Цахилгаан гүйдэл математикийн чадварт нөлөөлнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархиар цахилгаан гүйдэл гүйлгэж математикийн чадварт нөлөөлж болохыг туршилтаар тогтоосон байна. Судалгааны үр дүн эрдэмтдийг гайхашруулсан бөгөөд "сайн" болон "муу" хоёр үр дүн нэгэн зэрэг гарчээ. Туршилтад 20-21 насны 15 оюутан сайн дураар оролцож сэтгэлзүйн туршилтад ашиглагддаг хос тооны их багыг олох, тоонуудын дарааллыг зөв байрлуулах математикийн хоёр төрлийн даалгаврыг долоо хоногийн турш өдөр бүр гүйцэтгэсэн байна. Даалгаврууд нь энгийн хэнд ч хялбар санагдаж болох боловч туршилтын даалгаварт 1-9 хүртэлх цифрүүдийг элдэв дүрсээр орлуулсан байна. Нийт оролцогчдыг гурван бүлэг болгон нэгэн адил даалгавруудыг гүйцэтгүүлжээ.

Даалгаврыг гүйцэтгэхээс 20 минутын эхний бүлгийн оролцогчдын тоо бодоход идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг тархины хэсэгт баруунаас зүүн тийш чиглүүлэн маш бага хэмжээний (1mA) цахилгаан гүйдэл гүйлгэсэн байна. 2 дахь бүлгийн оролцогчдын хувьд цахилгаан гүйдлийн чиглэл эсрэгээр зүүнээс баруун тийш байхаар тохируулжээ. Харин гурав дахь бүлгийн оролцогчдод цахилгааны ямар нэгэн үйлчлэл үзүүлээгүй байна. Туршилтаар эхний бүлгийн гишүүд даалгаврыг маш хурдан хугацаанд, өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэж чадсан бөгөөд 6 сарын дараа мөн адил даалгаврыг гүйцэтгүүлэхэд энэ чадвар нь хадгалагдаж байсан байна. Харин 2-р бүлгийн оролцогчид даалгаврыг дөнгөж 6 настай хүүхдийн хэмжээнд гүйцэтгэсэн бол 3-р бүлгийн оролцогчдын даалгаврын гүйцэтгэл нөгөө хоёр бүлгийн үр дүнгийн дундаж хэмжээнд байсан байна.

Судалгааны багийн ахлагч доктор Roi Cohen Kadosh-ийн хэлсэнээр цахилгаан цочрол нь хүний бусад төрлийн ур чадварт нөлөөлдөггүй байна. Мөн математикийн чадварыг нэмэгдүүлэх энэ аргыг нийтэд хэрэглэхийг шууд санал болгохгүй боловч зарим төрлийн эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ. Нөгөө талаас цахилгаан үйлчлэл нь хүний математикийн чадварыг бууруулж болох нөлөөтэйг харгалзан үүнийг амьдралд нэвтрүүлэх нь ёсзүйн асуудалд харшлах тухай дурдсан байна.

Их британи улсын 15 хүн тутмын нэг нь төрөлхийн тоо бодох сул чадвараас хамааран өдөр тутмын амьдралдаа бэрхшээлтэй тулгардаг байна. Эдгээр хүмүүсээс гадна тархины гэмтлийн улмаас тоо бодох чадвараа алдсан хүмүүсийн эмчилгээнд ашиглахад энэ судалгаа чиглэгджээ. Туршилтад ашиглагдсан transcranial direct current stimulation (TDCS) хэмээх цахилгаан цочролын арга нь осол гэмтлээс шалтгаалан тархины үйл ажиллагаа алдагдсан өвчтөнүүдийн зарим төрлийн эмчилгээнд ашиглагддаг юм.




эх үүсвэр; mail online

2 сэтгэгдэл:

гүйдэлд цохиулаад л тоогоо бодоод байж дээ

хариулах...

Хэхэ эмч докторуудын хяналтан дор бяцхан бяцхан гүйдэл гүйлгэчихмээр юм байна даа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх