2010 оны шилдэг 10 технологи

Цаг хугацаа улиран одсоор 2010 он дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ л үед аливаа улс орон, байгууллага, хүмүүс бүтэн жилийнхээ ажил, бүтээлийг цэгнэж ололт, амжилтаа бататган дүгнэдэг билээ. Техник, технологийн салбарын хувьд 2010 он олон олон шинэ бүтээл, шинэ технологи төрөн гарсан жил болон өнгөрөх гэж байна. Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн Gizmag сайтаас энэ оны хамгийн шилдэг 10 технологийг хамгийн түрүүнд нэрлэлээ. Дашрамд дурдахад энэхүү сайт нь шинэ нээлт, шинэ санаа, шинэ технологийн талаар мэдээлдэг, технологийн салбарын хамгийн нэр хүндтэй сайтуудын нэг юм. Тус сайтад сард дунджаар 1 сая 500 мянган хүн зочилж, хоногт 75 мянган мэйл лист, 250 мянган RSS уншигчид мэдээллүүдээ түгээж байна. Мөн веб үнэлгээний Quantcast корпорацийн шалгаруулалтаар дэлхийн шилдэг 5000 вэбийн нэгээр шалгарсан юм.


10. iPad
Дэлхийн хамгийн анхны таблет компьютер жагсаалтын 10-рт орж байна. Электроник, компьютер үйлдвэрлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололтуудын үр дүнд компьютерийн уламжлалт хэлбэрийг эвдэж араасаа ижил төрлийн олон бүтээгдэхүүнийг дагуулах эхлэл болсон энэ бүтээл хэрэглэгчдийн таашаалыг ч мөн адил татаж худалдаанд гарсан эхний өдрөө 300 мянган ширхэг зарагдаж байсан билээ.


9. Чичиргээнээс энерги үүсгэх технологи
Сэргээгдэх эрчим хүч нь ногоон эрчим хүчийг дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа салбар билээ. Үүний нэг сонирхолтой жишээ нь nPower компаний бүтээсэн зөөврийн электрон хэрэгслүүдийг цэнэглэх зориулалттай цахилгаан үүсгэгч төхөөрөмж юм. 20 см урттай, 250гр жинтэй, цилиндр хэлбэрийн энэхүү бүтээгдэхүүн нь хүний биеийн өдөр тутмын хөдөлгөөний үед үүсэх кинетик энергийг цахилгаан энергид хувиргах чадвартай бөгөөд цүнх, халаасанд хийж авч явахад тохиромжтой юм.
Brother компани мөн адил ажиллагааны зарчим бүхий сэгсрэлтээр цэнэглэгддэг батерей бүтээсэн тухай зарлаж байсан бөгөөд бидний өдөр тутам хэрэглэдэг AA болон AAA батерейг орлох ажээ.


8. Нарны энергийг сансараас цуглуулах технологи
Энэ оны 5-р сараас Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) IKAROS хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслөөр 20м хэмжээ бүхий дөрвөлжин хэлбэртэй мембраны тусламжтайгаар нарны гэрлийн фотоны түлхэлтээс эрчим хүч цуглуулж авах төхөөрөмжийг бүтээж сансарт хөөргөсөн юм. Мөн мембран дээр байрлах нимгэн хэмжээтэй нарны коллектрууд сансарын хөлгийн дотоод хэрэглээг хангах цахилгааныг үүсгэдэг байна. Төслийн ирээдүйн зорилго нь нарны энерги цуглуулах технологи болон өндөр үр ашигтай ионы хөдөлгүүрийг хослуулан бархасбадь гариг руу сансарын аялал хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.


7. ДНК-ээр бүтээсэн молекулын робот
Энэ оны 4-р сард америкийн эрдэмтэд 4 нанометр хэмжээтэй аалз хэлбэрийн наноробот бүтээсэн тухай зарласан билээ. Уг роботын хөдлөж эхлэх, алхах, баруун зүүн тийш эргэх, зогсох зэрэг үйлдлүүдийг нэг ширхэг ДНК-ийн молекулын тусламжтайгаар програмчилан удирдах боломжтой юм. Энэхүү робот нь ойрын ирээдүйд хорт хавдар, диатези зэрэг өвчнийг эмчлэх боломжийг бүрдүүлэх юм.


6. Автомашин түрээсийн систем
Daimler компани хувийн тээврийн хэрэгсэлд хандах хандлагыг өөрчилсөн “car2go edition” хэмээх системийн тухай зарласан. Энэ систем нь автомашиныг хүссэн газраасаа ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд түрээслэн авах боломжийг олгох бөгөөд хоногийн 24 цагийн турш гар утас болон онлайнаар автомашин захиалан авах боломжтой юм. Мөн түрээслэх автомашинуудад даралтат дэлгэц бүхий бүртгэлийн төхөөрөмж суурилуулах бөгөөд түрээслэх, хэрэглэх, буцаах үйлдлүүдийг ямар нэгэн цаас, бичиг баримтны шаардлагагүйгээр хялбар гүйцэтгэх боломжтой. Автомашин түрээслэх, хамтран эзэмших нь шинэ зүйл биш боловч энэхүү систем нь том хотуудын автомашины хэт төвлөрлийг бууруулах шаардлагад нийцэж буй оновчтой шийдэл ажээ.



5. Сансарын жуулчлал
Virgin Galactic төсөл хэрэгжиж эхэлсэнээр сансарын жуулчлалын бизнесийг шинэ шатанд гаргасан үйл явдал болов. Хос хөлгийн нислэг, жолоодлогогүй нислэг хэмээн янз бүрээр нэрлэгдэж байгаа хөлгийн нислэгийн 3км урттай зурвас байгуулж туршилтын нислэгүүд ч амжилттай хийгдлээ. Эхний нислэгийн хугацаа одоогоор тодорхойгүй байгаа боловч ирэх жилийн эхээр хийгдэх боломжтой юм. Virgin Galactic хөлгөөр 15000м өндөрт хөөрч 2 цагийн хугацаанд жингүйдлийн байдалд орохын тулд 20 мянган доллар төлөх шаардлагатай боловч одоогийн байдлаар 80 мянган жуулчин аль хэдийн төлбөрөө хийж захиалгаа өгөөд байна.


4. Хөдөлгөөний удирдлагын технологи
2010 он төхөөрөмжүүдийн хөдөлгөөний удирдлагын технологид эрс өөрчлөлт гарсан жил байлаа. Сони, Майкрософт компаниудын хооронд ширүүн өрсөлдөөн болж шинэ шинэ бүтээлүүд цөөнгүй гаргасан боловч зарим талаар Wii тоглоомд хамааралтай бүтээлүүд давамгайлах хандлагатай байсан билээ. Сони компани PlayStation-д зориулан Eye camera болон удирдлагын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таних технологи гаргасан бол Майкрософт компани CMOS мэдрэгч, хэт ягаан туяны прожектор, микрофонуудын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөн, дуу авиа, мөн хэн болохыг хүртэл таньж тоглоомны удирдлагыг хэрэглээнээс халлаа.


3. Нийтэд зориулагдсан анхны тийрэлтэт нисэх төхөөрөмж
Энэхүү төхөөрөмжийг олон хүн, олон жил турш тэсэн ядан хүлээж байсан байх. Шинэ Зеландийн Martin Aircraft компани нийтийн зориулалттай анхны тийрэлтэт хөдөлгүүр бөхий нисэх төхөөрөмжийг худалдаалж эхлэх тухай зарлалааа. 112 кг/с багтаамжтай хөдөлгүүрийн тусламжтайгаар 30 минутын хугацаанд тасралтгүй нислэг хийх боломжтой бөгөөд нислэгийн өндөр 2400 м-т хүрдэг байна. Ердийн шатахуунаар цэнэглэгдэх энэхүү төхөрөмжийг 86 мянган доллараар худалдаж авч болох боловч ирэх жилээс нааш өөрийн гар дээрээ хүлээн авна гэж найдалтгүй ажээ.


2. 3D технологи
Энд онд 3D технологи амьдралд бүрэн утгаараа нэвтэрч эхлэснээс гадна та өөрийн 3D контенцүүдийг бүтээхэд тун ойрхон ирлээ. Панасоник 1-р сард хамгийн анхны мэргэжлийн 3D видео камерийг танилцуулж байсан бол удалгуй ыөрдийн хэрэглээнд зориулагдсан 3D камeрийг худалдаанд гаргаж эхэллээ. Fujifilm компани анхны 3D фото зургийн аппарат нүтээж, Английн The Sun сонины 6 сарын 5-ны дугаар бүрэн эхээрээ 3D хэлбэрээр нүдний шилний хамт худалдаалагдлаа.


1. Анхны зохиомол амьд биет
5-р сард эрдэмтэдийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд болсон бие дааж хуваагдах чадвартай бактерийн эсийг зохиомлоор гаргаж авлаа. Америкийн J. Craig Venter Institute-ийн эрдэмтэд зохиомол генийн бүтцийг компьютер загвар дээр туршин, зохиомол генийг лабораторид бүтээж, эцэст нь түүнийг бие даан хуваагдах чадвартай хүлээн авагч эсэд шилжүүлэн суулгав. Энэхүү технологийн зорилго нь зохиомол бактерийг эм, био түлш зэрэг химийн онцгой төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхэд чиглэгдэж байна.

3 сэтгэгдэл:

гое гое юм байна шүү. Нгэ нисээд үзчих юмсан

хариулах...

Гоёо гоёо нээлтүүд Бид 2 ч заримыг нь цаг алдалгүй түмэнд мэдээлж байсан юм шиг байна тиймээ

хариулах...

Мэдээллийн тухайд бид 2 биш бид хоёрын блогууд цаг алдалгүй мэдээлж байссан гэж бодож байна. Гэхдээ чиний блогын мэдээлсэн шилдэг технологи энэ удаад минийхээс олон байлаа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх