Финляндийн цагдаа нар веб зочид буудлаас виртуал тавилга хулгайлсан хэрэгтэнг хайж таван айлд үзлэг хийсэн байна. Гэмт этгээдүүд виртуал ор, ширээ, сандал, хэд хэдэн хавтгай дэлгэцтэй телевизор зэрэг нийт 4400 доллароор үнэлэгдэх 400 ширхэг тавилгыг Habbo веб зочид буудлаас хулгайсан ажээ. Интернетийн тоглоомчид нэг нэгэнтэйгээ хийсвэр орчинд уулзах зорилгоор веб зочид буудал захиалдаг бөгөөд өрөөгөө элдэв тавилгаар чимэглэдэг байна. Виртуал орчин бүхий тоглоомын үйлчилгээ нь Финляндад түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нийт 15 салбар сүлжээний хэрэглэгчдийн компьютерийн дэлгэц дээр ойролцоогоор 58 сая доллараар үнэлэгдэх виртуал эд хөрөнгө байрладаг ажээ.
Цагдаа нар интернетийн хаягаар нь дамжуулж таван хакерийг сэжиглэн, зөөврийн компьютерүүдийг нь хураан авч хулгайлагдсан зүйлсийг эрж хайсан байна. Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр эдгээр тавилгууд нь бодит амьдралд байхгүй боловч хүмүүс төлбөр хийж худалдаж авдаг албан ёсны виртуал эд хөрөнгө юм гэжээ. Сэжигтэн хакерууд хүмүүсийн тоглоомын сайтад нэвтрэх эрхийг хууль бусаар олж аваад тэдний хэрэглэдэг виртуал тавилгуудыг өөрсдийн өрөөнд шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн энэ хэргээр нэг хүнийг баривчилсан боловч удалгүй суллаж, гадуур шалгаж байгаа гэнэ. Хамгийн сүүлд 2007 онд голландын нэгэн өсвөр насны хүү виртуал зочид буудлаас 6000 долларын үнэ бүхий виртуал тавилга хулгайлсан хэргээр баривчлагдаж байсан ажээ.
эх үүсвэр;mailonline
Цагдаа нар виртуал тавилга хулгайлагчдыг хайж байна
2010-06-02
сэтгэгдэлгүй
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх