Mongolnews.mn сайтын Шинжлэх ухаан, технологийн мэдээний тухай

Шинжлэх ухаан, технологитой холбоотой мэдээллийн чанарт мэдээлэл бэлтгэгчийн орчуулга, хэл найруулгын ур чадвараас гадна тухайн салбарын тухай ойлголт болон шинжлэх ухааны ерөнхий мэдлэг голлох нөлөө үзүүлдэг. Манайд шинжлэх ухаан технологийн чиглэлээр төрөлжсөн сонин, хэвлэл, сайт бараг байхгүй (компьютер таймс сэтгүүл зэрэг 1 салбараар дагнасан хэвлэлийг эс тооцвол) гэж хэлж болно. Ихэвчлэн томоохон сонин, хэвлэлийн булан хэлбэрээр багахан хэсгийг эзлэдэг, мөн ихэнх хүмүүсийн сонирхолыг тэр болгон татдаггүйгээс ийм төрлийн мэдээллийн чанарт хангалттай анхаардаггүй байдал ажиглагддаг.

Энэ удаад "үндэсний шилдэг сонин", "үндэсний брэнд", "сэтгүүлчдийн 98% нь дээд боловсролтой" Өнөөдөр сонины, "2001 оноос эхлэн тvгээсэн мэдээллийн гарц, өдгөө дэлхийн монголчуудын байнгын хэрэгцээ болсoн", "Монголын вэбvvдийн дунд зохион байгуулсан олон шалгаруулалтад тэргvvн байр эзэлсэн", "мэдээллийн багтаамж, чансаа, уншигчидтайгаа тогтоосон эргэх холбоо, хэрэглэгч хvлээн авахад хялбар" веб хувилбарын шинжлэх ухаан технологитой холбоотой мэдээллүүдийн чанарын талаар хэдэн үг хэлмээр санагдан хуруу, товчлуур нийлүүлж сууна.

Миний хувьд мэдээлүүдийг голчлон гадаад эх үүсвэрүүдээс авахыг хичээдэг учир монгол хэвлэл, сайтуудын мэдээллийг тэр болгон тогтож уншдаггүй. Хэд хоногийн өмнө Mongolnews сайтын нэгэн мэдээллийн талаар нэгэн блогт бичигдэж, мөн өөр нэгэн ташаарсан мэдээллийг залруулсан талаар уншиж байсан юм. Харин өнөөдөр Mongolnews сайтад гарсан "Хэвлийдээ 20 жил амьдарчээ" мэдээг уншаад эргэлзэх сэтгэл төрж сүүлийн хэд хоногийн цөөхөн мэдээлүүдийг гүйлгэж харав. Эдгээр мэдээнд дурдагдсан хүн болон газар орны нэрээр хайлт хийж гадаад эх үүсвэртэй нь тулгаж үзээд (арай ч дээ гэж бодов) сонгож авсан дөрөвхөн жишээг дэлгэрүүлж харцгаая. Mongolnews, Гадаад эх үүсвэр гэсэн үгнүүд дээр дарж тухайн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Жишээ нэг

Mongolnews; ... Америкийн иргэн, 42 настай эмэгтэй 1990 онд үр хөврөл суулгуулжээ. Үүнээс өмнө тэр бээр дөрвөн удаа хуруу шилний хүүхэдтэй болох оролдлого хийсэн байна. Гэвч аль нь ч эмэгтэйн биед таарахгүй байж. Харин тав дахь оролдлого амжилттай болж, тэрбээр хүүхэдтэй боллоо. Хачирхалтай нь түүнд хамгийн сүүлд суулгасан үр хөврөл бүтэн 20 жилийн турш бүрэлдэж, өнгөрсөн тавдугаар сард хорвоод мэндэлсэн байна. Урьд нь үр хөврөл ийм удаан бүрэлдсэн тохиолдол гарч байгаагүй юм. 20 жил эхийнхээ хэвлийд амьдарсан хүүхэд төрөхдөө гурван кг жин татаж байжээ. ...

Гадаад эх үүсвэр; ... Америкийн Jones Institute for Reproductive Medicine-ийн эмч нарын тусламжтайгаар 20 жилийн настай хөлдөөсөн үр хөврөл суулгуулсан эмэгтэй жирэмсэлж хүүхдээ амжилттай төрүүлсэн байна. Нэрийг нь зарлаагүй 42 настай эмэгтэй энэ оны 5 сард эрүүл хүүхэд төрүүлжээ. Харин түүний үр хөврөлийг 1990 онд донор хосоос авч зохиомлоор үр тогтоож хадгалсан байсан юм. Ийм төрлийн өмнөх дээд амжилт 13 жилийн хугацаатай байсан байна. Хөлдөөсөн үр хөврөлийг зөвхөн нэг хоёр ширхэгээр бус, хэд хэдийг авч жирэмслүүлэхэд ашигладаг. Энэ удаад 5 ширхэг үр хөврөл сонгон авсанаас 2 нь гэмтэж, үлдэх 3-аас 1 нь л амжилттай жирэмслүүлж чадсан байна...
Мэдээллийн утга агуулга ямар байгаад ямар болж хувирсаныг харж байгаа биз. Энд цэвэр орчуулагчийн гадаад хэлний мэдлэгийн түвшин нөлөөлсөн гэж дүгнэж болмоор. "1990 онд хөлдөөж 20 жил хадгалсан үр хөврөл"-ийг эмэгтэй "1990 онд жирэмсэлсэнээс хойш 20 жил гэдсэндээ тээж төрүүлсэн" болгож том "андуурчээ". Мөн 5 үр хөврөл ашигласныг 5 удаа жирэмслүүлэхээр оролдсон болгож "ойлгосон" бололтой юм.

Жишээ хоёр

Mongolnews; ...Нобелын шагнал гардуулах хорооноос энэ жилийн шагналтнуудыг өчигдрөөс эхлэн олон нийтэд зарлалаа. Хамгийн түрүүнд анагаах ухааны салбарын эзнийг тодруулжээ. Тэр хүн бол Японы Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака юм. Тэрбээр 2007 онд арьсны эдээс үр хөврөлийн эс гарган авах аргыг нээжээ. Үүний ачаар элэг, зүрх, мэдрэлийн гээд бүх л төрлийн эсийг ургуулж, эрхтэн шилжүүлэн суулгах, зарим хүнд өвчнийг анагаах болсон юм. ...Шинья Яманака энэхүү шагналыг авах нь гарцаагүй хэрэг” хэмээн Нобелын шагналын хорооноос мэдээлжээ...

Гадаад эх үүсвэр; Арьсны эсээс суурь эс гарган авах аргыг нээсэн Японы Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака нобелийн шагнал авах уу? Энэ асуултын хариуг бид ирэх даваа гаригт хийх Нобелийн хорооны мэдэгдлээс мэдэх болно...
Энэ мэдээнд Нобелийн шагнал огт аваагүй хүнийг авсан болгож мэдээлжээ. Эх мэдээллийн агуулга нь шагнал авах өндөр магадлалтай хэмээсэн байтал аль хэдийн авчихсан байгаа хэмээн "андуурсан" байх юм. "...Авах нь гарцаагүй" гэж Нобелийн хороо мэдэгддэг нь ч бас юу билээ. Мөн суурь эсийг үр хөврөлийн эс гэж буруу орчуулсан байна. Дашрамд хэлэхэд Mongolnews-ийн мэдээ тухайн салбарт Нобелийн шагнал хүртэгчийг зарласнаас 1 хоногийн дараа нийтлэгдсэн байх юм, бусад эх үүсвэрээс шалгачихаж болоогүй юм байх даа.

Жишээ гурав

Mongolnews; ... Дэлхийн хамгийн өндөр цэгт байрлуулсан цаг ердийн үеийнхээс илүү хурдан явдаг гэж Эйнштейн өгүүлсэн. Тэгвэл түүний зөв болохыг эрдэмтэд баталжээ. Хүний амьдралын дундаж нас 79 гэдэг бол амьдрах газрын өндөр дээшлэх тусам энэ хугацаа богиносох аж. Чухамдаа амьдралын хугацаа богиносох бус цагийн эргэлт хурдассантай холбоотойгоор нас богиносдог байна. ...Энэхүү сонирхолтой үзэгдлийн нууц нь дэлхийн татах хүчтэй шууд холбоотой. Татах хүчнээс холдох тусам цаг илүү хурдан явдаг. Эл шалтгааны улмаас онгоц, агаарын хөлгүүд маш хурдтай хөөрөн нисдэг аж.

Гадаад эх үүсвэр; Шат буюу уулан дээр байгаа хүн автомашинаар хурдалж яваа хүнээс илүү хурдан хөгширдөг хэмээх Эйнштэйний 1907 онд нээсэн харьцангуйн ерөнхий онолын хялбар томъёоллыг бид мэднэ....
... Колорода мужийн "National Institute of Standards and Technology (NIST)"-ийн физикчид Эйнштэйний харьцангуйн онолыг бодит амьдралын хүрээнд хэр зэрэг нөлөөлдөг болохыг туршилтаар тогтоожээ. Туршилтад мөн адил атомын цаг ашигласан бөгөөд уг цаг нь 3.7 тэрбум жилд 1-хэн секундийн алдаа үзүүлэх өндөр нарийвчлалтай юм. Туршилтаар шатны хэдэн алхамын дээр болон доор зогсож байгаа хүний насны зөрөөг тооцож гаргаснаар шатны дээд талд зогсож байгаа хүн илүү хурдан хөгширнө гэдгийг тогтоожээ. Гэхдээ энэ зөрүү нь маш өчүүхэн бөгөөд хүмүүс шатан дээр 79 жил амьдарсан гэж тооцвол хөгшрөлтийн зөрүү нь секундийг 90 тэрбум хуваасны нэг хугацаагаар хэмжигдэх ажээ.
Эйнштэйний харьцангуйн онол, хурд болон таталцлын хүчний үйлчлэлээс хамаарч цаг хугацаа хурдасч удааширдаг гэх мэтийн хэллэгүүдийг дунд сургууль төгссөн хэн ч мэдмээр юм, үүнд ямар ч тусгай мэдлэг мэргэшил шаардлагагүй. Нас богиносдог гэсэн нь хэллэг ч бас хэр зохистой юм бол. Хамгийн гол мэдээлэл болох атомын цаг, түүний нарийвчлал, цаг хугацааны удаашралын хэмжээний тухай огт дурдсангүй. Онгоц, агаарын хөлгийн тухай хаанаас юу олж уншаад энд нэмээд оруулчихав гэж гайхмаар...

Жишээ дөрөв
Mongolnews; Америкийн Луизанагийн их сургуулийн эрдэмтэн Лон Чю хэрэглэсэн эрчим хүчнээсээ цахилгаан ургуулах технологи боловсруулснаа мэдээлжээ. Тэрбээр алдагдсан эрчим хүчийг хувирган, шинээр сэргээх консоль системийг ашиглан уг аргыг боловсруулсан гэнэ. Хэрэглэсэн цахилгааныг боловсруулахдаа гэрэл, дулаан дахин шингээж, шинээр хэрэглэх боломжтой болгох юм байна. “Цахилгаан, эрчим хүч дахин боловсруулах олон арга байдаг. Харин хамгийн хямд төсөр, хэрэглэхэд амар нь бидний бүтээсэн шинэ технологийн онцлог юм” хэмээн Лон Чю хэлсэн байна. Эрчим хүч ургуулах эл арга ирээдүйд нано технологи, микро системийн салбарт чухал байр суурь эзэлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

Гадаад эх үүсвэр
; Лузианагийн их сургуулийн доктор Long Que электрон хэрэгсэлүүд, нарны энерги зэрэг дулааны эргэлт бүхий цахилгаан дулааны хэрэгсэлүүдээс дулааны энерги хэлбэрээр ялгардаг хаягдал дулааныг шингээж авах төхөөрөмж зохион бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь бидний хэрэглэдэг бүхий л төрлийн цахилгаан хэрэгсэлүүдэд ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр үр ашгийг нэмэгдүүлэх боломж олгож байна. Шинэ төхөөөрөмж нь нүүрстөрөгчийн нано хоолойн ялтас суурилуулсан пьезоэлектик шинж чанар бүхий материалаар хийгдсэн гол төмрийг агуулдаг байна. Халалтын, гэрлийн зэрэг дулааны энергийг нүүртөрөгчийн нано хоолойн ялтас хүлээн авсанаар гол төмөрт тахийлгах үйлчлэл үзүүлдэг. Тахийх хөдөлгөөн олон дахин давтагдсанаар пьезоэлектрик материалд цахилгаан гүйдэл үүсэх нөхцөл болдог байна. Өмнө нь алхах, бүжиглэх зэрэг хүний хөдөлгөөний үед пьезоэлектрик материалийг ашиглан энерги гаргаж авах адил төстэй судалгаа хийгдэж байсан юм.
Өвс мод ургуулдаг болохоос цахилгаан ургуулдаг гэж огт дуулаагүй байх юм. Үнэндээ орчуулагч этгээд мэдээнийхээ утга учрыг огт ойлгосонгүй. Пьезоэлектрик зэрэг хэллэгүүдийг хэрхэн орчуулахаа мэдэхгүйгээс хасч, нээлтийн гол утга санааг орхигдуулжээ. Үүнээс шалтгаалаад мэдээг бүхэлд нь холион бантан болгож орхиж. Осолтгүй ганц эрдэмтний нэрийг л зөв бичжээ. Гэснээс энэ мэдээ news.mn дээр яг хэвээрээ тууж явна лээ.

Гэх мэтчилэн хэлээд өөлөөд байвал зөндөө л алдаа дутагдал байх юм. Мэдээний дорхи бичсэн хүний нэрийг анзаарвал ганцхан хүн бүх мэдээг бичээд алдаад байгаа биш бололтой. Цаасан сонинг унших боломж үгүй учир ямархуу мэдээллүүд нийтлэгдэж байгаа талаар шалгах боломж байсангүй. Эцэст нь энэ бүхний талаар яаран ямар нэгэн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Юутай ч монгол өдөр тутмын томоохон сонинуудын нэг иймэрхүү мэдээллүүд нийтлэж байна гэхэд итгэмээргүй бөгөөд харамсалтай санагдав. Сонины холбогдох хүмүүст энэхүү мэдээлэл хүрэх болтугай, алдаа дутагдлаа арилгаж уншигч хэрэглэгч биднээ үнэн зөв бодит мэдээллээр хангадаг болох болтугай хэмээн залбирч сууяа.


5 сэтгэгдэл:

Ёстой гоёо бичлэг бичсэн байна Манайхан чинь тэгээд нэг албан тушаалд оччихоороо бүх юмыг мэддэг маарамб шиг л аашилдаг улсууд шүү дээ Мэддэг нэгнээсээ асуу гэж л хэлмээр санагддаг юм. Хөлдөөсөн үр хөврөлийн талаар уншиж байсан боловч миний блогын жанарт таарахгүй юм шиг санагдаад орхиж байсан юм байна Сайхан нийтлэл болж. Би блог дээрээ бичлэгийг тань хуулаад тавьчих уу Хэрвээ зөвшөөрвөл шүү дээ :)

хариулах...
хариулах...

Монгол сонин, мэдээллийн сайтууд Жишээ нь www.gogo.mn -д нийтлэгдэж байгаа шинжлэх ухааны мэдээ бол аймшигтай. Өөрийн мэргэжлийн зүйлийг ч бол яах вэ өөрөө засаад ойлгоно эх үүсвэрийг нь ямар нэг аргаар хайж олоод уншиж байгаа юм. Харин мэргэжлийн биш өөр салбарын зүйл уншаад таг хөндлөн худлаа ойлголт авч ХОРДОЖ байгаа байх гэхээс яс хавталзана.

Заримдаа ингэж худлаа орчуулсныг нь харахлаар Үхмээр санагдан гээч

хариулах...

Буруу зөв бичлээ ч учрыг нь олоод ойлгочих боломжгүй уншигчид олон байгаа нь жаахан тиймэрхүү байгаа юм. Нөгөө талаас ингээд өөлөөд бичээд байхаасаа өмнө их ч бага ч бай орлого олох гэж, дээр нь сурч ядаж яваа цаад хүнээ бас ажилгүй болгочихож магадгүй гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй ч юмшиг...

хариулах...

Хэхэ хэлж л ойлгуулахаас өөр яахав дээ. Тэгээд ч өөлөөгүй засч залруулсан байна. тэгээд ч тэр хүнийг хал гээгүй сур гэсэн байна шд. Сэтгүүлч шүү дээ цаадах нь.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх