Энэ сарын 8-ны өглөө Япон улсын Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүчдэлийн хэмжээ түр зуур буурсанаас шалтгаалан хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн үндсэн төв болох Ёккаичи хот дахь Тошиба компаний үйлдвэрийн зарим шугам нэг хоногийн хугацаагаар зогсчээ. Үүний улмаас гар утас, дижитал камер зэрэг олон төрлийн электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Зөвхөн тус үйлдвэрт гэхэд л ирэх жилийн эхний улиралд 1 тэрбум 900 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бол захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 20 орчим хувиар тасалдаж, алдагдал сард дунджаар 110 сая долларт хүрэх төлөвтэй байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд нь өндөр нарийвчлалтай, өндөр хүчин чадалтай, тасралтгүй ажиллагаатай байдаг бөгөөд цахилгаан энергийн тогтвортой хангамж шаарддаг. Цахилгаан хүчдэлийн хэмжээ шаардагдах хэмжээнээс 20-оос дээш хувиар буурч, 0.01 секундээс илүү удаан үргэлжилсэн тохиолдолд эдгээр тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд нэгэнт зогссон тохиолдолд дахин ажиллагаанд оруулахад харьцангуй их хугацаа зарцуулдаг байна.
Мөн японы нефтийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч Космо сэкюү компаний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож хэвийн байдалд оруулахад 7 хоногийн хугацаа шаардагдах ажээ. 9-ний өдрийн 1 цагийн мэдээгээр цахилгааны тасалдал Ёккаичи хотын үйлдвэрлэлийн бүс нутаг болон Японы 3 мужын цахилгаан хэрэглэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон томоохон хэрэглэгчийн тоо 146-д хүрээд байна.
Цахилгаан хүчдэлийн түр зуурын бууралт нь 8-ний өглөө 5 цаг 20 минутын үед цахилгаан станцын хувиргах төхөөрөмжийн залгуурт богино холбоо үүссэний улмаас ослын зогсолтын систем ажиллаж 2 турбин автоматаар зогссоноос шалтгаалсан байна. Харин хүчдэлийн бууралт 0.07 секунд хугацаагаар үргэлжилжээ. Төвийн бүсийн цахилгаан түгээх компаний судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд 340 орчим удаа түгээх сүлжээний цахилгаан хүчдэлийн бууралт тохиолдож байсан бөгөөд ихэнх тохиолдолд аянга цахилгаан зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр болж байжээ. Хамгийн сүүлийн томоохон зогсолт 2009 оны 3 сард тохиолдож 0.04секунд хугацаагаар үргэлжилж байсан байна.
эх сурвалж; asahi.com Мэдээлэл, Энерги, Эрчим хүч
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх