Роботын дуулж бүжиглэх чадвар эрс сайжирчээ

Япон улсын Үйлдвэрлэлийн технологийн үндэсний хүрээлэнгийн бүтээсэн HRP-4C роботын шинэ ур чадварыг Digital content EXPO үзэсгэлэнд толилуулжээ. HRP-4C нь 158 см өндөртэй, 43 кг жинтэй бөгөөд биеийн галбир болон нүүрний хэлбэрийг япон эмэгтэй хүний дундаж үзүүлэлтийг дууриалган бүтээсэн хүн хэлбэрийн робот юм. Өнгөрсөн жил уг роботын дуулах чадварыг танилцуулж байсан бол энэ удаад дуулахаас гадна хүнтэй илүү төстэйгээр бүжиглэх хөдөлгөөн хийж чаддаг болсоныг харуулжээ. Шар өнгийн хувцас өмссөн робот эмэгтэй бусад бүжигчидтэй хамт урьд хожид байгаагүй чадварлагаар бүжиглэж үзэгчидийн гайхширлыг төрүүлсэн байна.

Роботод бүжиглэх дуулах чадвар эзэмшүүлэхийн тулд үндсэн 2 төрлийн шинэ технологи ашиглажээ. Эхнийх нь Vocawatcher хэмээх технологи бөгөөд японы орчин үеийн поп дуу дуулж буй дуучны нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөний онцлогийг видео бичлэгээс таньж дууриалган гүйцэтгэснээр илүү амьд хөдөлгөөнүүдийг бий болгодог байна. Мөн программ хангамжийн болон робот техникийн тусгай боловсрол эзэмшээгүй энгийн хүнд ч компьютерийн маус ашиглан роботоор бүжгийн элдэв хөдөлгөөн хийлгэх боломж олгохыг зорьжээ.

Хоёр дахь шинэ технологи нь VocalListener хэмээн нэрлэгдэх бөгөөд компьютерийн тусламжтайгаар дуу хоолойг хүнтэй илүү төстэй болгон хувиргадаг. Үүний тулд жирийн хүн дуулах үед амьсгалаа авах болон гаргах чимээг хүртэл дууриалган хийдэг байна. Уг робот нь автоматаар тэнцвэрээ олох чадвартай боловч бүжгийн зарим төвөгтэй хөдөлгөөний үед тэнцвэр алдаж магадгүй хэмээн зохион бүтээгчид сэтгэл түгшиж байжээ. Юутай ч хүн хэлбэрийн роботууд бидэнтэй зэрэгцэн оршиход нэг алхам ойтлоо хэмээн судлаачид дүгнэж байна. Өөлвөл гар нь жаахан томдсон гэмээр HRP-4C роботын бүжиглэх чадварыг дараах бичлэгээс үзнэ үү.



Дашрамд дурдахад энэхүү мэдээг дуулаад "Terminator: The Sarah Connor Chronicles" цувралын Cameron гинойд робот шиг мэргэжлийн бүжигчинээс ялгарахааргүй чадварлаг бүжиглэдэг робот бүжигчин тун удахгүй төрөх боломжтой мэт олон хүнд төсөөлөгдөх бизээ.




эх үүсвэр; yahoo japan news

ганцхан сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх