Австралийн шинийг санаачлагч Tom Trainor, Mark Hutton нар уламжлалт жорлонтой харьцуулахад усны хэрэглээг 90% хүртэл хэмжээгээр бууруулсан Evolute хэмээх шинэ төрлийн эко жорлон зохион бүтээсэн байна. Энэ жорлонгийн гол цөм нь суултуурын доод хэсэгт байрлах эргэлдэгч метал бөмбөлөг хэлбэрийн сав юм. Хоол боловсруулах эрхтэний системийн ялгарлын бүтээгдэхүүн бага хэмжээний усыг агуулах уг саванд цугларах бөгөөд ус татсаны дараа бөмбөлөг-сав эргэлдэж амсар нь доош харах үед ялгадас болон усны холимгийг бохирын систем рүү юүлдэг байна.
Дараа нь бөмбөлөг буцаж эргэн анхны байрлалд орсны дараа дахин нэг эргэлт хийж мөн багахан хэмжээний усаар зайлалт хийгдэх юм. Бөмбөлгийн эргэлт болон усаар зайлах үйлдэл нь цэвэр ус хангамжийн шугамын гидравлик даралтын үйлчлэлээр хийгдэх учир ямар нэгэн цахилгаан энерги, цахилгаан хөдөлгүүр шаардлагагүй юм. www.innoglobe.com сайтад дурдсанаар нэг удаад нэг литрээс илүүгүй ус хэрэглэх бөгөөд уламжлалт жорлонтой харьцуулахад 30% бага зай талбай эзлэдэг юм байна. Цаашид сайжруулалтын ажил хийгдэх бөгөөд 2012 он хүртэл худалдаанд гарахгүй бололтой.
Бичлэгээс ажиглахад бага зэрэг тохь тух муутай байж магадгүй боловч цэвэр усны хомсдол хаа сайгүй яригдаж байгаа өнөө үед цагаа олсон, байгал экологид сайн нөлөөтэй шийдэл болох нь ойлгогдоно. Дашрамд дурдахад манай гэр хороолол, зуслангийн байр, жуулчны баазууд зэрэг төвлөрсөн усан хангамжийн системгүй газруудад тохирох жорлон биш үү гэж асуух хүн гарч магад. Уг жорлонгийн гидравлик системийг ажиллуулахад ямар хэмжээний усны даралт шаардагдах нь тодорхойгүй байгаа учир одоогоор энэ асуултад хариулахад хүндрэлтэй юм.
Хэрэв багахан хэмжээний даралт шаардлагатай бол жорлонд ашиглах усны савыг өндөрт байрлуулан өндөржилтийн зөрөөгөөр үүсэх даралтыг ашиглах хувилбар байж болох юм. Мөн усны хэрэглээ бага байх учир ус зайлуулах хоолой дахь бохирын урсгалыг чөлөөтэй байлгахын тулд хоолойн суурилуулалтын налууг ихэсгэх шаардлагатай санагдав.
Мэдээлэл
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх