Хөргөлт үр дүнгээ өгч эхлэв

Сүүлийн хоёр хоногт ус цацаж хөргөлт хийсний үр дүнд реактор болон түлшний бассейний халалт буурч цацраг туяаны хэмжээ мэдэгдэхүйц багасч байна.

19-ний өдөр

Түлшний бассейний температур нэмэгдэж байсан 5, 6-р реакторын ослын үеийн хөргөлтийн насосууд энэ өдрийн өглөө автоматаар ажиллаж эхэлсэнээр 60 градус хүрээд байсан түлшний бассейний температур 15-30 градусаар буурч хөргөлтийн хэвийн горимд шилжсэн байна. Өмнөх өдрүүдэд гал унтраах машинуудаар ус зөөвөрлөн богино хугацаанд харьцангуй бага хэмжээний усыг 3-р реакторын дээвэрт цацаж байсан бол 19-ний өдөр 350 м урттай усны хоолой татаж ус цацах ажлыг тасралтгүй хийх боломжтой болов. Мөн өдрийн үдээс хойш 7 цагийн турш тус реакторын түлшний бассейнд ойролцоогоор нийт 1200 тонн орчим ус цацсан байна. Энэ нь бассейн дахь түлшийг усанд хангалттай булхах хэмжээний ус цацсан гэсэн үг юм. Харин реакторын ойролцоо хийсэн хэмжилтээр цацраг туяаны хэмжээ 3443 -аас 2906 мкЗв болж буурсан байна. Мөн өдрөөс нисдэг тэргэнд суурилуулсан хэт ягаан туяаны хэмжүүрийн тусламжтайгаар реакторуудын гадаргын температурыг агаараас хэмжих эхэлсэн бөгөөд бүх реактор, түлшний бассейний гадаргуу 100 градусаас доош хэмжээний температуртай байсан нь хөргөлт харьцангуй тогтвортой явагдаж байна гэж үзэхэд хүргэв.

Үдээс хойш 1,2 -р реактор хүртэл цахилгааны өндөр хүчдэлийн кабел татах ажил дуусч 2-р реакторын цахилгааны төв шиттэй холбогдсон байна. Харин газар хөдлөлтөөс үүдэлтэй гэмтэл байгаа эсэхийг тодорхойлохын тулд цахилгаан тоноглолуудыг нэг бүрчлэн шалгах шаардлагатай байгаа учир цахилгаанд залгах ажлыг 21-ний өдөр хүртэл хойшлуулав. Хэдийгээр ээлжлэн ажиллаж байгаа боловч 6 ажилчны биед шингэсэн цацрагийн хэмжээ 100 млЗв-т хүрчээ. Фүкүшима мужын 7 цэгээс хотын цэвэр ус хангамжийн системийн усны дээж авч шинжилгээ хийж үзэхэд Кавамата хотоос авсан дээжинд агуулагдах цацрагийн хэмжээ нормоос давсан үзүүлэлттэй гарсан боловч хүний эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, аюулгүй хэмжээнд байна хэмээн мэдээлэгдлээ.

20-ны өдөр
20-ны өдрийн өглөө 4-р реакторын түлшний бассейнд анх удаа ус цацав. 11 машинаар цацсан усны хэмжээ нийт 80 тонн орчим болсон байна. Харин үдээс хойш 14 цагаас эхлэн 3-р реакторт 13 цагийн туршид нийт 2000 тонн орчим ус цацсан байна. Үүний үр дүнд тус реактор орчимд цацрагийн хэмжээ 3400 -аас 2723 мкЗв хүрч буурчээ. Мөн өдөр Фүкүшима Дай-Ичи АЦС-аас хойд зүгт 20 зайд байрлах үхрийн фермд үйлдвэрлэсэн сүүнд агуулагдаж буй цацрагийн хэмжээ нормт хэмжээнээс 5 дахин их байгааг илрүүлсэн байна. Мөн япон улсын бүх мужуудад хүнсний ногоонд агуулагдаж буй цацрагийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд АЦС-аас 30 км зайд байрлах хүлэмжээс хураасан шпинат (байцааны төрлийн хүнсний ногоо, Spinacia)-ад агуулагдах цацрагийн хэмжээ норм (2000 мкБк)-оос 12 дахин их буюу 24000 мкБк (микро беккерель), Ибараки мужаас хураасан шпинатад 27 дахин их буюу 54100 млБк тус тус үзүүлэлттэй гарсан байна. Мөн Точиги, Гунма мужуудаас хураасан шпинатад агуулагдах цацраг туяаны хэмжээ нормоос өндөр гарчээ. Гэхдээ эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэнд хэрэглэх тохиолдолд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэгдэж байгаа боловч худалдаалахыг түр зогсоогоод байна.

20-ны өдрийн хэмжилтээр агаар дахь цацрагийн хэмжээ АЦС-аас хойд зүгт 20 км зайд 3,3 мкЗв, 60 км зайд 10.4 мкЗв, Токио хотод 0.050 мкЗв тус тус хэмжээтэй байна. Мөн Олон Улсын Атомын Эрчим Xүчний Агентлагийн мэргэжилтнүүд Токиод хэмжилт хийж, цацрагийн хэмжээ ердийн үеийнхээс бага зэрэг өндөр байгаа боловч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдэв. АЦС-ын ойр орчимд барилгын нуранга их хэмжээтэй байгаагаас цахилгааны кабел, усны хоолой татах ажилд машин техник ашиглах боломжгүй болгож, ихэнх ажлыг гараар гүйцэтгэхэд хүргэж цаг алдах, улмаар ажиллагсдын биед шингэх цацрагийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа юм. Иймд 74 загварын 2 танкыг нуранга зайлуулах ажилд ашиглахаар шийдвэрлэжээ. Энэ танк нь цацраг туяаны хамгаалалттай бөгөөд нэмэлт төхөөрөмж угсарч бульдозерийн адил зориулалтаар ашиглах боломжтой юм байна.

, ,

6 сэтгэгдэл:

хариулах...

Ашгүй дээ

хариулах...

Ямар ч мундаг юм бэ дээ. Тэгнэ байх өө, юун төлөө Япон билээ дээ. Сэтгэл амарч эхэлж байна шүү.

хариулах...

мэдээлэл чинь ойлгомжтой тодорхой байгаад баярлаж байна. Амжилт хүсье

хариулах...

мэдээж хэрэг би ийм мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байгаа хэрэг биш шүү зүгээр хятадууд энэ ослын техноген гарал үүсэлтэй гэсэн асуудал сөхөөд байгаа юм

хариулах...

Ямар мэдээлэлд итгэх, ямарт нь үл итгэх нь тухайн хүний өөрийнх нь хэрэг билээ. Саяхан америкчууд цаг агаарын зэвсэг бүтээсэн, тэрнийх нь туршилтын үр дүн нь японы газарт хөдлөлт гэсэн мэдээлэл гарсан байсан. Хүсвэл түүнд ч бас итгэж болно. Хамгийн гол нь эсрэг тэсрэг олон төрлийн мэдээлэл дундаас бодит байдлын гол мөн чанарыг зөвөөр ойлгож сурах нь чухал байж магадгүй юм.
Хятадуудын тухайд тиймэрхүү хэмжээний судалгаа хийх боломж одоохондоо хязгаарлагдмал гэж үзэж байгаа учир миний хувьд тэр мэдээлэлд итгэлгүй байгаа юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх