Цахилгаан автомашины тухай-1

Aвтомашины энерги зарцуулалтын тухай
Цахилгаан машины тухай өгүүлэхийн өмнө автомашины энерги зарцуулалтын үр ашгийн тухай товч сонирхоцгооё. 20-р зуунд хүн төрөлхтөний амьдралыг өөрчлөхөд голлон нөлөөлсөн зүйлүүдийн нэг гэдэгтэй олон хүн санал нийлэх техник бол яах аргагүй автомашин билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хүний гараар бүтээгдсэн машин техникүүд дундаас хамгийн үр ашиг муутай нь мөн л энэ автомашин гэдгийг мэдэх хүн цөөхөн байдаг байх. Анхлан зохион бүтээгдсэнээсээ хойш бүхэл зуун дамжин хүний төлөө хүчин зүтгэж байгаа боловч шатахуун буюу нефтийн бүтээгдэхүүнээр ажилладаг автомашины энерги зарцуулалтын ашигт үйлийн коэффициент дөнгөж 15 орчим хувьтай байна.

Шатахуунт хөдөлгүүрт автомашины энерги зарцуулалтын хувь хэмжээг задлаж үзэхэд (зураг) хөдөлгүүр дээрх энергийн алдагдал хамгийн их буюу 62.4% байна. Зурагт үзүүлсэнээр гэрэл дохио болон замын бөглөрөлөөс шалтгаалан түр зогсолт хийх, хөдөлгүүрээ асаалттай орхих тохиолдолд нийт шатахууны 17.2 хувь нь ямар ч ашиггүйгээр зарцуулагддаг байна. Автомашины хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг дугуйнуудад дамжуулахад нийт энергийн 5.6 хувь нь алдагддаг. Харин агаарын эсэргүүцэл, инерцийн хүч, дугуйны үрэлтийн хүчийг давах буюу автомашиныг хөдөлгөхийн тулд нийт энергийн 12.6 хувь, айркон зэрэг төхөөрөмжүүдэд 2.2 % тус тус зарцуулагдаж нийт энергийн 15 орчим хувь нь ашигтай зарцуулагддаг байна.


Эдгээрээс түлшний шаталтын энергийг аль болох их хэмжээгээр ашиглаж автомашины ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлэхийн тулд үр ашиггүй зарцуулалтын хувь хэмжээ (85%)-г багасгах шаардлагатай нь ойлгогдоно. Харин үүнийг хэрхэн багасгах вэ. Эхлээд энергийн алдагдал хамгийн өндөр үзүүлэлттэй хөдөлгүүр буюу энерги үүсгэгчийн тухай авч үзье. Дотоод шаталтын хөдөлгүүр нь автомашин болон бусад техникт өргөнөөр ашиглагддаг хамгийн түгээмэл энерги үүсгэгчүүдийн нэг боловч түүнд ашиглагддаг шаталтын технологи нь халалт болон дуу чимээний хэлбэрээр их хэмжээний энергийн алдагдал үүсгэдэг, мөн хөдөлгүүрийн материалын онцлогоос хамааран дулааны хүчин чадал хязгаарлагдмал байдаг үндсэн сөрөг талтай юм. Үүнээс шалтгаалан өнөөдрийг хүртэл дотоод шаталтын хөдөлгүүрийн үр ашгийг хангалттай нэмэгдүүлж чадаагүй байгаа бөгөөд хөдөлгүүрийг хичнээн сайжруулсан ч үр ашгийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Харин автомашинд цахилгаан хөдөлгүүр ашигласнаар дотоод шаталтын хөдөлгүүр буюу энерги үүсгэгч дээрх алдагдлыг их хэмжээгээр бууруулах боломж бүрддэг.

Сүүлийн жилүүдэд автомашинд цахилгаан, хосломол хөдөлгүүрт болон бусад хэлбэрийн энергийн эх үүсвэрүүдийг ашиглах болсон нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, нөөцийн төсөөлөгдөж буй хомсдол, байгал орчны бохирдлын нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүдээс гадна үр ашиг муутай шаталтын технологиос татгалзаж, энергийг аль болох өндөр үр ашигтайгаар хэрэглэхийг эрмэлзэх болсонтой холбоотой ажээ. Дараах хүснэгтэд автомашины олон төрлийн энерги үүсгэгчүүдийн ашигт үйлийн коэффициентийг харьцуулан үзүүлэв. Эдгээр тоон үзүүлэлтүүдийн тухайд тусгайлан хийгдсэн судалгааны үр дүн хараахан олдоогүй учир олон төрлийн эх үүсвэрүүдээс дундажлан тооцсон болно.

хөдөлгүүрийн төрөл
АҮК1, %
АҮК2, %
шахсан агаар

12
бензин
7
15
дизел
12
20
хосломол хөдөлгүүр
25
30
метанол

38
устөрөгч
30
50
цахилгаан
30
60

АҮК1 нь тухайн энергийн анхдагч эх үүсвэрээс эхлэн дамжуулах, тээвэрлэх, хувиргах бүх процессийг хамруулан тооцсон үзүүлэлт юм. Жишээ нь цахилгаан энергийн хувьд цахилгаан станц дээрх үйлдвэрлэлийн, тээвэрлэлтийн үр ашгийг давхар тооцсон үзүүлэлт болно. АҮК2 нь зөвхөн тухайн автомашины үр ашгийг харуулсан үзүүлэлт юм. Хүснэгтээс олон төрлийн энерги үүсгэгчүүд дундаас хамгийн өндөр үзүүлэлттэй нь цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин болохыг харж болно.


, ,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх