Видео камерийн цаашдын чиг хандлага - Флаш ба 3D?

Ганзагын наймаачдын ачаар 1990-ээд оны үеэс манайхан олон төрлийн электрон бараа хэрэглэж эхэлсний нэг нь видео камер юм. Тухайн үед видео тоглуулагч ашиглан гэртээ кино үзэхээс гадна гэр ахуйн хүрээнд дүрс бичлэг хийж хадгалах, хүссэн үедээ үзэж болдог зэрэг технологийн дэвшил олон хүнийг гайхашруулж байсан билээ. Видео камерийн түүхийг сөхөж үзвэл нийтийн хэрэгцээнд зориулагдсан Betamovie BMC-100P хэмээх анхны видео камерийг 1983 онд Сони компани бүтээж худалдаанд гаргаж байсан байна.

1985 оноос JVC, Хитачи, Панасоник зэрэг компаниуд соронзон туузтай VHS кассет бүхий аналог камерууд худалдаанд гаргаж эхэлсэн нь монголд орж ирж байсан анхны камерууд байжээ. Электроникийн салбарын хөгжлийн үр дүнд 1990-ээд оны эхэн үеэс "дижитал хувьсгал" эхэлж үр дүн нь бусад электрон төхөөрөмжүүдтэй адил дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмжүүдэд нэвтэрч эхэлсэн юм. Дижитал технологи нь бичлэгийн чанар илүүгээс гадна удаан хугацаанд хадгалах тохиолдолд муудаж чанараа алддаггүйгээрээ аналогиос давуу талтай юм.

Өнөөдөр туузан кассеттэй, DVD-тэй, хард дисктэй гэх мэт олон төрлийн дижитал видео камерууд худалдаалагдаж байгаа билээ. Хүмүүс видео камер худалдан ава
хад тавьдаг гол шаардлагуудын нэг нь бичлэгийн чанар боловч эдгээр камеруудын хувьд энэ үзүүлэлт бараг адилхан болжээ. Бичлэгийн нягтралын хувьд DVD формат 720x480, HD (High-Definition/Density) DVD, Bue-ray диск 1280x720 байдаг бол хамгийн сүүлийн үеийн AVCHD форматаар 1920x1080 байгаа юм. HD телевизор (HDTV)-ийн хэрэглээг дагаад гэрийн болон олон нийтийн хэрэгцээнд ашиглах камерийн хувьд HD үзүүлэлттэй камер байхад хангалттай гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа бизээ.

Харин овор хэмжээ том, дуу чимээ ихтэй, бат бөх бус зэрэг шалтгааны улмаас туузан кассет бүхий видео камер үндсэндээ үйлдвэрлэлээс хасагдах хандлага ажиглагдаж байна. DVD, хатуу дисктэй болон эдгээрийг хослосон (
hybrid) камерууд эргэлдэгч эд ангиудыг агуулах учир доргилт зэрэг механик үйлчлэлийн үед мөн адил төдийлөн бат бөх байж чадахгүй нь ойлгомжтой бөгөөд хэрэв диск болон DVD гэмтэх тохиолдолд бичлэгийг эргэж сэргээх боломжгүй юм. Мөн хард диск эвдрэх магадлал өндөрсдөг учир далайн түвшнээс дээш 3000м ээс илүү өндөрлөг газарт ийм төрлийн видео камеруудыг ашиглахгүй байхыг үйлдвэрлэгч нар зөвлөдөг байна.

Харин 2004 оноос Панасоник компани анхлан худалдаалж эхэлсэн, хамгийн сүүлийн үеийн технологи болох флашт суурилсан видео камерийн зах зээл энэ оноос эхлэн бусад төрлийн камеруудыг шахаж эхлэх тухай судлаачид өгүүлж байна. Ийм камерийн давуу тал нь овор хэмжээ бага, дуу чимээгүй, цахилгаан энергийн хэрэглээ багатай учир батерейн нэг удаагийн цэнэглэлтээр харьцангуй удаан хугацаанд ажиллуулах боломжтой бөгөөд хамгийн гол үзүүлэлт нь бичлэгийг найдвартай хадгалах боломжийг олгож байгаа явдал юм.

Одоогоор флаш санах ой бүхий камеруудын гол дутагдал нь үнэ өндөр, баг
таамж харьцангуй бага байгаа явдал юм. Жишээ нь 240 Гб буюу хамгийн том багтаамж бүхий хард дисктэй камер 96 цагийн бичлэг хийх боломжтой бол 64 Гб буюу хамгийн том санах ой бүхий камер 24 цагийн бичлэг хийх боломжтой байна. Гэхдээ SD карт, SSD (цул биет диск ) дискний багтаамж цаг ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед флашт суурилсан бага хүчин чадалтай видео камер худалдан авсан ч алзахгүй юм. Одоогоор худалдаанд гараад байгаа хамгийн том багтаамж бүхий SD кард 256Гб байгаа бөгөөд цаашид 2 Тб хэмжээнд хүрэх тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн одоогоор SD карттай болон давхар дотоод диск (SSD) бүхий флашт суурилсан 2 төрлийн камерууд худалдаалагдаж байгаа юм. Иймд флаш диск ашиглах боломжтой камер худалдаж авсан ч цаашид багтаамж томтой флаш картууд гарах үед авч хэрэглэж болох юм.

Цаашид видео камеруудад ямар шинэ технологи нэвтрэх бол. Саяхнаас 3D телевизор худалдаалагдаж эхлэн, телевизийн зарим сувгууд гурван хэмжээст нэвтрүүлэг цацаж эхлэх тухай зарласан билээ. Харин 3D технологи зөвхөн кино болон телевизийн салбараар хязгаарлагдахгүй бололтой. Саяхныг хүртэл хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж байсан мэргэжлийн 3D видео камерууд нь олон арван кг жинтэй, хэдэн арван мянган долларын үнэтэй байсан бол өнгөрөгч CES-2010 үзэсгэлэнд Панасоник компани жижиг овор хэмжээ бүхий нэгдмэл 3D камерийн загварыг танилцуулсан байна. Энэ камер нь Full HD (1920x1080) чанартай, SD карт ашиглах боломжтой юм. Мөн 3кг жинтэй бөгөөд энэ оны сүүлчээр 21 мянган долларын үнэтэйгэээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Мөн DGX компани халаасны 3D видео камерийг танилцуулсан байна. Гэхдээ энэ камер нь үзүүлэлтүүдийн хувьд тийм ч хангалттай бус юм. Бичлэгийн чанар VGA (640x480) бөгөөд камерийн дэлгэц болон жижиг цонхоор бичлэгийг голограмм хэлбэрээр харах боломжтой юм. Харин бусад үзүүлэлтүүдийн талаар тодорхойгүй байна. Ирэх 6 сараас эхлэн 200 орчим доллараар худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Эдгээрээс дүгнэхэд та бид гэр болон нийтийн хэрэгцээнд зориулагдах 3D камер худалдаж авах өдөр тун ч холгүй гэдэгт найдаж байна.

2 сэтгэгдэл:

tun ih heregtei medeelel oruuldag chamd bayarlalaa tsaashdiin chini ajild amjilt huseye.

хариулах...

Nadad ene bichlegiin helber ni tun ih taalagdlaa. Argagyi academic baidlaar bichsen bna. Medeellyydiin hoorondoh uyaldaa holboo bolood utga sanaagaa gargasan baidal, article-g bichigchiin uuriin ugch bui ynelelt dygnelt ni mash sain boljee. Gehdee bas helehgyi baij chadahgyi gants ilyy yg bna. 4 ba 5 dugaar paragraph-n ehlel ni yag adilhan "Harin","Harin" gedeg ygeer ehelsniig es tootsvol yneheer mundag bichsen bna. Amjilt hysey.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх