Манай эриний өмнөх суут сэтгэгчдийн нэг Архимед ваннтай усанд орж байхдаа зөв бус хэлбэртэй биетийн эзлэхүүнийг хэмжих аргыг нээгээд Эврика хэмээн орилон гудамжаар нүцгэн гүйж явсан түүхийг бид бүгд мэднэ. 17-р зуунд Ньютоны толгой дээр алим унаагүй байсан бол ертөнц дахины таталцлын хуулийн томьёлол нээгдэх хүртэл хэдий хугацаа зарцуулагдах байсныг төсөөлөх боломжгүй билээ. Хүн төрөлхтөний түүхэнд эрдэмтдийн алдаа эндэгдэлээс, эсвэл огт санамсаргүй байдлаар иймэрхүү шинэ нээлт, шинэ бүтээлүүд төрсөн тохиолдол цөөнгүй байдаг. Энэ удаад нэлээд сүүлийн үед хамаарагдах санамсаргүй нээгдсэн шинэ бүтээлүүдийг сонирхоцгооё.
10. Богино долгионы зуух
Америкийн шинийг санаачлагч инженер Percy Spencer радиолакацийн антений туршилтад хэрэглэж байсан богино долгион ялгаруулагч үүсгүүрийг гартаа эргэлдүүлэн тоглож суужээ. Гэнэт түүний өмд шажигнан дуугарч сонин мэдрэмж төрөхийг мэдэрсэн байна. Тэр хийж байгаа зүйлээ түр орхиод шалгаж үзэхэд халаасанд нь байсан хэсэг шоколад хайлж эхэлж байсныг мэджээ. Spencer энэ бүхний шалтгаан нь үүсгүүрээс ялгарах богино долгион гэдгийг анзаарч хүнсний бүтээгдэхүүний халаагч зохион бүтээх санаагаа олсоноор богино хугацаанд хөнгөн хэлбэрээр хооллохыг хүсэгчид болон ганц бие хүмүүсийн аврал болсон богино долгионы зуух бий болжээ.
9. Сахарин
1879 оны нэгэн өдөр нүүрсний давирхай ашиглан туршилт хийж байсан Ira Remsen, Constantin Fahlber нар хооллохоор лабораторийн ажилаа түр завсарласан байна. Харин Fahlberg хоолны өмнө гараа угаасангүй. Иймэрхүү хайнга байдал нь олон химичийг түргэн зуур үхэлд хүргэх шалтгаан болдог боловч Fahlberg-ийн хувьд ямар нэгэн муу зүйл тохиолдсонгүй, харин өдрийн хоол нь онцгой чихэрлэг амтай болсоныг анзаарчээ. Шалтгаан нь түүний гарт наалдсан химийн бодисийн нөлөө болохыг ойлгосноор хамгийн анхны хоол амтлагч хиймэл бүтээгдэхүүн төрсөн байна. Энэхүү нээлтийн тухай өгүүлэл дээрх хоёр эрдэмтний нэрээр хэвлэгдсэн боловч өнөөдөр дэлхийн хаанаас ч олж болох ягаан уут бүхий амтлагч зөвхөн Fahlber-ийн нэрээр патентлагджээ. Үүнээс улбаалан Remsen хамтрагчаа нэлээд тааламжгүй үгээр тодоройлон хэлдэг байжээ.
8. Залхуу пүрш (Slinky)
1943 онд усан цэргийн инженер Richard James усан онгоцны мэдрэмтгий төхөөрөмжүүдийг механик гэмтлээс хамгаалахын тулд пүрш ашиглан туршилт хийж байжээ. Тэрээр өөрийн нэгэн туршилтын загварыг санамсаргүй шүргэж унагаахад тэр нь шалан дээр онцгой хэлбэр үүсгэн цовхрон ойж, хурдан хугацаанд анхны хэвэндээ орохыг харсан байна. Үүнээс үндэслэн зохион бүтээгч хүүхдийн тоглоом бүтээх санаагаа олсон нь дэлхий даяар 300 сая ширхэгээр худалдаалагдан, орчин үеийн хамгийн түгээмэл тоглоомуудын нэг болж чаджээ.
7. Баримлын шавар
Баримлын шавар нь анх бохирдсон ханын цаасыг цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн байжээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бизнесийн үйл ажиллагаа нь өдөр ирэх тусам уруудан доройтож байсан Kutol Products компанийг санамсаргүй байдлаар дампуурлаас аварсан юм. Нэгэн дунд сургуулийн хүүхдүүд цэвэрлэгээний зориулалттай баримлын шаврыг элдэв хэлбэрт оруулан зул сарын баярын чимэглэл хийж байсан нь үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүнийхээ зориулалтыг өөрчлөх санаа өгсөн байна. Тэд бүтээгдэхүүнийхээ найрлагаас цэвэрлэгч бодисийг хасч, өнгө үнэр оруулагч нэмж өгсөнөөр бүх цаг үеийн нэгэн нэр хүндтэй тоглоом төрсөн түүхтэй ажээ.
6. Супер цавуу
1942 онд доктор Harry Coover нэгэн төрлийн наалдамхай бодисын судалгаа хийж байх явцдаа наалдамхай чанарыг хэт ихэсгэснээс цианоакрилат хэмээх бодисийг санамсаргүй гарган авчээ. Уг бодис нь хүрсэн болгондоо наалдаж докторын уур цухлыг хүргэж байсан боловч тэгсгээд мартаж орхисон байна. 6 жилийн дараа онгоцны нисгэгчийн шинэ загварын бүхээгийн туршилт хийж байх үед мөн л нэгэн төрлийн бодис хаа сайгүй наалдаж бүхээгний тунгалаг хуванцар гадаргыг бохирдуулсан байгааг анзаарчээ. Уг бодис нь халаалгүйгээр маш гайхалтай наалдуулж байгааг доктор тухайн үед л анх ажигласан байна. Тэрээр санамсаргүй нээсэн супер цавуундаа 1958 онд патент авсан нь тухайн бодистой анх учирсанаас хойш бүхэл бүтэн 16 жилийн дараах үйл явдал болжээ.
5. Теплон, тос шаардлагагүй хайруулын таваг
Химич Roy Plunket 1932 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт хийж байжээ. Тэрээр хөргөлтийн тасалгаанд орж ирээд туршилтын үр дүнд үүссэн хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий бус цагаан өнгийн хэдхэн нимгэн ялтас байхыг олж харжээ. Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар унахад хүргэсэн боловч ялтасууд түүний сонирхолыг татаж химийн шинж чанарыг нь судлаж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Уг бодисыг анх цэргийн зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашиглаж байна.
4. Хуванцар
1907 онд шеллак хэмээх резиний төрлийн бодис нь радио телефон аппарат зэрэг эрт үеийн электрон төхөөрөмжүүдийн цахилгаан утасны тусгаарлагч материал хэлбэрээр ашиглагддаг байжээ. Гэхдээ энэ материал нь зүүн өмнөд азийн цох хорхойноос гаргаж авдаг, хэт өндөр өртөгтэй байсан учир Белгийн химич Leo Baekeland илүү хямд материал гарган авахаар шийдсэн байна. Тэрээр туршилтын үр дүнд өндөр температурт ч хэлбэрээ хадгалах чадвартай, хэвлэх аргаар хэлбэржүүлж болохуйц материал гарган авсан нь дэлхийн анхны нийлэг хуванцар байсан бөгөөд Bakelite хэмээн нэрлэгдэх болжээ. Онцлог нь зохион бүтээгч өөрийн бүтээсэн материалын хэрэглээг зөвхөн дуу авиа бичигч төхөөрөмжөөр хязгаарлагдана гэж төсөөлж байсан боловч өнөөдөр гоёл чимэглэл, гэр ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш олон салбарт төрөл бүрийн бүтээгдэхүүн болон өргөнөөр хэрэглэгдэх болжээ.
3. Зүрхний цохилолтыг дэмжих жижиг оврын төхөөрөмж
Америкийн инженер Wilson Greatbatch зүрхний хэвийн бус цохилолтыг хэмжих зориулалттай багаж бүтээхээр ажиллаж байх үедээ төхөөрөмжинд ашиглахаар төлөвлөж байснаас 100 дахин их үзүүлэлт бүхий эсэргүүцэлийг андууран залгаж орхижээ. Гэтэл багажны цахилгаан хэлхээнээс хэдхэн миллисекунд хугацааны давтамж бүхий лугших долгион ялгарч эхэлсэн байна. Greatbatch лугшилтыг тохируулах гүйдлийн тохируулагч нэмж залгаснаар өвчний улмаас доголдсон зүрхний үйл ажиллагааг дэмжих чадвартай жижиг оврын зөөврийн анхны төхөөрөмж бий болсон байна. Тухайн үеийн адил үүрэг зориулалт бүхий төхөөрөмжүүд нь телевизортой адил нүсэр том хэмжээтэйгээс зөөвөрлөн авч явахад туйлын хүндрэлтэй байсан ажээ.
2. Наалддаг тууз
Швейцарын инженер George de Mestral нохойгоо дагуулан анд явах үедээ түүний хувцас, оймс болон нохойных нь үсэнд өвсний ширхэгтүүд наалдаж шигдсэн байхыг анзаарчээ. Тэрээр гэртээ эргэж ирээд өвсийг микроскопоор ажиглахад даавуу болон үс ноосонд жижиг дэгээ хэлбэрийн үзүүрээр гогцоолдон наалдсан байгааг хараад түүнийг дууриасан бүтэцтэй материал гарган авахаар шийдсэн байна. Mestral жилийн турш төрөл бүрийн материалуудаар туршиж үзсэн боловч амжилтад хүрсэнгүй. Харин тухайн үед шинээр нээгдсэн нейлоныг туршсанаар өвсний дэгээтэй адил барьцалдах чадвар бүхий туузыг бий болгож чадсан байна. Хачирхалтай нь тухайн бүтээгдэхүүн НАСА-гийн зохион бүтээгчид сансарын нисгэгчийн хувцасанд ашиглах хүртэл 20 жилийн хугацаанд хэний ч сонирхолыг татсангүй, тэр хэмжээгээр нийтэд түгэн дэлгэрч чадаагүй байжээ.
1. Рентген туяа
1895 онд Германы физикч Wilhelm Roentgen шилэн хоолойноос ялгарах катодын цацрагийг хараар будсан хатуу цаасан дэлгэц дээр тусган ердийн нэгэн туршилт хийж байжээ. Туршилтын явцад цаасан дэлгэцийн өмнө төрөл бүрийн материалыг байрлуулан цацрагийн нэвтрэлтийг ажиглаж байхдаа түүний гарын ясны дүрслэл ханан дээр тусч байхыг анзаарчээ. Тэрээр тухайн цацраг хатуу биетийг төвөггүй нэвтрэн гарч байгааг ойлгосноор орчин үеийн эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болсон рентген туяаг нээжээ.
эх үүсвэр; gizmodo
Санамсаргүй төрсөн 10 шилдэг бүтээл
2010-10-17
2 сэтгэгдэлтэй
2 сэтгэгдэл:
Гоё нийтлэл байна. Санамсаргүй тохиолдлоор сайхан нээлт хийх юмсан :P
aguu ih erel haiguul bgagui bl amidral shal oor bh bla gj..
Сэтгэгдэл үлдээх