Залгуурын зарим шинэ шийдлүүд

Техник, технологитой холбоотой блог болон сайтуудад дизайны төрөл бүрийн бүтээлүүдийн тухай цөөнгүй нийтлэгддэг. Гэвч эдгээр нь техникийн шийдэл гэхээсээ урлаг тал руу чиглэсэн байдаг учир блогийн агуулгад нийцүүлэх үүднээс ийм төрлийн мэдээлэл оруулахаас аль болох татгалздаг. Харин энэ удаад дизайнаас гадна технологи талаас зарим асуудлыг шийдвэрлэхийг оролдсон хоёр сонирхолтой бүтээлийн талаар нийтлэж байна. Эдгээр нь оюутнуудын бүтээл боловч олон улсын үзэсгэлэнгүүдэд тэргүүн байруудад шалгарч байсан шилдэг бүтээлүүд юм.

1. Цахилгааны залгуур
Олон төрлийн цахилгаан хэрэгслүүдийг нэгэн зэрэг ашиглах тохиолдолд тэдгээрийн цахилгаан тэжээлийн залгуурууд хэрэглээний хүндрэлтэй байдал үүсгэдэг. Энэ байдлыг арилгахад цахилгааны утасгүй дамжуулалт туслах боловч одоогоор бүрэн төгс шийдэгдээгүй байгаа билээ. Харин Лондоны Royal College-ын оюутан Min-Kyu Choi-гийн бүтээсэн цахилгааны эвхэгддэг залгуур дээрх хүндрэлтэй байдлыг арилгахад бага ч болов нэмэр болох ажээ. Түүнд ийм залгуур бүтээх санаа MacBook Air зөөврийн компьютер худалдаж авахад анх төрсөн байна. Учир нь дугтуйд багтах хэмжээний нимгэн компьютерт 4,5 см том хэмжээтэй цахилгаан залгуур дагалдаж иржээ. 3 сэрээ бүхий уламжлалт залгуур нь англид 1945 оноос хойш ашиглагдаж байгаа юм. Шинэ залгуур нь ердөө 10мм зузаантай бөгөөд үндсэн 2 сэрээг 90 градус эргүүлж уламжлалт хэлбэрээр ашиглах боломжтой юм. Мөн энэ залгуурыг ашиглан маш бага орон зайд олон залгуурыг зэрэг залгах боломж бүхий адаптер зохион бүтээсэн байна.





2. USB залгуур
Вэб камер, хулгана, гарнаас авахуулаад компьютерийн эргэн тойронд USB залгуур бүхий төхөөрөмжүүд цөөнгүй ашиглагддаг. Дээр нь фото болон видео камерууд, гар утас, МР3 тоглуулагчуудаа бас холбож ашигламаар байдаг. Гэтэл компьютерийн USB оролт хүрэлцэхгүй бол яах вэ, олон оролттой нэмэлт залгуур худалдаж авах уу.
Үүний хялбар шийдэж болох өвөрмөц дизайн бүхий USB залгуурыг хятадын Zhejiang их сургуулийн дизайнер оюутан Gonglue Jiang бүтээжээ. Ийм залгуурыг нэг оролтод хэдийг ч давхарлаж холбох боломжтой юм. Анхнаасаа яагаад ингээд хийчихэж болоогүй юм бол гэж санагдаж байж магад. Гэхдээ нэг дутагдалтай тал нь хэт олныг залгах тохиолдолд цахилгаан чадал хүрэлцэхгүй болох юм байна. Зохиогч энэ бүтээлдээ нэмэлт цахилгаан тэжээл холбох хувилбарыг сонгосон байна. Энэ загвар одоохондоо концепт төдий байгаа боловч цаашид сайжруулагдаж бүтээгдэхүүн болон өргөнөөр хэрэглэгдэнэ гэдэгт найдаж байна.




эх үүсвэр; physorg, jianggonglue

,

ганцхан сэтгэгдэл:

энэ технологиуд монголд хурдан нэвтрээсэй. залгуурын асуудал үнээхээр хүндрэлтэй юмаа. компьютерын залгуурууд ханын залгуурт орохгүй, уртасгагч авахаар 2-г зэрэгцүүлж залгаж багтахгүй, хятадуудын бизнес санаа агуу. гэхдээ монголд хэрэгжээд байгааг нь бодохоор уур хүрээд байх юм. 1 төхөөрөмж худалдаж аваад хамт заавал нэг хувиргагч, эсвэл уртасгагч авна гэдэг чинь эдийн засаг, орон зайн хувьд үнэхээр хүндрэлтэй юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх