад мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд сүүлийн үед ном хэвлэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил олон орны номын сан, эрдэм шинжилгээний, засгийн газрийн болон бусад байгууллагуудад эрчимтэй хийгдэж байна. Мөн төрөл бүрийн электрон уншигчууд худалдаалагдахын хэрээр хүмүүс уламжлалт цаасан ном, хэвлэлээс татгалзах хандлага бий болж байна. Үүний нэг жишээ нь хэдхэн долоо хоногийн өмнөөс Amazon сайтын электрон номын борлуулалт цаасан номоосоо илүү гарсан явдал юм. Мөн зарим сонингууд электрон уншигчид зориулсан хувилбараа гаргаж эхэллээ. Америк болон японы зарим дунд сургуулиудад электрон сурах бичгийг туршилтын журмаар ашиглаж эхлээд байна. Харин манайд ийм чиглэлд төлөвлөсөн болон эхлүүлсэн ажил хэр байдаг юм бол...?
эх үүсвэр; pcworld
Минутад 200 хуудас сканнердана
2010-03-19
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх