Murata-boy & girl

Унадаг дугуй унах нь ихэнх хүмүүст хялбар үйлдэл мэт санагдаж болох боловч роботыг унадаг дугуй унуулж сургах нь зохион бүтээгчдийн хувьд тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой бизээ. Юутай ч роботууд тэнцвэрээ олж дугуйг жолоодож сурсанаас гадна унадаг дугуйн чадварлаг тамирчины ч гүйцэтгэж чадахааргүй төвөгтэй үйлдлүүдийг амжилттай хийж сурчээ. Японы Мурата компаний бүтээсэн Murata-boy, Murata-girl хэмээх ийм төрлийн роботуудын шинэ загварыг CEATEC JAPAN 2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Эдгээр роботууд нь тэнцвэрээ олох гайхалтай чадвараараа хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн юм. Murata-boy робот нь 50 см өндөртэй, 5 кг жинтэй, унадаг дугуй унах чадвартай робот бөгөөд анхны загвар 1990 онд бүтээгдсэнээс хойш тухай бүр сайжруулагдан танилцуулагдсаар ирсэн юм.

Уг роботын тэнцвэрээ олох чадварын нууц нь гиродатчикийн тусламжтайгаар их биеийн хазайлтыг мэдэрч цээжин дэх зээрэнцэгийг хазайлтын чиглэлээс хамааруулан эргэлдүүлдэгт оршино. Энэхүү тэнцвэрийн системийг ашигласнаар ямар нэгэн тулгуургүйгээр хоёр дугуйн дээрээ зогсох, хэт бага хурдаар явах үйлдлийг гүйцэтгэх боломжтой болжээ. Мөн хэт ягаан туяаны мэдрэгчийн тусламжтайгаар зам дээрх саадыг мэдэрч мөргөлдөлгүйгээр зогсож чаддаг байна. Энэ удаад танилцуулагдсан сүүлийн загварын хувьд S хэлбэрийн тахир болон 25 хэмийн өгсүүр нарийхан замаар төвөггүй явж сурсан байна. Үүний тулд роботод суурилуулсан дүрсний датчик (камер)-аар унадаг дугуйн замын хэлбэрийг таньж дүрс боловсруулах программ хангамжаар боловсруулан роботыг удирддаг ажээ.

Murata-boy робот олон нийтэд танилцуулагдсаны дараа яагаад Murata-girl байж бодлоггүй юм бэ гэсэн асуулт, хүсэлт робот сонирхогчдын зүгээс гарах болсоноор зохион бүтээгчид нэг дугуйтай унадаг дугуй унах чадвартай роботын эмэгтэй хувилбарыг 2007 онд бүтээсэн байна. Murata-girl робот нь 50 см өндөртэй, 6 кг жинтэй юм. Murata-boy роботоос ялгарах онцлог нь тэнцвэрээ олохын тулд зээрэнцэг бүхий системээс гадна дугуйн хөдөлгөөнийг ашигладаг байна. Өөрөөр хэлбэл нэмэлт гиродатчикийн тусламжтайгаар их биеийн урагш болон хойш чиглэсэн хөдөлгөөнийг мэдэрч дугуйн эргэлтийн хурдыг тохируулан тэнцвэрээ олдог ажээ. 2010 оны шинэ загварын хувьд Murata-boy роботтой адил дүрсний датчик болон программ хангамжийн тусламжтайгаар нарийхан шулуун болон тахир замаар явж чаддаг болсон байна. Шинэ загварын роботуудын шинэ ур чадварыг дараах бичлэгээс үзнэ үү.





эх үүсвэр; murata

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх