Английн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Lely компани Astronaut-4 хэмээх үхрийн саальчин робот бүтээсэн байна. Зохион бүтээгчид уг роботыг үхрийн сүү саах хамгийн натурал арга гэж мэдэгдэж байна. Учир нь үхрүүд саалгахад бэлэн болсон үед "өөрсдийн хүслээр" роботод очиж саалгах шийдвэр гаргадаг байна. Энэ үед үхрийн хөдөлгөөнийг 3D камер болон хөдөлгөөн мэдрэгчээр хянахаас гадна үхрийн дэлэнг автоматаар таних систем давхар ажиллаж саах үйл ажиллагаа явагддаг. Саальчин робот бүхий фермд хүний оролцоо зөвхөн компьютерээр хяналт хийх хэлбэрээр хязгаарлагддаг бөгөөд үхэртэй ямар нэг байдлаар шууд харьцдаггүй байна.
Astronaut-4 саальчин робот нь сүү саах ажлаас хүнийг бүрэн чөлөөлөхөөс гадна, сүүний чанарын шинжилгээг саах явцад хийх, мөн үхрийн дэлэнгийн эрүүл ахуйн байдал, сүүний гарц зэрэг мэдээллийг фермерийн гар утсанд мэдээлэх боломжтой юм. Мөн саахын өмнө үхрийн дэлэнг сойздон цэвэрлэдэг бөгөөд энэ нь энэ нь үхрийн oxytocin гормоныг ялгаруулахад (ивлэхэд шаардагдах) сайн нөлөөтэй ажээ. Мөн Astronaut-4 робот суурилуулсан загвар ферм байгуулан сонирхсон хүмүүст үзүүлэх ажиллагаа зохион байгуулж байна. Бяслаг үйлдвэрлэх зориулалттай уг ферм 180 үхэртэй бол 3-хан фермер ажилладаг ажээ.
Тус компани цаашид бүрэн автомат ажиллагаатай ферм байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үхэрт ямар нэгэн төвөг удалгүйгээр цэвэрлэгээ хийх робот, үхрийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй автомат гэрлэтүүлгийн системт зэргээр тоноглох юм. Lely компани өнгөрсөн жилийн дүнгээр 10000 орчим нэгж Astronaut автомат саалийн машин (Astronaut-4 роботын өмнөх загвар) үйлдвэрлэн дэлхий даяар худалдаалсан бөгөөд нэгж автомат машинаар хоногт сааж боловсруулсан сүүний хамгийн дээд үзүүлэлт 2500 л-т хүрдэг байна.
Эх сурвалж; lely, ulemj Робот техник
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх