Мах шулах ажиллагааг автоматжуулжээ

Японы Mayekawa electric компани мах боловсруулах үйл ажиллагааг автоматжуулсан робот бүтээсэн байна. Робот болон автоматжуулалт хангалттай нэвтэрч чадаагүй байгаа үйлдвэрлэлийн салбаруудын нэг нь мах боловсруулах үйл ажиллагаа бөгөөд махны зузаан нимгэн, ясны бүдүүн нарийн, мөн мушгирсан эсэхээс шалтгаалан гахайн гуяаны мах шулах төвөгтэй ажиллагааг өдийг хүртэл зөвхөн ур чадвар бүхий мэргэшсэн ажилтан гүйцэтгэж ирсэн юм.

Энэ нь хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлагын үүднээс үйлдвэрлэгч нар боловсруулалтын шатанд машин техник хэрэглэхээс татгалзсаар ирсэн, мөн түүнчлэн хэрэгцээ байсан ч хүний зарим төрлийн ажиллагааны ур чадварыг роботоор гүйцэтгэх буюу автоматжуулахад хүндрэлтэй байдаг зэргээс шалтгаалж байсан юм. Харин HAMDAS-R робот нь мэргэшсэн ажилтны ур чадвар болон мах шулах ажиллагааны онцлогийг хадгалж чадсанаар адил бус олон төрлийн хэлбэр дүрстэй, зөөлөн материалын боловсруулалтын ажиллагааг автоматжуулах үүд хаалгыг нээж өгч байна.

500 ширхэг гуяны мах шулах ажлыг 20 хүн 1 цагийн хугацаанд гар ажиллагаагаар гүйцэтгэдэг бол HAMDAS-R роботыг ашигласнаар хүний оролцоог 2 дахин бууруулсан байна. Мөн роботоор гүйцэтгэх боловсруулалтын горим тогтвортой учир үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөлт найдвартай, баталгаатай байх боломжийг бүрдүүлж байна. Үүнээс гадна загасны мах болон хүнсний ногоо зэрэг олон төрлийн хэлбэр дүрстэй, өөр бусад хүнсний зөөлөн материалиудын боловсруулалтын ажиллагааг автоматжуулахад мөн адил ашиглах боломжтой ажээ.

HAMDAS-R робот нь Япон улсын Үйлдвэрлэл, Xудалдаа, Эдийн засгийн яам, Тоног төхөөрөмж Үйлдвэрлэлийн холбооны 2010 оны шалгаруулалтаар Шилдэг жижиг, дунд бизнес ангилалд тэргүүн байрыг эзлэсэн байна. Уг роботыг цаашид  япон болон европын орнуудад голлон худалдаалахаар төлөвлөж байна.





эх сурвалж; diginfo

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх