"Фүкүшимагийн АЦС-ын реакторуудыг бүрэн унтраасан" тухай ташаа мэдээлэл Шууд.мн сайтад гарсан байна. Фүкүшимад Дай-Ичи (нэгдүгээр), Дай-Ни (хоёрдугаар) хэмээх 2 өөр АЦС 11км-ийн зайтай оршдог. Өмнөх мэдээлэлд дурдсаны дагуу газар хөдлөлтөөр ямар нэгэн гэмтэл гараагүй Дай-Ни станцын хөргөлтийн систем бүрэн хэмжээнд ажиллаж хөргөлт амжилттай хийгдсэн байгаа юм. Харин дөрвөн реакторт нь дэлбэрэлт болж цацраг идэвхт бодисын алдагдал гараад байгаа Дай-Ичи станцын реакторуудыг хөргөх оролдлого үргэлжилсээр байна.
Реакторуудын хөргөлтийн байдал
16-ны өглөө Фүкүшима Дай-Ичи АЦС-ын 4-р реакторын орчим өмнөх өдөр дэлбэрэлт болсон газар дахин гал гарсан боловч өөрөө унтарсан байна. Одоогоор 4-р реакторт цацраг идэвхт бодисын алдагдал бусад реакторуудаас илүү их хэмжээгээр гарч байж болох аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өглөөний 11 цагийн үед гол хаалганы орчим цацрагийн хэмжээ 6.4 млЗв болж огцом нэмэгдсэн ч удалгүй буурч 12 цагийн үед 2.7 млЗб хэмжээнд хүрч тогтворжсон байна. Мөн өдрийн үдээс хойш дахин өсч 10.5 млЗв хүрч нэмэгдсэн боловч 16 цагийн үеэс 1.5 млЗв хэмжээнд тогтворжсон байна. Харин реакторуудыг хөргөх үйл ажиллагааг станцын гаднаас гүйцэтгэхээр төлөвлөж байна. 3-р реакторын хөргөлтийг агаараас хийхээр ус тээвэрлэсэн нисдэг тэргийг үдээс хойш хөөргөсөн боловч тухайн үеийн хэмжилтээр цацраг туяаны хэмжээ өндөр байсан учир буцаж, хөргөх үйл ажиллагааг маргааш хүртэл хойшлуулсан байна. Мөн гал түймэр унтраах зориулалтай автомашин ашиглан станцын гаднаас ус цацаж хөргөлт хийх санал гарч байгаа бөгөөд хэрэв энэ арга аюулгүй нь нотлогдвол хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна. Мэдээллүүдээс дүгнэхэд цацраг туяаны хэмжээ өндөр байгаа учир аюулгүйн үүднээс ажилчдыг АЦС-аас гаргасан байгаа бололтой. Токио болон бусад хотуудын орчимд цацраг туяаны хэмжээ ямар байгаа тухай мэдээлэл гараагүй байна.
4-р реакторын байдал
Реакторуудын хамгаалах сав болон барилгын хийцийн завсар хэрэглэгдсэн түлш агуулах усан бассейн (зурагт үзүүлсэн) байрладаг. Хэрэглэсэн түлшинд уран болон плутон тодорхой хэмжээгээр агуулагддаг учир усанд булхсан байдалд хөргөлт явуулж температурыг 40 хэм орчимд тогтмол барих шаардлагатай байдаг байна. 4-р реакторын тухайд хэрэглэсэн түлшний бассейнд гэмтэл гарч усны түвшин буурсан байгааг илрүүлсэн юм. Үүнээс шалтгаалан хэрэглэсэн түлшний бортогонууд уснаас ил гарч орчны температур 70 хэм хүртэл нэмэгдсэн байгаа тухай мэдээлэгдсэн. Температурын энэхүү өсөлтөөс шалтгаалан түймэр гарч дэлбэрэлт болсон хэмээн таамаглаж байгаа юм. Харин бассейний усны түвшин ямар шалтгаанаар буурсан нь тодорхойгүй байна. Нөгөө талаас, дэлбэрэлт болж хэрэглэсэн түлшний бортогонууд гэмтсэнээс үүдэн цацраг идэвхт бодис харьцангуй их хэмжээгээр алдагдах аюултай байгааг анхааруулж байсан нь станцын ойр орчимд сүүлийн өдрүүдэд цацрагын хэмжээ эрс нэмэгдэж байгаагаар батлагдаж байна гэж хэлж болох юм. Үүнийг графикаас харж болно.
Фүкүшима Дай-Ичи АЦС-ын реакторуудын хөргөлтөд гарсан хүндрэлүүдийг ойлгомжтой хэлбрээр тайлбарласан видео бичлэгүүдийг олж оруулав. 2 дахь бичлэгийн төгсгөл хэсэгт 4-р реакторын нөхцөл байдлыг үзүүлсэн байна.
Технологи, Эрчим хүч
2 сэтгэгдэл:
Мэдсэн зүйлсээ цаг алдалгүй хуваалцаж байгаарай. Цаг тутам чих тавьж байгаа шүү.
Мэдээнүүдийг тань таны дүрмийн дагужу нийтэд хүргэж байгаа шүү. БАярлалаа.
Сэтгэгдэл үлдээх