Нарны зайн шинэ рекордууд

Нарны энерги эрчим хүчний хамгийн ирээдүйтэй эх үүсвэрүүдийн нэг боловч одоогоор үйлдвэрлэлийн технологийн төвөгтэй байдлаас шалтгаалан тоног төхөөрөмжийн үнэ хэт өндөр байгаа нь хангалттай түгэн дэлгэрэхэд саад болж байгаа юм. Мөн хоёрдах гол дутагдалтай тал нь ашигт үйлийн коэффициент (АҮК) харьцангуй бага байгаа явдал юм. Одоогоор дэлхий дахинд ашиглагдаж байгаа цахиурын талст материалаар хийгддэг нарны зай (solar cell)-н АҮК дунджаар 10-15% байна. Өөрөөр хэлбэл нарны гэрэл цуглуулагч элемэнт хүлээн авсан нарны энергийн дөнгөж 10-15 хувийг л цахилгааны энергид хувиргадаг гэсэн үг юм.

Сүүлийн жилүүдэд нарны зайн энерги хувиргах чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой маш олон төрлийн судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Одоогоор Америкийн эрдэмтэдийн бүтээсэн давхар элемэнт бүхий нарны зайн АҮК дэлхийд хамгийн өндөр буюу 43% байна. Нарны гэрэл нь өөр өөр өнгө болон энерги бүхий долгионуудыг агуулдаг бөгөөд энэ нарны зайн онцлог нь тухайн долгион бүрийг хүлээн авах давхаргуудыг нэгтгэсэн бүтэцтэй хийгдсэнээр энергийг харьцангуй өндөр хувиар хувиргах боломжийг бүрдүүлжээ. Нарны зайн энэ рекорд нь өмнөх дээд амжилтаас дөнгөж 0.3%-иар илүү байгаа юм. Гэхдээ эдгээр нарны зайнууд уламжлалт цахиурын талст материалаар хийгдэх учир үйлдвэрлэлийн өртөгийн хувьд өндөр хэвээр байх юм.

Америкийн Innovalight компани цахиурын бэх (silicon ink-based) хэлбэрийн шинэ төрлийн үйлдвэрлэлийн технологи боловсруулсанаа өнгөрөгч 5-р сард 2010 SNEC үзэсгэлэнд танилцуулсан байна. Энэ арга нь нарны зайг хямд өртөгөөр үйлдвэрлэх боломж олгож байгаа бөгөөд энерги хувиргалтын АҮК 19% байна. Мөн энэ технологийг уламжлалт цахиурын талст хэлбэрийн нарны зайн үйлдвэрлэлийн шугамд бага зэргийн өөрчлөлт хийж хэрэглэх боломжтой бөгөөд зарим томоохон үйлдвэрүүдэд аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин үнэ өртөгийн талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэгдээгүй байна.

Хэд хоногийн өмнөөс нарны зайн энерги хувиргалтын шинэ дээд амжилт тогтоогдсон тухай мэдээлэгдлээ. Германы Eindhoven технологийн их сургуулийн эрдэмтэд 65%-ийн АҮК бүхий нарны зайг лабораторын нөхцөлд бүтээсэн байна. Уг нарны зай нь нано утаснуудыг агуулах толин систем ашиглан нарны гэрлийг төвлөрүүлэх бөгөөд 5-10 ийм системийг зангилаа хэлбэрээр нэгтгэсэн нь АҮК-г нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Мөн энэ шинэ технологи нь харьцангуй хямд өртөгтэй байх бөгөөд нано утаснуудыг цахиурын түүхий эд ашиглан богино хугацаанд их хэмжээгээр ургуулах боломжтой юм байна. Үнэ өртөгийн хувьд уламжлалт нарны зайтай харьцуулахад 3 дахин хямд байх төлөвтэй байна.


эх үүсвэр; sciencedaily- 1, 2, advfn,

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх