Хулганы тархиар робот машиныг удирдана

Токио их сургуулийн эрдэмтэд сүүлийн хэдэн жилийн хугацаанд гүйцэтгэж буй киборг хулганы "бодол санаа"-гаар жижиг оврын робот машины хөдөлгөөнийг удирдаx судалгааны ажлын үр дүнг танилцуулсан байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэргэнцэрийг өөрсдийн бодол санаагаар төвөггүй удирдах боломжийг олгоход чиглэгдэж байгаа юм. Урьд нь ийм төрлийн судалгаанууд цөөнгүй хийгдсээр ирсэн боловч тархины дохиолол хүлээн авах мэдрэгчүүдийг толгойн гадна байрлуулах арга голчлон ашиглагдаж байсан юм.

Харин энэ удаад мэдрэгч электродуудыг хулганы тархины гадаргад нь шууд суурилуулснаараа онцлог юм. Судалгааны хүрээнд эхний ээлжинд хулганыг хязгаарлагдмал орчинд жижиг оврын робот машиныг чирүүлж сургасан байна. Энэ үед видео камер ашиглан хулгана болон робот машины хөдөлгөөний төлөв байдлын бичлэг хийж, тархинаас гарах дохиоллын хамт загварчлалын программ хангамжийн өгөгдөл болгон бичиж авчээ. Дараа нь хулганыг хөлийг нь шаланд хүргэхгүйгээр робот машинд бэхлэж байрлуулсан байна.

Эцэст нь хулганы тархины дохиоллуудыг шууд хүлээн авч программ хангамжийн тусламжтайгаар робот машиныг хөдөлгөх туршилтыг хийсэн байна. Туршилтад 8 хулгана оруулсны 6 нь робот машиныг амжилттай удирдаж чаджээ. Төслийн удирдагч Фүкүямагийн хэлсэнээр хулганы тархины дохиоллууд болон робот машины хөдөлгөөний хоорондын зүй тогтол бүрэн тодорхой болоогүй байгаа бөгөөд цаашид тодорхой хугацаанд туршилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай байгаа юм.


эх үүсвэр; popsci, ulemj.com

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх