Тоёотагийн хоёрдогч шатны RAV 4 EV цахилгаан машины загвар Los Angeles Auto Show 2010-т танилцуулагдлаа. Тус загварын автомашиныг Тоёота компани Америкийн Tesla motors компанитай хамтран 2012 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн тухайгаа өнгөрөгч 6-р сард зарлаж байсан бөгөөд энэхүү загвар нь цахилгаан автомашины хөгжилд нэгэн шинэ дэвшил болж байгаагаараа онцлог юм. Өмнө нь үйлдвэрлэгдэн худалдаалагдаж ирсэн цахилгаан автомашинууд хүч чадал, багтаамж багатай, шатахуунт хөдөлгүүр бүхий автомашинтай зүйрлэвэл ихэвчлэн 600-1000 сс хэмжээний хөдөлгүүр бүхий машинуудтай адил үзүүлэлттэй байсан юм.
Тэгвэл RAV 4 EV нь Тоётагийн уламжлалт RAV-4 загварт тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд нийтийн хэрэгцээнд зориулагдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэх хамгийн анхны SUV (бидний нэрлэж заншсанаар дунд оврын жийп) машин болж байгаа юм. Автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд SUV төрлийн машины концепт загваруудыг танилцуулж байсан боловч их хэмжээгээр үйлдвэрлэгдэх тухай одоогоор хараахан зарлаагүй байгаа билээ. Tesla компани RAV 4 EV машины цахилгаан тэжээл, цахилгаан хөдөлгүүр, батерей, электрон хэсгүүд, хурдны хайрцаг болон программ хангамж зэрэг машины зүрх болсон хэсгүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
Эхний шатны RAV4 EV машинууд 1997-2003 оны хооронд 1,484 ширхэг үйлдвэрлэгдэн хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар эдгээрээс 746 ширхэг нь ашиглагдсан хэвээр байгаа юм. 2012 оноос үйлдвэрлэх шинэ загварын тухайд лити-метал оксид батерей суурилуулах бөгөөд уламжлалт (шатахуунаар ажилладаг) RAV4 V6 загвараас 100 кг хүнд жинтэй боловч 0-70 км/ц-аар илүү хурдлах чадвартай болжээ. Гэхдээ батерейн нэг удаагийн цэнэглэлтээр туулах зайг хангалттай нэмэгдүүлж чадаагүй, бусад цахилгаан машинуудтай адил 160 км байгаа юм. Одоогоор 30 квт чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэйгээр туршиж байгаа бөгөөд энэ нь 2000 сс шатахуунт хөдөлгүүртэй адил хүчин чадлыг үзүүлэх боломжтой юм.
Дашрамж дурдахад одоогоор худалдаалагдаж байгаа жижиг оврын цахилгаан машинууд нь манай орны автозамын нөхцөлд тохиромжгүй байдаг бол шинэ RAV 4 EV машиныг хөдөө орон нутгийн замд ч унаж хэрэглэхэд тохиромжтой (цахилгаанаар цэнэглэх станцын болон үнийн асуудлыг эс тооцвол), байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, агаар бохирдуулдаггүй, монголчуудын өргөнөөр хэрэглэх шинэ төрлийн тээврийн хэрэгсэл байх боломжтой юм.
эх сурвалж; worldcarfans Автомашин
ганцхан сэтгэгдэл:
Удахгүй бүх машин ийм л болох байлгүй дээ
Сэтгэгдэл үлдээх